Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/00269

 

 

 

 

 

 

2018 01 22

210/МА2018/00269

 

 

 

М.Хулангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03ы өдрийн 182/ШШ2017/02102 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Хулангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Капитал банк ХХК-д холбогдох

 

2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 265 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 6 364 631 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баярбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: М.Хулан нь Капитал банкинд ажиллаж байхдаа 2012 оны 04 сарын 26-ны өдөр Би Энд Си ХХК-ийн барьж буй Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, 9 байрны, 6 давхар, 36 тоот 37.25 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг худалдан авахаар 1 м.кв талбайн үнийг 1 350 000 төгрөгөөр тооцон захиалгаар орон сууц бариулах гэрээ байгуулсан. Худалдан авагчийн зүгээс захиалгын гэрээний дагуу орон сууцны төлбөрийг Капитал банктай 2012 оны 05 сарын 04-ний өдөр ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээг байгуулан 50 287 500 төгрөгийг 25 жилийн хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлээр авч гүйцэтгэгч барилгын компанид төлж, захиалсан орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Капитал банкны зүгээс дээрх нөхцлөөр ажилтнууддаа орон сууцны зээл олгож байсан бөгөөд олгосон зээл бүрийг Засгийн газраас хэрэгжүүлсэн 8 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэх, Монголын ипотекийн корпораци (МИК)-д худалдах шаардлага гарч ирсэн бөгөөд ажилтнууддаа олгосон зээл нь 8 хувийн хүүтэй зээлийн журмын шаардлага хангахгүй нөхцөл байдал, өөрөөр хэлбэл, орон сууцны үнийн 30 хувийг байршуулсан байх нөхцөл үүссэн тул журмын шаардлага хангуулахын тулд худалдан авсан орон сууцны 1 м.кв талбайн үнийг 450 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 37.25 м.кв талбайн нэмэгдүүлсэн үнэ болох 16 760 000 төгрөгийг Капитал банкнаас зээлж авсан мэтээр 2013 оны 08 сарын 30-ны өдөр 265 тоот зээлийн гэрээ байгуулсан. Тэгэхээр 1 м.кв-ыг 1 800 000 төгрөгөөр худалдан авсан болж харагдаж байгаа. Энэхүү зээлийн гэрээг байгуулахгүй гэсэн боловч Капитал банкны зүгээс гэрээ байгуулахгүй бол худалдан авсан орон сууцаа банкинд хураалга гэдэг шаардлага тавьсан тул миний зүгээс энэхүү тулган шаардалтын дагуу 16 760 000 төгрөгийн зээлийн барьцаанд өөрийн аав, ээжийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 хороо, 10 байр, 19 тоот, 29 м.кв талбайтай орон сууцыг тавьсан. М.Хулан нь худалдан авсан орон сууцны үнийг бүрэн төлсөн атал зээл олгосон банк худалдан авсан орон сууцны үнийг зохиомлоор өсгөж, төрийн байгууллагыг хуурсан хууль бус үйлдлээ нуун далдлахын тулд иргэн надад хууль бус шаардлага тавьж дүр үзүүлэн байгуулсан зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэгч талаас орон сууцыг зөвхөн Би Энд Си ХХК-аас 1 м.кв талбайг 1 350 000 төгрөгөөр тооцон үнийг төлснийг Би Энд Си ХХК хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгчийн зүгээс барьцааны орон сууцыг чөлөөлж авахын тулд 2013 оны 08 сарын 30-ны өдөр 265 тоот 16 760 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний дагуу өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 1 538 781 төгрөг, зээлийн хүү 4 825 617.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 232.91 төгрөг нийт 6 364 631.76 төгрөгийг төлсөн. Иймд дүр үзүүлэн байгуулсан 2013 оны 08 сарын 30-ны өдрийн 265 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болгож, хариуцагч талын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, дүр үзүүлэн байгуулсан гэрээнээс учирсан хохирол 6 364 631.76 төгрөгийг Капитал банкнаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: Иргэн М.Хулан нь Капитал банкны Хүнсний 4 тооцооны төвд зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Ажил олгогч болон ажилтан нар нь харилцан тохиролцож 2012 оны 05 сарын 04-ний өдөр 282 тоот ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу банк нь ажилтанд Хан-Уул дүүргийн 3-р хорооны Үйлдвэрийн гудамж 9-р байрны 6 давхар, 36 тоот хаягт байрлах 37.25 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авах үнэ 50 287 500 төгрөг төлж, үүнийг зээл болгон ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ байгуулан, зээлийн хүү сарын 1 хувь, жилийн 12 хувь байхаар төлүүлж байсан. Гэтэл ипотекийн зээлийн нөхцөл орж ирж, ажилтнуудын зээл жилийн 8 хувийн хүүтэй зээл рүү шилжих боломж гарсан. Энд нэг нөхцөл нь байрны үнийн 30 хувийг төлсөн байхыг шаардсан. Ажилтнуудын орон сууц худалдан авсан Би Энд Си ХХК-тай манайх орон сууцны 1 м.кв-ын үнийг 1 800 000 төгрөгөөр тохиролцож, ажилтнууддаа хямдруулж өгсөн үнийн зөрүү болох 1 м.кв-ыг 450 000 төгрөгөөр тооцож, иргэн М.Хулангийн хувьд 16 760 000 төгрөгийг байрны 30 хувийн урьдчилгаа төлбөр болгон банк МИК-д төлж, үүндээ М.Хулантай 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 265 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан.

М.Хуланд өмнө нь өгсөн орон сууцны зээлээс 48 878 000 төгрөгийг байрны үнийн 70 хувь гэж үзэн жилийн хүүг 8 хувь болгон шинэчилж гэрээ байгуулсан. Түүнчлэн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03 тоот тогтоолоор ажиллагсдын орон сууцны хөнгөлөлттэй зээл олгоход гарах 4 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн гүйцэтгэх захирлын 2012 оны 149 тоот тушаалыг, холбогдох гэрээ хэлцлийн хамт хүчингүй болгосон. Капитал банк, Би Энд Си ХХК-ийн хооронд байгуулсан 2012 оны 03 сарын 06-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.1-д заасны дагуу м.кв талбайн үнийг 1 800 000 төгрөгөөр тохиролцсон байсны дагуу иргэн М.Хулантай 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 265 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулсан нь хуульд харшлаагүй, харилцан тохиролцсон үйлдэл байх бөгөөд талуудын хүсэл зоригоос хамаарч гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-ыг баримтлан М.Хулан, Капитал банк ХХК нарын хооронд байгуулагдсан 2013 оны 08 сарын 30-ны өдөр 265 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцон, Капитал банк ХХК-аас 6 364 31.76 төгрөгийг гаргуулж М.Хуланд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 358 534 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 358 534 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

ХХХХХариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн 4 дүгээр хуудас "...М.Хулангийн хувьд 16 760 000 төгрөгийг байрны 30 хувийн урьдчилгаа төлбөр болгон банк МИК-д төлж, үүндээ М.Хулантай 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 265 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Дээрх урьдчилгаа төлбөр болох 16 760 000 төгрөгийг М.Хулан нь төлөөгүй бөгөөд 30 хувьд нь өөрийн аав, ээжийн байр болох Баянгол дүүрэг 5-р хороо, 10 байр, 19 тоот 29 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаанд тавьсан талаар шүүхийн шийдвэрт дурдаагүйн дээр банк нь МИК-д төлсөн гэх дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдаагүй нотлох баримт байхгүй зүйлийг үндэслэл болгосон байна.т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар М.Хулан нь энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй нуун дарагдуулсан байдаг. Тухайлбал М.Хулан нь Баянгол дүүрэг 5-р хороо, 10 байр, 19 тоот 29 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаанд тавьж барьцааны үнийн дүнд /үндсэн зээлийн 30 хувь буюу 16 762 500 сая/ төгрөгийн дүн бүхий зээлийг 2013 оны 10 сарын 30-ны өдөр М.Хулангийн Капитал банк дахь 2000021767 тоот дансанд хийж энэхүү мөнгийг М.Хулангийн зөвшөөрлөөр мөн өдөр "Би Энд Си" ХХК-ийн харилцах данс руу шилжүүлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч М.Хулан нь энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүйн дээр энэхүү гүйлгээ болон ийм дүн бүхий мөнгийг өгөөгүй гэж шүүхэд маргаан үүсгэн шүүхийн байгууллагыг илтэд хуурч мэхэлсэн үйлдэл гаргасан байна.

Шүүхийн шийдвэрт "265 тоот зээлийн гэрээний дагуу 16 760 000 төгрөгийг М.Хулан аваагүй, МИК-рүү шилжүүлсэн байдал нотлогдохгүй байна" гэжээ. Дээр дурдсан баримтуудаас үзэхэд Капитал банк ХХК нь уг мөнгөн дүнг МИК-рүү шилжүүлээгүй бөгөөд эсрэгээр М.Хулан нь өөрөө энэхүү мөнгийг харилцах дансаараа хүлээн авч "Би Энд Си" ХХК-ийн данс руу шилжүүлсэн байгаа нь "Би Энд Си" ХХК-ийн дансын хуулгаар нотлогдож байна. Тус баримтууд нь "Би Энд Си" ХХК-ийн дансны хуулгаас харагдаж байгаа бөгөөд энэхүү баримтын хуулгыг "Би Энд Си" ХХК-аас гаргуулж авсан ба гуравдагч этгээдэд хадгалагдаж байгаа баримт байсан тул энэхүү баримтыг мэдэх боломжгүй байсан бөгөөд М.Хулан нь мөн өөрийн харилцах дансны баримтыг шүүх хуралд нотлох баримтаар ирүүлээгүй тул мэдэх боломжгүй байсан болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1, 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч М.Хулан 2013 оны 08 сарын 30-ны өдрийн 265 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож 6 364 631,76 төгрөг буцаан гаргуулахаар шаардсныг хариуцагч Капитал банк ХХК эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 16 760 000 төгрөгийг 20 жилийн хугацаатай, сард 0.67 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлийн барьцаанд Д.Михлай, Н.Алтанцэцэг нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 10-19 тоот 2 өрөө орон сууцыг бариулж 265 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, зээлдэгч буюу нэхэмжлэгч нийт гүйцэтгэвэл зохих үүргээс үндсэн зээлд 1 538 781 төгрөг, зээлийн хүүд 4 825 617.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 232.91 төгрөг, нийт 6 364 631.76 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Капитал банкнаас ажилтнууддаа олгосон орон сууцны зээлийг Засгийн газраас хэрэгжүүлсэн 8 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэхийн тулд орон сууцны үнийн 30 хувийг байршуулсан байх нөхцөл үүссэн гэж худалдан авсан орон сууцны 1 м.кв талбайн үнийг 450 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 37.25 м.кв талбайн нэмэгдүүлсэн үнэ болох 16 760 000 төгрөгийг Капитал банкнаас зээлж авсан мэтээр 2013 оны 265 тоот зээлийн гэрээг байгуулсан гэж тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Нэхэмжлэгч М.Хулан Капитал банкны Хүнсний 4 дүгээр тооцооны төвд зээлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2012 оны 04 сарын 26-ны өдөр Би Энд Си ХХК-тай Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, 9 байрны, 6 давхар, 36 тоот 37.25 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1 350 000 төгрөгөөр тооцон худалдан авах авахаар орон сууц бариулах гэрээг байгуулан, Капитал банкны ажиллагсдын орон сууцны зээлд хамрагдаж тус банкнаас 2012 оны 05 сарын 04-ний өдөр 282 тоот зээлийн гэрээгээр 50 287 500 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай авч Би Энд Си ХХК-д төлснөөр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр авчээ.

 

Хариуцагч тал Би Энд Си ХХК-тай орон сууцны 1 м.кв талбайг 1 800 000 төгрөгөөр тооцон худалдан авахаар гэрээ байгуулсан гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч М.Хулан тус компанитай орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1 350 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээний үнэ 50 287 500 төгрөг төлснөөр тэдний хооронд байгуулагдсан гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

 

Нэхэмжлэгчтэй хариуцагчийн анх байгуулсан 50 287 500 төгрөгийн зээлийн гэрээний 3.1-д орон сууцны 1 м.кв талбайн үнэ 1 350 000 төгрөг, 3.2-т ажилтныг төлөөлж банкнаас барилгын компанийн өмнө хариуцах төлбөрийн хэмжээ 150 000 төгрөг гэж тодорхойлсон байхад хариуцагч банк 1 800 000 төгрөгийн зөрүү 16 760 000 төгрөгөөр нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан нь илт үндэслэл муутай, бодитой биш байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг тогтоож, энэ гэрээний дагуу төлөгдсөн 6 364 631.76 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болно.

 

Хариуцагч тал тайлбарын үндэслэлээ нотлох зорилгоор ирүүлсэн Банкны гүйцэтгэх захирлын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 149 тоот ажиллагсдын орон сууцны хөнгөлөлттэй зээл олгоход гарах 4 тэрбум гаруй төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн тушаал, уг тушаалыг холбогдох гэрээ, хэлцлийн хамт хүчингүй болгосон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03 тоот тогтоол зэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв, эдгээр баримтууд нь 16 760 000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03ы өдрийн 182/ШШ2017/02102 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358 534 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