Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 681

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Иргэдийн төлөөлөгч: С.Ангараг,

Улсын яллагч: Т.Оюунжаргал,

Хохирогчийн төлөөлөгч: Л.О, түүний өмгөөлөгч Э.Ш, С.Д,

Шинжээч: Г.Г,

Гэрч: Б.Э, Б.С,

Шүүгдэгч: Д.Л, түүний өмгөөлөгч А.Б,

Шүүгдэгч: Л.Э, түүний өмгөөлөгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Л, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805009940136 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Л, 1978 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Т суманд төрсөн, эмэгтэй, 40 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ......тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.Э, 1962 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн А хотод төрсөн, эмэгтэй, 56 настай, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, .....тоот регистртэй,

Шүүгдэгч Д.Л нь 2018 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ..... тоотод иргэн Н.Бгийн цээж болон толгойн тус газарт хутгалж алсан,

Шүүгдэгч Л.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “...тэр үед айлд байсан эрэгтэй гадагшаа гараад явах шиг болсон, би тэр үед айлаас гараад нэг мэдсэн чинь Д.Лын нөхөр байгаа зочид буудалд ирчихсэн байсан...” хэмээн зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Лын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 19 цагийн үед утастаагүй, Л.Э эгч өөрөө утастаад уулзах уу гэсэн, би Номин дэлгүүр рүү ороод симээ сэргээгээд гарахад Л.Э эгчтэй таарсан. Л.Э эгч манайд Соёрхол архи байгаа гээд тэр архийг нь аваад хорооллын эцсийн буудал руу орсон. Л.Э эгч хоёулаа Туулынд очих уу гэхээр нь би зураач ахынх байдаг юм аа очоод золгочоод хүрээд ирье гэж хэлсэн. Тэгээд талийгаачтай утсаар яриад “та сайхан шинэлсэн үү, танайд очих гэсэн юм” гэж хэлэхэд ах нь гэртээ байна гэсэн. Бид 2 гэр рүү нь яваад очиход талийгаач гэртээ ганцаараа ах нь жаахан архи уучихлаа гээд сууж байсан. Бид 2 очоод байж байхад Ц гэх залуу гаднаас орж ирээд 750 граммын архи задалсан. Тэр архинаас уугаад согтсон. Тэрнээс хойш болсон зүйлийг сайн санахгүй байна. Талийгаач Л.Э эгчийг нэг архи аваад өгөөч гэж байсан. Согтоод унтаж байгаад сэрэхэд талийгаач толгойгоо зүүн тийшээ, би баруун тийшээ толгойгоо харуулаад унтаж байсан. Би Л.Эгийн хувцасанд цус арчсан үйлдэл хийгээгүй. Л.Э эгч хаана унтаж байсныг гайхдаг. Намайг сэрэхэд талийгаачаас цус гарсан байхыг хараад айгаад би ийм юм хийчихлээ гээд талийгаачийг очоод тэврээд авахад талийгаачийн амнаас нөжирсөн их цус гарсан байсан. Би маш их айсандаа талийгаачийн хажууд байсан хутгыг аваад цэнхэр хувинтай тал усанд хутга болон гараа угаасан. Нөхөртөө хэлэх гээд буудал руу очиход Л.Э эгч хэвтэж байсан. Тэр үед нөхрөө цохиж авснаа ч санахгүй байгаа. Буудлаас их айж сандраад гарч гүйгээд такси барьсан. Замдаа уйлаад намайг таксины жолооч хөөж буулгасан. Би цагдаа дээр айж сандарсан байдалтай очоод би хүн алчихлаа гэж хэлсэн. Хоёр цагдаатай хамт хэргийн газар очсон” гэв.

Шүүгдэгч Л.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ очоод байж байхад Д.Л утастаад “та өнөөдөр завтай юу” гэхээр нь “завтай байна” гээд хорооллын Номин дэлгүүрийн тэр хавьд уулзахаар тохиролцсон. Э ах, Д.Л бид хэд хоолны газар орж хоол идсэний дараа гэр рүүгээ салаад явсан. Гэртээ очиход нэг шил Соёрхол архи байсан. Тэр үед Д.Л залгаад хорооллын Номин дэлгүүрийн хойно хүүтэйгээ нөхөртэйгээ хамт байна гэхээр нь эгч нь яваад очъё гэж утсаар яриад очсон. Уулзалдаад буудалд ороод буудлын мөнгийг би төлсөн. Буудалд ороод Соёрхол архи уугаад байж байхад Д.Л манай нэг таньдаг ах дээр очъё гээд талийгаачийн гэр рүү явсан. Талийгаачийн гэр рүү ороход  талийгаач нэг малгайтай залуутай архи уугаад сууж байсан. Бид хэд хоорондоо танилцаагүй, тэр үед гаднаас нэг хүн орж ирсэн, амьдаа нэртэй гэж байсан. Хоол идээд байж байхад гаднаас нэг нь хагас шил архи оруулж ирээд уусан, би согтолттой байсан. Тэр үед хэрүүл маргаан гараагүй. Би архи уугаад согтоод сууж байсан, сандлын хажууд унтсан. Унтаж байхад миний ар нуруун дээр хүн гишгэхээр нь сэрээд хартал Д.Л хутга барьсан байдалтай байсан. Тэр үед талийгаач бид гурваас өөр хүн гэрт байгаагүй. Д.Л би хүн алчихлаа, чамайг бас ална шүү гээд миний эрээн цамцанд хутгаа арчаад газарт хаясан. Би хувцсаа авч гараад хашааны хаалгаа олохгүй айж сандарч явсан. Талийгаачийн гэрээс цус болсон хувцастай гарсан болохоор надад хүнд байсан. Эын зам дагуу уруудаад гулгаж, халтирч яваад буудал руу очсон. Буудал руу очиход буудлын хүн байсан. Буудлын өрөө рүү ороход Э хүүхэдтэйгээ байсан. Би Эт Д.Л болохоо больсон байна шүү, та явж авчрахгүй юм уу гэхэд ирэх байхаа гэсэн. Буудлын өрөөнд Д.Л ороод ирсэн. Куртикных нь ард улаан цус болсон байсан. Намайг тухайн хэрэг гардаг өдрийн өглөө нь цагдаа дээр авчирч гэрчээр байцаалт авсан. Үдээс хойш бас дахин байцаалт аваад орой нь сэжигтнээр байцаалт аваад цагдан хорьсон” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Л.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Энэ хоёр хүн хэрэг хийчихээд гэмшиж байгаа зүйл харагдахгүй байна. Д.Л, Л.Э нар нь талийгаачийн ар гэрийнхнээс уучлалт гуйгаагүй. Оршуулгын зардалд ямар нэгэн зардал өгөөгүй. Талийгаач Монголд нэртэй зураач хүн байсан. Дүрслэх урлагийн сургуулиа сайн төгссөн. Дотоод гадаадад маш их үзэсгэлэн гаргаж байсан. Тайлийгаачтай амьдралын шаардлагаар тусдаа амьдарч байсан. Би хэвтрийн хөгшинийг асардаг. Талийгаач хүүхдүүд рүүгээ байнгын утсаар ярьдаг. Талийгаач маань байнга архи уудаггүй, ажилаа хийгээд сууж байдаг. Талийгаачийг ид хөдөлмөрлөх насанд нь ямар учраас амь насыг нь хохироосныг мэдэхгүй байна. Манай гэрт нөхөж барашгүй хохирол учирсан. Бид нар элэг бүтэн амьдарч байсан, нэр төрийг нь гутааж байна. Хүчиндэх гэж байсан гэснийг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёулаа эмэгтэй хүн байж ар гэрийнхэн нь гомдолтой байна. Нотлох баримтаар 6.157.130 төгрөгийн баримт байгаа, хохирол төлбөр өгөөгүй” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Л.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны орой 18 цаг өнгөрч байхад миний охин ЭЦ над руу яриад манайд хүрээд ир, ирэхээр чинь яръя гэсэн. Тэгээд би охинтойгоо уулзаад нөхөр Н.Бг нас барсан талаар мэдсэн. ...2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 18-57 тоот хаягт байрлах гэртээ очиж цэвэрлэгээ хийхэд ...манай гар нүүрийн угаалтуурт цус үсэрсэн, угаалтуурын хувингаас гадна тосгуурт цус мэт зүйл болсон байхаар нь би түүнийг харчихаад их л тухтай гараа угааж дээ гэж дотроо бодсон. ...Маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 66-67/,

Гэрч Д.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...тэгээд бид 4 дүгээр хорооллын эцэст байдаг нэг зочид буудалд өрөө авч ороод 1 шил 0.75 литрийн архи гурвуулаа хувааж ууцгаасан. Бид 4 буудалд ороход 16 цаг өнгөрч байсан байх тэгээд архиа ууж дууссан. Д.Л надад Л.Э бид хоёр гараад нэг айлд очоод ирье, чи байж бай гэж хэлээд хүү бид 2-ыг үлдээгээд гарсан. ...би хүүхэдтэйгээ хоёулаа зочид буудалд хүлээгээд байж байсан чинь Л.Э ганцаараа 23 цагийн үед шиг санагдаж байна, би ямар ч байсан унтаагүй сэрүүн байсан, орж ирэхээр нь би Д.Л хайчсан талаар асуусан чинь удахгүй ирэх байх гэсэн. Тэгээд хагас цаг орчмын дараа хаалга цохихоор нь би очоод хаалгаа онгойлгосон чинь Д.Л зогсож байсан. Тэгэхээр нь би чи архи уугаад юугаа хийгээд алга болчихдог юм Л.Э ирчихээд байхад цуг явчихаад гэж хэлсэн чинь Д.Л шууд миний хамар руу 1 удаа гараараа цохьсон. Тэгсэн миний хамраас цус гарахаар нь би Д.Лт уурлаад “тэр чигээрэй зайл” гэж хэлсэн чинь Д.Л яваад өгсөн. Араас нь харсан чинь ресепшний тэнд зогсож байсан. Би хүүхдээ харчихаад буцаад харсан чинь явчихсан байсан. Тэгээд Л.Э хүү бид 3 тэр зочид буудалдаа унтаж амарч байсан чинь 7 цагийн үед санагдаж байна, цагдаа нар орж ирээд бид нарыг цагдаагийн газарт авч ирсэн. ...түүнээс хойш 23-24 цагийн орчим Л.Э ганцаараа буудал руу буцаж ирэхдээ би хөлдөж үхлээ гээд чичрээд айж сандарсан байдалтай байсан ба куртикнийх дотор цамцгүй, хөхөвч дээрээ шууд куртика өмсчихсөн байсан. ...мөн юбка нь цус болчихсон байхыг манай 7 настай хүү Эб харчихаад юбка руу нь заагаад байхаар нь би анзаарч харсан....Л.Э нь даарчихсан байдалтай ирсэн боловч согтолт нь гайгүй, үйлдлээ хянах чадвартай намайг юм асуухаар дуугарахгүй, бөөлжлөө гээд бөөлжөөд миний асуултанд хариулахгүй байхаар нь би Л.Эд чи манай эхнэрийг дагуулж явчихаад яагаад орхиод ирдэг юм бэ гэж түүнд уурласан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 87-93/,

Гэрч А.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хан нэртэй зочид буудлын ресепшиний 24 цагаар ажил үүргээ гүйцэтгэдэг. Ажлын байран дээрээ байхад 15 цаг 30 минутын үед манайхаар хааяа орж ирж үйлчлүүлдэг нэр нь  Д.Л шиг санагдаж байна, тэр эмэгтэй 1 эрэгтэй, 1 эмэгтэй, 1 бага насны хүүхэдтэй орж ирж 1 давхарт байрлах 105 тоот 1 ортой өрөөг хоногоор авч орцгоосон....тэд нар 1 шил Соёрхол нэртэй архи ууцгааж байсан. Би үүдэндээ ажлаа хийгээд байж байхад Д.Л нөгөө эмэгтэйтэй 17 цаг өнгөрч байхад санагдаж байна гарсан. ...орой 00-01 цагийн үед шиг санагдаж байна, нөгөө нэрийг нь мэдэхгүй эмэгтэй ганцаараа 105 тоот өрөө рүү орсон. Тэр эмэгтэй нэг их согтсон шинжгүй зүгээр явж харагдсан. Тэр эмэгтэй орсны дараа 03-04 цагийн үед Д.Л нэлээн согтсон байдалтай орж ирээд 105 тоот өрөө рүү орсон. Д.Л өрөөнд орсны дараа чанга, чанга яриад маргалдаад байгаа шинжтэй байхаар нь би араас нь өрөөнд ороод та нар яагаад байгаа юм бэ, цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн. Д.Л зүгээр, зүгээр би явлаа гэхээр нь би үүдэндээ очоод байж байсан чинь Д.Л удалгүй ганцаараа араас гарч ирээд би явлаа, харилаа, манай гэр ойрхон байдаг гэж хэлээд гараад явсан. Нөгөө эрэгтэй ганцаараа Д.Лын араас гарна гэхээр нь гаргаад хүүхдийг нь хараад зогсож байсан чинь нөгөө эрэгтэй гарч харчихаад явчихсан байна гээд буцаж ороод нөгөө эмэгтэй тэр 3 хүн унтаж амарсан. Өглөө 08 цагийн үед Баянгол дүүргийн цагдаагаас хүмүүс ирээд тэр 3-ыг аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 102-104/,

Гэрч Т.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Герман элчингийн хойд талд цүнх барьсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэй уйлсан сэжигтэй явж байсныг шалгахаар очиход “би хүн алчих шиг боллоо” гэсэн. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр аваачиж уулзаж асуухад би “Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Эын замд байдаг танил ах Ардын зураач байдаг, би тэдний гэрт шинэлэх гэж очоод ууж идсэн нэг мэдэхэд ах намайг оролдож байхаар нь би та боль гээд ууцан дээр нь байсан бор өнгийн иштэй хутгаар цээжинд нь дүрсэн, цээж нь их том онгойсон байгаа, их цус гарсныг би угааж цэвэрлээд гараад ирсэн, миний куртик бас цус болсон байгаа” гээд харуулахад хар өнгийн куртикны дотор талд нь хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Тэгээд ахлах мөрдөгч Бы хамтаар тухайн эмэгтэйн мэдээллийн дагуу очиж шалгахаар жолооч Баын хамтаар тухайн эмэгтэйг суулгаад явсан. Тухайн эмэгтэй нь зам зааж Эын замаар дээш өгсөж Рич зочид буудлын урд талаар зүүн гар тийш эргэж явж байгаад энэ хашаа байгаа юм гээд ногоон өнгийн хашаа руу заасан ба хашааны хаалга хагас нээгдсэн хашаан дотор зүүн гар талд нохой уяатай, хойд талдаа шавар байшин байсан. Байшингийн хаалгаар ороход гал тогоо түүний цаана том өрөө байсан. Том өрөөний баруун гар талд орон дээр зүүн зүгт толгой нь харсан цээж нь хагас ил гарсан, зүүн талын хөхнийхээ дээд хэсэгт шархтай эрэгтэй хүн нас барсан байдалтай байсан ба тухайн эмэгтэйн мэдээлэл батлагдаж Нийслэлийн 102 дугаарт дуудлага өгч Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч ахмад Бтын удирдсан бүрэлдэхүүнд хэргийн газрыг хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 98-99/,

Гэрч Ж.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...дараа нь би 20 цагийн орчим гадаа бүрэнхий болсон байхад манай арын гудамжны 18-57 тоот буюу манай өөдөөс харсан хашаанд байдаг зураач Н.Бгийнх рүү ганцаараа очсон. Н.Бгийнд ороход Н.Б том өрөөндөө орон дээрээ ганцаараа суучихсан, мөн гэрт нь танихгүй 2 хүүхэн ирчихсэн тэдний гал тогоо орчим ойр зуурын ажил хийгээд байж байсан. ...би түүнтэй ойр зуурын юм яриа өрнүүлээд сууж байтал Н.Б надад би зочинтой байна, чи гэртээ орж амар, харь гэж хэлэхээр нь би нэг их удаагүй гарч яваад гэртээ очиход манай эхнэр унтчихсан, хүүхдүүд байгаагүй. ...Намайг талийгаачийнд ороход том өрөөний ширээн дор нь 0.33 граммын Экс нэртэй архины шил газарт хоосон байх шиг байсан. ...Намайг талийгаачийнд ороход гэрт нь танихгүй 2 хүүхэн ирчихсэн, талийгаач Н.Бтэй хамт гурвуулаа байсан, өөр хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 112-113/,

Гэрчээр Л.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би нилээн согтсон байсан, нэг мэдэхэд Д.Л надад би хүн хутгалчихлаа гэж хэлээд баруун гартаа нэг хутга барьчихсан байснаа тэр хутгаа миний өмсөж явсан юбканд арчихаар нь би цочирдоод гадуур хувцасаа өмсөөд талийгаачинхаас ганцаараа гарч явсаар Хангай буудал руу очоод Д.Лын нөхөр Эт эвгүй юм болчихлоо гээд цустай юбкаа харуулсан, тэр үед миний дотор муухайраад бөөлжөөд байсан. Түүнээс хойш нилээд удсаны дараа Хангай буудал Д.Л  гаднаас ганцаараа орж ирээд би хүн алчихлаа гэхэд нөхөр нь итгэхгүй байсан.  Д.Л нөхөртөө өмсөж явсан цус болсон куртикээ харуулаад би Хонхор явлаа гээд гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 40-41/,

