Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 01679

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 22 өдөр               Дугаар 102/ШШ2018/01679                                 Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,                     

        Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, дүгээр хороо, Горькийн дугаар гудамжны тоотод оршин суух Б овогт Б.С-ын нэхэмжлэлтэй

        Хариуцагч Баянгол дүүрэг, дугаар хороо, Туулын  дүгээр гудамжны  тоотод оршин суух Х овогт Б.Э-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.126.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянав.

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.С, хариуцагч Б.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

         

         Нэхэмжлэгч Б.С нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд хамт ажилладаг Б.Э-д өөрийн түрээслэж байсан 1528 дугаартай лангуу, хөргөгч, тавиурыг нийт 3.000.000 төгрөгөөр үнэлж зарсан.

         Үүнээс хойш надад нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд эргүүлж 1.500.000 төгрөгийн хөргөгчөө аваад, үлдэгдэл 1.500.000 төгрөг мөн 506.000 төгрөгийн “Мах импекс” ХХК-ийн хиам, 126.000 төгрөг бэлнээр өгсөн тул 2.126.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

        

          Хариуцагч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Би Б.С-аас лангуу, тавиур, хөргөгчийг 3.000.000 төгрөгөөр үнэлж авсан нь үнэн. 1.500.000 төгрөгийн үнэтэй хөргөгчөө буцаагаад авсан. Үлдэгдэл 1.500.000 төгрөгийг өөрт нь бэлнээр цувуулж өгөөд, төлж дууссан. Одоо бид хоёрын хооронд тооцоо байхгүй. Хиам, бэлэн мөнгө аваагүй, гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь

    

          Нэхэмжлэгч Б.С, хариуцагч Б.Эд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.126.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

  

    Хариуцагч тооцоо дууссан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

         

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

          Шүүхийн хэлэлцүүлгийн явцад талууд хэдийгээр “Худалдах, худалдан авах гэрээ”-г бичгээр байгуулаагүй ч 1528 дугаартай лангуу, хөргөгч, тавиурыг 3.000.000 төгрөгөөр үнэ тохиролцон худалдаж, худалдан авсан талаар маргаагүй болно.

         Нэхэмжлэгч Б.С шүүх хуралдаанд “...үлдэгдэл эд зүйлсийн үнэ 1.500.000 төгрөг, 506.000 төгрөгийн хиам, 126.000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо 1.126.000 төгрөг өгөх ёстой”, хариуцагч “ 1.500.000 төгрөгийг төлсөн. Хиам, бэлэн мөнгө аваагүй тул төлөхгүй” гэх тайлбаруудыг гаргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад хариуцагч 1.500.000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр, нэхэмжлэгч хариуцагчид “Мах импекс” ХХК-ийн 506.000 төгрөгийн хиам, 126.000 төгрөг өгсөн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасны дагуу шүүх хуульд заасан эрхийг зохигчид олгосон боловч түүнийг хэрэгжүүлж нотлох баримтаа гаргаж өгөөгүй, татгалзалаа нотлож чадахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрөл болон нэхэмжлэгчийн тайлбараар 1.500.000 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, 626.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

           Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48970  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1.500.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         

          1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.500.000 төгрөгийг хариуцагч Х овогт Б.Э-аас гаргуулан, нэхэмжлэгч  Б овогт Б.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 626.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА