Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 16

 

Д.Л, Л.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг, С.Дэлгэрмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Бүдханд, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 681 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 985 дугаар магадлалтай, Д.Л, Л.Э нарт холбогдох 1805009940136 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Бүдханд нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, талх, нарийн боовчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О овогт Д-н Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1962 онд төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ял шийтгэлгүй, А овогт Л-ын Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Д.Л-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг, С.Дэлгэрмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Бүдханд нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О гаргасан гомдолдоо “Д.Л, Л.Э нарт холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн тогтоолын Л.Э-д холбогдох хэсгийг эс зөвшөөрч байна. Миний нөхөр Н.Б 2018 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 18 гудамжны 57 тоотод буюу өөрийн гэртээ зэрлэг алуурчдын гарт амь үрэгдсэнд харамсаад барахгүй туйлын гомдолтой байна. Хэрэг гарах үед талийгаачийг хутгалуулснаас амь нас нь аюултай нөхцөлд орсныг мэдсэн атлаа талийгаачид тусламж үзүүлээгүй, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны үед Д.Л талийгаачийг хутгалж алсныг мэдсээр байж тухайн үед хамт байгаагүй сүүлд араас ирж “би хүн алчихлаа” гэж буудалд нөхөрт нь хэлсэн гэж худал мэдүүлсэн Л.Э-ийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж цагаатган шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Л.Э-г тухайн хэрэгт шалгагдаж анх гэрчээр байцаалт өгөхдөө хүний алтан амь үрэгдчихээд байхад тэрээр мэдсээр байж өөрийгөө тухайн үед байгаагүй гэж худал мэдүүлэг өгсөн байгааг анхаарч, гэм буруутай этгээдэд ял завшуулахгүйгээр, шударгаар шийдвэрлэхийг хүсье. Хоёр шатны шүүх “Л.Э-г худал мэдүүлэг өгөх ямар нэгэн санаа зорилгогүй байсан, анх гэрчээр мэдүүлэг авахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, мөн өдрийн 17 цагт дахин гэрчээр мэдүүлэг авахад дэлгэрүүлэн болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгчээ” гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Л.Э-г цагаатгаж шийдвэрлэсэнтэй санал нийлэхгүй байгаа юм. Л.Э худал мэдүүлэг өгөх ямар нэгэн санаа зорилгогүй байсан бол анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө яагаад “хэргийн газар хамт байгаагүй” гэж зориуд худал мэдүүлсэн юм. Гэтэл Эрүүгийн хуульд заасан “худал мэдүүлэх” гэмт хэрэг нь гэрч үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа худал мэдүүлж болохгүй гэдгийг хуульд тусгайлан хуульчилж өгсөн гэж ойлгоод байгаа. Талийгаач маань Дүрслэх урлагийн дунд сургуулийг “Монгол зургийн зураач” мэргэжлээр, мөн Болгар Улсын урлагийн академийг “монументалист” мэргэжлээр тус тус суралцаж төгссөн, Монгол Улсад төдийгүй Олон улсад уран бүтээлээрээ танигдсан зураач хүн байсан. Гэтэл давж заалдах шатны шүүхийн шүүгчээс “энэ хүн чинь архи уудаг л хүн байсан байна шүү дээ” гэдэг талаас хандаж байсанд гомдолтой байна. Түүнчлэн тухайн үед хамт байсан Л.Э талийгаачийг Д.Л-ын харгис хэрцгий үйлдлийн улмаас хутгалуулж амь насаа алдах аюултай нөхцөлд орсон байгааг мэдсэн атлаа талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлэлгүй орхин явж, тэр ч бүү хэл буудалд очин бүтэн цаг гаруй байсан мөртлөө гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй зэрэг Л.Э-ийн үйлдэлд анхаарал хандуулахыг эрхэм шүүгчид та бүхнээс хүсье. Давж заалдах шатны шүүх хуралдааны үед прокурор Эрүүгийн хуульд “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэсэн ийм зүйл заалт байхгүй гэж хэлж байснаас үзэхэд прокурор анхнаасаа энэ зүйл ангиар холбогдуулан шалгах хүсэл сонирхол байгаагүй мэт харагдаж байгаа ба нөгөө талаас хууль хэрэглээний мэргэжлийн ур чадваргүй, хэргийн бодит байдлыг шалган тогтоох талаар сэтгэлгүй хайнга хандсан. Хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гэмт этгээдүүд талийгаачийн буяны ажилд зарцуулсан хохирол, төлбөрийг төлөөгүй, төлөх талаар ямар нэгэн санаачилга гаргахгүй байгаад бид гомдолтой байна. Мөрдөн байцаалтын явцад прокурор нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тал дээр ямар ч арга хэмжээ аваагүй. Үүнийг давж заалдах шүүх хуралдааны үед шүүх прокуророос тодруулж асууж байсан. Прокурорын зүгээс өөрийн эрх хэмжээний хүрээнд хянавал зохих асуудлаа бүрэн гүйцэд хянаагүйд гомдолтой байгаа. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд бидний зүгээс гэмт хэрэг үйлдсэн хүн бүрд зохих ял шийтгэлийг шударгаар оногдуулах, хэнд ч ял завшуулахгүй байхыг хүсэж байгаа болно. Иймд хэргийн материалыг сайтар хянан үзэж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг, С.Дэлгэрмаа нар хамтран гаргасан гомдолдоо “Шүүгдэгч Л.Э-ийн үйлдэл “Худал мэдүүлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан. Худал мэдүүлэх буюу Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн’’ идэвхтэй үйлдэл байдаг. Л.Э-аас 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 08 цаг 05 минутад гэрчээр мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасныг сануулж, баталгаа гарган гарын үсэг зурсан байдаг. Тэрээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа амь хохирогч Н.Б-ийн хутгалуулсныг мэдсэн атлаа хамт байгаагүй, Л-ыг зочид буудалд араас ирэхдээ “би хүн алчихлаа” гэж хэлсэн гэж зориуд худал мэдүүлсэн. Ийнхүү худал мэдүүлснээ тухайн өдрийн 17:00 цагт гэрчээр дахин мэдүүлэг авахад “би анх удаа мэдүүлэг өгч байгаа болохоор гэрчийн мэдүүлэг өгөхдөө айж сандарч тулгамдаад бодит үнэн байдлаа тодорхой хэлж чадаагүй одоо сэтгэл санаа тайвшраад болсон асуудлын талаар үнэнээр нь ярилаа талийгаачийг хутгалуулах үед би гэрт нь хамт байсан юм” гэж мэдүүлсэн. Тодруулбал тэрээр өглөө өгсөн мэдүүлгээ дэлгэрүүлэн өгсөн биш харин ч өглөөний өгсөн мэдүүлэг худлаа байсныг өөрөө энэ мэдүүлгээрээ баталсан. Энэ гэмт хэргийн субъектив шинж нь гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэртэй. Гэмт хэргийн шинжийн тухайд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн идэвхтэй үйлдэл. Тэр ч бүү хэл харсан үзсэн, сонссон, мэдсэн зүйлээ огт хэлээгүй эс үйлдэхүй ч хамаарна. Л.Э амь хохирогчийг хутгалуулсныг мэдсэн харсан, хэргийн газар хамт байсан хүн. Гэтэл Л.Э өглөө мэдүүлэг авахад хууль сануулж, баталгаа гарган гарын үсэг зурсан мөртлөө “хэргийн газарт хамт байгаагүй” гэж, дахин мэдүүлэг авахад “хэргийн газарт хамт байсан” гэж зөрүүтэй мэдүүлсэн бөгөөд үүнийгээ айж сандарч, тулгамдсан мэтээр хаацайлсан. Мөн тэрээр тэр айлаас гараад нэг мэдсэн чинь Л-ын нөхөр байгаа зочид буудалд ирчихсэн байсан тэгээд байж байхад Л араас ирээд “би хүн алчихлаа” гэж хэлсэн талаар мэдүүлдэг. Гэтэл Д.Л-ыг ингэж хэлсэн гэж түүний нөхөр гэрч Эрдэнэбаатар батлаагүй. Иймэрхүү байдлаар өглөө мэдүүлэг өгөхдөө “хэргийн газар хамт байгаагүй” гэж, дахин мэдүүлэг авахад “хэргийн газарт хамт байсан” гэж түүнийгээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, айж сандарсан гэдгээр хаацайлж, түүнийг нь шүүх “... дээрх мэдүүлгүүдийг зориуд худал мэдүүлсэн гэж харьцуулан дүгнэх баримтгүй, үүнээс шалтгаалж мөрдөн шалгах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэхэд саад учруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж зөвтгөн цагаатгаж шийдвэрлээд байвал юу болох билээ. Л.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд шийдвэрлэсэн хоёр шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Түүнчлэн давж заалдах шатны шүүх “...Л.Э нь худал мэдүүлэг өгөх ямар нэгэн санаа зорилгогүй байсан бөгөөд гэмт хэргийн үндсэн шинж болох зориуд худал мэдүүлсэн болохыг шууд нотолсон яллах талын нотлох баримт цуглараагүй...” гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь уг үйлдлийн улмаас хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа худал мэдүүлснээр төгсдөг.

Л.Э нь анхнаасаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө л мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах, хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг зориудаар бий болгох санаа зорилготой байсан нь хэргээс харагддаг. Тодруулбал тэрээр хэрэг гарах үед “Ц” гэх хүн амь хохирогчийн гэрт байсан мэтээр хэлж байсан боловч тэр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг байгаагүй болохыг хангалттай нотлон тогтоосон. Тухайн нөхцөл байдлаас үзэхэд тэрээр Ц гэж хэн нэгэн этгээдийг уг хэрэгт хамтран оролцсон мэтээр төөрөгдүүлэх субъектив санаа зорилготой байсан нь тодорхой байгаа юм. Түүнчлэн Л.Э худал мэдүүлэг өгөх ямар нэгэн санаа зорилгогүй байсан бол өглөө мэдүүлэг авахад хууль сануулж, баталгаа гарган гарын үсэг зурсан мөртлөө “хэргийн газарт хамт байгаагүй” гэж, дахин мэдүүлэг авахад “хэргийн газарт хамт байсан" гэж зөрүүтэй мэдүүлэхгүй байсан. Мөн энэ хэрэгт зайлшгүй анхаарал хандуулах зүйлийн нэг уг хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар шалгагдаж байсан Л.Э-ийн үйлдэл юм. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Э-г Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлд заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон байдаг. Гэтэл энэ талаар прокурор ямар нэг ажиллагаа хийлгүй зөвхөн Л.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь ихээхэн хачирхалтай байгаа юм. Цаашлаад Л.Э амь хохирогчийг хутгалуулсныг мэдсэн атлаа тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй нь Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж өмгөөлөгчид бид үзэж байгаа. Учир нь талийгаачийг хутгалуулсан гэдгийг мэдэж байсан хүн атлаа ямар ч тусламж үзүүлэлгүй, эмнэлгийн болон цагдаагийн байгууллагад огтхон ч мэдэгдээгүйгээр орхин явсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогддог. Улсын дээд шүүхийн 2010 оны 13 дугаар тогтоолд “амь биед аюултай нөхцөл” гэж ... гэмт халдлагад өртсөн, эрүүл мэндийн болон хувийн бусад шалтгаанаар үхэлд хүрч болзошгүй байдал бодитойгоор бий болсныг хэлнэ” гэж тайлбарласан бөгөөд дээрх гэмт хэрэг нь хохирогчийн амь насанд аюултай үр дагавар бодитойгоор бий болсон эсэхээс үл хамааран хохирогчийг аюултай нөхцөлд орхисон тэр үеэс төгс үйлдэгдсэнд тооцогддог. Л.Э-ийн үйлдэл Эрүүгийн 21.2 дугаар зүйл, мөн хуулийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Д.Л-ын өмгөөлөгч А.Бүдханд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэгт зайлшгүй олж шалгавал зохих гэрчийг асуулгүй, шинжээч эмчийн дүгнэлт хэрэгт авагдсан мэдүүлэгтэй зөрүүтэй байхад, мөн эд мөрийн баримт болох цамц олдоогүй зэрэг асуудлыг бүрэн дүүрэн үнэлж хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Хэрэг гардаг 2018 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө талийгаачийн гэрт Д.Л, Л.Э, шавь Ц нар нийлж архи ууцгаасан байдаг. Гэтэл энэ хэрэгт зайлшгүй шалгагдах шаардлагатай шавь Ц гэгчийг олж, хэрэг гардаг өдөр тэнд байсан хүмүүсийн дунд ямар үйл явдал болсон, хэргийн газраас хэзээ, ямар нөхцөл байдлын үед явсан, уг хэрэгт ямар оролцоотой болохыг шалгаж тогтоож мэдүүлэг авах ажиллагаа хийгдээгүй байдаг. Шүүгдэгч Д.Л, Л.Э нар нь шавь Ц гэж хүн талийгаачийн хүсэлтээр архи авчирч цуг архи уусны дараа согтсоны улмаас болсон үйл явдлыг мэдэхгүй байгаа талаараа мэдүүлдэг. Мөн талийгаачийн бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэлд талийгаач “шавь Ц” гэсэн тэмдэглэлийг өөрийн гараар бичсэн байдаг нь бодит байдалд ийм хүн байдгийг гэрчилж байна. Д.Л-аас Үндсэн хуулийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т заасан эрхээ эдлэх боломжоор хангалгүй 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр сэтгэл зүйн хувьд хямралтай, болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгөх чадваргүй, согтуу байхад нь хууль сануулан гэрчээр байцааж, улмаар мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь зөрчиж мөн өдрөө сэжигтнээр байцаасан. Л.Э хэрэг гардаг өдөр би согтуу байсан гэж мэдүүлдэг боловч Шүүх эмнэлгийн 2448 дугаартай дүгнэлтээр түүнээс “спиртийн агууламж илрээгүй” гэж дүгнэсэн. Л.Э нь “миний цамц, юбкинд Д.Л- хутгаа арчсан” гэж мэдүүлдэг боловч шинжээчийн 90 дугаартай дүгнэлтэд “Э-ийн юбкинд үүссэн цус цацагдах сэгсрэх үйлдлийн үед үүснэ” гэж тэмдэглэсэн ба шүүх хуралдаанд шинжээч Г гэрчээр оролцож өмгөөлөгч миний “юбкинд үүссэн цусны толбо цустай хутгаар арчих үед үүссэн байх боломжтой юу? гэсэн асуултад хариулт өгөөгүй болно. Л.Э хэрэг гардаг өдөр өмсөж явсан эрээн цамцаа талийгаачийн гэрт орхисон гэж мэдүүлдэг боловч хэргийн газар хийгдсэн 3 удаагийн үзлэгээр олдоогүй. Л.Э зочид буудалд ирэхдээ цамцгүй ирсэн гэж гэрч Э мэдүүлдэг. Яагаад Л.Э өөрийн өмсөж явсан эрээн цамцаа нууж хаях болсон шалтгааныг болон цамцанд үүссэн цусны толбо ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсч болохыг олж мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоогоогүй байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг хэлсэн саналдаа “Хэргийн нөхцөл байдлаас харахад гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдлыг огт шалгаагүй орхисон байдаг. Л.Э нь анхан шатны шүүх хуралдаанд хохирогчид эмнэлгийн болон цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, анхан шатны тусламж үзүүлээгүй талаар мэдүүлэхдээ Д.Л нь ална гэж над руу бас дайрахаар нь айж сандарсандаа мэдэгдээгүй гэсэн. Өөрөө тийм нөхцөл байдлаас гарсан, хохирогчийг аюултай нөхцөл байдалд байгааг мэдсэн атлаа цагдаад мэдэгдэлгүй буудалд унтаж байгаад баригдсан байдаг. Хэргийн үйл баримтаас харахад тухайн үед эргүүлийн цагдаад баригдаагүй бол гэмт хэргийг хэн үйлдсэн нь тодорхойгүй байдал харагддаг. Л.Э нь худал мэдүүлэг өгөх, эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэх гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа юм. Хяналтын шатанд гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.

Мөн хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа хэлсэн саналдаа “Л.Э-ийн үйлдэл худал мэдүүлэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн идэвхтэй үйлдэл байдаг. Эхний мэдүүлэгт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасныг сануулж, гарын үсэг зуруулан баталгаа гаргасан мэдүүлэгтээ амь хохирогч Б-г хутгалуулах үед хамт байсан мөртлөө би хэргийн газар хамт байгаагүй мэтээр худал мэдүүлэг өгсөн бол, дараагийн мэдүүлэгтээ би айж, сандарч балмагдсан, болсон асуудлын талаар үнэн зөвөөр ярьж байна, би хэргийн газар хамт байсан гэж мэдүүлж байгаа нь эхний мэдүүлэг худлаа байсан гэдгийг баталдаг юм. Энэ гэмт хэргийн субъектив тал нь шууд санаатай хэлбэртэй, шинжийн тухайд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн идэвхтэй үйлдэл байгаа. Мөн хүн амины гэмт хэрэг гарах үед хамт байгаагүй гэж хэлж байгаа нь өөрөө гэмт хэргийн шинжийг агуулж байна.  Би зочид буудалд байж байхад араас ирээд хутгалчихлаа гэж Д.Л хэлсэн мэтээр худлаа хэлдэг. Энэ талаар тухайн үед гэрчийн мэдүүлэг өгсөн Э батлаагүй. Ингэж худлаа мэдүүлэг өгсөн байтал шүүх өмнөх мэдүүлгийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өгч, дараагийн мэдүүлгээр зөвтгөж өгсөн байна гэж дүгнэж, хэргийг цагаатгаж байгаа нь буруу юм. Энэ талаар хоёр шатны шүүх үндэслэлгүй дүгнэж, дээрх мэдүүлгүүдийг зориуд худал мэдүүлсэн гэж харьцуулан дүгнэх баримтгүй, үүнээс шалтгаалж мөрдөн шалгах болон хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаанд саад учруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн зориуд худал мэдүүлэг өгөх санаа зорилгогүй байсан бөгөөд гэмт хэргийн үндсэн шинж болох зориуд худал мэдүүлсэн шинжийг нотолсон яллах талын нотлох баримт цуглараагүй байна гэж дүгнэсэн. Тэгэхээр Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь уг үйлдлийн улмаас хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа худал мэдүүлэг өгснөөр төгсдөг байгаа. Л.Э нь Ц гэх хүн байсан мэтээр мэдүүлсэн нь хэргийн нөхцөл байдлыг удаашруулах, төөрөгдүүлэх гэсэн субъектив санаа зорилготой, мөн энэ үйлдлээрээ эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх, зайлсхийх нөхцөл байдал байгаа нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа. Тухайн гэмт хэрэг гарч амь хохирогч хутгалуулах үед Л.Э байсан учраас дээрх зүйл ангид холбогдуулан шалгаж, сэжигтнээр тооцон нэг удаа мэдүүлэг авсан байдаг. Харин үүнээс хойш ямар ажиллагаа хийсэн нь огт байдаггүй. Энэ нь хохирогчийн амь насанд аюултай үр дагавар бодитойгоор бий болсон эсэхээс үл хамаарч хохирогчийг аюултай нөхцөл байдалд орхисон тэр үеэс төгс үйлдэгдсэнд тооцогддог. Өөрөөр хэлбэл тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй байгаа нь энэ гэмт хэргийн шинжийг агуулж байгаа юм гэж үзэж байгаа учраас энэ хоёр үндэслэлээр хяналтын гомдол гаргасан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэг дээр Л.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн заалтаа тодорхойлж бичээгүй байна. Дараагийн зүйл нь энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ тодорхойлж, хууль зүйн дүгнэлт хийхдээ сэдэлт зорилгогүй байсан гэсэн үндэслэлийг анхан болон давж заалдах шатны шүүх хоёр гаргасан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэг гэж үзэх тодорхойлолтод нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Үүнийг яагаад тодруулж хэлж байгаа гэхээр Л.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн хувьд маргахгүй байна. Харин үүнийг шийдвэрлэх үндэслэлээ тодорхойлохдоо шүүх буруу дүгнэлт хийсэн байна гэдгийг тодотгож байна. Шүүгдэгч Д.Л-ын хувьд хохирогч Бямбасүрэнг санаатай хутгалж алсан гэмт хэрэг үйлдэх үед Д.Л, Л.Э нарын яриад байгаа шавь Ц гэх хүн байсан уу, кепкин малгайтай эрэгтэй хүн байсан уу гэдэг талаар мөрдөн байцаалтын бүхий л шаардлагатай ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар шавь Ц гэх хүн байгаагүй гэдэг нь батлагдсан. Харин хэрэг гарсан өдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Б-н гэрт Т гэх хүн энэ хоёр эмэгтэйг очихоос өмнө очсон гэдэг нь нотлогдсон. Харин ойролцоо амьдардаг Бямбасүрэн гэх ижил нэртэй хүн тэр хоёр эмэгтэйг байхад нь орсон нь тогтоогдсон бөгөөд үүнээс өөр хүн энэ айлд орсон гэдэг үйл баримт нотлогдоогүй. 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Д.Л-ыг сэжигтнээр тооцож, прокурор, өмгөөлөгчийн хамт өгсөн мэдүүлэгтээ “Бямбасүрэн ахын завьжнаас цус нөжрөөд гараад ирэхээр нь би айгаад гарч гүйсэн” гэж дурдагдсан байна. Энэ нь шинжээчийн дүгнэлтэд байгаа хохирогч уушигны артерийг гэмтээснээс цус амьсгалаар сорогдон амьсгал бүтэж нас барсан байна гэсэн нөхцөл байдалтай харилцан нөхцөлдөж байгаа нь батлагдаж байна. Цус амьсгалаар гарч ирэх үйл явц хутгалсны дараа хоромхон хугацаанд гарч ирэх нөхцөл байдал юм. Энэ нь Д.Л үйлдсэн гэдгийг тодотгож байгаа шинж, үйл баримт эндээс харагдаж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг, С.Дэлгэрмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Бүдханд нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.Л, Л.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Л нь 2018 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 18 дугаар гудамжны 57 тоотод хохирогч Н.Б-ийн цээж болон толгой руу хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Д.Л-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Мэдүүлгийн нотлох баримтад хамаарах гэрчийн мэдүүлэг нь криминалистик шинжилгээний бусад баримтуудтай харьцуулахад нөлөөлөлд эмзэг баримт сэлтэд тооцогдох бөгөөд шүүн таслах ажиллагаанд саад учруулах болон бусад зорилгоор зориуд худал мэдүүлэг өгч эсвэл мэдүүлэг өгөхөөс зайлсхийж шүүн таслах ажиллагаанд нөлөөлөхийг гэмт хэрэгт тооцон эрүүжүүлж харин гэрчийн эрүүл мэнд, сэтгэл зүй болон хэрэг гарах үеийн цаг агаарын болон гэрэлтүүлгийн нөхцөл байдал зэрэг объектив хүчин зүйлийн улмаас хэргийн нөхцөл байдлыг бодитоор тусган авч чадаагүй шалтгаанаар, эсвэл тусгалыг зөв илэрхийлж чадаагүйн улмаас бодит байдлаас зөрүүтэй мэдүүлэг өгсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар Эрүүгийн хуулиар зохицуулсан.

Л.Э-ийн өгсөн мэдүүлгийн зөрүү нь согтуурлын улмаас хэргийн нөхцөл байдлыг гүйцэт ойлгоогүй, өөрийгөө зөв илэрхийлж чадаагүйтэй холбоотой бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтооход нөлөөгүй буюу шүүн таслах ажиллагааг төөрөгдүүлэх зорилго агуулаагүй байх тул түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ “...би тэр айлаас гараад ... нэг мэдсэн чинь Л-ын нөхөр байгаа зочид буудалд ирчихсэн” гэж мэдүүлсэн нь тухайн өдөр дахин гэрчээр, мөн 02 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон бусад баримттай харьцуулан үзэхэд зориуд худал мэдүүлж, мөрдөн шалгах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан Л.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Мөн амь хохирогчийн талаар гарсан шинжээчийн дүгнэлтээс үхэлд хүргэсэн шарх гэмтлийн онцлог, нас барсан шалтгаан, хугацааг шүүх судлан үзээд Л.Э-г хохирогчийг амь биед аюултай нөхцөл байдалд байхад нь санаатай орхин явсаны улмаас хохирогч нас барсан гэж буруутгах үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Бүдханд нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 681 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 985 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Бүдханд нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН