Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 14

 

А.О, Ч.М нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                                                                        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Хяналтын прокурор: Л.Содбаяр,

            Шүүгдэгч А.О-н өмгөөлөгч: Б.Энхзаяа,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ууганбаяр нарыг оролцуулан,

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.О, Ч.М нарт холбогдох, эрүүгийн 1941000410254 дугаартай, 2 хавтас, 394 хуудас бүхий хэргийг шүүгдэгч А.О-н гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

              1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 200000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял, 13303000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Х овогт А.О,

           2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Ч.М нарт холбогдуулан Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор Б.Бүжинлхамаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

              Шүүгдэгч А.О, Ч.М нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хуулиар хязгаарлалт тогтоосон бараа болох валют буюу 6 ширхэг нийт 6,04 кг жинтэй алт /алтан гулдмай/-ыг биедээ, өмсөж явсан өмд, гадуур хувцасны халаас, дотуур өмд, хөхний даруулганы дотор талд нууж явганаар ... авто замын шалган нэвтрүүлэх боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

          Анхан шатны шүүх: Шүүгдэгч А.О, Ч.М нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

           Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О, Ч.М нарыг тус тус 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О, Ч.М нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О, Ч.М нарын баривчлагдсан 48 цаг буюу 2 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож тус бүрийн эдлэх ялаас хасч тооцож,

 

шүүгдэгч А.О, Ч.М нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж,

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 ширхэг 704 507 636.08 төгрөгийн үнэ бүхий нийт 6015,6 грамм алтыг улсын орлого болгохоор Монгол банканд шилжүүлж, 1 ширхэг камерын бичлэгийг хэрэгт хавсаргаж,

шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О, Ч.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

 

шийтгэх тогтоолыг эв зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.О давж заалдсан гомдолдоо:  “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч нар нь үнэт металл буюу алтыг хуульд зааснаар олборлох тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий этгээд биш тул бусдаас хувиараа худалдан авсан алтаа гадаад улсад экспортлох эрхгүй байна. Гэтэл шүүгдэгч нар хуулиар хязгаарлалт тогтоосон бараа буюу алтыг зохих зөвшөөрөлгүй Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн идэвхтэй үйлдэл хийсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна...” гэж дүгнэсэн атлаа “...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6015,6 грамм алтыг улсын орлого болгохоор Монгол банканд шилжүүлж... гээд тогтоох хэсгийн 6 дахь заалтаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 ...-д зааснаар ... хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 ширхэг 704 507 636,8 төгрөгийн үнэ бүхий нийт 6015,6 грамм алтыг улсын орлого болгохоор Монгол банканд шилжүүлж ...” гэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн өмчлөх эрхэд хохирол учруулсан шийдвэр боллоо гэж үзэж байна. Энэ нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 7.5 дугаар зүйлийн 1, 2-т заасан заалтуудыг буруу тайлбарласантай холбоотой гэж үзэж байна. Иймд 33 дугаартай анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч А.О-н өмгөөлөгч Б.Энхзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино гэсэн зарчим байдаг. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн. Яагаад гэвэл Монгол банканд эд мөрийн баримтаар хураагдсан алтыг шууд өгчихсөн. Ямар хуулийн ямар зүйл заалтад заасны дагуу Монгол банканд эд мөрийн баримтаар хураагдсан алтыг өгсөн юм бэ гээд харахаар шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой зааж өгөөгүй байсан. Бусдаас худалдаж авсан алтаа хилээр гаргасан гэсэн яллах дүгнэлт байгаа бөгөөд бусдаас худалдаж авахдаа хууль зөрчсөн асуудал байхгүй гэдэг нь гэрч Д, О нарын мэдүүлгээр тогтоогдсон. Хориглосон барааг Монгол улсын хилээр гаргахыг оролдсон гэх гэм буруугаа хүлээж байгаа. Анхан шатны шүүх эд мөрийн баримтаар хураагдсан хөрөнгөтэй холбоотой асуудалд алдаа гаргасан гэж үзээд байгаа юм. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж заасан байдаг. Шүүгдэгч А.Ог гэм буруутайд тооцсон хуулийн зүйл заалтад заасан ялын хэмжээ нь нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, торгох ял байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрээр хорих ялгүй, 1 жил дотор ч хорих ял байхгүй зүйл ангиар шийтгэчихээд эд мөрийн баримтаар хураагдсан гэж үзээд алтыг шууд улсын орлого болгосон. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийг баримтлахдаа хууль буруу хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 4 нөхцөл байхад яг аль нь юм, цаашид яах ёстой талаар тодорхой заагаагүй. Анхан шатны шүүх хүний өмчид хууль зүйн үндэслэлгүй халдсан. Хэрэв тухайн эд мөрийн баримтыг хууль бусаар олсон байсан бол шүүх ингэж хандах нь аргагүй. Хяналтын прокуророос 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосон. Гэтэл 4 бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйгийн 600 000 000 гаруй төгрөгийг зүгээр л улсын орлого болгосон. Үүнд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. Монгол банк тухайн алтыг тухайн өдрийн ханшаар аваад ногдох татварыг нь аваад төсөвт төвлөрүүлэх хууль нь байгаа учраас гомдол гаргасан...” гэв.  

 

Хяналтын прокурор Л.Содбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...33 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэсэн байр суурьнаас оролцож байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасны дагуу эд мөрийн баримт гэж үзээд эд мөрийн баримтыг шийдвэрлэх хуулийн зохицуулалтын дагуу шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Шүүгдэгч нар нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо миний өмчлөлийн эд хөрөнгө биш, банк санхүүгийн алт гэж шүүх хуралдаанд оролцсон байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Гэмт хэргийн ойлголт, шинжийг “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай байх, гэм буруутай байх, үйлдэл, эс үйлдэхүй байх” гэж тодорхойлсон байх ба мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д “Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх...” ял шийтгэнэ гэж,

 

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэхийг, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого нь “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-нд  хамаарахыг, хөрөнгө орлогыг хурааж улсын төсөвт шилжүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхийг тус тус тодорхойлжээ.

 

Дээр дурдсан хуулийн заалт болон холбогдох хуулиудад үндэслэн хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.  

 

Тодруулбал хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж үзэхэд: 

 

Шүүгдэгч А.О, Ч.М нар бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хуулиар хязгаарлалт тогтоосон бараа болох валют буюу 6 ширхэг нийт 6,040 кг жинтэй алт/алтан гулдмай/-ыг Улсын хилээр нэвтрүүлэхийн тулд биедээ буюу өмсөж явсан өмд, гадуур хувцасны халаас, дотуур өмд, хөхний даруулганы дотор талд нууж, явганаар ... авто замын шалган нэвтрүүлэх боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нь хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 17-25/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 38/, үнэт металлын сорьц тогтоосон сорилтын дүн, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 115-116, 2-р хх-ийн 43-44/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 119-129/, шүүгдэгч А.О, Ч.М нарын үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг /1-р хх-ийн 99-113/, гэрч Х.Д /1-р хх-ийн 54-55/, Ц.О /1-р хх-ийн 57-58/, Э.Энхтуяа /1-р хх-ийн 63-67/, Ц.Н /1-р хх-ийн 73-75/, М.Б /2-р хх-ийн 34-35/ нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 43/ зэрэг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тус тус тогтоогдсон, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүйн гадна гэмт хэргийн үйл баримтыг бүрэн нотолжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчөөс хэргийн оролцогчдын “хуулийн өмнө эрх тэгш” байх эрхийг бүрэн хангасан, оролцогчдоос гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй орхигдуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Оролцогчдод хавтаст хэргийн материал болон шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн, оролцогч нараас энэ дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх талаар ямар нэг санал хүсэлт гаргаагүй байна. 

 

Шүүгдэгч нар өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нөхцөл байдал нь “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийн “гэм буруутай байх” шинжийг бүрэн илэрхийлж байх ба шүүгдэгч нар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн нь гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон, гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн, тэдэнд мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг сануулж мэдүүлгийг авсан, оролцогч нараас мэдүүлгийг авахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүйн гадна “Улсын хилээр хязгаарлалт тогтоосон барааг хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэргийн сэдэлт зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэр бүрэн тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

  

Хэрвээ мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болдоггүй учиртай.

 

Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлтийг шинжлэн судалсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй болно.

 

Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдгээрийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид шүүгдэгч нарын үйлдэл хамаарч байгааг зөв тодорхойлж, хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны хүүхдүүдтэй, өрх толгойлсон зэрэг хувийн байдлыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгийн торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн байна.

 

Харин анхан шатны шүүхээс энэ хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий гэмт хэргийн ул мөрийг агуулсан, эд мөрийн баримт болох алтыг “улсын орлогод” оруулахаар шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн нь буруу байх буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ.

 

Өөрөөр хэлбэл “хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устгах, эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй”  тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүхээс хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг “хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх, хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлэх, худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалах, устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх” тухай шийдвэрийн аль нэгийг гаргах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн холбогдох заалтад нийцэх учиртай. 

 

Гэтэл анхан шатны шүүх хэргийн эд мөрийн баримт болох алтны тухайд дээр дурдсан нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдохгүй байхад мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд “хураан авсан эд  мөрийн баримтыг улсын орлогод оруулж шийдвэрлэх” талаар тусгагдаагүй байхад хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна.

 

Түүнчлэн Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйл/алт/-ийг хууль бусаар Улсын хилээр нэвтрүүлж байгаа үйлдэл нь зөвхөн эдийн засгийн утгаараа нийгэмд аюултай төдийгүй улсын хилийн халдашгүй дархан байдлыг алдагдуулж байгаагийн зэрэгцээ Монгол Улсын Валютын зохицуулалтын тухай, Эрдэнэсийн сангийн тухай болон Гаалийн хууль тогтоомжийг зөрчдөгт энэ гэмт хэргийн нийгмийн аюул орших төдийгүй хууль бусаар Улсын хилээр нэвтрүүлсэн алт/эд мөрийн баримт/ нь тухайн гэмт хэргийг тодорхойлох үндсэн шинжид болон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тус тус хамаарах учир хураан авч, улсын орлого болгож, үнийг улсын төсөвт шилжүүлж, шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...эрүүгийн хариуцлага хүлээлгэх”, 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг...”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан хуулийн агуулга, зарчимд нийцэх юм.

 

Тиймээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар давж заалдах шатны шүүхээс дурдсан алдааг залруулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцэхээс гадна шүүгдэгч нарт албадлагын арга хэмжээ хэрэглэх нь ял хүндрүүлсэн нөхцөл байдалд хамаарахгүй тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох шаардлагагүй учраас шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Огийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтын “Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 ширхэг 704 507 636.08 төгрөгийн үнэ бүхий нийт 6015,6 грамм алтыг улсын орлого болгохоор Монгол банканд шилжүүлж, 1 ширхэг камерын бичлэгийг хэрэгт хавсаргасугай.” гэснийг

“Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч А.О, Ч.М нарт хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 704 507 636.08 төгрөгийн үнэ бүхий, 6 ширхэг, нийт 6015,6 грамм алтыг улсын орлого болгохоор Монгол банкинд шилжүүлж, 1 ширхэг камерын бичлэгийг хэрэгт хавсаргасугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Огийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                    А.САЙНТӨГС

                                                                                                         Н.БОЛОРМАА