Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 610

 

     Б.Н-д холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Дамбадаржаа,

цагаатгагдсан этгээд Б.Н, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 328 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Дамбадаржаагийн бичсэн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 21 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Н.Н-д холбогдох 1805015480294 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ө овгийн Б-н Н, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр ....... төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........... дүүргийн ..... дугаар хороо, ...... дугаар хороолол, .... байрны .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............./;

Б.Н нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Намуун” нэртэй интернет тоглоомын газарт иргэн Н.Л-тай маргаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж, бие махбодид нь хүч хэрэглэн халдаж зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд зулгаралт, шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Б.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Н-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Б.Н баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

    Прокурор Н.Дамбадаржаа бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “… Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж гаргасан цагаатгах тогтоолыг дор дурдсан үндэслэлээр эсэргүүцэж байгаа бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах зүйл заалтуудыг зөрчсөн байна. Үүнд:

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэснийг,

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэм буруугийн талаар маргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна” гэснийг,

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж болно” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

      Шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагч шүүгчээс улсын яллагчийг гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт гаргуулж шүүх хуралдааныг удирдсанаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналаа гаргасан, мөн шүүгдэгчээс гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар өөрийгөө өмгөөлж болон шүүхэд хандаж эцсийн үг хэлэх эрхийг эдлүүлж шүүх хуралдааныг завсарлуулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоны дараа түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг удирдан хуульд заасан дарааллаар явуулах үүргийг шүүгчид даалгасан дээрх заалтыг зөрчсөн байна.

            Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 328 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү…” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч орж ирээд намайг шууд цохисон. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Н-н өмгөөлөгч Г.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцэлтэй танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлд заасан хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны журам, дараалал зөрчигдсөн гэсэн утгатай байна гэж ойлгож байна. Түүнээс Б.Н-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгасан асуудалд эсэргүүцэл бичээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлд зааснаар гэм буруугүй тохиолдолд хэрэгсэхгүй болгож, цагаатгах боломжтой гэж үзэж байна. Иймд прокурорын бичсэн эсэргүүцэл хуульд нийцээгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Баянгол дүүргийн Прокурорын газраас Б.Н-г 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Намуун” гэх интернэт тоглоомын газар Н.Л-тай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа 3 удаа цохиж, бие махбодид нь хүч хэрэглэн халдаж, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд зулгаралт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан ба анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр Б.Н-г өөрийнх нь эрүүл мэндийн эсрэг Н.Л-н хууль бус довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж дүгнэн, Б.Н-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос Б.Н-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэхдээ үндэслэл болгосон болон яллах дүгнэлтэд дурдагдсан гэрч Г.Гантөмөр, Э.Сэргэлэн нарын мэдүүлгүүд нь Б.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайг шууд хөдөлбөргүй нотолж чадаагүй байна.

Түүнчлэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон дарааллаар хэргийг хэлэлцсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой дурдагдсан байна.

Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Дамбадаржаагийн бичсэн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 21 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.