Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01578

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01578

 

 

 

 

 

 

 

 

Г.Батчулууны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/01620 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Батчулууны нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Батчулууны нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1290 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 558 дугаар шийдвэрээр АТБХ ХХК-аас 736 804 631 төгрөгийг гаргуулж, Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг албадан биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулж эхэлсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Б.Ганчимэг төлбөр төлөгч АТБХ ХХК-д болон тус компанийн хувьцаа эзэмшигч нарт гүйцэтгэх ажиллагааны талаар огт мэдэгдээгүй хууль бус гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Шийдвэр гүйцэтгэгч Б.Ганчимэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа ганцхан барьцаа хөрөнгийн эзэн болох Г.Батчулуун надад мэдэгдэж хариуцагч буюу төлбөр төлөгч АТБХ ХХК болон тус компанийн хувьцаа эзэмшигч нарт, мөн А.Батцэнгэлд огт мэдэгдээгүй хууль бус гүйцэтгэх ажиллагааг явуулсан.

Түүнчлэн 558 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгч Б.Ганчимэг нь хариуцагч А.Батцэнгэлийн эзэмшлийн арлын JTEHJ09J565150222 дугаартай Тоёота Ланд крузер G STD маркийн авто машинд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах, үнийн санал авах, үнийн санал дээр тохиролцоонд хүрээгүй тохиолдолд үнэлгээний компаниар үнэлүүлэх зэрэг ажиллагааг хийх ёстой байсан тус авто машиныг үнэлгээний компаниар үнэлүүлээгүй, дуудлага худалдаанд оруулаагүй байна. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5.1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1290 дугаар захирамжид дурдсан, зээлийн барьцааны гэрээнд тусгагдсан БЗД, 20 дугаар хороо, хар усан тохойн хэсэгт байрлах Алтай таван богд хайрхан ХХК-ийн эзэмшлийн 35077 м.кв газарт шийдвэр гүйцэтгэгч Б.Ганчимэг нь гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Алтай таван богд хайрхан ХХК-д мэдэгдээгүй, мөн үнэлгээний санал авалгүйгээр үнэлүүлсэн, анхны дуудлага худалдаанд оруулсан зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулж байна. АТБХ ХХК-ийн эд хөрөнгө, санхүүгийн байдлыг тодорхойлоогүй, данс, холбогдох эд хөрөнгийн лавлагаа авах зэрэг ажиллагааг огт хийгээгүй. Түүнчлэн А.Батцэнгэлийн дээр дурдсан хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж миний эрх ашгийг ноцтойгоор хохироож байна. Иймд тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тайлбарт: Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1290 дүгээр шийдвэрээр АТБХ ХХК-аас 534 112 311 төгрөгийг гаргуулж, Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч АТБХ ХХК-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 224 тоот 88.7 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой 306А, 307Б тоот хувийн сууцыг эд хөрөнгө битүүмжлэх тухай 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1/159 тоот, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1/159 тоот тогтоолоор битүүмжлэн дахин шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн. Төлбөр төлөгч хуулийн этгээд төлбөрийг төлөөгүй тул битүүмжилсэн дээрх хөрөнгийг эд хөрөнгө хураах тухай 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1/159 тоот тогтоол, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1/159 тоот тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар битүүмжлэн хураасан хөрөнгөнд үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч компанийн захирал, өмчлөгч Г.Батчулуун Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой 306А тоот хувийн сууцыг 1 250 000 000 төгрөгөөр, 360Б тоот хувийн сууцыг 1 200 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг бичгээр ирүүлсэн болно. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 224 тоот орон сууцны өмчлөгч нарт үнийн санал ирүүлэх тухай 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 3/10248 тоот албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй бөгөөд төлбөр авагч Капитрон банк 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 946 тоот албан бичгээр үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шинжээч томилох тухай хүсэлт гаргасан тул дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 121 тогтоолоор Баян модот ХХК-аар үнэлгээ тогтоолгоход Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 224 тоот орон сууцыг 162 553 837 төгрөг, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой 306А тоот хувийн сууцыг 286 331 241 төгрөг, 306Б тоот хувийн сууцыг 266 791 576 төгрөг, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөм хар усан тохой 306 тоот 1535 мкв талбайтай газрыг 35 857 600 төгрөгөөр тус тус үнэлсэн. Шинжээчийн үнэлгээний тайланг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч үнэлгээ болон үнэлгээний тайлантай төлбөр төлөгч АТБХ ХХК-ийн захирал Г.Батчулуунд 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 3/21968 тоот албан бичгээр, өмчлөгч нарт 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3/22045 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 224 тоот орон сууцыг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 162 553 837 төгрөгийн 70 хувиар буюу 113 787 685 төгрөг, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой 306А тоот хувийн сууцыг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 286 331 241 төгрөгийн 70 хувиар буюу 200 431 868 төгрөгөөр, тус хаягт байрлах 306Б тоот хувийн сууцыг 266 791 576 төгрөгийн 70 хувиар буюу 186 754 103 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм хар усан тохой 306 тоот 1535 м.кв талбайтай газрыг 25 100 320 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр оруулсан боловч үнийн санал ирээгүй, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулахад Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 224 тоот орон сууцыг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 162 553 837 төгрөгийн 50 хувиар буюу 81 276 918 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө борлуулагдаж, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой 306А тоот хувийн сууцыг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 286 331 241 төгрөгийн 50 хувиар буюу 143 165 620 төгрөгөөр, тус хаягт байрлах 306Б тоот хувийн сууцыг 266 791 576 төгрөгийн 50 хувиар буюу 133 395 788 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм хар усан тохой 306 тоот 1535 мкв талбайтай газрыг 25 100 320 төгрөгийн 50 хувиар буюу 12 550 160 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр оруулахад Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 224 тоот орон сууцыг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 162 553 837 төгрөгийн 50 хувиар буюу 81 276 918 төгрөгөөр худалдан борлогдсон бусад хөрөнгүүдэд үнийн санал ирээгүй. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой 306Б тоот хаягт байрлах 381 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой 306А тоот хаягт байрлах 355 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 224 тоот хаягт байрлах 88.7 м.кв талбайтай 5 өрөө орон сууцанд тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Батчулууны гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Батчулууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнхийн давж заалдах гомдолд: Баянзүрх иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2008 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 1290 дугаар захирамж, 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 558 дугаар шийдвэрээр 736 804 631 төгрөгийг "АТБХ" ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн 167 дугаар тойргын шийдвэр гүйцэтгэгч Б.Ганчимэг нь гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа, ганцхан барьцаа хөрөнгийн эзэн иргэн Г.Батчулуунд л мэдэгдэж хариуцагч буюу төлбөр төлөгч "АТБХ" ХХК-д болон, тус компанийн хувьцаа эзэмшигч нарт гүйцэтгэх ажиллагааны талаар огт мэдэгдээгүй хууль бус гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Түүнчлэн 558 дугаар шийдвэрийн дагуу хариуцагч сайн дураар шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд 2007 оны 04 дүгээр сарын 18 ны өдрийн №Т07/76 тоот барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан эд хөрөнгүүд болон А.Батцэнгэлийн эзэмшлийн арлын JTEHJ09J565150222 дугаартай Тоёота Ланд крузер маркийн авто машиныг тус тус худалдан борлуулах замаар хангуулахыг нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан байтал тус авто машиныг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүй, үүргийн гүйцэтгэл хангуулах тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс үнийн санал аваагүй, үнэлгээний компаниар үнэлүүлээгүй, дуудлага худалдаанд оруулаагүй нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг тус тус зөрчсөн. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Б.Ганчимэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч "АТБХ" ХХК-д болон тус компанийн хувьцаа эзэмшигч нарт гүйцэтгэх ажиллагааны талаар огт мэдэгдээгүй хууль бус гүйцэтгэх ажиллагааг явуулсан байдаг. Нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан дагуу нотлох баримтын шаардлага хангасан баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэвч анхан шатны шүүх дээрх нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлсэнгүй. Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг анх Капитрон банкинд 443 865 000 төгрөгөөр үнэлэн тооцож барьцаалж байсан гэтэл "Баян модод" ХХК нь 266 791 577 төгрөгөөр буюу зах зээлийн бодит үнэ ханшнаас хамаагүй доогуур үнэлсэн. Нэхэмжлэгч талаас үнэлгээний компани болох "Хөрөнгө эстимэйт" ХХК-аар хөрөнгийн үнэлгээ хийлгэж анхан шатны шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгсөн. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтыг эргэлзээтэй туйлын үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй хэмээн үзэж байгаа бол маргааныг үнэн зөв бодитойгоор шийдвэрлэхийн тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн санаачилгаар шинжээч томилох боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох гомдлын шаардлага гаргасан байх бөгөөд тэрээр шаардлагын үндэслэлээ төлбөр төлөгч АТБХ ХХК болон тус компанийн хувьцаа эзэмшигч нарт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдээгүй, хариуцагч А.Батцэнгэлийн эзэмшлийн арлын JTEHJ09J565150222 дугаартай Тоёота Ланд крузер G STD маркийн авто машинтай холбоотой гүйцэтгэлийн ажиллагаа хийгээгүй, Алтай таван богд хайрхан ХХК-ийн эзэмшлийн 35077 м.кв газрыг албадан дуудлага худалдаагаар худалдах ажиллагааны талаар тус компанид мэдэгдээгүй, үнэлгээний санал аваагүй, төлбөр төлөгч АТБХ ХХК-ийн эд хөрөнгө, санхүүгийн байдлыг тодорхойлоогүй, данс, холбогдох эд хөрөнгийн лавлагаа авах зэрэг ажиллагааг хийхгүй хууль зөрчиж эрх ашгийг ноцтойгоор хохироож байна гэж тайлбарлажээ.

 

Иргэний үүсгэсэн захирамждаа шүүх нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох гэж тодорхойлсон боловч хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдлын шаардлагыг эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох гэж үзсэн. Нэхэмжлэгч дээрх шаардлагаа хуульд заасан журмын дагуу өөрчлөөгүй байхад шүүх эд хөрөнгийн үнэлгээ хийсэн ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийж төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосон нь ойлгомжгүй болжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай, нэхэмжлэлийн өргөдлөөс үзэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах ерөнхий шаардага гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлцэлцэх хүрээ, харьяалалыг тогтоосон зохицуулалттай нийцэхгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагааны улмаас төлбөр төлөгчийн ямар эрх ашиг хөндөгдсөн, тэрээр төлбөрт хураагдсан эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой маргаан үүсгэж байна уу, эсхүл эд хөрөнгийн үнэлгээг, шийдэр гүйцэтгэгчийн ямар ажиллагааг хүчингүй болгохоор шаардлага гаргаж байгааг тодруулсны эцэст шүүх тухайн асуудлаар дүгнэлт өгнө. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүйгээс шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглсэн эсэх, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үү гэдэгт дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/01620 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

А.МӨНХЗУЛ