Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/00229

 

 

 

 

 

2018 01 19

210/МА2018/00229

 

 

 

Эс Би Логистикс ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13ы өдрийн 183/ШШ2017/02464 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Эс Би Логистикс ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Болормаад холбогдох

 

Байгууллагад учруулсан хохиролд 2 228 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч Р.Булган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартЭс Би логоистикс ХХК нь Япон улсын Autocom Japan INC компанитай хамтран ажиллаж, Япон улсын үндсэн болон жижиг боомтоос Монгол Улсын Улаанбаатар хотруу Тяньжин, Эрээн, Замын-Үүд боомтоор дамжуулан хуучин машины тээвэрлэлт зохион байгуулж авчрах үүрэг хүлээдэг. Тухайн үед Автоком карс ХХК-ийн үйл ажиллагааг Д.Болормаа хариуцан ажилладаг байсан бөгөөд энэхүү ажиллагааны хүрээнд Автоком карс ХХК-ийн зөвшөөрлөөр оруулж ирсэн машиныг бусдын нэр дээр шилжүүлэх эсэх чиглэл өгөх үүргийг хүлээсэн байдаг. Гэтэл 2016 оны 04 сарын 10-ны өдөр Автоком карс ХХК-ийн оруулж ирсэн илгээгч автомашиныг Автоком карс ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр өөр хүний нэр дээр шилжүүлж олгосноос болж компанид хохирол учруулсан. Уг машиныг жинхэнэ авах ёстой хүн нь Б.Батхүү байсан боловч хариуцагч Д.Болормаа үүнийг М.Шижирбатын нэр дээр шилжүүлж алдаа гаргасан. Түүнтэй холбоотой хөдөлмөрийн маргаан тусдаа яригдсан. Манай компанийн зүгээс Автоком карс ХХК-д 100 000 иен буюу 2 228 000 төгрөгийг төлж шилжүүлсэн. Тухайн үед Д.Болормаа нь өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлж барагдуулах учраас миний нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэж, асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан. Мөн Эс Би логистикс ХХК-ийн удирдлагуудад энэ асуудлыг өөрөө хариуцна, төлбөр мөнгөө тодорхой хэмжээгээр төлж барагдуулах хүсэл зорилгоо тайлбарласан байдаг. Манай компанийн зүгээс Автоком карс ХХК-д төлбөр төлөх ямар ч үндэслэлгүй байхад Д.Болормаагийн буруутай үйл ажиллагаанаас болж компанид хохирол учруулсан гэж Эс Би логистикс ХХК нь 100 000 иенийг төлж барагдуулсан. Иймд компанид учруулсан хохирол болох 2 228 000 төгрөгийг хариуцагч Д.Болормаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Болормаагийн тайлбарт: 2016 оны 04 сарын 11-ний өдөр Япон улсаас BMOU5064057 дугаартай чингэлэгт ачигдаж ирсэн ZVW30-0230157 арлын дугаартай 2010 оны Тоёото приус 30 маркийн автомашиныг Autocom Japan Cars илгээгчийн суллах зааврыг зөрчиж дур мэдэн ачааг олгосон зүйл байхгүй, Мягмарын Шижирбат нь өөрийн ачаа гэдгийг удаа дараа мэдэгдэж шаардсаны дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Гаалийн газарт М.Шижирбатынн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийхийг зөвшөөрсөн Эс би логистикс ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мөнхнарангийн гарын үсэг, байгууллагын тамга тэмдэгтэй албан бичгийг үндэслэн уг машиныг хууль ёсоор худалдан авсан М.Шижирбатын нэр дээр олгосон болно. Гэтэл намайг дур мэдэн олгосон гэж тайлбарлаад байгааг зөвшөөрөхгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт зааснаар Д.Болормаагаас байгууллагад учирсан хохирол гэх 2 228 000 төгрөг гаргуулахыг хүссэн Эс Би логистикс ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Эс Би логистикс ХХК-аас төлсөн 50 598 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Мөнхнаран давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсноос шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс өөрт учирсан гэм хорыг арилгуулахаар хохирол шаардаж нэхэмжлэл гаргасан байхад шүүхээс хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан гэж дүгнэж шийдвэрлэсэн. Талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаан нь Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх дээр хэлэлцэгдэн шийдвэрлэгдсэн бөгөөд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар гэм хорын асуудлыг шийдвэрлээгүй байхад гэм хор учруулснаас үүссэн хохирлыг аргилгуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг Иргэнй хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан маргааны үйл баримт нэгэнт тогтоогдсон гэж дүгнэсэн нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй гэж үзэхээр байна. Хариуцагч Д.Болормаа нь өөрийн гэм буруутай үйл ажиллагаагаар нэхэмжлэгч байгууллагад хохирол учруулсан байдаг. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хариуцлага ногдуулахад юуны өмнө гэм хор учруулагчийн гэм буруу байгаа эсэх, гэм буруу нь учирсан хохиролтой шалтгаант холбоотой эсэхийг тогтоох нь чухал. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нь гэм буруутай талаар, гэм буруу нь учирсан хохиролтой шалтгаант холбоотой талаар нотлох баримтыг шүүхэд цуглууж өгсөн байхад нотлох баримтуудыг хуулийн дагуу үнэлж чадсангүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Эс Би Логистикс ХХК нь хариуцагч Д.Болормаад холбогдуулан хохиролд 2 228 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Эс Би Логистикс ХХК нь хариуцагч Д.Болормааг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс импорт менежерийн, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс опейрешн хариуцсан ажилтнаар тус тус ажиллуулж байгаад 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 16/26 дугаар тушаалаар Япон улсаас Б.Батхүүгийн нэр дээр хаяглагдан ирсэн Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг М.Шижирбатад хүлээлгэн өгсөн зөрчил гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Ажилтан нь ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1520 дугаартай шийдвэрээр хариуцагч Д.Болормааг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэхдээ Д.Болормааг зөрчил гаргасан гэж үзэх шалтгаант холбоо байхгүй буюу компанийн гүйцэтгэх удирдлагын зөвшөөрөлтэйгээр автомашин хүлээн авагчийн нэрийг солих арга хэмжээг авсан гэж үзсэн байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийг Автоком карс ХХК-ийн оруулж ирсэн авто машиныг түүний зөвшөөрөлгүйгээр өөр хүний нэр дээр шилжүүлж олгосноос манай байгууллага 2 228 000 төгрөгийг Автоком карс ХХК-д төлсөн гэж тайлбарладаг боловч хэргийн 32 дугаар талд авагдсан нэхэмжлэгч компанийн захирал Л.Мөнхнаран нь Замын-Үүд дэх гаалийн газарт 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн I/123 тоот албан бичгээр ... Тоёота приус-30 маркийн автомашин хүлээн нэрийг илгээгчээс Бат-Эрдэнэ Батхүү гэж андууран ирүүлсэн тул жинхэнэ хүлээн авагч болох Мягмар Шижирбат нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийх зөвшөөрөл олгож бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү... гэсэн агуулгатай хүсэлт гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримт болон талуудын тайлбараас үзвэл хариуцагч нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа нэхэмжлэгчид хохирол учруулсан гэх байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хариуцагчийн буруугаас байгууллагад хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаыг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулснаас хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13ы өдрийн 183/ШШ2017/02464 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 598 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

А.МӨНХЗУЛ