Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2018/01204

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2018/01204

Улаанбаатар хот

                      

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Ж.Сэмжид, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Х.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: М ххк холбогдох,

 

            Гэм хорын хохиролд 1 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн,  хариуцагчийн төлөөлөгч Р.Сүхбаатар, гэрч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунтуяа нар оролцов.

 

            Нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүрэгт байрлах Гэгээнтэн худалдааны төвийн 2 давхрын Витма тасгаас турк улсад үйлдвэрлэсэн нэхий дээлийг 1 800 000 төгрөгөөр 2017 оны 1 сарын эхээр худалдаж авсан. Ингээд уг дээлээ 4-5 удаа өмссөн бөгөөд карман дээр нь хар толбо болгосон тул М ХХК-ийн хими цэвэрлэгээгээр цэвэрлүүлэхээр 2017 оны 1 сарын 29-ний өдөр өгч 31-ний өдөр авахаар очиход толбо нь арилаагүй, халтар болж дээл маань жижиг болж агшсан байсан. Ингээд би дээлээ авахгүй гээд менежер Энхцэцэг гэдэг хүүхэнтэй уулзахад таны гомдлыг барагдуулж өгнө гээд удсан бөгөөд сүүлдээ шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн. Миний хувьд маш их гомдолтой байгаа бөгөөд тухайн үед надад өгсөн тасалбарыг би буцааж өгсөн. Гэтэл хариуцагч тал уг баримтанд нэмж 45 хувийн элэгдэлтэй, хиртэлттэй, толбо оролдсон зэрэг тэмдэглэгээг нэмж бичсэн баримтыг өгч байгаа нь үндэслэлгүй байна. Мөн баримтад О.Энхцэцэг гэж бичсэн нь худлаа бөгөөд тухайн үед Энхцэцэг нь хүлээж аваагүй бөгөөд шинээр ажилд орсон өөр эмэгтэй авсан. Харин дараа нь буюу гомдол барагдуулах гээд энэ О.Энхцэцэг гэдэг хүнтэй дараа нь уулзсан юм.  Ийм үндэслэлгүй худлаа зүйл ярьж миний хохирлыг барагдуулахгүй байгааг гайхаж байна, иймд миний шинэ нэхий дээлний үнэ 1 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б нь манай компанийн хими цэвэрлэгээгээр 2017 оны 1 сарын 29-нд цагаан саарал, халаасан дээрээ мөн доод хормойгоороо хар өнгийн толбо болгосон, түүнийгээ арилгах гэж өөрөө оролдсон нэхий дээл цэвэрлүүлэхээр өгсөн байдаг. Манай компанийн зүгээс толботой, толбыг оролдсон байна ул мөр үлдэнэ гэсэн анхааруулгатайгаар хүлээн авч цэвэрлэгээ хийж үзсэн боловч хар толбо нь арилаагүй болно. Х.Бод дээлийг буцаан хүлээлгэн өгөх гэсэн боловч авахгүй хэвийн хэмжээнээс агшааж, хуучин мэт болгосон байна, уг нэхий дээлийг 2016.12.31-нд Туркээс авчирсан, хохирол барагдуулна уу гэсэн өргөдөл гаргасан. Гэтэл уг нэхий дээлийг Гэгээнтэн дэлгүүрийн гутлын тасгаас 1 800 000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн баримтыг ирүүлсэн байна. Манай хими цэвэрлэгээ уг дээлийг хүлээж авахад  журамд заасан зааврын дагуу тэмдэглэгээг хийсэн бөгөөд 45 хувийн элэгдэлтэй, их хэмжээний хиртэлттэй, толбо оролдсон зэргийг хүлээн авахдаа баримтанд тэмдэглэсэн байдаг. Эндээс харахад толбо арилгах үйлчилгээг аваагүй нь харагдах бөгөөд манайх картын 4 хувийн хөнгөлөлт үзүүлсэн байдаг. Мөн дээлэн дээр байгаа шошго хэрэгт ирүүлсэн шошгоны нэр нь зөрүүтэй байгааг шүүх анхаарч үзээсэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд гэрч М.Энхтуяагийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч М ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 1 800 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 900 000 төгрөгийг хангаж, үлдэх 900 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Х.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “уг 4-5 удаа өмссөн бөгөөд халаасан дээр нь хар толбо болгосныгоо арилгуулахаар Метро эксперсс ХХК-ийн хими цэвэрлэгээнд цэвэрлүүхээр өгсөн боловч толбо нь арилаагүй, халтар болж дээл маань жижиг болж агшсан байсан. ... уг баримтанд нэмж 45 хувийн элэгдэлтэй, хиртэлттэй, толбо оролдсон зэрэг тэмдэглэгээг нэмж бичсэн баримтыг өгч байгаа нь үндэслэлгүй... Иймд дээлний үнэ 1 800 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна” гэх тайлбарыг гаргасан байна.

 

Хариуцагч М ХХК нь “...45 хувийн элэгдэлтэй, хиртэлттэй, толбо оролдсон нэхий дээлээ өгчихөөд шинэ дээл өгсөн гэж мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй” гэж маргасан байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Х.Б нь 2017 оны 1 сард Гэгээнтэн дэлгүүрт байрлах ВИТМА дэлгүүрээс Турк улсаас оруулж ирсэн цагаан саарал өнгийн нэхий дээлийг 1 800 000 төгрөгөөр худалдаж авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч М.Энхтуяагийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр цагаан саарал өнгийн нэхий дээлийг хариуцагч М ХХК-ийн хими цэвэрлэгээгээр цэвэрлүүлэхээр хүлээлгэн өгсөн байх ба уг дээлийг хиртэлт ихтэй /хамгийн их хэсгийг нь тэмдэглэсэн/, 45 хувийн элэгдэлтэй, толботой, оролдсон гэсэн хэсгүүдэд тэмдэглэгээ хийж хүлээж авсан болох нь хавтаст хэргийн 24-р талд авагдсан №2122850 баримтаар тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагч нь уг дээлний зүүн талын халаас болон хормой хэсэгт үүссэн хар өнгийн толбыг арилгах үйлчилгээг аваагүй, авсан бол нэмэлт төлбөр авах ёстой гэж тайлбарлаж байх ба энэ нь Метро эксперсс ХХК-ийн Хувцас эдлэл хүлээн авах журмын 3.1-ийн 7-д “толботой мөртлөө оролдсон...тохиолдолд толбо арилгах үйлчилгээг авахгүй” гэж заасантай нийцэж байна.

 

Мөн уг журмын  3.1-ийн 6-д “цэвэрлэгээний зааваргүй, цэвэрлэгээний заавартай мөртлөө заавраа авсан, ...”зөвхөн харилцагчийн зөвшөөрлөөр” цэвэрлэгээнд хүлээн авна. Ялангуяа импортоор орж ирж зах зээл дээр зарагдаж байгаа хувцас эдлэлүүдийн зааврын тэмдэглэгээг сайн шалгаж авах, зааваргүй бол үйлчлүүлэгчийн зөвшөөрлөөр цэвэрлэгээнд оруулах гэжээ. 

Гэтэл хариуцагч нь уг заалтыг зөрчиж цэвэрлэгээний зааварыг шалгалгүйгээр уг дээлийг хүлээн авч цэвэрлэж, хэвийн хэмжээнээс агшаасан болох нь хавтаст хэргийн 24-р талд авагдсан №2122850 баримтаар болон нэхэмжлэгчийн тайлбар, нэхий дээл зэргээр тогтоогдож байх тул хариуцагч Метро эксперсс ХХК нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэжээ.  

 

Хэдийгээр нэхэмжлэгч Х.Б нь нэхий дээлээ шинэ байсан гэж, түүний үнийг бүхэлд нь гаргуулахаар шаардсан хэдий ч нэхэмжлэгч нь энэ талаараа баримтаар нотлоогүйн дээр хариуцагч талаас ирүүлсэн баримтыг үгүйсгэж чадаагүй байна.

Харин хаиуцагч компани нь цэвэрлэгээний заавраа зөрчиж нэхий дээлийг хэвийн хэмжээнээс агшаасан буруутай байх тул дээлний үнийг 50 хувиар тооцож, хариуцагч Метро эксперсс ХХК-иас хохиролд 900 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Метро эксперсс ХХК-иас 900 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Бод олгож, илүү нэхэмжилсэн 900 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 43 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Метро эксперсс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 26 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Бод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                               Б.МӨНХЖАРГАЛ

 

                             ШҮҮГЧИД                                  Ж.СЭМЖИД

                                     

                                                                                       Д.ХУЛАН