Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01575

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01575

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Саруулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/01679 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Саруулын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Энхтуулд холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2 126 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Энхтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Саруулын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Алтжин бөмбөгөр худалдааны төвд хамт ажилладаг Б.Энхтуулд 1528 дугаартай лангуу, хөргөгч, тавиурыг нийт 3 000 000 төгрөгөөр үнэлж зарсан. Үүнээс хойш надад нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд 1 500 000 төгрөгийн хөргөгчөө буцаан авсан. Мөн Б.Энхтуул нь 506 000 төгрөгийн Мах импекс ХХК-ийн хиам, 126 000 төгрөг бэлнээр авсан тул нийт 2 126 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Энхтуулын тайлбарт: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Би Б.Саруулаас лангуу, тавиур, хөргөгчийг 3 000 000 төгрөгөөр үнэлж авсан боловч 1 500 000 төгрөгийн үнэтэй хөргөгчөө буцаагаад авсан. Үлдэгдэл 1 500 000 төгрөгийг өөрт нь бэлнээр цувуулж өгөөд, төлж дууссан. Одоо бид хоёрын хооронд тооцоо байхгүй. Хиам, бэлэн мөнгө аваагүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1 500 000 төгрөгийг хариуцагч Хушаат овогт Батсайханы Энхтуулаас гаргуулан, нэхэмжлэгч Боржин овогт Бүргэдийн Саруулд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 626 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Энхтуулын давж заалдах гомдолд: Б.Саруулын нэхэмжилж буй 1 500 000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сард Алтжин худалдааны төвийн махны лангууг түрээслэгч Л.Гүрсүрэнгээс авах ёстой авлага 1 500 000 төгрөгөөс өдөр өдрөөр цувуулан аваад Б.Саруулд өгч байсныг иргэн Л.Гүрсүрэн нь өөрийн биеээр нотлоно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Саруул нь хариуцагч Б.Энхтуулд холбогдуулан 2 126 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Б.Энхтуул нэхэмжлэгч Б.Саруулаас 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Алтжин бөмбөгөр худалдааны төвийн 1528 дугаартай лангуу, тавиур, хөргөгчийг нийт 3 000 000 төгрөгөөр худалдан авахаар хэлэлцэн тохиролцож, нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэн өгсөн байх боловч Мах импекс ХХК-ийн 506 000 төгрөгийн үнэ бүхий хиам, бэлнээр 126 000 төгрөг өгсөн нь баримтаар нотлогдоогүй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагчаас 1 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн.

 

Хариуцагч 1 500 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 1 500 000 төгрөгийг төлж чадаагүй тул хөргөгчийг буцаан өгч төлбөр дуусгавар болсон гэж тайлбарладаг боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэж заажээ.

 

Хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар гэрч асуулгах хүсэлтийг шүүхэд гаргаагүй байх тул хариуцагчийн Б.Саруулд 1 500 000 төгрөг төлснийг Л.Гүрсүрэн гэрчилнэ гэх гомдол хуулийн үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/01679 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. ,

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

А.МӨНХЗУЛ