Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/ма2020/01301

 

 

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01301

 

Н- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/00827 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н- ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч м- ХХК-д холбогдох

Гэрээгээр шилжүүлсэн 7 870 779 750 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмждэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, өмгөөлөгч Ж.Базарсад, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н- ХХК нь м- ХХК-тай 2014 оны 12-р сарын 28-ны өдөр №NCDMG2015 дугаартай Үйлчилгээний талбайн захиалгын гэрээг байгуулсан. Талуудын гэрээний 1.1, 1.2, 1.3, 2.1-д зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн 14-р хорооны 53 тоотод байрлах Миллениум моол худалдаа үйлчилгээний цогцолбор барилгын нийт 6 925 000 000 төгрөгийн үнэ бүхий В1 давхрын 2016 м.кв талбай, мөн 1731.25 м.кв талбайг гэрээний 4.1 -д заасан 2016 оны 4-р улиралд багтаан барьж дуусган Улсын комиссоор оруулан Н- ХХК-д хүлээлгэн өгөх, Н-" XXК нь гэрээний 2.1, 2.2-д заасны дагуу нийт 6 925 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч талд гэрээний 2.3-т заасны дагуу хариуцагч м- ХХК-д шилжүүлэхээр гэрээ байгуулсан.

Н- ХХК нь гэрээний 2.2, 2.3-д зааснаар нийт 5 856 288 250 төгрөгийн үнэ бүхий хөдлөх болон үл хөдлөх эд хөренгийг хариуцагч м- ХХК-ийн эзэмшилд шилжүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн боловч хариуцагч м- ХХК нь өнөөдрийг хүртэл NCDMG2015 тоот гэрээний 1.1-д заасан худалдаа үйлчилгээний Миллениум скүэр цогцолбор барилгыг барьж дуусгаагүй гэрээний 4.1-д заасан үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэгч компанийг хохироож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч талаас хүлээн авсан орон сууц, автомашины дулаан зогсоол болон хөдлөх эд хөрөнгөнүүдийг бусдын өмчлөлд шилжүүлсэн, нэхэмжлэгч тал нь хариуцагч м- ХХК-иас хаяг байршил авах болон гэрчилгээний төлбөрт 63 008 500 төгрөгийн үйлчилгээ авсан. Н- ХХК-ийн нийлүүлсэн 5 856 288 250 төгрөгийн төлбөрөөс хариуцагч талын төлсөн 63 008 500 төгрөгийг хасвал нэхэмжлэгч нь 5 793 279 750 төгрөгийг төлсөн. Н- ХХК-ийн зүгээс удаа дараа гэрээний 1.1-д заасан худалдаа үйлчилгээний цогцолбор барилгыг хурдан хугацаанд барьж ашиглалтад оруулан гэрээгээр тохиролцсон талбайг хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн ч хариуцагч компани нь гэрээний 4.1-д заасан үүргээ ноцтойгоор зөрчиж барилгыг барьж дусгаагүй, барилгыг хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэгч гэрээг цуцлах болсноо албан ёсоор мэдэгдэж, 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдөр гэрээ цуцлагдсан.

м- ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан тул гэрээний нийт үнийн дүн болох 6 925 000 000 төгрөгийн 15 хувь буюу 1 038 750 000 төгрөгийг төлөх ёстой.

Гэрээний 6.2-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх алдангийг буруутай тал нь нөгөө талдаа төлнө гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг 2017 оны 01-р сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2019 оны 06-р сарын 19-ны өдөр хүртэл 6 925 000 000 төгрөгийн хоног тутмын 0,05 хувийн алданги 3 462 500 төгрөг нийт 879 өдрийн алданги нийт 3 043 537 500 төгрөг болж байгаа бөгөөд гэрээний үнийн дүнгийн 15 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу 1 038 750 000 төгрөгийн алдангийг шаардаж байна.

Хариуцагч м- ХХК нь гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээний 4.1, 6.1, 6.2, 6.3-д зааснаар нийт 2 077 500 000 төгрөгийн анзыг нэхэмжлэгч талд төлөх ёстой.

Нэхэмжлэгч Н- XXК нь хариуцагч м- ХХК-д шилжүүлсэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр болох 5 793 279 750 төгрөг, гэрээний 6.1, 6.2, 6.3-т заасны дагуу анз 2 077 500 000 төгрөг нийт 7 870 779 750 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлчилгээний талбайн захиалгын гэрээгээр В1 давхрын үйлчилгээний талбайн ойсоор тогтоосон 2016 м.кв талбайгаас техникийн өрөө. лифт, эскалайтор, шатны хэмжээг хасаж 1731 м.кв-аар тохиролцож төлбөрийг зөвхөн бартераар буюу гэрээний 2.2-д зааснаар 10 нэр төрлийн 19 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөөр төлөхөөр тохиролцсон.

