Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 197

 

 “А” компанийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар,

Барилга, хот байгуулалтын яам, тус яамны “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн

 зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн

 үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   М.Батсуурь,

                                                   Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “1. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/89 дүгээр тушаалаар байгуулагдсан Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл-ийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 5 сарын 14-ний өдрийн 03 дугаар хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах; 2. Барилга хот байгуулалтын яамны 2019 оны 5 сарын 24-ний өдрийн 03/1912 дугаар А компанийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах; 3. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Мийн 2019 оны 5 сарын 24-ний өдрийн 03/1909 дугаар З компанид гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүчингүй болгуулах; 4. Захиалагч Барилга, хот байгуулалтын яам, гүйцэтгэгч З компанитай байгуулсан 2019/148 дугаар Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл-ийн зураг төслийн ажил, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах; 5. Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл-ийн зураг төслийн ажил, барилга угсралтын ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны хурлыг дахин хуралдуулж, А компани, З компанийн ирүүлсэн тендерийг дахин үнэлэхийг даалгах тухай”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0762 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 94 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, Б.Б, Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г, Э.Н, Б.У нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0762 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 4 сарын 20-ны өдрийн А/89 дүгээр тушаалаар байгуулагдсан Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл-ийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 5 сарын 14-ний өдрийн 03 дугаар хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах, Барилга хот байгуулалтын яамны 2019 оны 5 сарын 24-ний өдрийн 03/1912 дугаар А компанийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Мгийн 2019 оны 5 сарын 24-ний өдрийн 03/1909 дугаар З компанид гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүчингүй болгуулах, Захиалагч Барилга, хот байгуулалтын яам, гүйцэтгэгч З компанитай байгуулсан 2019/148 дугаар Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Дэд бүтцийн хөгжил- Сонгинохайрхан төсөл-ийн зураг төслийн ажил, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах, Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл-ийн зураг төслийн ажил, барилга угсралтын ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах үүрэг бүхий Тендерийн үнэлгээний хорооны хурлыг дахин хуралдуулж, А компани, З компанийн ирүүлсэн тендерийг дахин үнэлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоr шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 94 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0762 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жы давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яам болон Барилга хот байгуулалтын яамны “Дэд бүтцийн хөгжил- Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийн маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хянан шийдвэрлэж 94 дүгээр бүхий магадлал гаргасан. Тус магадлалыг нэхэмжлэгчийн зүгээс бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн тухай:

5. Тендерийн үнэлгээний хороо тендер нээх, тендерийг хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журмын дагуу хийсэн эсэхийг нягталж үзэлгүй шүүх шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 24 дэх талд “... үнэлгээний хороо тендерийг хянан үзэх ажиллагааг хийгээгүй гэж дүгнэх боломжгүй байна” гэжээ. Шүүх уг дүгнэлтийг өгөхдөө, тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэлээс гишүүн Ү.Б, Р.Д нарын үгнээс “хэсгийг” салгаж авсан, улмаар маягт №6 тендерийг хянан үзэх хүснэгтийг үнэлгээний хорооны таван гишүүн тэмдэглэгээ үйлдэж, гарын үсэг зурсан байгаа гэх нөхцөл байдалд үндэслэжээ.

6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд тендерийг хянан үзэх харилцааг тодорхой зохицуулсан байх бөгөөд 27.1-д чадавхийн шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага гэсэн гурван “бүлэг” шаардлагыг хангасан эсэхийг тус бүрээр нь хянаж үзэхээр, 27.2-т гурван “бүлэг” шаардлагыг хангасан эсэхийг хянахад удирдлага болгох шалгуур үзүүлэлт тус бүрийг нарийвчлан тусгасан. Эдгээр гурван бүлэг шаардлагын эхнийх болох чадавхийн шаардлагыг хангасан эсэхийг хуулийн 14 дүгээр зүйлд заасан ерөнхий нөхцөлийг магадлах, 15 дугаар зүйлд заасан санхүүгийн чадавхийг үнэлэх, 16 дугаар зүйлд заасан техникийн чадавхи болон туршлагыг үнэлэх гэсэн гурван дэд шалгуураар дахин хянах ёстой. Ерөнхий нөхцөлийг магадлахад тендерт оролцогч компаниудаас ямар баримт бичиг шаардсан болох, эдгээр шаардсан баримт бичгийг тендерт оролцогч ирүүлсэн эсэх, уг ирүүлсэн баримт бичиг нь тендерийн хэддүгээр хуудсанд байгаа, уг баримт бичгийг шаардлагад нийцсэн баримт бичиг мөн гэж үзэх эсэх зэрэг асуудлаар тендерийн үнэлгээний хороо тендерт оролцогч хоёр компанийн тендер дээр нэг бүрчлэн ярилцаж тендерийг хянан үзэх үе шатыг хууль, журмын дагуу хийсэн эсэхийг шүүх нягталсангүй, шүүх зөвхөн “хурлын тэмдэглэл нэртэй” шаардлага хангахгүй баримтад тулгуурлан үнэлгээний хороог тендер хянан үзэх үе шатыг хуулийн дагуу хийсэн мэт дүгнэсэн нь учир дутагдалтай болно.

7. Тэгсэн хэдий ч, үнэлгээний хорооны 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлд “үнэлгээний хорооны гишүүн Ү.Б “Зумтобел лайтинг” компанийн хувьд тендерийн баримт бичгийн ТШӨХ-д заасан шаардлагыг хангаагүй дараах зүйлүүд байна гэж шаардлага хангаагүй зүйлсийг нэг бүрчлэн дурдсан байдаг”, О.Г “Ажлаа явуулах үүднээс гэх бол бага үнийн саналтай компанийг нь шалгаруулаад явбал илүү маргаан гарах магадлал бага байх болно”, “ .... адилхан алдаатай байгаа, деталчилсан юм ярихгүйгээр шууд бага үнийн саналтайг нь шалгаруулаад явчихвал боломжтой гэж үзэж байна” гэх зэргээр тендерийг хянан үзэх үе шатыг хийгээгүй нь нотлогдоод байхад анхан болон давж заалдах шатны шүүх уг баримтыг анхаарсангүй.

8. Үнэлгээний хороо тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж бага харьцуулах үнэтэй тендерийг сонгох зарчмаар шалгаруулсан гэдэг нь анхан шатны шүүхийн шийдвэрийн 9, 10, 11 дэх талд байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар мөн нотлогдож байдаг. Шүүхийн шийдвэрийн 25 дахь талд “ТОӨЗ-ийн энэхүү заалт болон түүнийг тодруулсан ТШӨХ-ийн заалтыг нэхэмжлэгч “А” ХХК-ийн хувьд тендерт ирүүлсэн материал /эх хувь/-ийн 112 дугаар хуудсанд авагдсанаар, гуравдагч этгээд “З” ХХК-ийн хувьд тендерт ирүүлсэн материал /эх хувь-4 хавтас/-ийн 175 дугаар хуудсанд авагдсанаар харьцуулалт хийхэд нэхэмжлэгч нь хангаагүй байна.” гэжээ. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн.

9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 20 дахь талд “... зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэсэн болно” гэжээ. Гэтэл шүүхийн шийдвэрийн 18, 19 дэх талд байгаа нэхэмжлэлийн шаардлагыг нягталж үзэхэд, нэхэмжлэлийн 5 шаардлагад “харьцуулалт хийлгэх” гэсэн шаардлага байхгүй болно. Эндээс шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн болох нь нотлогдож байна. Нөгөөтэйгүүр, захиргааны хэргийн шүүх нь өөрт олгогдоогүй чиг үүргийг хэрэгжүүлсэн буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасан “тендерийг хянан үзэх, үнэлэх” гэсэн үнэлгээний хорооны чиг үүргийг хэрэгжүүлсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 25 дахь талд “Түүнчлэн ТОӨЗ-ийн 6.3 (а) заалтад заасан шаардлага нь тендерт ерөнхий гүйцэтгэгчээр оролцогч байгууллагын хувьд хамаарна хэмээн Үнэлгээний хороо 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 10/1055 албан бичгээр тодруулга хийж тендерт оролцогч хоёр компаниад хүргүүлж байжээ” гэжээ. Тодруулга нь тендерийн баримт бичигт байгаа нөхцөлийг нэмж тайлбарлах, хэрхэн ойлгох талаар тендерт оролцогч нарт ижил ойлголт, зөвлөгөө өгөх зорилготой болно. Гэтэл уг тодруулгын хариу нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тогтоосон, тендерийн баримт бичигт тусгасан шаардлагыг зөвхөн ерөнхий гүйцэтгэгчээс шаардана, туслан гүйцэтгэгчээс огт шаардахгүй гэж хуулийг илтэд гуйвуулан тайлбарласан байхад шүүх үүнийг хэрэгсэхгүй шийдвэрлэсэн.

10. Анхан      шатны шүүхийн шийдвэрийн 28 дахь талд ““Магнус сентурион констракшн” ХХК-д ажлын туршлага байхгүй, зураг төслийн тусгай зөвшөөрлүүдийг сүүлд авсан, уг компанийг төлөөлөх эрхгүй этгээд төлөөлж байгаа гэхчлэн асуудалд дүгнэлт өгсөнгүй. Учир нь хариуцагч захиргааны байгууллага болох захиалагчийн болон үнэлгээний хорооны гол зорилго нь тухайн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах явдал бөгөөд, туслан гүйцэтгэгч нь ерөнхий гүйцэтгэгчийн өмнө байгуулсан гэрээгээрээ хариуцлагаа хүлээх ба харин захиалагчийн өмнө гэрээгээр хүлээсэн хариуцлага байхгүй байна” гэсэн алдаатай дүгнэлт хийсэн.

11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т ““тендер шалгаруулалт” гэж “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг”, 5.1.6-д ““тендерт оролцогч” гэж захиалагчаас хараат бус дараах этгээдийг ойлгоно гээд, 5.1.6.“б”-д хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд” гэж тус тус заасан. Хамтран ажиллах гэрээнии үндсэн дээр нэг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр нэг тендер ирүүлсэн 2 этгээд гэдгийг шүүх анхаарсангүй, тендерийн баримт бичгээр шаардсан баримт бичиг бүрийг 2 компани тус бүртээ ирүүлж байгааг мөн шийдвэр гаргахад харгалзан үзсэнгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан ерөнхий нөхцөл, санхүүгийн чадавхи, техникийн чадавхи болон туршлагын шаардлага тэдгээр 2 компанид уг хуулийн дагуу ижил байдлаар тавигдаж байгааг шүүх “үгүйсгэсэн” дүгнэлт хийсэн.

12. Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар ... шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж шүүх дүгнэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчсөн дүгнэлт болно. Уг хуульд тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх зохицуулалт тусгагдаагүй бөгөөд худалдан авах ажиллагааны дараалал, үнэлгээг хэрхэн хийх процессыг тодорхой тусгасан.

13. Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, журмыг зөрчсөн болохыг шүүхийн шийдвэрт тогтоосон байдаг. Тухайлбал, шүүхийн шийдвэрийн 27 дахь талд “... Хэдийгээр захиалагчийн зүгээс нэхэмжлэгч “А”-д “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчийн талаар, тендерт оролцогчийн хувиар өөрийнх нь ирүүлсэн тендер яагаад шалгараагүй талаар хангалттай үндэслэл бүхий хариу өгөөгүй байгаа боловч ...” гэж дүгнэсэн. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-т “захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан”, 42.1.3-т “энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн” гэж заасан нөхцөл байдал үүсгэсэн байгааг шүүх бодитой, үнэн зөв тогтоосонгүй.

14. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн 22, 23 дугаар хуудсанд ... нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн эрхээс миний эрх илүү хамгаалагдах ёстой гэсэн байр суурьтай байгаа нь учир дутагдалтай ...” гэж дүгнэсэн байх бөгөөд энэ нь төрийн захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан манай компанийн эрх ашгийг “шүүх өөрөө ноцтой, бүдүүлгээр” зөрчсөн үйлдэл юм. Нэхэмжлэгч манай компанийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа тендерийн үнэлгээний хороо, захиалагч төрийн байгууллагын тендерийн хууль зөрчсөн, албан ажилдаа хариуцлагагүй хандсан хууль бус үйлдлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар нотолж байгаа болохоос “гуравдагч этгээдийн эрхээс миний эрх илүү хамгаалагдах ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн удаа байхгүй болно.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж, 107.4-т "Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа бичнэ” гэж тус тус заасныг анхан шатны шүүхийн шийдвэр хангахгүй байхад үүнийг давж заалдах шатны шүүх нягталж зөвтгөх ёстой байсан.

16. Монгол Улсын Их хурал 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн...29.4 дэх хэсгийн “30” гэснийг “15” гэж ... өөрчилсүгэй.” гэж заасан. ТБОНӨХБАҮХАтХуульд нэмэлт өөрчлөлт орсноор аливаа тендерийн хүчинтэй хугацааг нэг удаа 15 хоногоор сунгахаар болсон байдаг.

17. Гэтэл Барилга хот байгуулалтын яам гуравдагч этгээдтэй 2019/148 дугаар бүхий Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төслийн ажил, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тендерийн хүчинтэй хугацааг сунгасан хугацаа дууссан байхад хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл тендерийн хүчинтэй хугацааг Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Мгийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 03/2202 дугаар бүхий албан бичгээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасны дагуу сунгах зөвшөөрөл олгоно гэж албан бичгийг Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Нод хүргүүлж сунгасан байна.

18. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно.” заасан. Өөрөөр хэлбэл тендерийн хүчинтэй байх хугацааг нэг удаа сунгасан бөгөөд тус сунгасан хугацаа 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон байсан. Гэтэл Барилга хот байгуулалтын яам гуравдагч этгээдтэй 2019/148 дугаар бүхий Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”- ийн зураг төслийн ажил, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр буюу тендер хүчинтэй байх хугацаа дуусаад 10 хоносны дараа хийсэн байна. Үүнийг анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна.

19. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн тухай: Тендерийн хороо 7 гишүүний бүрэлдэхүүнтэй, гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэх судлахад үнэлгээний хорооны зөвхөн 5 гишүүний үнэлгээний хуудас байгаа нь шүүх маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хууль бус дутуу баримтыг үнэлж шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...” гэж заасныг ноцтой зөрчсөн байна. Тухайлбал хавтаст хэрэгт авагдаагүй, байхгүй байгаа баримтыг байгаа мэтээр дүгнэлт хийн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна. Тодруулбал: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 94 дүгээр бүхий магадлалын 10 дугаар талын эхний мөр “Тендерийн Үнэлгээний хорооны хурлын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэл, Гишүүдийн үнэлгээний хүснэгтэд гишүүн тус бүр шаардлага хангасан эсэх талаар тендер тус бүрээр тэмдэглэгээ хийсэн зэргээс үзэхэд Үнэлгээний хороо тендерийг хянан үзээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.” гэжээ.

20. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0762 дугаар бүхий шийдвэрийн 24 дэх талд “ ...үнэлгээний хороо тендерийг хянан үзэх ажиллагааг хийгээгүй гэж дүгнэх боломжгүй байна.” гэж, хамгийн ноцтой нь Магадлалын 11 дүгээр талын хоёр дахь мөрөнд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох мэдээллийг агуулсан байна” гэж заасан байх тул гомдол үндэслэлгүй байна.” гэж Үнэлгээний хорооны шийдвэрийг олонхын саналаар дэмжигдсэн гэж дүгнэсэн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх ямар нотлох баримтыг үндэслэн, ямар нотлох баримтыг шинжлэн судалж ийм дүгнэлтэд хүрсэн бэ гэдгийг нэхэмжлэгчийн хувьд огт ойлгохгүй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан Үнэлгээний хорооны баримт бичгийг шинжлэх судалбал тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны дагуу өгсөн үнэлгээг харвал гуравдагч этгээд Зумтобел лайтинг шаардлага хангахгүй байгаа илэрхий байна.

21. Дээрх байдлыг ойлгомжтой болгох үүднээс дараах байдлаар хүснэгтлэн харуулав.

 

Тендерийн шаардлага хангаж буйг хянан үзсэн дүгнэлт

Үнэлгээний хорооны гишүүдийн нэрс

ТОӨЗ-г хангахгүй байгааг тэмдэглэсэн үнэлгээ

Зумтобел лайтинг

IBS

1

Б.Н

Хавтаст хэрэгт огт авагдаагүй буюу байхгүй

2

Г.Ш

24 болон 31 хангаагүй

30 хангаагүй

3

О.Г

24 хангаагүй

 

4

Р.Д

31 хангаагүй

30 хангаагүй

5

Ү.Б

24, 26, 28, 31, 45 хангаагүй

 

6

Б.А

-

-

7

Б

Хуралд оролцоогүй

 

22. Хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтууд хангалттай бүрэн авагдаж байж шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болох ёстой. Гэтэл байхгүй байгаа нотлох баримтыг байгаа мэтээр таамаглаж шийдвэрлэсэн нь шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд энэх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр болон магадлал гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0762 дугаар бүхий шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хянан шийдвэрлэж 94 дугаар бүхий магадлалыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

ХЯНАВАЛ:

23. Анхан болон давж заалдах шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

24. Барилга хот байгуулалтын яамнаас зарласан “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” БХБЯ/201805106 дугаар тендерийг шалгаруулах Үнэлгээний хороо нь нэхэмжлэгч “А” компанийн ирүүлсэн тендерээс “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д заасан хамгийн бага үнэтэй харьцуулах тендерээр шалгараагүй” гэсэн үндэслэлээр татгалзаж, гуравдагч этгээд “З” компанийн тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн” гэж үзэж сонгон шалгаруулсан нь хуульд нийцсэн талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

25. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “...шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ”, 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 28.7-д “Шаардлагад нийцсэн тендерийг дараах байдлаар харьцуулж үнэлнэ: ...28.7.3-т  энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно, 28.7.4-д хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасан.

