Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/01528

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/01528

 

 

Ц.Цэцэнбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2018/00885 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Цэцэнбилэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Шинжлэх ухааны академи, Философийн хүрээлэнд холбогдох,

Философийн хүрээлэнгийн захирлын 2018 оны 02 сарын 02-ны өдрийн Б/23 тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Долгорсүрэн, Д.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Цэцэгбилэгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ц.Цэцэнбилэг нь Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарт эрдэм шинжилгээний ажилтнаар 31 дэх жилдээ, салбарын эрхлэгчээр 7 дахь жилдээ ажиллаж байна. Ц.Цэцэнбилэг тус хүрээлэнгийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/23 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн Дүрэм дэх захирлын үүргийг тусгасан 6.3.в, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2017-2019 оны хамтын гэрээний 2.2, 1.4 дэх заалтыг зөрчсөн. Захирал хүрээлэнгийн ажилтнуудтай 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан. Гэтэл Ц.Цэцэнбилэгийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулалгүй гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болно.

Захирлын тушаалын тушаах хэсэгт нэхэмжлэгчийн үүрэгт ажилтай холбоотой гаргасан ямар тушаал шийдвэр биелүүлээгүйг, мөн ямар зөрчил гаргасныг тодорхой дурдаагүй. Түүнчлэн гаргасан зөрчил нь бодитой нотлогдож буй эсэхийг үнэлж тогтоосон нь ч тодорхойгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан тушаалд үндэслэсэн боловч ямар ноцтой зөрчил болон ямар зөрчлүүд давтан гаргасан нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн байх тул Философийн хүрээлэнгийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/23 тоот тушаалыг хүчингүй болгож, Ц.Цэцэнбилэгийг Социологи, нийгмийн сэтгэлзүйн салбарын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Шинжлэн ухааны академи Философийн хүрээлэнгийн тайлбарт: Нэхэмжлэгч Ц.Цэцэнбилэг нь салбарын эрхлэгчийн ажил, үүргийн болон эрдэм шинжилгээний ажилтны хуулиар хүлээх үүрэг ёс зүй, төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцаанд давуу байдал тогтоохыг хориглосныг зөрчин, үйл ажиллагаандаа баримтлан ажиллаагүй, хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журам, дүрэм, хөдөлмөрийн гэрээ, ажпын байрны тодорхойлолтонд заасан үүрэг болон удирдлагын зүгээс өгсөн цаг, үеийн шуурхай хэрэгжүүлэх үүрэг, даалгавар, шаардлага, шийдвэрийг зөрчсөн үйлдэл гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.5.5, 6.5.6, 8 дугаар зүйлийн 8.15, 10 дугаар зүйлийн 10.3.1, 10.3.2, дүрмийн 6 дугаар зүйлийн 6.4.в, Хөдөлмөрийн гэрээний 3.2.г дэх заалтыг тус тус үндэслэн хүрээлэнгийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/23 тоот тушаалаар Социологи, нийгэм сэтгэл зүйн салбарын эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлж, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулах тушаал гаргасан. Ц.Цэцэнбилэгийг Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захирал Академич Ж.Амарсанаа 2009 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 28 тоот тушаалаар салбарын эрхлэгчээр томилон, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулж байсан. 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 20 тоот тушаалдаа Ц.Цэцэнбилэгийг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гарч, урьд нь байгуулсан хөдөлмөрийн гэрээ сунгагдан, хүчин төгөлдөр үйлчилж байсан. Ц.Цэцэнбилэг нь хүрээлэнгийн захирлын эсрэг хуйвалдаан зохион байгуулж, албан тушаалаас халуулах гэж хууль бусаар гүтгэн доромжилсон зэрэг үйлдэл гаргасан. Ц.Цэцэнбилэг нь ажлын байрны тодорхойлолтын 3.3, хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.15, 8 дугаар зүйлийн 8.1, 6 дугаар зүйлийн 6.5.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл гаргасан. Ц.Цэцэнбилэг нь ажил үүргээ биелүүлж ажилладаггүй. Философийн хүрээлэн, Улаан-Үдийн Хүрээлэн хамтран ажиллах гэрээний ажлыг зохион байгуулахад гэрээний талд дуулгах үүрэг даалгаврыг биөлүүлээгүй талаар 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурал дээр сануулсан. Ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан үүргээ биелүүлж ажиллаагүй хамт олноо төлөөлөн оролцож байгаа төсөлд хувиар бие даан орж хамт олны хийсэн ажлыг өөрөө хийсэн болгож үгүйсгэдэг үйлдэл удаа дараа гаргаж байсан энэ үйлдлийг нь хамт олон гэрчилнэ.

Гадаадтай хамтарсан 2 төслийн үр дүн, ажлыг хүлээлгэн өгөөгүй, он дамнуулан хугацаа хэтрүүлж ажил үүргээ биелүүлээгүй. Философийн хүрээлэнгийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1, 2.2, 2.3, Хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.5.6, 10 дугаар зүйлийн 10.3.1, Хөдөлмөрийн хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, тус тус зөрчсөн. Хөдөлмөрийн гэрээний 3.2.г, ажлын байрны тодорхойлолтонд заагдсан аль нэг ажил үүргийг хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж үзэхээр заасны дагуу ажлын байрны тодорхойлолтын 2.5, 3.1, 3.6, 3.9, З.в-д заасан ажил үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул Ц.Цэцэнбилэгийг албан тушаалаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Ц.Цэцэнбилэгийг Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгээс 3 012 060 төгрөг гаргуулж Ц.Цэцэнбилэгт олгон, Ц.Цэцэнбилэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 63 143 төгрөг гаргуулж улсад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Ариунаагийн давж заалдах гомдолд: Шүүх нэхэмжлэгч Ц.Цэцэнбилэг ШУА-ийн Философийн хүрээлэнгийн удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгавар, төслийг гүйцэтгэснийг нотлох баримтын шаардлага хангасан баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад гэрчийн худал мэдүүлгийг үндэслэл болгож шийдвэр гаргасан. Мөн нэхэмжлэгч эдгээр төслийн ажлыг хийгээгүй, ном гаргаагүй хурал зохион байгуулаагүй гэдгийг салбарын хамт олон болон ШУТ-ийн сан баталж байгаа энэ талаар холбогдох нотлох баримтыг ШУТ-ийн сангаас нотлох баримтаар гаргуулах шаардлага гаргахад өмгөөлөгч болон нэхэмжлэгч энэ ажлаа гүйцэтгээгүйгээ хүлээн зөвшөөрч байгаа учраас шүүх хурлыг хойшлуулж нотлох баримтыг гаргуулах шаардлагагүй хүлээн зөвшөөрч байгаа гэж хэлсэн. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу нэхэмжлэгч ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарын эрхлэгч Ц.Цэцэнбилгийг ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулсан тул шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах нөхцөл /гипотез/ бий болоогүй байхад шүүх иргэний хэрэг үүсгэж тус хэргийг хянан шийдвэрлэсэн.

Шүүх ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирлын 2018 оны 02 сарын 02-ны өдрийн Б/23 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалын хууль зүйн үндэслэлийн хүрээнд /зааг, хязгаар/ байх ёстой байтал ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2017-2019 оны хамтын гэрээг нотлох баримтаар үнэлж хууль зөрчиж, тус хэргийг хууль бус шийдвэрлэсэн.

Ц.Цэцэнбилэг нь үйлдвэрчний эвлэлийн дарга А.Хишигдаваатай ашиг сонирхлын зөрчилтэй, хүрээлэнгийн захирлыг огцруулах шаардлага гарган, гүтгэсэн. Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүд оролцдоггүй зохих журмаар үйл ажиллагаа явуулдаггүй тиймээс бидэнтэй хэлэлцэх шаардлагагүй гэдгийг батлан хэлсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүдийн тайлбарыг шүүгч үнэлээгүй. ШУА-ийн Философийн хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг О.Хатанболд авч явсан гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хангаагүй, мөн хүрээлэнгийн 2017 оны 10 сарын 23-ны өдрийн хурлын протоколийн Ц.Цэцэнбилэгээ чи төслийн ажлаа тооцоогоо маргаашийн дотор дуусга хатуу сануулж байна гэснийг шүүх үнэлээгүй. Төслийн ажлыг гүйцэтгээгүйгээс хүрээлэн гол захиалагч байгууллагаас ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй гэсэн дүгнэлт авч байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 сарын 04-ний өдрийн сахилга хариуцлага дэг журмыг сайжруулах тухай албан даалгавар, БСШУСайдын 2017 оны А/288 тоот сахилга хариуцлагыг сайжруулах тухай тушаал, 2017 оны 11 сарын 30-ны өдрийн 100 тоот тушаалын дагуу салбарын эрхлэгч нар сахилга хариуцлага, цаг ашиглалтад хяналт тавих үүрэг хүлээлгэсэн энэ ажил үүргийн хувьд хүлээсэн үүргээ зөрчиж салбарын ажилтнуудын цаг ашиглалтад хяналт тавьж зүй зохистой удирдан зохион байгуулж ажиллаагүй. 2014-2016 оны гадаадтай хамтарсан төслийн ажлын гүйцэтгэл өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байгааг Ц.Цэцэнбилэгт ШУТСангаас 2018 оны 05 сарын 28-ны өдрийн судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн нь 01/102 тоот албан бичгээр гэрчлэгдэж байна. ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирлын 2018 оны 02 сарын 02-ны өдрийн Б/23 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.5.5, 6.5.6, 8 дугаар зүйлийн 8.3, 10 дугаар зүйлийн 10.3.1, 10.3.2, Философийн хүрээлэнгийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.4.в, хөдөлмөрийн гэрээний 3.2.г дэх заалтыг тус тус үндэслэж гаргасан. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсгийг тус тус зөрчиж, шүүх хурал 2018 оны 05 сарын 03-ны өдөр болж шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, шүүхийн шийдвэрийг 2018 оны 05 дүгээр сарын 23-ны өдөр хүлээж авсан. Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Цэцэнбилэг нь хариуцагч Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнд холбогдуулан Философийн хүрээлэнгийн захирлын 2018 оны 02 сарын 05-ны өдрийн Б/23 тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг Шинжлэх ухааны академийн философийн хүрээлэнгийн Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарын  эрхлэгчээр ажиллуулж байгаад 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар хөдөлмөрийн дотоод журам, дүрэм, ажлын байрны тодорхойлолтын 2.3, 3.1, 3.2, 3.3 дахь заалтад заасан хариуцан гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэж хөдөлмөрийн гэрээний 3.2 Г-д заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Уг тушаал утга, агуулгын хувьд ойлгомжгүй байхын зэрэгцээ ажилтан нь хөдөлмөрийн дотоод журмын ямар зүйл, заалтыг зөрчсөн, ямар дүрмийг биелүүлээгүй болох нь тодорхой бус байна.

 

Ажил олгогч санаачилгаараа хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, ажилтны гаргасан зөрчил нь тогтоогдсон байх шаардлагатай.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 3.2 Г-д ажлын байрны тодорхойлолтод заагдсан аль нэг ажил үүргийг хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцохоор заасан байх боловч хэрэгт нэхэмжлэгч Ц.Цэцэнбилэгийн ажлын байрны тодорхойлолт авагдаагүй, түүнийг ямар ажил үүргийг биелүүлээгүй болохыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тодорхойлох боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар уг байдлаа хариуцагч байгууллага нотлох үүрэгтэй.

 

Ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журмын 6.2.1-д заасан ажилтны ажил үүргийн хуваарийг оновчтой, тодорхой тогтоох үүргээ биелүүлээгүй, ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг гардуулж өгсөн талаар баримтгүй байхад уг тодорхойлолтод тусгасан ажлыг хийж гүйцэтгээгүй гэж үзэхэд учир дутагдалтай, шүүх нэхэмжлэгч Ц.Цэцэнбилэгийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ.

 

Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчийг салбарын ажилтны сахилга хариуцлагад хяналт тавиагүй, ажлын цаг ашиглалт хангалтгүй, Г.Төрхишигт олон хоногийн чөлөө өгсөн, Ц.Цэцэнбилэг удирдагчтай 2011-2013 онд гүйцэтгэх Өөрчлөгдөж буй нөхцөл дэх Орос, Монголын нийгмийн адилсал, бүтцийн өөрчлөлт, 2014-2016 оны Орос болон Монголын өөрчлөгдөж буй нийгмийн интеграци, задралын үйл явц сэдэвт 2 төслийн үр дүн, ажлыг хүлээлгэн өгөөгүй, Философийн хүрээлэн, Улаан-Үдийн хүрээлэн хамтран ажиллах гэрээ болон төсөл, хурлын тухай материал бэлдэх үүрэг даалгаврыг биелүүлээгүй зөрчил гаргасан гэж тайлбарладаг боловч уг тайлбараа эргэлзээгүй баримтаар нотолж чадаагүй байна.

Хариуцагч байгууллагын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн захиргааны зөвлөлийн, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Эрдмийн хамт олны, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хамт олны хурлын тэмдэглэлүүдээс үзэхэд нэхэмжлэгчийг Г.Төрхишигийн өргөдлийг цохохдоо үндэслэлийг анхаараагүй, захирлаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй талаар яригдсан боловч ямар үүрэг, даалгаврыг хэзээ өгсөн, үүргийг хэрхэн биелүүлэх байсан зэргийг хэлэлцээгүй байна. Тодруулбал, хуралдаанд хариуцагч байгууллагын захирал Ш.Ариунаагийн ... Ц.Цэцэнбилэгт даалгавар өгөхөөр тэгье гэж хэлээд чимээгүй болдог, Орос улс руу явахад хойноос өгөөд явуулна гэсэн байхгүй, ... Г.Төрхишигийн өргөдөлд Ц.Цэцэнбилэг эрхлэгч танилцлаа гэсэн цохолт бичээд, ард нь зөвшөөрсөн гэснийг юу гэж ойлгох вэ гэж хэлснийг үндэслэн ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж эргэлзээгүй дүгнэн нэхэмжлэгчид хариуцлага тооцох боломжгүй, шүүхээс энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Мөн шүүх Г.Төрхишигт чөлөө олгосон байдлыг нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд холбох боломжгүй, салбарын эрхлэгчийн зөвшөөрлөөс үл хамааран ажилтанд 3-аас дээш өдрийн чөлөөг хүрээлэнгийн захирал тушаалаар олгодог гэж дүгнэсэн байх ба энэ талаарх баримт хэргийн 30-31 дүгээр талд авагдсан байна.

Шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохдоо нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 213 816 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцжээ.

Дээрх үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2018/00885 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

А.МӨНХЗУЛ