Манайх өнөөдрийн байдлаар үйлчилгээний талбай бүхий барилгын угсралтын болон дүүргэлтийн ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд гадна дулаан, цэвэр бохир ус, гадна цахилгаан, гадна холбоогоо татан барилгаруугаа оруулсан, одоо 80 хувийн гүйцэтгэлтэй баригдаад байна. Бид барилгын ажлаа хийхэд ямар ч банкны зээл болон хөрөнгө оруулалт байхгүй учраас барилгын ажлыг дуусгах явцад санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн.

Эрүүгийн хэргийн явцад нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний хүрээнд хийгдсэн бартераар авсан зарим үл хөдлөх хөрөнгийг хүлээн авсан этгээдүүд нь үнийн дүн болон авсан үгүй эсэх дээр маргаан гарч байгаа. Нөгөө талаар үйлчилгээний талбайн төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгөөр төлөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэгчийн зүгээс үүнийг зөрчиж авто машин шилжүүлэн өгөх байдлаар тодорхой үнийн дунд болон төлбөрийн хэлбэрт өөрчлөлт оруулж байсан.

Нэхэмжлэлд дурдагдаад байгаа эд хөрөнгүүдийг бидний зүгээс бүрэн хүлээн аваагүй бөгөөд манай компанийн нэр дээр шилжин ирээгүй. Анхны тохиролцоо нь бартераар үл хөдлөх эд хөрөнгийг авч барилгын материал болон бусад шаардлагатай зардалд зарцуулах хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцож гэрээ байгуулсан боловч гэрээний 2.2.3- т заасан "Ривер гарден 2 хотхон 401 дүгээр байрны 15 давхрын пентхаус 2 гараашийн хамт 1 062 000 000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй. Гэрээний 2.2.9-т заасан БЗД-ын Кино үйлдвэрийн ард байрлах 222 000 000 төгрөгийн үнэ бүхий хаусыг шилжүүлэн өгөлгүй удаа дараа нэхэж очиход оронд нь 3 төрлийн хуучин автомашин 1 ширхэг, байр зогсоолын хамт, блок зэргийг шахсан.

Гэрээ хийсний дараа зарим үл хөдлөхүүдийг актаар хүлээлгэн өгсөн боловч үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байсан учраас бартерт өгч нэр шилжүүлж болохгүйгээс гадна дэд бүтэцгүй газар сэндвичээр барьсан 6 ширхэг хаус нь сардаа 4 удаа бохироо сордог, цахилгаанаар халдаг, СӨХ-ийн төлбөр өндөр нэхэмжилдэг өвөлдөө сарын төлбөр нь 1 000 000 төгрөг төлдөг зундаа 300 000 төгрөг төлдөг 6 ширхэг хаусын 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 9 дүгээр cap хүртэл бүтэн 21 cap манай компани ашиглалтын төлбөрт 84 000 000 төгрөгийг СӨХ-д төлсөн. Оронж тауны пентхаусын хувьд 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 5 дугаар cap хүртэл 17 cap ашиглалтын зардалд 5 100 000 төгрөгийг төлсөн. Гэтэл гэрчилгээ шилжиж ирэхэд гэрчилгээ нь захирал н.Энхбаярын нэр дээр бэлэн байсан нь Н- ХХК нь хамтрагчаа үл хүндэтгэсэн бизнесийн ёс зүйгүй байдал нь энэ үйлдлээр нь илэрсэн. Ингээд 6 хаусын гэрчилгээг бүтэн 21 cap олон удаа нэхэж байж гэрчилгээгээ авах болтол газар авсан хүндээ газрын төлбөр өгөөгүй учир гэрчилгээг гаргаж болохгүй байна танайх төлбөрийг нь төлбөл гэрчилгээг гаргаж өгье гэж манай компаниас 113 008 500 төгрөгийг бэлнээр авсан. Гэрээний 2.2.7-д заасан ХУД, 15-р хороо Хөрш заан хотхон 18A тоот гэж нэрлэсэн үл хөдлөх хөрөнгө нь Хөрш заан хотхоны пентхаусууд 3 давхар байдаг ашиглалтгүй дээвэр дээр зөвхөн техникийн өрөө байх ёстой байтал техникийн өрөөнд үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулан 156 000 000 төгрөгөөр тооцож бартерт өгснийг мэргэжлийн хяналтын байгууллагын актын хамт буцаан өгөх хүсэлтэй. 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэрчилгээ нь гарсан Богины амны 101, 104-р хаусын тавилга чийглээгүйн улмаас 17 925 600 төгрөгийг хасахаар танай тавилгын компанитай тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг тухайн үед нь биет байдлаар хүлээлгэн өгөөгүй байдлаас барилга ашиглалтад өгөх хугацаа хойшилсон. Гэрээ байгуулснаас хойш 1-ээс 2 жилийн дараа ихэнх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн бөгөөд үүнээс үүдэн санхүүгийн нөхцөл хүндэрч барилга хугацаандаа ашиглалтад ороогүй. Торгууль, алдангийг хуульд заасан хэлбэрээр тооцоогүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.5, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч м- ХХК-аас 6 832 029 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н- ХХК-д олгож нэхэмжлэлээс 1 038 750 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 511 850 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч м- ХХК-аас 34 318 098 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Н- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 6 832 029 750 төгрөгийг манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэнд 40 000 000 төгрөгийн үнэ бүхий Тоёота маркийн 78-17 УНН маркийн автомашиныг манай компани хүлээж авсан гэж үзэн шийдвэрлэсэн бөгөөд 40 000 000 төгрөгийн хэсгийг үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. м- ХХК-ийн зүгээс Б.Ууганбаяр гэж хүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэх зөвшөөрөл өгөөгүй. Ийм баримт хэрэгт байхгүй. Хэрэгт авагдсан баримтуудаар тоггоогдож байгаа нөхцөл байдал бол 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурах эрхийг А.Дөлгөөнд олгосоор байхад Номин Холдинг ХХК нь уг гэрээг Б.Ууганбаяртай хийж автомашиныг шилжүүлсэн зэрэг нь нотлогдож байгаа. Гэтэл анхан шатны шүүх энэ тээврийн хэрэгслийг манайд шилжүүлсэн гэж үзэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 40 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н- ХХК нь хариуцагч м- ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагавар гэрээгээр шилжүүлсэн 7 870 779 750 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх1, 147/

Зохигч 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр NCDMG2015 тоот Үйлчилгээний талбайн захиалгын гэрээ нэртэй гэрээг байгуулсан. Гэрээний 1.1, 1.2, 3.3-т зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Миллениум моол /Millenium mall/ худалдааны төвийн В1 давхрын 1 731 м.кв талбайг 2016 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн дотор дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэх боломжтой байдлаар нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшилд хүлээлгэн өгөхөөр, нэхэмжлэгч гэрээний 2.1, 2.2-т зааснаар ажлын хөлс 6 925 000 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг арилжааны нөхцөлөөр тохиролцон төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх7/

Ажлын хөлсөнд захиалагч талын төлсөн хөрөнгийн талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

Талууд гэрээнээс татгалзаж гэрээгээр шилжүүлсэн зүйлээ буцаахаар шаардсан.

Гэрээнээс татгалзах явдал зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд хэрэгжинэ гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн ба нэхэмжлэгч 5 856 288 250 төгрөгийн эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлснээс хариуцагчийн төлсөн 63 008 500 төгрөгийг хасч, 5 793 279 750 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2-т зааснаар хариуцагчаас мөнгөн дүнгээр гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзнэ. Мөн анзын талаар хийсэн дүгнэлт зөв болжээ.

Харилцан өмчлөлд шилжүүлсэн хөрөнгөөс хариуцагч 40 000 000 төгрөгийн үнэ бүхий Тоёота маркийн 78-17 УНН маркийн автомашиныг хүлээж аваагүй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасан. Өөрөөр хэлвэл Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч гэрээ л байгуулсан бол гэрээний үүргээ заавал биелүүлэхээр зогсохгүй зохих ёсоор биелүүлж үүргийн гүйцэтгэлийг эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх ёстой. Гэрээг яаж хэрхэн биелүүлэх арга, хэлбэр журам нь тодорхой байснаар талууд үүргээ биелүүлэх юм.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дах хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уг үүргийг гүйцэтгэсэнд тооцдог. Хариуцагч 40 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг хүлээн аваагүй гэх боловч Номин холдинг ХХК, иргэн Б.Ууганбаяр нарын хоорондын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний 3.7-д м- ХХК, Н- ХХК-ийн хооронд байгуулсан NCDMG/2015 тоот гэрээний төлбөрт тооцогдсон гэж нэмэлт нөхцөлд тусгасан, хариуцагч 3 ширхэг хуучин машин шахсан гэж тайлбарласан зэргээр хариуцагчийг уг авто машиныг хүлээн аваагүй гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/00827 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД