Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 02464

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 13 өдөр                   Дугаар 183/ШШ2017/02464                            Улаанбаатар хот

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Эс ХХК /РД:2628341/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Б/-д  холбогдох,

            байгууллагад учруулсан хохирол 2 228 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, П.Цолмонбаатар, хариуцагч Б, хариуцагчийн өмгөөлөгч Р.Булган, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Шолпан нар оролцов.

                                                                                                        

 ТОДОРХОЙЛОХ нь:  

 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Эс Би логоистикс” ХХК нь Япон улсын Autocom Japan INC компанитай хамтран ажиллаж, Япон улсын үндсэн болон жижиг боомтоос Монгол Улсын Улаанбаатар хотруу Тяньжин,  Эрээн, Замын-Үүд боомтоор дамжуулан хуучны машины тээвэрлэлт зохион байгуулж авчрах үүрэг хүлээдэг. Тухайн үед Автоком карс ХХК-ийн үйл ажиллагааг Б хариуцан ажилладаг байсан бөгөөд энэхүү ажиллагааны хүрээнд Автоком карс ХХК-ийн зөвшөөрлөөр оруулж ирсэн машиныг бусдын нэр дээр шилжүүлэх эсэх чиглэл өгөх үүргийг хүлээсэн байдаг. Гэтэл 2016 оны 04 сарын 10-ны өдөр Автоком карс ХХК-ийн оруулж ирсэн илгээгч  автомашиныг Автоком карс ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр өөр хүний нэр дээр  шилжүүлж олгосноос болж компанид хохирол учруулсан. Уг машиныг жинхэнэ авах ёстой хүн нь Б.Батхүү байсан боловч хариуцагч Б үүнийг М.Шижирбатын нэр дээр шилжүүлж алдаа гаргасан. Түүнтэй холбоотой хөдөлмөрийн маргаан тусдаа яригдсан. Манай компанийн зүгээс Автоком карс ХХК-нд 100 000 иен буюу 2 228 000 төгрөгийг төлж шилжүүлсэн. Энэ талаар холбогдох нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Тухайн үед Б нь өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлж барагдуулах учраас миний нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэж, асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан. Мөн “Эс” ХХК-ийн удирдлагуудад энэ асуудлыг өөрөө хариуцна, төлбөр мөнгөө тодорхой хэмжээгээр төлж барагдуулах хүсэл зорилгоо тайлбарласан байдаг. Гэтэл талуудын хоорондоо хөдөлмөрийн маргаан үүссэн, Б өдий хүртэл төлбөрийг төлөөгүй ирсэн. Манай компанийн зүгээс Автоком карс ХХК-д төлбөр төлөх ямар ч үндэслэлгүй байхад Бгийн буруутай үйл ажиллагаанаас болж компанид хохирол учруулсан гэж “Эс” ХХК нь 100 000 иенийг төлж барагдуулсан. Иймд компанид учруулсан хохирол болох 2 228 000 төгрөгийг хариуцагч Бгаас гаргуулж өгнө үү” гэв.

 

            Хариуцагч Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2016 оны 04 сарын 11-ний өдөр Япон улсаас BMOU5064057 дугаартай чингэлэгт ачигдаж ирсэн ZVW30-0230157 арлын дугаартай 2010 оны Тоёото приус 30 маркийн автомашиныг “Autocom Japan Cars” илгээгчийн суллах зааврыг зөрчиж дур мэдэн ачааг олгосон зүйл байхгүй, Мягмарын Шижирбат нь өөрийн ачаа гэдгийг удаа дараа мэдэгдэж шаардсаны дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Гаалийн газарт М.Шижирбатынн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийхийг зөвшөөрсөн “Эс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мөнхнарангийн гарын үсэг, байгууллагын тамга тэмдэгтэй албан бичгийг үндэслэн уг машиныг хууль ёсоор худалдан авсан М.Шижирбатын нэр дээр олгосон болно. Гэтэл намайг дур мэдэн олгосон гэж тайлбарлаад байгааг зөвшөөрөхгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэгч байгууллагад учруулсан хохирол 2 228 000 төгрөгийг хариуцагч Бгаас гаргуулахыг шаардсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг     зөвшөөрөөгүй байна.        

 Хэргээс үзэхэд хариуцагч Б Эс ХХК-ийн импортын менежерийн албан тушаалтай байсныг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс оперейшн хариуцсан ажилтан болгож ажлын байрыг өөрчилсөн, тухайн үедээ шинэ ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй, түүнтэй хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй байна.

 Нэхэмжлэгч тал  Автоком карс ХХК-ийн хамтран ажиллах гэрээний дагуу Япон улсаас ачуулсан Б.Батхүү гэсэн хүлээн авагчтай Тоёото приус маркийн автомашиныг илгээгч талын зөвшөөрөлгүйгээр М.Шижирбатад олгосон гэж Бг буруутгасан, улмаар энэ үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөнийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэрэг анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 12-ний өдрийн 181/ШШ2016/01520 дугаартай шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоожээ.

            Замын-Үүд дэх Гаалийн газарт хүргүүлсэн Эс ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн I/123 тоот албан бичигт “...Toyotа prius-30 маркын автомашиныг хүлээн авагчийн нэрийг илгээгчээс Бат-Эрдэнийн Батхүү гэж андууран ирүүлсэн тул жинхэнэ хүлээн авагч болох Мягмарын Шижирбатын нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийх зөвшөөрөл олгох”-ыг хүссэн байх бөгөөд албан бичигт гүйцэтгэх захирал Л.Мөнхнаран гарын үсэг зурсан байна.

Дээрх шүүхийн шийдвэрт “...энэхүү албан бичиг хуурамч эсэх, албан бичиг хянуулан батлуулах компанийн журмыг зөрчсөн эсэх талаар маргаагүй, Бг зөрчил гаргасан гэх шалтгаант холбоогүй буюу компанийн гүйцэтгэх удирдлагын зөвшөөрөлтэйгээр автомашин хүлээн авагчийн нэрийг солих арга хэмжээг авсан” гэж дүгнэжээ.

Иймд хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас байгууллагад хохирол учраагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар маргааны үйл баримт нэгэнт тогтоогдсон, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т “ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэж зааснаар Бгаас 2 228 000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн  тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт зааснаар Бгаас байгууллагад учирсан хохирол гэх 2 228 000 төгрөг гаргуулахыг хүссэн Э ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК-иас төлсөн 50 598 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

  

                       

                         ДАРГАЛАГЧ                                               Д.ЭНХЦЭЦЭГ