Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2017/00371

 

Л.Батдэлгэр, Ж.Даваасүрэн, Б.Баясах,

Б.Тэгшдэлгэр, Л.Мөнхжаргал нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/06161 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 119 дүгээр магадлалтай,

Л.Батдэлгэр, Ж.Даваасүрэн, Б.Баясах, Б.Тэгшдэлгэр, Л.Мөнхжаргал нарын                                                                      нэхэмжлэлтэй,

         “Топуна” ХХК-д холбогдох

          Барилга буулгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинзоригийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Батдэлгэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг, түүний өмгөөлөгч, нэхэмжлэгч Б.Тэгшдэлгэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх, нэхэмжлэгч Ж.Даваасүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинзориг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгч Л.Батдэлгэрийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэгийн гаргасан тайлбарт: “Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Зохиомж” дээд сургуулийн баруун талд "Топуна" ХХК-ийн барьж байгаа барилга нь “Зохиомж” дээд сургуулийн хажуугийн орон сууцны баруун тийш харсан манай гэрийн цонхоор тусах нарны гэрлийг хааж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Энэ асуудлаар 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд урьдчилан шийдвэрлүүлэх журам хангуулахаар 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 83 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Оршин суугчдын зүгээс урьдчилан шийдвэрлэх журам хангуулж, барилгыг буулгуулахаар эрх бүхий байгууллагад хандсан бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 07/886, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 6/1294 тоотоор шүүх хуулийн байгууллагад хандаж маргааныг шийдвэрлүүлэх хариу өгсөн. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргад 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 360 тоот хүсэлт гаргахад асуудлыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 361 дүгээр тоотоор Нийслэлийн Засаг даргад хүсэлт хүргүүлсэн боловч хариу өгөөгүй. Маргаж буй барилга нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, хууль бусаар баригдсан. "Топуна" ХХК буюу эмнэлгийн хашаанд барьж байгаа барилгыг буулгаж өгнө үү” гэжээ.

   Нэхэмжлэгч Ж.Даваасүрэн, Л.Мөнхжаргал, Б.Баясах, Б.Тэгшдэлгэр нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ц.Гансүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Хариуцагчийн барьж буй барилга нь хажуугийн орон сууцны оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Энэ нь нарны гэрэл хаасан, хоорондын зай бага байгаагаар тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нар байнга харанхуй нарны гэрэл үзэхгүй орчинд амьдарч, харанхуй байгаа тул байнга гэрлээ асааж цахилгааны мөнгө их гарч байгаа. Барилга хоорондын зай бага байгаагаас хэрэв ямар нэг юм болбол галын машин голоор орох боломжгүй байнгын түгшүүртэй амьдарч байна. Бид холбогдох байгууллагад олон удаа хандсан. Хариуцагчид төрийн байгууллагаас олон удаа шаардлага тавьж, Дүүргийн Засаг дарга хүртэл газар чөлөөлөх захирамж гаргасан боловч биелүүлээгүй. Нэхэмжлэгч нараас 3-6 давхрыг буулгах шаардлага гаргаж байгаа. Учир нь нэхэмжлэгч нар 3-6 давхарт амьдардаг.” гэжээ.

          Хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинзоригийн гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэгч нарын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: Манай компани 1998 онд худалдах-худалдан авах гэрээгээр "Элемент" ХХК-иас Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах агуулахын барилгыг газрын хамт худалдан авч 1999 онд орон сууц, автогараашийн зориулалттай 2 давхар барилга болгон өргөтгөж ашиглалтанд оруулсан. Гэтэл “Зохиомж" ХХК нь 2003 онд барилгын баруун талд 1 м хүрэхгүй зайтай 3 давхар орон сууцны барилга, 2010 оноос 2011 онд ар талд нь хашаанд тулган нэхэмжлэгч Л.Батдэлгэрийн одоо амьдарч байгаа 11 давхар дуусаагүй барилгыг хууль зөрчин, ямар ч зөвшөөрөлгүйгээр 3 давхраас консалт гарган, манай 2 давхар барилгын цонх, дээврийг хааж, бидний эрхийг зөрчин, компанийн хэвийн үйл ажиллагаанд саад бэрхшээл учруулан, эсрэгээрээ биднийг хохироосон үйлдэл гаргасан. Нэхэмжлэгч Л.Батдэлгэр нь "Зохиомж" ХХК-ийн батлагдсан зураг төсөлгүй, улсын комиссын акт шийдвэргүй, бүрэн дуусаагүй барилгыг орон сууцны зориулалтаар ашиглаж, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа нь Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтуудыг зөрчиж байна. “Топуна" ХХК-ийн барьж байгаа барилга "Зохиомж" дээд сургуулийн хажуугийн орон сууцны барилгын цонхноос 13 м зайд байгаа нь иргэн Л.Батдэлгэрийн цонхоор тусах нарны гэрлийг хааж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй. Мөн иргэн Л.Баттдэлгэрийн гэрийн цонхоор өдрийн турш хангалттай 2.5 цагаас дээш нар тусч гийгүүлж байгаа нь нарны тусгалын үргэлжлэх норматив хугацаа "Нутгийн умард хэсэг буюу хойд өргөргийн 48 градус ба түүнээс хойш 3 дугаар сарын 22-ны өдрөөс 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд өдөрт 2.5 цагаас багагүй байхаар" тогтоосон орон сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж БНбД 23-04-07 эрүүл ахуйн норм дүрмийг зөрчөөгүй байна. Маргаж буй барилга нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/40 тоот захирамжаар хугацааг сунгаж олгогдсон газрын зөвшөөрөлтэй, 2012 онд "АЕСН" ХХК-ийн боловсруулсан "Топуна" ХХК-ийн оффис, үйлчилгээний зориулалт бүхий барилгын иж бүрэн зураг төсөлтэй баригдаж байгаа 6 давхар барилга юм. Л.Батдэлгэр нь шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ манай барилгыг буулгах, нураах шаардлага тавьж байгаа нь биднийг дарамталж, цаад утгаараа "Зохиомж" ХХК хямд үнээр энэ барилгыг худалдан авахаар санаархаж, их мөнгө төгрөг манай байгууллагаас салгах зорилготой шүүхэд ханджээ. Манай барилгын ажил эхэлсэн цагаас "Зохиомж" ХХК-иас зохиомол газрын маргаан үүсгэх, байнга мөнгө төгрөг нэхэх, сургуулийн удирдах Зөвлөлийн гишүүд, хотын захиргааны өндөр албан тушаалтнуудаар нөлөөлүүлэн "Топуна" ХХК-ийн үйл ажиллагаанд саад учруулах, хороо, дүүргийн Засаг дарга, цагдаа, нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, газрын албанаас удаа дараа шалгалт оруулж үйл ажиллагааг зогсоолгох, хууль бус шийдвэр гаргуулах, ажил албан тушаалаас халуулах, сонин хэвлэл, радио телевиз, олон нийтийн хэвлэл мэдээллээр нэр төрд халдах, барилгаа хямд үнээр зарж борлуулахыг шаардах, орон сууцныхаа оршин суугч нарыг бидний эсрэг турхирах зэрэг хууль бус үйлдлийг байнга явуулж бидний амар тайван ажиллах, хөдөлмөрлөх, амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд энэ асуудлуудыг хууль, шударга ёсонд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү. Манай барилга 70 хувийн гүйцэтгэлтэй, албан ёсны зөвшөөрөлтэй барилга барьсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлээд байгаа дүүргийн Засаг даргын газар чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгосон. Манай барилга нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөөгүй. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.” гэжээ.

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/06161 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 57/3 хаягт байршилтай "Топуна" ХХК-ийн өмчлөлийн 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын 2 давхраас дээш буюу 3-6 давхрыг албадан буулгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Батдэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Топуна" ХХК-иас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Батдэлгэрт олгож шийдвэрлэжээ.  

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 119 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/06161 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинзоригийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “...магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул дараах үндэслэлээр хариуцагчийн зүгээс гомдлыг гаргаж байна. Үүнд: Шүүх Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт “энэ хуулийн 135.3-т заасан барилга байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах зайлуулахыг шаардах эрхтэй” гэсэн хуулийн заалтыг баримтлан маргаан бүхий барилгыг 2 давхраас дээш буюу 3 давхраас 6 давхрыг албадан буулгахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны болоогүй. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасан шаардах эрхийг мөн хуулийн 135.3 дахь хэсэгт заасан “хөрш залгаа газрын эзэмшигч” шаардах эрхтэй байхаар хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч нар өмчилдөг барилга нь 11 давхар, Зохиомж дээд сургуулийн өргөтгөлтэй барилга юм. Уг барилгын өмчлөгч хэдэн хүн уг шаардах эрхийг гаргах эрхгүй этгээдүүд болно. “Хөршийн хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилсан барилга байгууламж байна гэж” хууль хууль зохицуулсан бөгөөд тухайн маргаан бүхий барилгаас гаралтай зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн нөлөөлөл үүссэн байхыг хууль шаарддаг. Гэтэл шинжээчийн дүгнэлт нь зөвхөн нэхэмжлэгч Ж.Даваасүрэнгийн өмчлөлийн ганц цонхтой, нэг өрөө 8 тоот орон сууцны цонхонд тусах нарны тусгал нь барилгын норм дүрмийг зөрчиж байна гэж дүгнэсэн нь бусад нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдөөгүй гэдгийг нотолно. 2 шатны шүүх хэргийн нотлох баримтанд тулгуурлаагүй, нарны гэрлийг бүхэлд нь хаасан гэж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Уг барилгыг буулгуулах талаар Улсын Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт огт гаргаагүй байхад шүүх дүгнэлт гаргасан мэтээр дүгнэж байгаад, хэрэгт хамааралгүй, Нийслэлийн Засаг дарга нь зөвшөөрсөн байхад Баянзүрх дүүргийн Засаг даргын “барилга буулгуулах тухай" захирамжийг үндэслэж байгаад тус тус гомдолтой байна. “Цэнхэр дөхөм” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт нь маргаан бүхий барилга нь барилгын норм ба дүрэмд заасан стандартыг хангах эсэх талаар л гаргасан дүгнэлт юм. Барилга барих бүх зөвшөөрлийг авсан байхад огт зөвшөөрөлгүй барьсан гэж буруутгаж байгаад гомдолтой байна. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэг нь уг барилгыг барих зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй эсэх нь ач холбогдолгүй заалт бөгөөд зөвхөн хөршийн хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилсан барилга байгууламж байхыг шаардсан заалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Түүнчлэн шүүх барилгын норм дүрмийг зөрчсөн гэсэн Хөрөнгийн үнэлгээний төв, “Цэнхэр дөхөм” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр хэт нэг талыг барьж үйлчилсэн. Хөрш залгаа газраас үүдэлтэй нөлөөлөл нь ноцтой байх тохиолдол болгонд нөлөөлж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрх газар өмчлөгч, эзэмшигчид олгоод байдаггүй нь Иргэний хуулийн 135.1, 135.2 дахь хэсэгт зохицуулагдсан байдаг. Уг ноцтой нөлөөлөл нь хөрш залгаа газрыг тухайн орчинд нийцсэн ашиглалтаас улбаатай эсэх нь чухал. Бусдын газарт нөлөөлж байгаа газрын ашиглалт нь тухайн орчинд нийцсэн байвал нөгөө тал түүнийг хүлцэх үүрэг хүлээдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, нэхэмжлэгч Л.Батдэлгэрийн хүсэлтээр бусад нэхэмжлэгч нарыг тогтоодог бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй, хэрэгт өөрийн хууль ёсны эрх ашгийг зөрчигдсөн гэж хүсч нэхэмжлэл гаргасан хууль ёсны нэхэмжлэгч нар биш юм. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байсаар байхад шүүх хэт нэг талд үйлчилсэн. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 119 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хөршийн эрх зүйн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн боловч хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

          Нэхэмжлэгч Д.Батдэлгэр нь хариуцагч “Топуна” ХХК-д холбогдуулан хариуцагчийн барьж байгаа барилга гэрийнх нь цонхоор тусах нарны гэрлийг хааж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул  Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо “Зохиомж” дээд сургуулийн баруун талд барьж буй 6 давхар барилгыг буулгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Даваасүрэн, Б.Баясах, Б.Тэгшдэлгэр, Л.Мөнхжаргал нар хамтран нэхэмжлэгчээр оролцсон ба нэхэмжлэлийн шаардлагаа “6 давхар барилгын 3-6 давхрыг буулгуулах” тухай болгож өөрчилжээ.

Хариуцагч “Топуна” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “Зохиомж” ХХК-ийн барьсан, нэхэмжлэгч нарын оршин сууж буй барилгыг анх барихдаа консалт татаж, агаарын хилийг нь зөрчсөн, харин 1998 онд худалдаж авсан өөрийн обьектыг өргөтгөн барьж байгаа барилга нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчөөгүй, нарны гэрлийг нь хаагаагүй гэж маргажээ.

          1998 онд хариуцагч “Топуна” ХХК нь “Элемент” ХХК-иас Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах агуулахын барилгыг газрын хамт худалдан авсан, “Итгэлт-Аудит” ХХК-ийн 2002 оны 11 сарын 06-ны өдөр гаргасан үнэлгээний тайлангаас үзэхэд дээрх обьектыг худалдаа, үйлчилгээний 2 давхар барилга болгож, өргөтгөн ашиглаж байжээ. /I-хх-70-74,76-91/ Энэ 2 давхар барилгыг албан контор, үйлчилгээний барилгын зориулалттайгаар 168х168 м хэмжээтэй, зоорьтой, 6 давхар болгож өргөтгөх ажлыг 2010 оноос эхлүүлсэн ба зураг төслийг “АЕСН” ХХК гаргасан байна. /I-xx-95/

          Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 сарын 07-ны өдрийн А/173 дугаар захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэрт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барилга усгралтын ажил эхлүүлсэн зөрчилтэй 41 аж ахуйн нэгж байгууллагын жагсаалтыг гаргаж, зөрчил дутагдлыг арилгасан талаарх холбогдох байгууллагын шийдвэр, дүгнэлтийг үндэслэн ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хууль, дүрмийн дагуу олгож ажиллахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгажээ.

Дээрх жагсаалтын 38-д нэхэмжлэгч нарын оршин суудаг барилга болох  Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 40б байрны хойд талд “Зохиомж” дээд сургуулийн өргөтгөлийн барилга батлагдсан зураг төсөлгүй, Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй гэсэн бол мөн жагсаалтын 40-д хариуцагчийн барьж буй Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, “Зохиомж” дээд сургуулийн баруун талд “Топуна” эмнэлгийн хашаан доторх орон сууцны барилга нь батлагдсан зураг төсөлгүй, Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй гэж тус тус орсон байна. /I-xx-187-190/

Хариуцагч “Топуна” ХХК нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас  Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх 131/2014 дугаар зөвшөөрөл авсан байна. /II-xx-90-93/  Гэвч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас хариуцагчид ирүүлсэн 2014 оны 07 сарын 07-ны өдрийн 7/2004 тоот албан бичгээр “...барилга барихыг иргэн Л.Батдэлгэр эсэргүүцэн Баянзүрх дүүргийн шүүхэд гомдол гаргасныг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байгаа учир 131/2014 дугаар зөвшөөрлийг хүчингүй болгох” тухай мэдэгдсэнээс үзэхэд хариуцагчийг барилгыг зөвшөөрөлгүй барьж байгаа гэж буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. /II-xx-103/

Хэрэгт авагдсан баримт, гэрэл зураг, зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч нарын оршин сууж буй Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Зохиомж дээд сургуулийн хажуугийн орон сууцны барилга болон хариуцагчийн барьж буй Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Зохиомж дээд сургуулийн баруун талд 0.2 га талбайд баригдсан дуусаагүй барилгыг Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д заасан хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ. 

Зохигчдын хүсэлтээр шүүхээс шинжээчээр томилогдсон “Барилгын хөгжлийн төв”-өөс 2 удаа, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК болон “Цэнхэр төхөм” ХХК шинжээчийн дүгнэлт гаргасан нь хэрэгт авагдсан байна. /I-xx-176-183, II-xx-134-144, I-xx-204-209, II-xx-216-219/

“Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ын 5.26-д зааснаар сууцны өрөө тасалгаанд нарны шууд тусгалын үргэлжлэх норматив хугацаа өдөрт 2.5 цаг байх нь тохиромжтой гэжээ.

             “Барилгын хөгжлийн төв” болон “Цэнхэр төхөм” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтэд “Топуна” ХХК-ийн хөрш залгаа барилгын 8 тоот айлын 8-1 цонхонд нар тасралтгүй 1 цаг 35 минут тусаж байгаа нь барилгын норм ба дүрмийн 23-04-07-ийн 3.5, 3.6 заалт, мөн 31-01-10-ын 5.26 заалтыг зөрчсөн, харин 9, 11, 12, 15, 18 тоот айлуудын хувьд барилгын норм ба дүрмийн 31-01-10-ын 5.26 заалт зөрчигдөөгүй, нарны тусгалын хэмжээ хэвийн байна гэжээ.

            Иргэний хуулийн 135 дугаар зүйлд хөршийн нөлөөллийг хориглон хязгаарлах буюу хориглон хязгаарлаж үл болох нөхцлийн талаар зохицуулжээ. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн  135.3-т “Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй” гэж заасан, шинжээчийн гаргасан дээрх дүгнэлтээр 8 тоот айлын 8-1 цонхонд нар тусах норматив хэмжээндээ хүрээгүй байдлыг “ноцтой” хохирол гэж үзэх нь хуулийн энэ зохицуулалтад нийцэхгүй тул нэхэмжлэгч нарт хариуцагчаас барилгыг хэсэгчлэн буулгахыг шаардах эрх үүсэхгүй.   

Нэхэмжлэгч нарын оршин сууж буй байр болон хариуцагчийн барьж буй барилгын зураг, кадастрын зураг, зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт, түүнд хавсаргасан зургаас үзэхэд хариуцагчийн барьж буй 6 давхар барилга нь түүний эзэмшлийн газар дээр баригдсан буюу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдаагүй, харин нэхэмжлэгч нарын оршин сууж буй консалт хийгдэж баригдсан орон сууцны барилгын зарим хэсэг нь хариуцагчийн тогтоосон хил хязгаарыг агаараар давсан байрлалтай болох нь тогтоогджээ. /I-xx-149-154,180-183,208-209, II-xx-87,88, 137-144,160/

Нэхэмжлэгч нарын орон сууц хариуцагчийн эзэмшил талбайд агаарын хилээр нэвтэрснээс “Топуна” ХХК-ийн хөрш залгаа барилгын 8 тоот айлын 8-1 цонхонд нарны тусгал норматив хэмжээндээ хүрэх нөхцөл хангагдаагүй байх  тул хариуцагч “Топуна” ХХК-ийн барьж буй барилгыг хөршийн эрхэд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь “Энэ хуулийн 135.3-т заасан барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эрх эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах” эрхгүй.

        Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй, зохигчдын хооронд үүссэн маргааныг “Хөршийн нөлөөллийг хориглон хязгаарлах буюу хориглон хязгаарлаж үл болох” Иргэний хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж алдаа гаргасан байхад шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчсөн гэж үзнэ.

         Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинзоригийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/06161 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 119 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “Топуна” ХХК-д холбогдох барилга буулгуулах тухай иргэн Л.Батдэлгэр, Ж.Даваасүрэн, Б.Баясах, Б.Тэгшдэлгэр, Л.Мөнхжаргал нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Топуна” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

                                                      ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН