Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 328

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

шүүгдэгч Н-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Над яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805015480294 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  1980 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ..............дүүргийн ..... дугаар хороо ... дугаар хороолол ..... байр ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н /

 

 

Шүүгдэгч Н-2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Намуун” нэртэй интернэт тоглоомын газарт иргэн Н.Л-тай маргаж, улмаар нүүрэн тус газарт нь  гараараа 2 удаа цохиж бие махбодид нь хүч хэрэглэн халдаж зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд зулгаралт, шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Н-мэдүүлэхдээ: “Хэрэг болох өдөр намайг ажил дээрээ сууж байхад гаднаас 2 хүүхэд орж ирээд 10 минут орчим тоглосон юм. Би түр гарчихаад ажил руугаа ороход гаднаас хохирогч  Л- орж ирээд над руу дайрч намайг цохиод, бид хоёр зууралдаад газар унасан. Би салах гэсэн боловч салахгүй байхаар нь өөрийгөө хамгаалах зорилгоор гараараа хоёр удаа цохисон” гэв.

 

Прокуророос Б.Н-ыг “иргэн Н.Л-тай маргаж, улмаар нүүрэн тус газарт нь  гараараа 2 удаа цохиж түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал:

Шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх боловч  гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал дараах нотлох баримтуудад агуулагдсан мэдээллүүдээр буюу аргагүй хамгаалалт хийсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Гэрч Г.Гантөмөрийн “2018 оны 03 дугаар сарын 17-ны 17 цагийн үед 9 настай хүү Чингүүн гэрээсээ гараад алга болсон. Тэгээд нөхөр бид хоёр хайгаад олдохгүй болохоор нь цагдаа дууддаг юм билүү гэж байсан чинь хажууд нэг интернэт байхаар нь орсон чинь дотор нь байсан. Тухайн үед нөхөр мөн хамт ороод интернэт ажиллуулж байсан залууг уурандаа заамдаад авсан. Гэтэл нөгөө интернэтийн залуу манай нөхрийн нүд рүү баруун гараараа 2-3 удаа цохиж авсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/

 

Гэрч Э.Сэргэлэнгийн “2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн үед найзтайгаа уулзах гээд ирсэн. 16 цагийн үед гаднаас хоёр хүүхэд орж ирээд 10 минут сууж тоглоё гэж хэлсэн. Удалгүй ээж нь гаднаас орж ирээд хаагуур яваад байгаан гэсэн чинь араас нь нэг согтуу ах орж ирээд хоёр хүүхдийг зодох гэж дайраад энэ тоглоомын газрын эзэн нь хаана байна гэж хэлтэл манай найз Н- гаднаас орж ирсэн чинь үгийн зөрүүгүй цохисон. Би босож ирээд салгасан. Тоглоомын гаднах шилэн хаалгыг өшиглөн Л- нь хагалсан. Түүний дараа би цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №3826 дугаартай актад:

“1. Н.Л--н биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд  зулгаралт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохроо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 20 дугаар хуудас/

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай “1. Эрүүгийн 180501548 дугаартай хэрэгт цагаан өнгийн 1 ширхэг СД хэрэгт эд мөрийн баримтаар тооцсугай” мөрдөгчийн тогтоол. /хэргийн 37 дугаар хуудас/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...20180317_204945 гэсэн бичлэгийг нээхэд орчин тодорхой, 03 минут 57 секундын бичлэг байв. Хохирогч Н.Л- нь хар өнгийн малгай, хар өнгийн гадуур куртик, саарал өнгийн өмд, хар өнгийн гутал өмссөн байна. Сэжигтэн Н.Н- нь хар өнгийн куртик, хар өнгийн өмд, хар өнгийн гутал өмссөн байна. Н.Л- нь гаднаас эхнэрийн хамт гаднаас орж байх бөгөөд сэжигтэн Н-гаднаас утсаар ярьж орж ирэхэд хохирогч Н.Л- нь сэжигтэн Б.Н--г шууд очиж толгой хэсэг рүү баруун талын гараараа Н.Л--н зүүн талын нүд рүү 2-3 удаа баруун талын гараараа цохиж байна. Саарал өнгийн цамц өмссөн 25-30 насны эрэгтэй очиж салгав. ...Мөн хохирогч Н.Л-ын зүүн талын хөмсөгнөөс цус гарсан байв” эгсэн тэмдэглэл. /хэргийн 38 дугаар хуудас/

 

Яллагдагч Б.Н-ын “...Тэр хүн буюу Л- согтуу орж ирээд миний нүүр рүү нэг удаа үгийн зөрүүгүй цохисон. Мөн заамдаж авсан. Биеэ хамгаалах зорилгоор нүүр лүү нэг удаа цохисон. Хамгийн гол нь тэр заамдаж аваад намайг тавихгүй байсан. Тавиулах гээд нүүр рүү нь нэг удаа цохисон. Цохисон чинь тэр хүн гараа тавьсан. Мөн гарч чулуу барьж ирээд шилэн хаалга хагалсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 41-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ ...эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж  мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл нийгэмд аюултай халдлага бодитой эхэлсэн, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд тодорхой байгаа үед хамгаалалт хийх эрх үүсэх бөгөөд бодитой хүч хэрэглэсэн шинжтэй шууд заналхийлэл нь аргагүй хамгаалалт хийх хууль зүйн үндэслэл юм.

Хавтаст хэргээс үзвэл хохирогч Н.Л- нь илэрхий, хүч хэрэглэсэн довтолгоо хийсэн байх бөгөөд  түүний үйлдэл нь Б.Н-ын  хууль ёсны эрх, ашиг сонирхолд хор хохирол учирах, эсхүл хор хохирол учруулах бодитой  шууд аюул тулгарах нөхцөл байдал бий болжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б.Н-ад холбогдох хэргийг  гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Н-баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалт, 36.2, 36.3, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                             ТОГТООХ нь:

  

1. Над холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

 

2. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, Н-баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Н-ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

       

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