Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2017/00463

 

Б.Батнямын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,            

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/00773 дугаар шийдвэр,            

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн            

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2053 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Батнямын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “АГМ Майнинг” ХХК-д холбогдох,            

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэгийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мандах, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Батням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Батням Монгол Солонгос-Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байгаад 2012 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “АГМ” Майнинг ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, 288/12 тоот тушаалын дагуу гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 015/59 тоот тушаалаар зөвлөх албан тушаалд шилжин ажилласан. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр намайг ажлаас халсан гэж мэдэгдээд, компьютероо авна гээд авсан. Харин албан ёсоор ажлаа хүлээж авах талаар надад юм хэлээгүй. Солонгос талын захирал албан ёсоор ажил хүлээж аваагүй, ажлаас халсан тушаал гардуулж өгөөгүй тул ажлаа хий гэхийг нь би хүлээж байтал 15 хоног өнгөрсөн. Ингээд намайг ямар үндэслэлээр ажлаас халсан бэ, тушаалтай танилцья гэж утсаар асууж шаардахад чамайг халсан, өгөх тушаал байхгүй гэсэн хариу хэлсэн.

Нийгмийн даатгалын дэвтэрээ 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн аваад үзэхэд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 16/018 тоот тушаалаар чөлөөлөв гэсэн үг бичигдсэн байна. Надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэлээр цуцалсан талаар надад мэдэгдээгүй ба хууль бус шалтгаангүйгээр

ажлаас халсан байгаа. Миний нэг сарын цалин 7 900 ам.доллар байдаг тул энэ дүнгээс татвар хураамж тооцогдон төлж байсан. Харин сүүлийн үед Солонгос захирал ажилчдыг хүчээр амраах, цалинг хууль бусаар багасгах зэргээр дураараа загнаж байсан тул миний цалин хасагдсан байгаа. 2012 оны 05 дугаар сараас 2013 оны 04 дүгээр сарыг дуустал цалин аваагүй ажилласан ба Солонгос талын удирдлага “чи ажлаа сайн хийгээд санхүүгийн энэ хүндрэлтэй байдлыг арилгах талаар гүйцэтгэх ажлаа хэрэгжүүлж бай, цалинг чинь сарын 10 000 ам.доллараар тооцоод нэг мөр олгоод, зохих журмын дагуу бичилт хийж өгнө гэж байнга амлаж байсан тул би ажлаа хийсээр байсан. Гэтэл надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч өмнө өгвөл зохих цалин хөлсөө ч бодож олгоогүй байна. Надад хөдөлмөрийн гэрээ болон ажилд авсан, халсан тушаал байхгүй бөгөөд зөвхөн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилтээр ажил үүрэг гүйцэтгэж байсан, цалин хөлс авч байсан зэргээр нотлох болно. Би “АГМ” Майнинг ХХК-ийн 6,5 хувийн хувьцааг “Алтан Уул Ресорсис Лимитед” ХХК-иар дамжуулах эзэмшдэг. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 2013 оны 08 дугаар сард компанийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гүйцэтгэх удирдлага ч солигдож, 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдааны тогтоолоор Б.Батнямыг “АГМ” Майнинг ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь чөлөөлөн, орлогч захирлын албан тушаалд томилон өөрчилж, Пак Тэ Гюүг гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохоор шийдвэрлэж үүний дагуу холбогдох бүртгэлийг хийлгэсэн. Б.Батням орлогч захирлаар ажиллахыг хүсээгүй тул өөрийнх нь хүсэлтээр орлогч захирлаар улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй бөгөөд дан ганц Пак Тэ Гюүг гүйцэтгэх захирлаар бичүүлж бүртгүүлсэн. Үүний дараагаар Б.Батням компанийн 6.5 хувийн хувьцааг өөрийн “Алтан Уул Ресорсис Лимитед” ХХК-иар эзэмшигч, Монгол талын түнш болохын хувьд, мөн Монгол дахь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар илүү мэдээлэлтэй зэрэг байдлыг харгалзан үзэж, Б.Батнямыг “АГМ” Майнинг ХХК-ийн зөвлөхөөр ажиллуулах тухай хэлцлийг байгуулсан байдаг.

Уг хэлцлээр Б.Батням нь урьд гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үеэс эхлүүлсэн, хариуцаж байсан зарим нэг ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр тохиролцож, энэ хугацаанд Б.Батнямд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан үеийн цалинтай дүйцэх хэмжээгээр хөлс олгож, нийгмийн даатгалын төлөлтийг хийж ирсэн. Гэтэл Б.Батням нь тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа өмгөөлөгч Г.Баяржаргалтай 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, гэрээ байгуулснаас хойш 5 жилийн хугацаанд компанийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудалд хууль зүйн туслалцаа үзүүлэх, баримт бичиг, гэрээ хэлцлийг боловсруулах, хянах, мөн компанитай холбоотой хэрэг маргаанд эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай нөхцөлийг тохиролцсон байх бөгөөд үүнийгээ компанийн бусад хувьцаа эзэмшигчдэд мэдэгдээгүй, нуун дарагдуулсан байх бөгөөд уг гэрээний үнийн дүнд нийт 340 000 000 төгрөгийг өмнө байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөр мэтээр тайлбарлаж, компаниас гаргуулж өмгөөлөгч Г.Баяржаргалд олгосон байдаг. Мөн үүний дараа 2015 оны 09 дүгээр сарын 09, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрүүдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай нэмэлт гэрээнүүдийг байгуулж, уг гэрээгээр тус компанид үзүүлсэн үйлчилгээндээ дахин их хэмжээний төлбөрийг давхар авч компанид хохирол учруулсан болохыг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн компанийн зарим хувьцаа эзэмшигчид болоод Г.Баяржаргал өмгөөлөгчтэй хийсэн уулзалтын үеэр олж мэдсэн. Б.Батням нь ийнхүү түншүүдийн хооронд итгэл эвдсэн зүй бус үйлдэл гаргаж, компанид их хэмжээний хохирол учруулан, өөрийн хариуцсан ажлаа гүйцэтгэж чадахгүй болох нь дээрх үйлдлээс харагдаж байх тул компанийн удирдлагын зүгээс цаашид Б.Батнямд ажлын өрөө тасалгаагаар ханган өгч, хамтран ажиллах боломжгүй болохоо илэрхийлсэн.

Дээрх байдал нь Б.Батнямын хувьцаа эзэмшиж буй байдалд нөлөөлөхгүй бөгөөд, компанийн 6.5 хувийн хувьцаа эзэмшигч хэвээр байгаа билээ. Эндээс үзэхэд, талуудын хооронд Б.Батнямын гаргасан нэхэмжлэлд дурдсан шиг ажилтан, ажил олгогчийн хооронд байгуулдаг хөдөлмөрийн гэрээний харилцаа анхнаасаа бий болоогүй, гагцхүү хувьцаа эзэмшигчдийн хувиар хамтран ажиллах, нэг нь нөгөөдөө зөвлөх хүрээнд хэлэлцэж тохирсон бизнесийн түншлэлийн харилцаа л байсаар ирсэн. Иймд Б.Батнямын ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болоод эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/00773 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч “АГМ” Майнинг ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.Батнямын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2053 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/00773 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхдээ шүүх нэг талыг барьж хэрэгт байгаа нотлох баримтуудыг хөлсөөр ажиллах гэрээ гэж үндэслэлгүй дүгнэсэн юм. 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн талуудын байгуулсан ажил хүлээлцэх явцад ажил үүргээ хувиарласан баримт дээр “2015 оны 02 дугаар сарын 23-нь өдрөөс өмнө гүйцэтгэж ирсэн бүх ажлыг үргэлжлүүлэн хариуцан гүйцэтгэнэ” гээд мөн Б.Батням захирал уул уурхайтай холбогдох бүх төрлийн ажил үүрэг /Засгийн газрын ажлын дараахтай холбогдох ажил гэх мэт/ үүнд нь тусгай зөвшөөрөл авах сунгуулах, мэргэжлийн хяналтын болон төрийн эрх бүхий байгууллагатай харилцах ажлууд багтсан байсан тул эдгээр бүх үүргээ зөвлөхийн албан тушаалд томилогдсоны дараа ч гүйцэтгэж байсан.

