Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 327

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2017/00327

     Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 1Б хэсэг, Доржийн гудамж, 36 дугаар байр, 1 тоотод оршин суух Сартуул овогт Даваасамбуугийн Бат-Эрдэнэ /Регистрийн дугаар ГЭ75021014/-ийн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Цэвээндоржийн Бадмаарай /Регистрийн дугаар АЯ66120673/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Д.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Даваасамбуу овогтой Бат-Эрдэнэ миний бие иргэн Цэвээндорж овогтой Бадмаарайгаас Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Арцат бага хуандай гудамжны задгайд /Гацуурт/ орших газрыг 5 сая төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг өгсөн. Гэтэл Ц.Бадмаарай нь өөр хүнд зарсан газраа надад дахин зарж намайг залилан мэхэлсэн нь нотлогдсон бөгөөд надад 1,950,000 төгрөг буцааж өгсөн. Миний бие иргэн Ц.Бадмаарайгаас дээрхи төлбөрийн үлдэгдэл болох 1,050,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Цолмонгэрэл “Хаяг тодорхойгүй байна” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох шүүгчийн захирамж гаргасан тул Ц.Бадмаарайг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч Д.Бат-Эрдэнэ нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Цэвээндоржийн Бадмаарай /Регистрийн дугаар АЯ66120673/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан байна.

          Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

          Д.Бат-Эрдэнэ нь 1,050,000 төгрөгийг Ц.Бадмаарайгаас гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШЗ2017/00731 дугаар захирамжаар “хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-3/

          Иймд, Ц.Бадмаарайг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг цагдаагийн байгууллагад даалгах үндэслэлтэй.

Хүсэлт гаргагч Д.Бат-Эрдэнэ нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                                 ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Арцат бага хуандай гудамж, задгайд оршин суух хаягтай Боржигон овогт Цэвээндоржийн Бадмаарай /Регистрийн дугаар АЯ66120673/-г эрэн сурвалжлуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦЭРЭНДОЛГОР