Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2018/01558

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2018/01558

 



 

 

 

 

Х.Буянтогтохын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2018/01204 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Буянтогтохын нэхэмжлэлтэй, хариуцагч Метро экспресс ХХК-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 1 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.Буянтогтохын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие Хан-Уул дүүрэгт байрлах Гэгээнтэн худалдааны төвийн 2 давхрын Витма тасгаас турк улсад үйлдвэрлэсэн нэхий дээлийг 1 800 000 төгрөгөөр 2017 оны 1 сарын эхээр худалдаж авсан. Ингээд уг дээлээ 4-5 удаа өмссөн бөгөөд халаасан дээр нь хар толбо болгосон тул Метро экспресс ХХК-ийн хими цэвэрлэгээгээр цэвэрлүүлэхээр 2017 оны 01 сарын 29-ний өдөр өгсөн бөгөөд 2 хоногийн дараа очиход толбо нь арилаагүй, халтар болж дээл маань агшсан байсан. Ингээд би дээлээ авахгүй гээд менежер Энхцэцэг гэдэг хүүхэнтэй уулзахад таны гомдлыг барагдуулж өгнө гэсэн. Миний хувьд маш их гомдолтой байгаа бөгөөд тухайн үед надад өгсөн тасалбарыг би буцааж өгсөн. Гэтэл хариуцагч тал уг баримтанд нэмж 45 хувийн элэгдэлтэй, хиртэлттэй, толбо оролдсон зэрэг тэмдэглэгээг нэмж бичсэн баримтыг өгч байгаа нь үндэслэлгүй байна. Мөн баримтад О.Энхцэцэг гэж бичсэн нь худлаа бөгөөд тухайн үед Энхцэцэг нь хүлээж аваагүй бөгөөд шинээр ажилд орсон өөр эмэгтэй авсан. Иймд шинэ нэхий дээлний үнэ 1 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Метро эксперсс ХХК-ийн тайлбарт: Х.Буянтогтох нь манай компанийн хими цэвэрлэгээгээр 2017 оны 01 сарын 29-ний өдөр цагаан саарал, халаасан дээрээ мөн доод хормойгоороо хар өнгийн толбо болгосон, түүнийгээ арилгах гэж өөрөө оролдсон нэхий дээл цэвэрлүүлэхээр өгсөн байдаг. Манай компанийн зүгээс толботой, толбыг оролдсон байна ул мөр үлдэнэ гэсэн анхааруулгатайгаар хүлээн авч цэвэрлэгээ хийж үзсэн боловч хар толбо нь арилаагүй. Манай хими цэвэрлэгээ уг дээлийг хүлээж авахад журамд заасан зааврын дагуу тэмдэглэгээг хийсэн бөгөөд 45 хувийн элэгдэлтэй, их хэмжээний хиртэлттэй, толбо оролдсон зэргийг хүлээн авахдаа баримтанд тэмдэглэсэн байдаг. Эндээс харахад толбо арилгах үйлчилгээг аваагүй нь харагдах бөгөөд манайх картын 4 хувийн хөнгөлөлт үзүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Метро эксперсс ХХК-аас 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Буянтогтоход олгож, илүү нэхэмжилсэн 900 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Метро эксперсс ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 26 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Буянтогтоход олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Буянтогтохын давж заалдах гомдолд: Шүүх нэхий дээлийг шинэ байсан гэдгийг нотолж чадаагүй гэж дүгнэн 900 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Би нэхий дээлийг худалдаж авсан баримт болон дэлгүүрийн эзэн М.Энхтуяаг гэрчээр асуулгасан. 2017 оны 1 дүгээр сард авсан нэхий дээлийг 4-5 удаа өмссөн ба 45 хувийн элэгдэлтэй болтол нь өмсөөгүй. Би загварын нэхий дээлийг 20 хоногийн хугацаанд 45 хувийн элэгдэлд ортол нь их хэмжээний хиртэй болтол нь өмсөж хэрэглэх хэрэгцээ шаардлага байгаагүй. Хариуцагч байгууллагын буруутай үйлдлийн улмаас 1 800 000 төгрөгөөр худалдаж авсан үнэтэй эдлэлээ би дахин хэрэглэх, өмсөх боломжгүй болсон, уг дээл агшсан болохыг шүүх анхаараагүй. Хариуцагч нь үйлчлүүлэгчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхий дээлний үнийг гаргуулна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Х.Буянтогтох нь хариуцагч Метро экспресс ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 1 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сард худалдан авч, толбо болгосон цагаан саарал өнгийн нэхий дээлийг хими цэвэрлэгээнд цэвэрлүүлэхээр хариуцагч байгууллагад өгөхөд дээлийг хиртэлт ихтэй, 45 хувийн элэгдэлтэй, толботой, оролдсон гэх тэмдэглэгээ хийж хүлээж авсан үйл баримт тогтоогдсон. /хх 24/

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хариуцагчийн буруугаас нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан гэж үзсэн нь зөв байна.

 

Хариуцагч байгууллагын хувцас хүлээн авдаг цэнхэр өнгийн баримтын арын хэсэгт байх хими цэвэрлэгээний дотоод журамд ... арьс болон нэхий дээрх удсан бөгөөд өмнө нь өөрөө арилгах гэж оролдсон толбо арилаагүй бол хариуцлага хүлээхгүй гэж заасантай нэхэмжлэгч танилцаж, зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба тэрээр уг баримтыг нөхөж үйлдсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй. /хх 24/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Хуулийн уг зохицуулалтын дагуу гэм хорыг арилгуулах асуудлыг шийдвэрлэхийн тулд нэхэмжлэгчид учирсан гэм хорын хэмжээ, хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн хоорондох шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.

 

Хариуцагч байгууллагын үйлчлүүлэгчид нь Метро эксперсс ХХК-ийн Хувцас эдлэл хүлээн авах журамд заасан хувцас эдлэлүүдийн зааврын тэмдэглэгээг сайн шалгаж авах, амьтны гаралтай арьсан бүтээгдэхүүн хүлээн авахдаа анхааруулга өгөх, мөн хувцас эдлэлд үүсч болох гэмтлүүдийн талаар нэхэмжлэгчид мэдэгдэлгүй нэхий дээлийг цэвэрлэснээр уг дээл агшсан болох нь тогтоогдож байх тул тэрээр гэм хорын хохирлыг хариуцах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 1 сард 1 800 000 төгрөгөөр худалдаж авсан нэхий дээлийг 4-5 удаа өмсөж, хэрэглээний явцад үүссэн толбыг цэвэрлүүлэхээр өгсөн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул тэрээр цоо шинэ нэхий дээлний үнийг шаардах эрхгүй.

 

Шүүх хэргийн нөхцөл байдал, талуудын тайлбар, нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагчаас хохиролд 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2018/01204 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

А.МӨНХЗУЛ