Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 1620

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Б

Хариуцагч: НШШГГ

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлахам нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 167 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ганчимэг нь “АТБХ” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Монгол улсын Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тул уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1290 дүгээр захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 558 дугаар шийдвэрээр “АТБХ”-иас 736,804,631 төгрөгийг гаргуулж, Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. “АТБХ” ХХК нь шүүгчийн захирамж болон шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд иргэн Г.Б-ны өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 18 дүгээр хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 224 тоот дахь 88.7 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, хар усан тохой, 306А тоот дахь 355 м.кв хувийн орон сууц, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, хар усан тохой, 306Б тоот дахь 381 м.кв хувийн орон сууц болон “Алтай таван богд хайрхан” ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Баян дөхөм, хар усан тохой дахь ... м.кв газар, “АТБХ” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Батцэнгэлийн эзэмшлийн арлын JTEHJ09J565150222 дугаартай “Тоёота Ланд крузер” G STD маркийн авто машин зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 1290 тоот захирамж болон 558 тоот шийдвэрт заасан байдаг.

Төлбөр авагч Капитрон банкнаас шүүхэд шүүгчийн захирамж болон шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 1290 тоот захирамж, 558 тоот шийдвэрийг албадан биелүүлэх шүүгчийн захирамж гарч, иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хийж эхэлсэн.

Тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч нь “АТБХ” ХХК бөгөөд төлбөр авагч нь “Капитрон банк” болно. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Б.Ганчимэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч “АТБХ” ХХК-д болон тус компанийн хувьцаа эзэмшигч нарт гүйцэтгэх ажиллагааны талаар огт мэдэгдээгүй хууль бус гүйцэтгэх ажиллагааг явуулж байна.

2. Шийдвэр гүйцэтгэгч Б.Ганчимэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа ганцхан барьцаа хөрөнгийн эзэн болох Г.Б надад мэдэгдэж хариуцагч буюу төлбөр төлөгч “АТБХ” ХХК болон тус компанийн хувьцаа эзэмшигч нарт, мөн А.Батцэнгэлд огт мэдэгдээгүй хууль бус гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь Монгол улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйл, 177.1-т “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулсан байна.

Учир нь тус иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч нь “АТБХ” ХХК болохоос Г.Б миний бие биш юм.

3. Түүнчлэн 558 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгч Б.Ганчимэг нь хариуцагч А.Батцэнгэлийн эзэмшлийн арлын JTEHJ09J565150222 дугаартай “Тоёота Ланд крузер” G STD маркийн авто машинд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах, үнийн санал авах, үнийн санал дээр тохиролцоонд хүрээгүй тохиолдолд үнэлгээний компаниар үнэлүүлэх зэрэг ажиллагааг хийх ёстой байсан тус авто машиныг үнэлгээний компаниар үнэлүүлээгүй, дуудлага худалдаанд оруулаагүй байна. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5.1-т “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна.” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

4. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1290-р захирамжид дурдсан, зээлийн барьцааны гэрээнд тусгагдсан БЗД, 20 дугаар хороо, хар усан тохойн хэсэгт байрлах газар “Алтай таван богд хайрхан” ХХК эзэмшлийн 000304353 улсын бүртгэлийн дугаартай 35077 м.кв газарт шийдвэр гүйцэтгэгч Б.Ганчимэг нь гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа “Алтай таван богд хайрхан” ХХК-д мэдэгдээгүй, мөн үнэлгээний санал авалгүйгээр үнэлүүлсэн, анхны дуудлага худалдаанд оруулсан зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулж байна.

Хэдийгээр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамжийн дагуу “АТБХ” ХХК нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд миний эд хөрөнгүүдээр тухайн үүргийн хангуулахаар заасан боловч “АТБХ” ХХК-ийн эд хөрөнгө, санхүүгийн байдлыг тодорхойлоогүй, данс, холбогдох эд хөрөнгийн лавлагаа авах зэрэг ажиллагааг огт хийгээгүй. Түүнчлэн А.Батцэнгэлийн дээр дурьдсан хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж миний эрх ашгийг ноцтойгоор хохироож байна.

Миний бие шийдвэр гүйцэттэгч Б.Ганчимэг болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд удаа дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гомдол гаргаж байсан боловч зөвхөн миний хөрөнгөөр уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаах гэж улайрч байна. Иймд тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1290 дүгээр шийдвэрээр “АТБХ” ХХК-аас 534,112,311 төгрөгийг гаргуулж, Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч “АТБХ” ХХК-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 224 тоот 88.7 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой 306А, 307Б тоот хувийн сууцыг эд хөрөнгө битүүмжлэх тухай 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1/159 тоот, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1/159 тоот тогтоолоор битүүмжлэн дахин шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн.

Төлбөр төлөгч хуулийн этгээд төлбөрийг төлөөгүй тул битүүмжилсэн дээрх хөрөнгийг эд хөрөнгө хураах тухай 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1/159 тоот тогтоол, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1/159 тоот тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар битүүмжлэн хураасан хөрөнгөнд үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч компанийн захирал, өмчлөгч Г.Б Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой 306А тоот хувийн сууцыг 1,250,000,000 төгрөгөөр, 360Б тоот хувийн сууцыг 1,200,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг бичгээр ирүүлсэн болно.

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 224 тоот орон сууцны өмчлөгч нарт үнийн санал ирүүлэх тухай 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 3/10248 тоот албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй бөгөөд төлбөр авагч Капитрон банк 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 946 тоот албан бичгээр үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шинжээч томилох тухай хүсэлт гаргасан тул дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 121 тогтоолоор “Баян модот” ХХК-иар үнэлгээ тогтоолгоход Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 224 тоот орон сууцыг 162,553,837 төгрөг, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой 306А тоот хувийн сууцыг 286,331,241 төгрөг, 306Б тоот хувийн сууцыг 266,791,576 төгрөг, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөм хар усан тохой 306 тоот 1535 мкв талбайтай газрыг 35,857,600 төгрөгөөр тус тус үнэлсэн.

Шинжээчийн үнэлгээний тайланг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч үнэлгээ болон үнэлгээний тайлантай төлбөр төлөгч “АТБХ” ХХК-ийн захирал Г.Бд 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 3/21968 тоот албан бичгээр, өмчлөгч нарт 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 3/22045 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 224 тоот орон сууцыг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 162,553,837 төгрөгийн 70 хувиар буюу 113,787,685 төгрөг, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой 306А тоот хувийн сууцыг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 286,331,241 төгрөгийн 70 хувиар буюу 200,431,868 төгрөгөөр, тус хаягт байрлах 306Б тоот хувийн сууцыг 266,791,576 төгрөгийн 70 хувиар буюу 186,754,103 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм хар усан тохой 306 тоот 1535 м.кв талбайтай газрыг 25,100,320 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр оруулсан боловч үнийн санал ирээгүй, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулахад Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 224 тоот орон сууцыг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 162,553,837 төгрөгийн 50 хувиар буюу 81,276,918 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө борлуулагдаж, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой 306А тоот хувийн сууцыг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 286,331,241 төгрөгийн 50 хувиар буюу 143,165,620 төгрөгөөр, тус хаягт байрлах 306Б тоот хувийн сууцыг 266,791,576 төгрөгийн 50 хувиар буюу 133,395,788 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм хар усан тохой 306 тоот 1535 мкв талбайтай газрыг 25,100,320 төгрөгийн 50 хувиар буюу 12,550,160 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр оруулахад Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 224 тоот орон сууцыг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 162,553,837 төгрөгийн 50 хувиар буюу 81,276,918 төгрөгөөр худалдан борлогдсон бусад хөрөнгүүдэд үнийн санал ирээгүй.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч НШШГГт холбогдуулан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020430 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой 306Б тоот хаягт байрлах 381 м.кв талбайтай хувийн сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020429 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой 306А тоот хаягт байрлах 355 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 224 тоот хаягт байрлах 88.7 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргаж, хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1290 дугаартай шүүгчийн захирамжаар “АТБХ” ХХК нь 466950.78 ам доллар буюу 534,112,311 төгрөгийг нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-нд төлөхийг зөвшөөрснийг баталж, хариуцагч сайн дураараа шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2204020430 дугаартай 381 м.кв талбайтай, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой 306Б тоот хувийн орон сууц, улсын бүртгэлийн Ү-2204020429 дугаартай 355 м.кв талбайтай, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой 306А тоот хувийн орон сууц, улсын бүртгэлийн 20392130 дугаар гэрчилгээтэй, 1535 м.кв талбайтай, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, Баяндөхөм , Хар усан тохой 306 тоот газар эзэмших эрх, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн баруун талд байрлах, улсын бүртгэлийн Ү-2204015189 дугаартай, Хангарьд худалдааны төвийн 2 дугаар давхарын хэсгийг худалдан борлуулж үүргийг хангуулахаар,

Мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 4-ны өдрийн 558 дугаар шийдвэрээр “АТБХ” ХХК-иас 202,692,320.52 төгрөгийг гаргуулж “Капитрон банк” ХХК-нд олгохоор шийдвэрлэж,  шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх  дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт өвчин судлалын, үндэсний төвд баруун талд байрлах, улсын бүртгэлийн Ү-2204015188 дугаартай, Хангарьд худалдааны төвийн 3 давхрын хэсэг, Улсын бүртгэлийн Ү-2204008990 дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 38 дугаар байрны 224 тоот орон сууц, А.Батцэнгэлийн эзэмшлийн арлын JTEHJ09J565150222 дугаартай “Тоёота ланд крузер” G STD маркийн автомашиныг худалдан борлуулж үүргийг хангуулахаар тус тус шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 7-8, 50-52 дахь талд/

Нэхэмжлэгч дээрх шийдвэрүүдийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь үгүйсгээгүй, харин шинжээчээр томилогдсон “Баянмодот” ХХК миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хэт багаар үнэлсэн, төлбөр төлөгч “АТБХ” ХХК-ийн бусад хувьцаа эзэмшигч нарт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдээгүй, төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт дурдсан тээврийн хэрэгслийг худалдан борлуулах ажиллагааг явуулаагүй, хөрөнгийн өмчлөгчийн эрхийг зөрчсөн” гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч Г.Б нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020430 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой 306Б тоот хаягт байрлах 381 м.кв талбайтай хувийн сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020429 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой 306А тоот хаягт байрлах 355 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 224 тоот хаягт байрлах 88.7 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 57-58, 63 дахь талд/

Гомдлыг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт зааснаар эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ” гэж тодорхойлон тэдгээрийн эдлэх эрх, хүлээх үүргийг мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зохицуулжээ.

Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд бус хөрөнгийн өмчлөгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхийг тодорхойлохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “Үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлэхээр зохицуулсан байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын /хуучин нэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба/ 1/159 дугаартай “эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол”, 1/159 дугаартай “эд хөрөнгийг хураасан тогтоол”-р маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж хураасан байх бөгөөд энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 36 дугаар зүйлд заасантай нийцсэн, нэхэмжлэгч үүнд маргаагүй. /х.х-ийн 81, 84, 86 дахь талд/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Г.Б нь Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой 306Б тоот хаягт байрлах 381 м.кв талбайтай хувийн сууцыг 1 тэрбум хоёр зуун сая төгрөг, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой 306А тоот хаягт байрлах 355 м.кв талбайтай хувийн сууцыг нэг тэрбум хоёр зуун тавин сая төгрөгийн үнийн саналыг, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 224 тоот хаягт байрлах 88.7 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны өмчлөгч нар үнийн санал ирүүлээгүй байна. /х.х-ийн 67-69 дахь талд/

Уг үнийн саналыг төлбөр авагч “Капитрон банк” хүлээн зөвшөөрөөгүй, шинжээч томилуулах санал гаргаснаар шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг “Баянмодот” ХХК-иар тогтоолгожээ. /х.х-ийн 70-72 дахь талд/

Шинжээчээр томилогдсон “Баянмодот” ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Хөрөнгө үнэлгээний тайлан”-д Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой 306Б тоот хаягт байрлах 381 м.кв талбайтай хувийн сууцыг 266,791,576.70 төгрөг, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой 306А тоот хаягт байрлах 355 м.кв талбайтай хувийн сууцыг 286,331,241.48 төгрөг, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 224 тоот хаягт байрлах 88.7 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 162,553,837.50 төгрөгөөр тус тус тогтоосон байх ба шинжээч томилохтой холбоотой ажиллагааг хийж гүйцэтгэхдээ холбогдох хууль, журмын дагуу хийж гүйцэтгэжээ. /х.х-ийн 73-80 дахь талд/

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсэн боловч уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй үнэн зөв гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт “шүүх, прокурор, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага болон Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдол”-ыг шүүх гомдлоор авч хэлэлцэнэ гэж зохицуулсан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч болон холбогдох албан тушаалтаны үйл ажиллагаанд гаргасан нэхэмжлэгчийн гомдлоор шүүх хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэх журамтай.

Тодруулбал, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх бүхий албан тушаалтаны шинжээч томилохтой холбоотойгоор хийж гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй гэж үзэв.

Түүнчлэн нэхэмжлэгчийн гомдлын шаардлагын нэг үндэслэл болсон үүргийн гүйцэтгэлд барьцаалсан тээврийн хэрэгслийг худалдан борлуулах ажиллагаа явуулаагүй гэх үндэслэл нь бусад эд хөрөнгөд хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Хэрэгт авагдсан 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар “АТБХ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр Г.Б бүртгэгдсэн байх тул төлбөр төлөгч “АТБХ” ХХК-иас төлбөр гаргуулахаар явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохих журмын дагуу түүнд мэдэгдэж байсан нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /х.х-ийн 110 дахь талд/

Иймд дурдан буй дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Б-ны үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсгийг удирдлага болгон

                                                                                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдох Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой 306Б тоот хаягт байрлах 381 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой 306А тоот хаягт байрлах 355 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 224 тоот хаягт байрлах 88.7 м.кв талбайтай 5 өрөө орон сууцанд тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Б-ны гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ,                                      Л.ЭНХЖАРГАЛ