Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 885

 

 

 

 

 

            2018 оны 05 сарын 03 өдөр

    Дугаар 182/ШШ2018/00885

      Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Нэхэмжлэгч: Дамарт овогт Цэвээний Ц /ХА65021065/, Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, хатанбаатар магсаржав гудамж, 012 байр, 6 тоот

 

Хариуцагч: ШУАФХ, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Баруун сэлбийн гудамж 15, Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн нэгдсэн 2 дугаар байр

 

Философийн хүрээлэнгийн захирлын 2018 оны 02 сарын 02-ны өдрийн Б/23 тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Пүрэвням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сайханжаргал, М.Долгорсүрэн, гэрч О.Хатанболд, Д.Чулуунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд түүний төлөөлөгч гаргасан тайлбартаа: Ц.Ц нь Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарт эрдэм шинжилгээний ажилтнаар 31 дэх жилдээ, салбарын эрхлэгчээр 7 дахь жилдээ ажиллаж байна. Ц.Ц тус хүрээлэнгийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/23 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын үндэслэл болгосон холбогдох хууль, дүрэм, журмын заалтуудыг үндэслэлгүй, баталгаагүй, зөрчилтэй хэмээн үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Цийг үүрэгт ажлаас чөлөөлсөн тус тушаал нь дараах хууль тогтоомж, дүрэм журам, хамтын гэрээний заалтуудыг ноцтой зөрчжээ. Үүнд: Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн Дүрэм дэх захирлын үүргийг тусгасан 6.3.в дэх заалт буюу “...албан хаагчидтай хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ, шаардлагатай тохиолдолд ажил гүйцэтгэх гэрээ байгуулах, биелэлтийг дүгнэх, цуцлах” гэсэн заалтыг зөрчсөн. Захирал хүрээлэнгийн ажилтнуудтай 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан. Гэтэл Ц.Цийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулалгүй 9 сар ажиллуулсны эцэст хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болно.

Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2017-2019 оны хамтын гэрээний 2.2. дахь заалт буюу “Ажил олгогч нь ажилтныг ажилд авах, хөдөлмөрийн гэрээг цуцлах, сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг Үйлдвэрчний эвлэлийн хорооны оролцоотой шийдвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчсөнөөр Ц.Цийн хууль ёсны хөдөлмөрлөх эрхэнд ноцтой халдаж хохироож байна. Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2017-2019 оны хамтын гэрээний 1.4. дэх заалт буюу энэхүү хамтын гэрээнд заасан заалтуудыг дордуулж зөрчсөн тушаал шийдвэр гаргах, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хориглоно” гэсэн заалтыг мөн зөрчсөн байна.

Захирлын тушаалын тушаах хэсэг нь маш ерөнхий, ойлгомжгүй, үндэслэл муутай, илт гүтгэлгийн шинжтэй болсон, тухайлбал, нэхэмжлэгчийн үүрэгт ажилтай холбоотой гаргасан ямар тушаал шийдвэр биелүүлээгүйг, мөн яг ямар зөрчил гаргасныг тодорхой дурдаагүй байна. Түүнчлэн гаргасан зөрчил нь бодитой нотлогдож буй эсэхийг үнэлж тогтоосон нь ч тодорхойгүй байна. Албан тушаалтны дур зоргын, хууль бус шийдвэрийн улмаас Үндсэн хуулиар олгогдсон нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдож байгаа тул шүүхээс эрхийн хамгаалалт хүсч байна.

Ажлын байрны тодорхойлолтын дагуу салбарын ажилтны сахилга хариуцлагат хяналт тавиагүй, ажлын цаг ашиглалт хангалтгүй, Төрхишигт олон хоногийн чөлөө өгсөн, Эрдэм шинжилгээ судалгааны төслийн удирдагч, гүйцэтгэгчээр ажилласан атлаа 2 төслийн ажлыг хүлээлгэн өгөөгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн зүйлүүдийг хариуцагчийн зүгээс ярьж буй боловч эдгээр нь их тодорхойгүй байна. Тухайлбал, ямар үүрэг даалгавар өгөөд биелүүлээгүй болох, хурлын тэмдэглэл байгаа гэх боловч түүнд тусгагдсан зүйлгүй, 2 төслийн ажлыг хүлээлгэн өгөөгүй гэх боловч түүнийг яаж тооцсон нь тодорхойгүй, төслөөр хийх зүйлээ хийж өгснийг нэхэмжлэгч, гэрч мэдүүлж байгаа, мөн ажлын цагийн ашиглалтанд хэн хяналт тавьдаг нь мэдэгдэхгүй, нэхэмжлэгч хуучны гэрээтэй, ажлын байрны тодорхойлолт байхгүй ба тэдний ажилтан Төрхишигт дарга Ариунаа нь чөлөө өгсөн байримт байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-ийг тушаалд үндэслэсэн боловч ямар ноцтой зөрчил болон ямар зөрчлүүд давтан гаргасан нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

 Ийнхүү нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн байх тул Философийн хүрээлэнгийн захирал Ш.Ариунаагийн гаргасан 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/23 тоот тушаалыг хүчингүй болгож, Цийг “Социологи, нийгмийн сэтгэлзүйн салбарын эрхлэгч”-ийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон түүний төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч Ц.Ц нь салбарын эрхлэгчийн ажил, үүргийн болон эрдэм шинжилгээний ажилтны хуулиар хүлээх үүрэг ёс зүй, төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцаанд давуу байдал тогтоохыг хориглосныг зөрчин, үйл ажиллагаандаа баримтлан ажиллаагүй, хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журам, дүрэм, хөдөлмөрийн гэрээ, ажпын байрны тодорхойлолтонд заасан үүрэг болон удирдлагын зүгээс өгсөн цаг, үеийн шуурхай хэрэгжүүлэх үүрэг, даалгавар, шаардлага, шийдвэрийг зөрчсөн үйлдэл гаргасан тул хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.5.5, 6.5.6 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.15 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.3.1, 10.3.2 дахь заалт, дүрмийн 6 дугаар зүйлийн 6.4.в, Хөдөлмөрийн гэрээний 3.2.г дэх заалтыг тус тус үндэслэн хүрээлэнгийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/23 тоот тушаалаар Социологи, нийгэм сэтгэл зүйн салбарын эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлж, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулах тушаал гаргасан.

Ц.Цийг Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захирал Академич Ж.Амарсанаа 2009 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 28 тоот тушаалаар салбарын эрхлэгчээр томилон, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулж байсан. 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 20 тоот тушаалдаа Ц.Цийг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах, шинээр томилогдсон хоёр салбарын эрхлэгч нарын цалин нэмэгдлийг олгох шийдвэр гаргасан. Ц.Цтэй урьд нь байгуулсан хөдөлмөрийн гэрээ сунгагдан, хүчин төгөлдөр үйлчилж байсан. Ц.Цийн нэхэмжлэлд дурдсан хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулж байсан гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Ц.Цийг албан тушаалаас чөлөөлөхөөс өмнө 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хамт олны хурал дээр холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын ажил, үүрэг, хүрээлэнгийн удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгавар шаардлагыг биелүүлээгүй зөрчсөн хэд хэдэн хүмүүст хариуцлага тооцох, албан тушаалыг өөрчлөх арга, хэмжээ авна гэдгээ хэлж танилцуулсан, хурлын протколд тэмдэглэгдсэн.

Ц.Ц нь Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажилладаг А.Хишигдаваатай найз, нөхдийн харилцаатай мөн хамтран хүрээлэнгийн захирлын эсрэг хуйвалдаан зохион байгуулж, албан тушаалаас халуулах гэж хууль бусаар гүтгэн доромжилсон зэрэг үйлдэл гаргасан. Үилдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүд нь зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаагүй, тэргүүлэгч гишүүдийн хурал нэг ч удаа хийгээгүй, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд нэг ч удаа оролцож байгаагүй, тэргүүлэгч гишүүд зохих журмаар ажилладаггүй, хамтын гэрээний төсөлтэй танилцаагүй хамт олонтой хэлэлцээгүй шууд байгуулсан нь хууль бус байгуулсан хамтын гэрээ гэж үзэх үндэслэлтэй. Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга А.Хишигдаваа нь зохих журмын дагуу хамт олноос сонгогдоогүй хамт олны эрх, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаггүй. Иймээс Философийн хүрээлэнгийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан гэрээний дагуу ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах, халах зэрэг асуудлаар хэлэлцэх боломжгүй. Энэ талаар тэргүүлэгч гишүүд сайн дурын үндсэн дээр бид үйлдвэрчиий эвлэлийн ажилд ордоггүй тиймээс бидэнтэй хэлэлцэх шаардлагагүй гэж бичгээр гаргаж өгсөн болно.

Ц.Ц нь салбарын ажилтны сахилга, хариуцлага ажлын цаг, ашиглалт болон эрдэм шинжилгээний ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах ажлын байрны тодорхойлолтын 3.3 дахь заалтад заасны дагуу Г.Төрхишигийн ажлын цаг, ашиглалт, эрдэм шинжилгээний ажилд хяналт тавьж ажиллаагүй. Хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.15 дахь заалтад заасан хагас болон ажлын нэг өдрийн чөлөөг салбарын эрхлэгч өгнө, 3-аас дээш хоногоор чөлөө авах бол захиргаанд бичгээр хүсэлт гаргана гэсэн заалтыг зөрчиж ажилдаа ирэхгүй байгаа ажилтныг надад хэлсэн гэж удаа дараа чөлөө авч ажил цалгардуулсан ажилтанд хариуцлага тооцоогүй, надад утсаар хэлсэн гэж эрх мэдлээ хэтрүүлэн чөлөө олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 70.2 дахь заалтад заасан ердийн ажлын үргэлжлэл 8 хүртэл цаг байна, Философийн хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтад заасан Хүрээлэн хуанлийн долоо хоногт ажлын 5 өдөртэй байна, ажлын цаг 8.30-17.30 цагт үргэлжилж, долоо хоногт 40 цаг ажиллана гэсэн зүйл заалтыг тус тус зөрчсөн, Философийн хүрээлэнгийн ажилтнууд ажлын цагтаа ирж цахим бүртгэлд хуруугаа уншуулдаггүй, цаг ашиглалт муу, ажлын цагийг баримтлан ажилладаггүй хоцролт, таслалт их зэрэг зөрчил дутагдал байсаар байтал хяналт тавьж ажиллаагүй төдийгүй эдгээр илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах талаар ямар ч арга хэмжээ авч байгаагүй, захирлын ажлын цаг баримтлан ажиллах өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй нь Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.5.5 дахь заалтад заасан Хүрээлэнгийн удирдлагын зүгээс өгсөн ажил, хэргийн болон цаг, үеийн шуурхай хэрэгжүүлбэл зохих үүрэг, даалгавар, шаардлагыг биелүүлж ажиллах үүргээ зөрчсөн үйлдэл нь 10 дугаар зүйлийн 10.3.2 дахь заалтад заасны дагуу хууль, тогтоомж түүнтэй нийцүүлэн гаргасан хүрээлэнгийн дүрэм, журам, захирлын тушаал шийдвэрийг зөрчсөн үйлдлийг сахилгын зөрчилд тооцно гэж заасны дагуу ажил үүргээ биелүүлээгүй зөрчсөн үйлдэл гаргасан.

Ц.Ц нь ажил үүргээ биелүүлж ажилладаггүй. Философийн хүрээлэн, Улаан-Үдийн Хүрээлэн хамтран ажиллах гэрээний ажлыг зохион байгуулахад гэрээний талд дуулгах үүрэг даалгаврыг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр захирал өгсөн. Уг үүрэг, даалгаврыг биөлүүлээгүй. Ц.Цийн өгсөн ажил үүрэг биелүүлээгүй талаар 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурал дээр сануулсан.

Ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан Хүрээлэнгийн салбарын эрхлэгч нь эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах үүрэг хүлээнэ гэсэн заалтыг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй хамт олноо төлөөлөн оролцож байгаа төсөлд хувиар бие даан орж хамт олны хийсэн ажлыг өөрөө хийсэн болгож үгүйсгэдэг үйлдэл удаа дараа гаргаж байсан энэ үйлдлийг нь хамт олон гэрчилнэ.

Гүйцэтгэн хэрэгжүүлж буй төслийн ажлыг цаг хугацаанд нь хийж, гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй 2011-2013 онд гүйцэтгэх доктор Ц.Ц удирдагчтай “Өөрчлөгдөж буй нөхцөл дэх Орос, Монголын нийгмийн адилсал,бүтцийн өөрчлөлт”, 2014-2016 оны “Орос болон Монголын өөрчлөгдөж буй нийгмийн интеграци, задралын үйл явц” сэдэвт гадаадтай хамтарсан 2 төслийн үр дүн, ажлыг хүлээлгэн өгөөгүй, он дамнуулан хугацаа хэтрүүлж ажил үүргээ биелүүлээгүй. Философийн хүрээлэнгийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтад заасан Эрхлэгч нь суурь судалгаа, шинжлэх ухаан технологийн төслийн судалгааг салбарын хүрээнд зохион байгуулах, Ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан салбарт хэрэгжиж буй онолын суурь судалгаа, төслийн судалгааны ажлын хуваарь, төлөвлөгөө графикийн гүйцэтгэлийг зохион байгуулж шийдвэр гаргуулах, гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, 2.3 дахь заалтад заасан салбарын ажлаа хүрээлэнгийн захирал, эрдэмтэн нарийн бичгийн даргын өмнө хариуцан, эрдмийн зөвлөлд тайлагнах үүргээ биелүүлж ажиллаагүй, Хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.5.6 дахь заалтад заасан холбогдох хууль тогтоомж, хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журам тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын төлөвлөгөөнд тусгасан ажлаа цаг хугацаанд нь чанартай бүрэн биелүүлж ажиллах, 10 дугаар зүйлийн 10.3.1 дэх заалтад заасан Хөдөлмөрийн хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, тус тус зөрчсөн.

Хөдөлмөрийн гэрээний 3.2.г дэх заалт, ажлын байрны тодорхойлолтонд заагдсан аль нэг ажил үүргийг хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж үзэхээр заасны дагуу ажлын байрны тодорхойлолтын 2.5 дахь заалт, 3.1 дэх заалт, 3.6 дахь заалт, дэх заалт, 3.9 дэх заалт, З.в-д заасан ажил үүргээ биелүүлээгүй зөрчсөн Ц.Цийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг үндэслэн захиргааны санаачилгаар, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасны дагуу хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалаас чөлөөлсөн. Хүрээлэнгийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/23 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй. Мөн өдрийн Б/27 тоот тушаалаар Ц.Цийг Социологи, нийгэм сэтгэл зүйн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтны албан тушаалд томилсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх О.Хатанболд, Д.Чулуунгэрэл нарыг шүүх хуралдаанд оролцуулж гэрчээр асуусан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

Шүүх нэхэмжлэл, хөдөлмөрийн гэрээ, Философийн хүрээлэнгийн захирлын ажлаас чөлөөлөх тухай болон бусад тушаалууд, Шинжлэх ухааны академийн харъяа хүрээлэнгийн үлгэрчилсэн дүрэм, Философийн хүрээлэнгийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлүүд, Үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагааны тухай мэдээлэл, Философийн хүрээлэнгийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар, Хүрээлэнгийн нийтлэг дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, Г.Төрхишигийн хүсэлт, эмнэлгийн магадлагаа, Философийн хүрээлэнгийн эрдмийн хамт олны хурлын тэмдэглэл, хамт олны хурлын тэмдэглэл, ажилчдын ирсэн явсан цагийн бүртгэл, мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 

            Нэхэмжлэгч Ц.Ц хариуцагч Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнд холбогдуулан Философийн хүрээлэнгийн захирлын 2018 оны 02 сарын 05-ны өдрийн Б/23 тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Ц.Ц нь Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад хүрээлэнгийн захирлын 2009 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 28 тоот тушаалаар салбарын эрхлэгчээр томилогдон, уг онд хийгдсэн хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байх үед Философийн хүрээлэнгийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/23 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.5.5, 6.5.6, 8.15, 10.3.1, 10.3.2 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 3.2.г дэх заалт, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.4.в дэх заалтыг тус тус үндэслэн Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарын эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.

 

Хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын чиг үүргийн дагуу эрхлэгч секторын ажлыг хянаж удирдах, судалгааны ажлыг төлөвлөх, нэгтгэх, удирдах, секторын ажилтнуудыг хянах, ажил үүргийг хуваарилах, холбогдох хууль, журамд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, эрдэм шинжилгээний ажлын үр өгөөжийг дээшлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажил үүргийн хуваарьтай байна.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байна.

 

            Тушаалд үндэслэл болгосон Философийн хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын “ажилтны эрх, үүрэг” гэсний 6 дугаар зүйлийн 6.5.5-т “хүрээлэнгийн удирдлагаас өгсөн ажил хэргийн болон цаг үеийн шуурхай хэрэгжүүлбэл зохих үүрэг, даалгавар, шаардлагыг биелүүлж ажиллах”, 6.5.6-т “холбогдох хууль тогтоомж, хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журам, тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын төлөвлөгөөнд тусгасан ажлаа цаг хугацаанд нь чанартай бүрэн биелүүлж ажиллах”, журмын “чөлөө олгох” гэсний 8 дугаар зүйлийн 8.15-т “хагас болон ажлын нэг өдрийн чөлөөг салбарын эрхлэгч өгнө, 2-3 өдөр хүртэл хугацааны чөлөөг эрдэмтэн нарийн бичгийн дарга, 3 өдрөөс дээш хугацааны чөлөөг захирал олгоно. Чөлөө авах хүсэлтийг бичгээр гаргаж, энэ тухайгаа референтэд мэдэгдэнэ”, журмын “сахилгын зөрчилд тооцно” гэсний 10 дугаар зүйлийн 10.3.1-т “Хөдөлмөрийн хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй”, 10.3.2-т “Хууль тогтоомж түүнтэй нийцүүлэн гаргасан хүрээлэнгийн дүрэм, журам, захирлын тушаал, шийдвэрийг зөрчсөн”, Хөдөлмөрийн гэрээний 3.2-т “дараахь зөрчлийг хөдөлмөрийн харилцаа шууд зогсоох ноцтой зөрчил гэж үзнэ” гэсний “г”-д “ажлын байрны тодорхойлолтонд заагдсан аль нэг ажил үүргийг хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй”, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Захирлын эрх”-ийн “в”-д “хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, ажилтан, салбарын эрхлэгчийг ажилд томилох, чөлөөлөх, шагнаж урамшуулах” гэж заажээ. Захирлын тушаалд мөн ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зүйлийн 2.3, 3.1, .3.2, 3.3 заалтад заасан хариуцан гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэж заасан боловч Ц.Цт ажлын байрны тодорхойлолт байхгүйгээс эдгээр заалтыг харах боломжгүй байна.

 

            Захирлын ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын дээр заасан үндэслэлүүдэд ажилтан чухам сахилгын ямар зөрчил гаргасан нь тодорхой тусгагдаагүй байна.

 

Хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлийг тайлбарлаж, нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг дурьдахдаа салбарынхаа ажилтны сахилга хариуцлагат хяналт тавиагүй, ажлын цаг ашиглалт хангалтгүй, Г.Төрхишигт олон хоногийн чөлөө өгсөн, Ц.Ц удирдагчтай 2011-2013 онд гүйцэтгэх “Өөрчлөгдөж буй нөхцөл дэх Орос, Монголын нийгмийн адилсал,бүтцийн өөрчлөлт”, 2014-2016 оны “Орос болон Монголын өөрчлөгдөж буй нийгмийн интеграци, задралын үйл явц” сэдэвт гадаадтай хамтарсан 2 төслийн үр дүн, ажлыг хүлээлгэн өгөөгүй, Философийн хүрээлэн, Улаан-Үдийн хүрээлэн хамтран ажиллах гэрээ болон төсөл, хурлын тухай захиралд материал бэлдэх үүрэг даалгаврыг өгснийг биелүүлээгүй гэсэн 3 зөрчлийн талаар ярьж, эдгээр зөрчлүүд нь хурлын тэмдэглэл, цагийн бүртгэл, Г.Төрхишигт чөлөө олгохыг зөвшөөрсөн гэсэн цохолт, төслийн үр дүнг хүлээлгэн өгөөгүй тухай албан бичиг зэргээр нотлогдоно гэжээ.

 

Хариуцагч байгууллагын ажилтнуудын цагийн бүртгэлийг хэн хэрхэн хөтөлдөг нь тодорхойгүйн гадна Ц.Цийн ажиллаж байгаагүй үеийн цагийн бүртгэлийн баримтыг хариуцагч хэрэгт ирүүлсэн ба түүнээс тэдний салбарын ажилтнууд ажил тасладаг, хожимддог тухай харагдахгүй байна. Ажилтан Г.Төрхишиг бага насны 2 хүүхдээ биечлэн асрах шаардлагатай гэж байгууллагын захиргаанд чөлөө хүссэний дагуу хүрээлэнгийн захирал 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл чөлөө олгосон Б-12 тоот тушаал гаргажээ. Үүний өмнө 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хүү Т.Тэнүүн-Оргил, Т.Тогтуун-Орчин нарыг эмчлэхэд Г.Төрхишиг асарсан тухай Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн эмнэлгийн магадлагаа хэрэгт авагдсан байна. Г.Төрхишигийн ажиллахгүй байсан, түүнд чөлөө олгосон байдлыг Ц.Цтэй холбох боломжгүй байна. Салбарын эрхлэгчийн зөвшөөрлөөс үл хамааран ажилтанд 3-аас дээш өдрийн чөлөөг хүрээлэнгийн захирал тушаалаар олгодог нь хөдөлмөрийн дотоод журмаас харагдаж байна.

 

Нэхэмжлэгч удирдлагаас өгсөн үүрэг дээлгаврыг биелүүлээгүй нь хурлын тэмдэглэлээс харагдана гэж 2017 оны 05 дугаар сарын 03, 2017 оны 10 дугаар сарын 23, 2017 оны 12 дугаар сарын 20, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 4 удаагийн хурлын тэмдэглэлийг хариуцагч шүүхэд ирүүлсэн. Үүний 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралд л Ц.Ц оролцсон байх ба түүний оролцоогүй хурал дээр тухайлан Ц.Цтэй холбож зөрчлийн асуудлыг яриагүй байна. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хурал дээр жилийн эцсийн тайлангийн хурлын мэдээлэл, цуврал ном, хэвлэлийн тухай, компьютер, принтер худалдан авах, ой тэмдэглэх арга хэмжээний тухай, бусад асуудлын тухай хэлэлцсэн байна. Энэ хурал дээр компьютер, принтер хуваарилах тухай ярих явцад хүрээлэнгийн захирал Ш.Ариунаа салбарын эрхлэгч Ц.Цээс хэрэгжүүлсэн төсөл, зарцуулагдсан мөнгөний талаар мэдээлэл өгөөч гэсэн ба даалгавар өгөхөд тэгье гэж хэлээд таг алга болдог, Орос явахад хойноос өгч явуулна гээд байхгүй гэсэн зүйл тэмдэглэлд тусгагдсан байх ба энэ нь түүнд үүрэг даалгавар өгч буй, эсхүл үүрэг даалгавраа тооцож буй эсэх нь тодорхой биш, зөрчил гаргасан гэж үзэж байна гэж ойлгогдохгүй байна. Хүрээлэнгийн захирал Ц.Цт хэдийд ямар үүрэг даалгавар өгч, хэдийд хэрхэн дүгнэсэн талаар баримт алга байна.

 

Нэхэмжлэгчийн 2011-2013 онд гүйцэтгэх “Өөрчлөгдөж буй нөхцөл дэх Орос, Монголын нийгмийн адилсал,бүтцийн өөрчлөлт”, 2014-2016 оны “Орос болон Монголын өөрчлөгдөж буй нийгмийн интеграци, задралын үйл явц” сэдэвт гадаадтай хамтарсан 2 төслийн үр дүн, ажлыг хүлээлгэн өгөөгүй гэх зөрчлийг ярьдаг ба энэ 2 төсөл нь ямар төсөл болох, хэдийд яаж дуусаж тайлагнах нь тодорхойгүй, хариуцагч энэ тухай баримт ирүүлээгүйн гадна 2016 онд явагдаж дуусах ажлын зөрчил байсан бол түүнд сахилгын арга хэмжээ тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Дээрх төслийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн тухай нэхэмжлэгч, гэрч О.Хатанболд нар тайлбарласан болно. Төслийн үр дүнгийн тайланг хадгалагчид ирүүлээгүй 78 байгууллагад Шинжлэх ухаан технологийн сангаас тайланг ирүүлэхийг хүсэж 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр явуулсан нь нэхэмжлэгчийн багийг төслийн ажлыг хийгээгүй гэдгийг нотлохгүй юм. Хүрээлэнгийн зүгээс түүнийг хянаж шалгаж мухарласан зүйл байхгүй байна.

 

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2-ын “г”-д “ажлын байрны тодорхойлолтонд заагдсан аль нэг ажил үүргийг хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй” гэх зөрчлийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох “ноцтой” зөрчилд хамааруулахаар заасан нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэхүйг оруулдаг ба хөдөлмөрийн гэрээнд ерөнхий байдлаар биш, тухайлан заадаг билээ.

 

Хариуцагч нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасанд бас хамаарна гэж тайлбарласан боловч эхлээд ямар зөрчил гаргасан, дараа нь ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй байна.

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэгчийг тодорхой үндэслэлгүйгээр хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 61 өдрийн цалинтай тэнцэх олговор 3.012.060 төгрөг болж байна.

 

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захирлын тушаалыг хүчингүй болгох шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагатай утга нэг байна.

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ НЬ:

 

 

  1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Ц.Цийг Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

  1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгээс 3.012.060 төгрөгийг гаргуулж Ц.Цт олгон, Ц.Цийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

  1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 63.143 төгрөг гаргуулж улсад олгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                         

                               ДАРГАЛАГЧ                                           С.БУД