26. Хэрэгт нотлох баримтаар авагдсан, тухайн тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл №3, тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийн бүртгэл, гишүүдийн үнэлгээ бүхий хүснэгт зэрэг баримтуудаас үзэхэд, тус тендер шалгаруулалтад оролцогч “З” компани нь 6,176,470.69 еврогийн үнийн санал, “А” компани 6,419,895.00 еврогийн үнийн санал ирүүлснийг үндэслэн, тус Үнэлгээний хороо нь “З” компанийг шалгаруулсан байна. 

27. Нэхэмжлэгч “А” компани нь захиалагчийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч  Сангийн яаманд гомдол гаргасныг хянаж, тус яамны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/3999 тоот албан бичгээр “...“I”-ийн тендер нь Оролцогчийн тендерт 2016-2018 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалтад дурдсан ажлуудаас 2016-2018 онд 1 сая гаруй еврогийн гэрэлтүүлгийн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байгаа нь ТШӨХ-ийн ТОӨЗ 6.3 (а)-д заасан шаардлага, мөн Оролцогчийн тендерт гэрээт ажлыг гүйцэтгэхэд санал болгосон ерөнхий инженер B G-ийн гүйцэтгэсэн ажлын туршлагын талаар мэдээлэл ирүүлээгүй байгаа нь ТШӨХ-ийн ТОӨЗ 6.3 (г)-д заасан шалгуур үзүүлэлтийг хангахгүй байна” гэсэн хариуг хүргүүлжээ. 

28. Иймд, хариуцагч тендерийн Үнэлгээний хорооны, бага үнийн санал ирүүлсэн “З” компанийг шалгаруулж, захиалагчаас тус компанитай 2019/148 дугаартай “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан шийдвэр хуулийн дээрх заалтуудад болон мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчимд нийцсэн, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон 2 шатны шүүхийн шийдэл зөв байна.  

29. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Үнэлгээний хороо нь тендер хянан үзэх үе шатыг хуулийн дагуу хийгээгүй, тендерийн хүчинтэй хугацаа дууссан байхад ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ...шүүх нотлох баримтыг хангалттай бүрэн цуглуулаагүй, ...нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

30. Учир нь, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны А/89,  2019 оны А/62 дугаар тушаалуудаар, тус тендерийн Үнэлгээний хороог 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байх ба тендер шалгаруулалтад Үнэлгээний хорооны дарга, гишүүд 85.7 хувийн ирцтэйгээр оролцож, нийт 47 үзүүлэлтээр тендер тус бүрийг үнэлэн, гишүүд өөрсдийн үнэлгээг гаргаж, дүнг Үнэлгээний хорооны хурлаар хэлэлцүүлж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн “З” компанийн тендерийг шалгаруулсан нь тогтоогдсон, иймд Үнэлгээний хороог Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2.техникийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй юм.   

31. Түүнчлэн, нэхэмжлэгч “А” компаниас тус тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг эс  зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаснаар, тус яамнаас тендер шалгаруулалтын гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлсэн байх бөгөөд гомдлыг хянаж, хариу өгсөн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/3999 тоот албан бичигт “...тендер шалгаруулалтын үйл ажиллагааг түр түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа үүгээр дуусгавар болохыг анхаарна уу” гэжээ. Эдгээрээс үзэхэд тендерийг түр түдгэлзүүлсэнээс шалтгаалж захиалагчийн, тендерт шалгарсан компанитай 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулсаныг хууль зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна.

32. Мөн нэхэмжлэгчийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичиг /ТШӨХ-ийн ТОӨЗ 6.3(а), 6.3(г)/-т заасан шалгуур үзүүлэлтийг хангахгүй талаар Сангийн яамнаас дүгнэсэн тул анхан шатны шүүхээс энэ талаар шүүхийн шийдвэрт дүгнэснийг нэхэмжлэлийн шаардлагаас хальсан гэж үзэхгүй бөгөөд тус шүүхээс хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж, тэдгээрт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, иймд энэ үндэслэлээр гаргасан хяналтын гомдлыг хангах  боломжгүй болно.

33. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0762 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 94 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                            ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА