Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/00228

 

 

 

 

 

 

2018 01 19

210/МА2018/00228

 

 

 

Б.Батнямын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29ий өдрийн 181/ШШ2017/03038 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Батнямын нэхэмжлэлтэй, хариуцагч АГМ майнинг ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл, Т.Таня, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Батням нь Монгол-Солонгосын хамтарсан хөрөнгө оруулалттай компанид 2007 оноос ажиллаж байгаад 2012 оны 05 дугаар сарын 26-ны өдөр АГМ майнинг ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 015/59 тоот тушаалаар тус компанийн захирлын зөвлөх албан тушаалд шилжин ажилласан. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ажлаас халсан гэж мэдэгдсэн. Ажилтныг ажлаас халж байгаа бол гаргасан зөрчил нь тогтоогдсон байх ёстой байтал өнөөдрийн байдлаар тогтоогдсон зүйлгүй, ажлаас халсан тушаалыг Пак Тэ Гюг уг тушаалыг нөхөж үйлдсэн гэж үзэж байна. Солонгос талын захирал албан ёсоор ажил хүлээж аваагүй, ажлаас халсан тушаал гардуулж өгөөгүй.

Хэрэгт авагдсан 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн болон 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хэлцлийн нэг нь ажил үүргийн хуваарь тул түүнийг ажлын байрны тодорхойлолт гэж үзэж байна. Энэ баримтад контракт гэж бичээд, авах цалингийн хэмжээг бичсэнээс үзэхэд хөдөлмөрийн гэрээ байх бөгөөд ажил олгогч нь Б.Батнямыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас халсан. Нийгмийн даатгалын дэвтрээ 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр авч үзэхэд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 16/018 тоот тушаалаар чөлөөлөв гэж бичсэн байсан. Б.Батнямтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэлээр цуцалсан талаар мэдэгдээгүй, шалтгаангүйгээр ажлаас халсан. Б.Батнямын нэг сарын цалин 7 900 ам.доллар байдаг тул энэ дүнгээс татвар хураамж тооцон төлж байсан. Тэрээр 2012 оны 05 дугаар сараас 2013 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд цалин аваагүй ажилласан, Солонгос талын удирдлага ажлаа сайн хийгээд санхүүгийн хүндрэлтэй байдлыг арилгах талаар гүйцэтгэх ажлаа хэрэгжүүлж бай, цалинг чинь сарын 10.000 ам.доллараар тооцон олгоод, зохих журмын дагуу бичилт хийж өгнө гэж байнга амласан тул ажлаа хийсээр байсан. Гэтэл түүнд өгвөл зохих цалин хөлсөө олгоогүй байна. Б.Батнямтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажилд авсан, халсан тушаал байхгүй бөгөөд зөвхөн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилтээр ажил үүрэг гүйцэтгэж, цалин хөлс авч байсан нь нотлогдох юм. Б.Батням нь АГМ майнинг ХХК-ийн 6,5%-ийн хувьцааг Алтан Уул Ресорсис Лимитед ХХК-аар дамжуулан эзэмшдэг. Иймд Б.Батнямыг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: АГМ майнинг ХХК нь 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр БНСУ-ын хуулийн этгээд Хансунг Элкомтек ХК-ийн 100%-ийн хөрөнгө оруулалттай үүсгэн байгуулагдсан, Б.Батням нь тус компанийн хувьцаа эзэмшигч юм. Б.Батням нь АГМ Майнинг ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг 2012 оны 05 дугаар сараас хашсан ба 2013 оны 08 дугаар сард компанийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гүйцэтгэх удирдлага солигдсон.  Тус компанийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдаанаар Б.Батнямыг АГМ Майнинг ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь чөлөөлөн, орлогч захирлын албан тушаалд томилж, Пак Тэ Гюг гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохоор шийдвэрлэж, зохих бүртгэлийг хийлгэсэн. Б.Батням орлогч захирлаар ажиллахыг хүсээгүй тул өөрийнх нь хүсэлтээр орлогч захирлаар улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй бөгөөд Пак Тэ Гюүг гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн. Б.Батням компанийн 6.5%-ийн хувьцааг өөрийн Алтан Уул Ресорсис Лимитед ХХК-аар эзэмшигч бөгөөд Монгол дахь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар илүү мэдээлэлтэй зэрэг байдлыг харгалзан үзэж, Б.Батнямыг АГМ Майнинг ХХК-ийн захирлын орон тооны бус зөвлөхөөр ажиллуулахаар хэлцэл байгуулсан. Гэтэл Б.Батням нь тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа өмгөөлөгч Г.Баяржаргалтай 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, 340 000 000 төгрөгийн хөлс олгох, гэрээ байгуулснаас хойш 5 жилийн хугацаанд компанийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудалд хууль зүйн туслалцаа үзүүлэх, баримт бичиг, гэрээ хэлцлийг боловсруулах, хянах, мөн компанитай холбоотой хэрэг маргаанд эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай нөхцлийг тохиролцсон байх бөгөөд гэрээний үнийн дүнг өмнө байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөр мэтээр тайлбарлаж компанийн бусад хувьцаа эзэмшигчдэд мэдэгдээгүй, нуун дарагдуулсан.

Дараа нь  2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр болон 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрүүдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай нэмэлт гэрээ байгуулж, уг гэрээгээр тус компанид үзүүлсэн үйлчилгээнд дахин 236 000 000 төгрөг авч компанид хохирол учруулсан. Мөн тус компанийн бүх гэрээ, хэлцлийг үйлдэх, хянах үүрэг бүхий өмгөөлөгч Г.Баяржаргалтай гэрээ байгуулсан атлаа эсрэг талын өмгөөлөгчид хууль зүйн туслалцааны төлбөр төлж гэрээ үйлдүүлэн энэ гэрээний хэрэгжилтээс болж тус компани Дээд шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор Б.Баттулгад 1 080 634 214 төгрөг төлөх болж их хохирол амссан. Энэ нөхцөл байдлын улмаас 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс Б.Батнямыг орон тооны бус зөвлөхөөр ажиллуулах боломжгүй болсон. Б.Батням итгэл эвдсэн зүй бус үйлдэл гаргаж, компанид их хэмжээний хохирол учруулан, өөрийн хариуцсан ажлаа гүйцэтгэж чадаагүй болох нь дээрх үйлдлээс харагдаж байх тул компанийн удирдлагын зүгээс цаашид Б.Батнямд ажлын өрөө тасалгаагаар ханган өгч, хамтран ажиллах боломжгүй болохоо илэрхийлсэн.

Б.Батням нь Британий Виржиний арлуудад үүсгэн байгуулагдсан  Алтан Уул Ресорсис Лимитед ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшдэг, бөгөөд  АГМ майнинг ХХК-д удирдах, хяналт тавих шинжтэй ажил, албан тушаалд ажиллахаар, зэрэгцсэн гэрээ буюу контракт байгуулан ажиллаж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд Г.Баяржаргал нь Г.Уранцэцэгийн төрсөн дүү юм. Энэ бүхнээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасныг зөрчиж байх тул Б.Батням нь АГМ Майнинг ХХК-ийн хувьцаа эзэмшдэг тус компанийн гүйцэтгэх удирдлагыг хаших эрхгүй этгээд юм. Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа анхнаасаа үүсээгүй, гагцхүү хувьцаа эзэмшигчдийн хувиар хамтран ажиллах, нэг нь нөгөөдөө зөвлөх хүрээнд хэлэлцэж тохирсон бизнесийн түншлэлийн харилцаа байсан. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч АГМ майнинг ХХК-д холбогдуулан гаргасан Б.Батнямыг ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэжмлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхдээ нэг талыг барьж хэрэгт байгаа нотлох баримтуудыг хөлсөөр ажиллах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн талуудын байгуулсан ажил хүлээлцэх явцад ажил үүргээ хуваарилсан баримтад Б.Батням 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө гүйцэтгэж ирсэн бүх ажлыг үргэлжлүүлэн хариуцан гүйцэтгэнэ гэсэн байдаг. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Пак Тэ Гюү нь 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс томилогдсон ба энэ хүртэл хугацаанд ажил үүргийн хуваарьт заасан бүх үүргээ зөвлөхийн албан тушаалд томлогдсоны дараа ч гүйцэтгэж байсан. Харин Б.Батнямд орон тооны бус зөвлөхөөр томилсон талаар мэдэгдэж, тушаал танилцуулж байгаагүй.

Шүүх талуудын бичгээр байгуулж гарын үсэг зурсан, Хөдөлмөрийн хуулийн дагуу үйлдсэн ажлын байрны тодорхойлолтын шинжийг агуулсан ажил хүлээлцсэн баримт болон контракт гэж тодорхой бичсэн баритмтуудыг тохиролцоо гэх үгээр тайлбарлаж нэг талыг барьж шийдвэр гаргасан. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 02 болон 06 гэсэн давхар огноо тавигдсан баримт дээр "контракт"-аар ажиллах тухай тэмдэглэлийн талаар болон 2015 оны 02 сарын 23-ны өдрийн "ажил хүлээлцэх" гэсэн баримтад ажил үүргээ дахин хуваарилан авсан үйл баримтыг дүгнээгүй. Нэхэмжлэгчийг орон тооны бус зөвлөхөөр томилсон гэх тушаал, ажлаас чөлөөлсөн гэх тушаалыг ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Б.Батнямд танилцуулж байгаагүй гэдэг нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон байхад энэ үйл баримтыг орхигдуулсанд гомдолтой байна.

Ажил олгогч ажилтныг ажлын байрнаас хөөж гаргасны дараа үйлдсэн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тушаалд Б.Баттням гүйцэтгэх захирлаар ажиллах явцдаа "... 340 000 000 төгрөгийн гэрээг нуун дарагдуулсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан... гэх үндэслэлийг зааж Б.Батнямыг үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэж Хөдөлмөрийн хуульд нийцүүлэн тушаал гаргасан. Уг тушаалд гэрээ дуусгавар болгох, гэрээний асуудлаас үүссэн аливаа заалт байхгүй байна. Тухайлбал энэ гэрээнд "гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзах болохоо" гэсэн хэсгийг Б.Батням орхигдуулсан гэдгийг хэн ч нотлоогүй байхад шүүх ингэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

Гэрээ дуусгавар болгох тухай гэрээгээр аливаа нэхэмжлэл гомдол гаргах эсэх тухай үүрэг хүлээсэн Б.Баттулга энэ заалтыг зөвшөөрөөгүй гэдгийг шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн зүгээс тайлбарласан боловч энэ тухай үг, өгүүлбэрийг шүүгч шийдвэртээ тусгасангүй. Шүүх Б.Батнямыг АГМ майнинг компанид хохирол учруулсан нь тогтоогдож байна гэж дүгнэсэн боловч ямар хохирол учруулсан|талаар заасангүй. Аливаа хохирол ямар нэгэн бодит дүнгээр илэрхийлэгдэх ёстой. Үүний зэрэгцээ хариуцагч талаас Б.Батнямын байгуулсан гэрээнүүдтэй холбоотой гэм хор нэхэмжилсэн иргэний хэрэг шүүхэд байгаа гэдгийг хэлж байсан.

Нэхэмжлэгч тал ажлаас халагдсан гэх тушаалыг гардаж аваагүй түүний утга агуулгатай 2016 оны 09 дүгээр сарыг хүртэл хугацаанд танилцаагүй, танилцах боломжгүй байсанд шүүх дүгнэлт өгөөгүй. Хариуцагч өөрийн давуу байдлаа ашиглаж 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 16/018 дугаартай тушаалыг өөрийн үзэмжээр найруулан бичсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд АГМ майнинг ХХК-аас нотлох баримт шаардвал эрх мэдэлтэй давуу байдлаа ашиглан тушаал шийдвэр нөхөн хийж өгөх байсан тул ямар нэг нотлох баримт шаардах боломжгүй тэнцвэргүй нөхцөлд ажил олгогчтой Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг үүсгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би компанид 4 000 000 ам.доллар зээлэн авч өгөөд 2013 оны 04 дүгээр сараас эхлэн эрүүгийн хэрэгт 1 жил 6 cap шалгагдсаны дараа 2014 оны 10 сард уг хэрэг хэрэгсэхгүй болсон. Солонгос талын хөрөнгө оруулагч нарт итгэж 2012 оны 06 сард зээл авч өгсөн цагаас хойш би хохирч эрүүгийн хэрэгт шалгагдан эдгээр хүмүүс мөнгөтэй тул миний эсрэг одоогоор 4 нэхэмжлэл гаргаж, би ажилгүй болоод байна. Иймд хэрэгт байгаа нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргаж өгнө гэдэгт найдаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт /сүүлийн гурван сарын цалингийн нийлбэр 48 151 616 : 3 = 16 050 538.6 *21 cap/ 337 061 312 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэлийн бүх шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Батням нь хариуцагч АГМ майнинг ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч АГМ майнинг ХХК нь нэхэмжлэгч Б.Батнямыг 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс тус компанийн гүйцэтгэх захирлаар, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс орон тооны бус зөвлөхөөр ажиллуулж байгаад 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хэлцэл, тохиролцоог дуусгавар болгох тухай тушаалаар удирдлага, хөрөнгө оруулагч нарын өмнө итгэл алдаж, компанийн нэрийн өмнөөс 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Глобал дийл ХХК-тай 340 000 000 төгрөгийн үний дүн бүхий гэрээ байгуулж, нуун дарагдуулснаар компанид их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч АГМ ХХК-ийн уул уурхай хариуцсан зөвлөхийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох гэж тодорхойлсон байх боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд уг ажлын байр нь хариуцагч АГМ майнинг ХХК-ийн бүтцэд тусгагдаагүй байна.

 

Хэрэгт зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх баримт байхгүй, АГМ майнинг ХХК-ийн 1 дүгээр хавтаст хэргийн 121 дүгээр тал дахь 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн, 2 дугаар хавтаст хэргийн 132 дугаар тал дахь баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр тус компанид орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан байх ба энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хэдийгээр талууд гэрээг бичгээр байгуулаагүй боловч энэ гэрээний гол нөхцөл болох хийж гүйцэтгэх ажил үүрэг, ажлын хөлс, түүнийг төлөх хугацааны талаар дээр дурдсан баримтуудад тодорхой тусгасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Батням нь хариуцагч компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Б.Баттулгын нэхэмжлэлтэй АГМ майнинг ХХК-д холбогдох иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа авах зорилгоор 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Глобал дийл ХХН-тай эрх зүйн туслалцааг 5 жилийн хугацаатай авах, ажлын хөлсөнд 340 000 000 төгрөг төлөх гэрээг,

2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Глобал дийл ХХН-ийн захирал Г.Баяржаргал, өмгөөлөгч Н.Уранцэцэг нартай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, нэхэмжлэлийн үнийн дүн 1 486 859 ам.долларын хасагдсан үнийн дүн, сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнгийн 6%-тай тэнцэх хөлс төлөхөөр, мөн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээгээр өмгөөлөгч Г.Баяржаргалд 199 600 000 төгрөгийн нэмэлт хөлс буюу урамшуулал олгохоор тус тус тохиролцож, төлбөрийг төлсөн болох нь 2 дугаар хавтаст хэргийн 13-31 дүгээр талд авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Глобал дийл ХХН-тай байгуулсан 340 000 000 төгрөгийн үнийн дүнтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нуун дарагдуулсан, уг гэрээг дахин Глобал дийл ХХН-ийн захирал өмгөөлөгч Г.Баяржаргалтай давхардуулан байгуулснаас хохирол учирсан гэж үзэж, түүнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцалсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29ий өдрийн 181/ШШ2017/03038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч Б.Батням нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

А.МӨНХЗУЛ