Шүүх талууд бичгээр байгуулж гарын үсгээ зурсан, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу үйлдсэн ажлын байрны тодорхойлолтын шинжийг агуулсан гэрээ хэлцлийг ганц тохиролцоо гэх үгээр тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна. Шүүх нэхэмжлэгч Б.Батням нь “Алтан уул ресорсис Лимитед” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг тул “АГМ Майнинг” ХХК-д удирдах, хяналт тавих шинжтэй ажил албан тушаалд ажиллахаар зэрэгцсэн гэрээ буюу контракт байгуулан ажиллаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж дүгнэснээр Б.Батням нь хөдөлмөрийн гэрээ контрактад зааснаар ажиллаж байгаа гэдгийг мөн дүгнэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай УДШ-ийн тогтоолын 2-д Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтнаас ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд тэдний хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэх бөгөөд харин хөдөлмөрийн гэрээ байгуугаагүй нь ажилтны буруугаас болсон нь тогтоогдвол маргааныг Иргэний хуулийн 365 дугаар зүйлийн 369.3-т зааснаар шийдвэрлэнэ.

Анхан шатны шүүхийн захирамжийн дагуу хариуцагч тал Б.Батнямын ажиллаж байсан үеийн холбоотой бүхий л нотлох баримтыг гаргаж өгсөн гэж үнэн зөв мэдүүлсэн ба хэрэгт хавсаргуулсан баримтаас өөр баримт байхгүй гэдгийг талууд хүлээн зөвшөөрч мэдүүлээд энэ талаар маргаагүй байхад шүүх ийм дүгнэлтээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасанд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн хувьд “АГМ Майнинг” компаниас нотлох баримт шаардвал тамга тэмдэгтэй, эрх мэдэлтэй давуу байдлаа ашиглаад тушаал шийдвэр нөхөж хийж өгөх байсан тул ямар нэг нотлох баримт шаардах боломжгүй тэнцвэргүй нөхцөлд ажил олгогчтой хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг үүсгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаад ч дүгнэлт өгсөнгүй. Анхан шатны шүүхэд хэргийг буцааснаар ямарч шинэ нотлох баримт гарахгүй бөгөөд хариуцагч харин хуурамч баримт бүрдүүлэх боломжтой л болох байх. Амьдрал дээр иргэнийг ямар ч гэрээ хэлцэл байгуулахгүй ажиллуулдаг тул Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай УДШ-ийн 33 дугаар тогтоолын 2 дах заалтыг удирдлага болгон маргааныг шийдвэрлэх үүргийг шүүх хүлээж байгаа. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан шаардлагад нийцжээ. 

Нэхэмжлэгч Б.Батням нь хариуцагч “АГМ Майнинг” ХХК-д холбогдуулан захирлын орон тооны бус зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийг  гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Батням нь хариуцагч компанид 2012 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс гүйцэтгэх захирлаар, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс зөвлөх албан тушаалын эрхтэйгээр ажилласан үйл баримтыг зохигчид маргаагүй бөгөөд зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа хөдөлмөрийн гэрээ эсхүл хөлсөөр ажиллах гэрээ эсэх,  нэхэмжлэгчийн эрхэлж байсан “зөвлөх ажилтан” нь орон тооны эсхүл орон тооны бус эсэх  асуудал маргааны зүйл болсон байна.

Зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээний аль төрлийн  гэрээ байгуулагдсан нь тодорхой бус, хэрэгт байгаа баримтаар маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй талаар давж заалдах шатны шүүх хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Магадлалд заасан үндэслэлээс гадна “АГМ Майнинг” ХХКомпанийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 16/018 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.Батнямтай байгуулсан гэрээг цуцалсан байх ба уг шийдвэрийн үндэслэл болгож заасан 2015 оны 02 дугаар сарын 23, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хэлцэл тохироо гэсэн баримт, Б.Батням байгууллагын итгэл алдсан гэх үндэслэлтэй холбоотой баримт тус тус байхгүй, хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байна.           Зохигчид нь хяналтын шатны шүүх хуралдаан дээр маргааны талаар эвлэрэх хүсэлт гаргаж, хуралдааныг хойшлуулж байсан боловч эвлэрээгүй болно.            

Иймд магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх т ухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 2053 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                                 П.ЗОЛЗАЯА