Яллагдагчаар Л.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...талийгаач гэртээ нас тогтсон байрын бор судалтай кепкен малгайтай нэг эрэгтэй хүнтэй хамт Экс нэртэй архи уугаад сууж байсан. ...Удалгүй гаднаас талийгаачийн шавь гэх 1 эрэгтэй хүн орж ирэхэд талийгаач түүнийг “нэг юманд явна байгаа” гэж хэлж байсан. ...Талийгаачийнд би Д.Л, талийгаач, кепкен малгайтай хүний хамт байсан. ...Талийгаачийнд Д.Л би хүн алчихлаа гээд хутга барьчихсан тэр хутгаа миний юбканд арчаад чамайг ч гэсэн алчихна шүү гэхээр нь айгаад талийгаачийнхаас гарч явсан. Нэг мэдэхэд буудал руу Д.Лын нөхөр дээр нь оччихсон байсан. Би нөхөрт нь “нэг юм боллоо” гэж хэлчихээд хүүхдийг чинь би харж байя та Д.Л руу явахгүй юм уу гэхэд нөхөр нь Д.Л хүрээд ирэх байхаа гээд яваагүй” гэсэн мэдүүлэг /хх 2-н 50-52/,

Сэжигтнээр Д.Лын мөрдөн байцаалтад өгсөн: “...биднийг очиход Н.Б ах гэртээ ганцаараа байсан. Удалгүй гаднаас нэг настай эрэгтэй, бас нэг залуугийн хамт хоёулаа ирсэн. Н.Б ах намайг бууз жигнээдэх гэхээр нь бууз жигнэж өгсөн, тэр хооронд гаднаас ирсэн байсан залуу гарч архинд яваад 0.75 литрийн нэг шил архи /Хараа билүү Ерөө/ авчирсан, тэр архинаас нас тогтсон эрэгтэй нь нэг татчихаад яваад өгсөн. Н.Б ах, Л.Э эгч, нөгөө залуу бид 4 тэр архийг хувааж уусан. Тэгээд Л.Э эгч нөгөө залуу хоёр хэдийд гарч явсныг мэдэхгүй, би талийгаачтай хоёулаа гэрт нь үлдсэн байсан. Нэг мэдэхэд талийгаач намайг хүчиндэх гээд гэрийнхээ хойморт байрлах орон дээр миний дээрээс дарж хэвтүүлээд миний өмсөж явсан хар эрээн өнгийн цамцны энгэр хэсгийг урсан байснаас гадна миний дагзны зүүн тал болон хоёр гарын бугуй хэсгээр хөндүүр болсон байсан. Талийгаачийн гэрт байдаг орны хажуу талд ширээ байдаг юм. Ширээн дээр ууцны хутга тавиастай байсан, хэдийд нь шүүрч аваад авч Н.Б ахад хүрснээ санахгүй байна, нэг харахад Н.Б ахын цээжнээс цус гарсан бололтой цээж, гар нь цус болчихсон байсан. Н.Б ах намайг миний дүү цус арч гэхээр нь би цэнхэр түмпэнтэй усанд цусыг нь арчиж цэвэрлэсэн, гэхдээ ямар алчуураар арчсанаа санахгүй байна. Гэтэл Н.Б ахын завьжнаас цус нөжрөөд гараад ирэхээр нь би айгаад гарч гүйсэн. Уг нь би 103 руу дуудлага өгөх гэж гүйсэн боловч тэр үед надад гар утас байгаагүй, шоконд ороод нэг мэдэхэд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр дэлгүүрийн тэнд гүйж явсан, би талбайн хойд талд байдаг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү гүйж ороод жижүүрт нь би хүн алчихлаа гээд уйлаад хэлсэн. ...Талийгаач орон дээр миний хоёр гарыг дарсны дараа миний өмдийг шувтлах гээд байхаар нь би ноцолдож гараа тавиулаад өмднөөсөө зуураад байсан болохоор миний өмдийг шувталж чадаагүй, миний сарын тэмдэг ирчихсэн байсан тул талийгаачид дургүй хүрсэн. Миний хоёр гарын бугуй хөндүүртэй байгаа, мөн ноцолдож байхдаа орны урдуурх хаалт модыг мөргүүлсэн байх, миний дагз хэсэг хөндүүрлээд байгаа тул шүүх эмнэлэгт үзүүлнэ” гэсэн мэдүүлэг /хх 2-н 59-60/,

Илтгэх хуудас: “...Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Б би мөрдөгч ахлах дэслэгч Т.Мгийн хамтаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 4-р дэлгүүрийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн сэжиг бүхий эмэгтэйг шалгахад “би Баянгол дүүргийн нутагт хүн хутгалж алсан” гэх мэдээллийг өөрөөр нь хаягийг заалгаж очиход .....тоотод оршин суух Н.Б нь цээжиндээ хутгалуулсан байдалтай нас барсан байсныг Д.Л эмэгтэй 40 настай 4 үйлдлийг тогтоож Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн цагдаагийн ахмад Бтад хүлээлгэн өгөв” гэжээ.

Шинжээчийн 509 тоот дүгнэлтэд: “...талийгаачийн биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, зүүн зулайд зүсэгдсэн шархтай байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заасан амь насанд аюултай гэмтэлд хамаарна. Талийгаачийн биед цээжний зүүн хөндийг 3, 4-р хавирганы завсраар нэвтэрч зүүн уушигны дээд дэлбэнгийн 2, 3-р сегмент, гуурсан хоолой, венийн судас гэмтээсэн 10.0 см-ээс доошгүй урттай, 4.5 см өргөнтэй ир үзүүртэй зүүлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шарх. Зүүн зулай дахь зүсэгдсэн шарх. Сорогдолт амьсгал бүтэлт. Амны хөндий, мөгөөрсөн, гуурсан хоолой, уушигны цулцан дахь цус, цээжний зүүн хөндий дахь цус хуралт /850мл/, дотор эрхтэний цус багадалт, шокийн бөөр, хүүрийн толбоны сул илрэлтэй байна. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Талийгаачийн үхлийн шалтгаан нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх, уушиг гэмтээсэн шарх гуурсан хоолой, уушигны артерийг гэмтээснээс цус амьсгалаар сорогдон амьсгал бүтэж нас барсан байна. Гуравдугаар бүлгийн цустай байна. Шинжилгээ хийх үед нас бараад 20 орчим цаг болжээ. Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь судас хатуурах өвчин, нойр булчирхайн хатууралттай байжээ...” гэсэн дүгнэлт /хх 1-н 149-152/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 13/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 15-25/, Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 26-28/, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 30-32/, Үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 34-39, 54/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 1-н 40-42, 47, 56/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 43, 48/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 1-н 44, 49, 58/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 1-н 51, 63/, камерын бичлэг сидинд хуулбарлаж авсан тухай тэмдэглэл /хх 1-н 55, 57/, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 60-63/, Хохирлын баримтууд /хх 1-н 71-76/, шинжээчийн дүгнэлтүүд /хх 1-н 154-250/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 2-н 80-88/, дуудлагын лавлагааны хуудас /хх 2-н 131-132/, шүүгдэгч Д.Лын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 2-н 159, 176, 187-188, 190, 193/, шүүгдэгч Л.Эгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 2-н 182-186, 189, 194/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Л.Эг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 08 цаг 05 минутад гэрчээр байцаалт авсан байх ба уг мэдүүлэгт “...тэр үед айлд байсан эрэгтэй гадагшаа гараад явах шиг болсон, би тэр үед айлаас гараад нэг мэдсэн чинь Д.Лын нөхөр байгаа зочид буудалд ирчихсэн байсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутай гэж үзэн яллах дүгнэлт үйлджээ.

Тухайн мэдүүлэг нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө гарсан хэргийн талаар гэрчээр авсан мэдүүлэг байх ба шүүгдэгч Л.Э нь гэмт хэрэг гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэн зочид буудалд унтаж байхад нь өглөөний 7 цагт түүнийг цагдаагийн байгууллагад авчран мэдүүлэг авчээ.

Шүүгдэгч Л.Эгаас уг гэрчээр мэдүүлэг авсан өдрийн 17 цаг 00 минутад дахин гэрчээр мэдүүлэг авсан байх ба уг мэдүүлэгт шүүгдэгч нь дээрх мэдүүлгийг дэлгэрүүлэн болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн байна.

Шүүгдэгч нь сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэрчээр дахин өгсөн мэдүүлгийг өгсөн байна.

Шүүгдэгчийн анх гэрчээр өгсөн мэдүүлэгт зориуд худал мэдүүлэг өгсөн гэх нөхцөл байдал нь тухайн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад учруулсан, хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн өгсөн дээрх мэдүүлэг нь зориуд худал мэдүүлэг өгөх ямар санаа зорилготой буюу тухайн гэмт хэрэг үйлдэх санаа зорилготой байсан нь нотлогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Л.Эгийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч Д.Л нь 2018 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ..... тоотод иргэн Н.Бгийн цээж болон толгойн тус газарт хутгалж алсан гэм буруутай болох нь:

Шүүүгдэгч Д.Лын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Т.Мгийн: “...Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Герман элчингийн хойд талд цүнх барьсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэй уйлсан сэжигтэй явж байсныг шалгахаар очиход “би хүн алчих шиг боллоо” гэсэн. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр аваачиж уулзаж асуухад би “Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Эын замд байдаг танил ах Ардын зураач байдаг би тэдний гэрт шинэлэх гэж очоод ууж идсэн нэг мэдэхэд ах намайг оролдож байхаар нь би та бол гээд ууцан дээр нь байсан бор өнгийн иштэй хутгаар цээжинд нь дүрсэн, цээж нь их том онгойсон байгаа, их цус гарсныг би угааж цэвэрлээд гараад ирсэн, миний куртика бас цус болсон байгаа” гээд харуулахад хар өнгийн куртикны дотор талд нь хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Тэгээд ахлах мөрдөгч Бы хамтаар тухайн эмэгтэйн мэдээллийн дагуу очиж шалгахаар ...жолооч Баын хамтаар тухайн эмэгтэйг суулгаад явсан. Тухайн эмэгтэй нь зам зааж Эын замаар дээш өгсөж Рич зочид буудлын урд талаар зүүн гар тийш эргэж явж байгаад энэ хашаа байгаа юм гээд ногоон өнгийн хашаа руу заасан ....том өрөөний баруун гар талд орон дээр зүүн зүгт толгой нь харсан цээж нь хагас ил гарсан зүүн талын хөхнийхээ дээд хэсэгт шархтай эрэгтэй хүн нас барсан байдалтай байсан ба тухайн эмэгтэйн мэдээлэл батлагдсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 98-99/, гэрч Ж.Бгийн: “...зураач Н.Бгийнх рүү ганцаараа очсон. Н.Бгийнд ороход Н.Б том өрөөндөө орон дээрээ ганцаараа суучихсан, мөн гэрт нь танихгүй 2 хүүхэн ирчихсэн тэдний гал тогоо орчим ойр зуурын ажил хийгээд байж байсан. ...би түүнтэй ойр зуурын юм яриа өрнүүлээд сууж байтал Н.Б надад би зочинтой байна, чи гэртээ орж амар, харь гэж хэлэхээр нь би нэг их удаагүй гарч яваад гэртээ очиход манай эхнэр унтчихсан, хүүхдүүд байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 112-113/, гэрчээр Л.Эгийн: “...Би нилээн согтсон байсан, нэг мэдэхэд Д.Л надад би хүн хутгалчихлаа гэж хэлээд баруун гартаа нэг хутга барьчихсан байснаа тэр хутгаа миний өмсөж явсан юбканд арчихаар нь би цочирдоод гадуур хувцасаа өмсөөд талийгаачинхаас ганцаараа гарч явсаар Хангай буудал руу очоод Д.Лын нөхөр Эт эвгүй юм болчихлоо гээд цустай юбкаа харуулсан, тэр үед миний дотор муухайраад бөөлжөөд байсан. Түүнээс хойш нилээд удсаны дараа Хангай буудал Д.Л  гаднаас ганцаараа орж ирээд би хүн алчихлаа гэхэд нөхөр нь итгэхгүй байсан.  Д.Л нөхөртөө өмсөж явсан цус болсон куртикээ харуулаад би Хонхор явлаа гээд гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 40-41/, яллагдагчаар Л.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Талийгаачийнд Д.Л би хүн алчихлаа гээд хутга барьчихсан тэр хутгаа миний юбканд арчаад чамайг ч гэсэн алчихна шүү гэхээр нь айгаад талийгаачийнхаас гарч явсан. Нэг мэдэхэд буудал руу Д.Лын нөхөр дээр нь оччихсон байсан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 50-52/, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн илтгэх хуудас: “...Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 4-р дэлгүүрийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн сэжиг бүхий эмэгтэйг шалгахад “би Баянгол дүүргийн нутагт хүн хутгалж алсан” гэх мэдээллийг өөрөөр нь хаягийг заалгаж очиход .....тоотод оршин суух Нямцэрэнгийн Н.Б нь цээжиндээ хутгалуулсан байдалтай нас барсан байсныг Донжинжавын Д.Л эмэгтэй 40 настай ...... үйлдлийг тогтоож Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн цагдаагийн ахмад Баярбатад хүлээлгэн өгөв...” гэжээ /хх 1-н 14/, шинжээчийн 509 тоот дүгнэлт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Лын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хэрэг гарахын өмнө хохирогчийн гэрт Ц гэгч түүний шавь байсаныг олж тогтоох, шүүгдэгч Л.Эгийн өмсөж явсан тухайн хэргийн газарт үлдээсэн гэх улаан цоохор цамц хаачсаныг тогтоох, шүүгдэгч Д.Л нь угаалтуурт ямар нэг зүйл угаагаагүй гэж мэдүүлж байхад хэн тэр угаалтуурын орчим цус болгосон” зэргийг тогтоох зорилгоор хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Гэмт хэрэг болох үед шүүгдэгч Д.Л, Л.Э болон амь хохирогч нараас өөр хүн байгаагүй болох нь шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон. Ц гэх хүн тухайн үед байгаагүй гэдгийг мэдүүлсэн байх ба мөрдөн байцаалтын явцад тухайн хүнийг олох ажиллагааг хангалттай хийсэн байна гэж үзлээ.

Хэргийн газарт үлдээсэн гэх цамц, угаалтуурын орчимд цус болгосныг хэн болгосон зэргийг тогтоох нь уг хэргийг шийдвэрлэхэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал биш гэж үзсэн болно.

Түүнчлэн, шүүгдэгч Д.Лын хохирогч Н.Б нь намайг хүчиндэх гэж оролдсон тул хутгалсан гэх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Иймд түүнийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр үйлдсэн гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Л нь амь хохирогч Н.Бг алсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Д.Лыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

Хохирогчийн төлөөлөгч Л.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 6.157.138 төгрөг нэхэмжилснээс зан заншилтай холбоотой 431.326 төгрөгийн хохирлыг хасч, баримтаар тогтоогдсон 5.725.804 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн төлөөлөгч Л.От олгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Д.Лыг гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Лт 13 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Д.Лын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан хорих ялаас доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лт шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.  

Шүүгдэгч Л.Э нь 58 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Л.Эгийн хувцас болох хүрэн өнгийн үслэг шуба, бор өнгийн үслэг малгай, улаан эрээн өнгийн алчуур, цайвар өнгийн ноосон цамц, ягаан өнгийн үслэг малгай, улаан эрээн өнгийн алчуур, цайвар өнгийн ноосон цамц, ягаан өнгийн хөхөвч, шаргал өнгийн драпан материалтай юбка, хагас түрийтэй өвлийн хос гутал тус бүр 1 ширхэг, Д.Лын хувцас болох хөх өнгийн урт куртик, цэнхэр өнгийн ноосон ороолт, хар эрээн өнгийн нейлон цамц, саарал өнгийн хамцуйгүй майк, цагаан өнгийн хөхөвч, хүрэн өнгийн урт түрийтэй хос гутал, талийгаач Н.Бгийн хувцас болох саарал өнгийн ноосон өмд, саарал өнгийн ноосон оймс хос, эрэгтэй дотоож, цайвар өнгийн поло загварын цамц тус бүр 1 ширхэг, хэргийн газраас хураан авсан цус мэт зүйлээр бохирлогдсон нойлын цаасны хэсэг салфитка 1 ширхэг /бөөгнөрсөн цаас/, бор кардон хайрцагт хийсэн бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг зэргийг устгаж, Хан дэл буудлын камерийн бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь Д.Лын насанд хүрээгүй хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул шүүгдэгчийн бага насны хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянгол дүүргийн засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
  2. Шүүгдэгч Д.Лыг “хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Лг 12 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Лт оногдуулсан 12 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Д.Лын урьд цагдан хоригдсон 93 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лаас 5.725.804 төгрөг гаргуулж хохирогчийн төлөөлөгч Л.От олгосугай.
  8.  Шүүгдэгч Д.Лын насанд хүрээгүй хүүхдүүдэд асран хамагаалагч, харгалзан дэмжигч томилохыг Баянгол дүүргийн засаг даргад даалгасугай.
  9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Л.Эгийн хувцас болох хүрэн өнгийн үслэг шуба, бор өнгийн үслэг малгай, улаан эрээн өнгийн алчуур, цайвар өнгийн ноосон цамц, ягаан өнгийн үслэг малгай, улаан эрээн өнгийн алчуур, цайвар өнгийн ноосон цамц, ягаан өнгийн хөхөвч, шаргал өнгийн драпан материалтай юбка, хагас түрийтэй өвлийн хос гутал тус бүр 1 ширхэг, Д.Лын хувцас болох хөх өнгийн урт куртик, цэнхэр өнгийн ноосон ороолт, хар эрээн өнгийн нейлон цамц, саарал өнгийн хамцуйгүй майк, цагаан өнгийн хөхөвч, хүрэн өнгийн урт түрийтэй хос гутал, талийгаач Н.Бгийн хувцас болох саарал өнгийн ноосон өмд, саарал өнгийн ноосон оймс хос, эрэгтэй дотоож, цайвар өнгийн поло загварын цамц тус бүр 1 ширхэг, хэргийн газраас хураан авсан цус мэт зүйлээр бохирлогдсон нойлын цаасны хэсэг салфитка 1 ширхэг /бөөгнөрсөн цаас/, бор кардон хайрцганд хийсэн бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг зэргийг устгаж, Хан дэл буудлын камерийн бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  10. Шүүгдэгч Л.Эд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Лт цагдан хорих, Л.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР

 

   ШҮҮГЧИД                                    А.АЛТАНХУЯГ

                                                        

  Л.ОЮУН