Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/01526

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/01526

 

 

 

 

 

 

 

Ц.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/01488 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй У.Ууганбаяр-т холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15 400 000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ц.Шаарийбуугийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Шаарийбуу, У.Ууганбаяр нар барилгын салбарт хамтран ажилладаг танил хүмүүс юм. У.Ууганбаяр нь 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр бичгээр байгуулсан гэрээгүйгээр дараа төлөх нөхцөлтэй 23 200 000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал /арматур/ авсан. Гэвч тохиролцсон хугацаандаа барааны үнийг төлөөгүй бөгөөд төлөх хугацааг хойшлуулсаар өнөөг хүрсэн. Талууд 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр төлбөрийг 5 хоногийн хугацаанд төлөхөөр тохиролцсон. Үүнээс хойш У.Ууганбаяр нь 8 600 000 төгрөгийг Ц.Шаарийбууд шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 14 000 000 төгрөгийг төлөөгүй. Уг гэрээнд дурдсан хугацаанд төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд өмгөөлөгчийн хөлс болон бусад зардлыг У.Ууганбаяр төлөхөөр тусгасан.

Ц.Шаарийбуу нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 850 000 төгрөгийг төлсөн, үлдэх 550 000 төгрөгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс төлөхөөр тохиролцсон. У.Ууганбаяр нь өр төлбөр барагдуулах гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүйгээс Ц.Шаарийбуу өмгөөлөгч авч зардал гаргасныг эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзэж байна. Иймд У.Ууганбаяраас арматур төмрийн үлдэгдэл төлбөр 14 000 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч У.Ууганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: У.Ууганбаяр миний бие У.Шаарийбууд 12 800 000 төгрөгийн үлдэгдэлтэй нь үнэн болно. Надаас нэхэмжилж байгаа 15 400 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч У.Ууганбаяраас 14 850 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Шаарийбууд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 550 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч У.Ууганбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 232 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Шаарийбууд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234 950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч У.Ууганбаяр шүүхэд гаргасан гомдолдоо: Уг шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл болж чадаагүй байна гэж үзэж гомдол гаргаж байна. Шүүх 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн өр барагдуулах гэрээг үндэслэл болгосон нь буруу. Би Ц.Шаарийбууд 12 800 000 төгрөг төлөх үлдэгдэлтэй, харин эрх зүн туслалцаа авсны төлбөр 850 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэсний дагуу өмгөөллийн хөлс гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүх хуралд өмгөөлөгч биш итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон байх тул өмгөөлөгчийн зардлыг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нэхэмжлэлийн зарим шаардлагын талаар хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Шаарийбуу худалдах, худалдан авах гэрээний үүрэг, хохиролд 15 400 000 төгрөг буюу арматур төмрийн үлдэгдэл үнэ 14 000 000 сая төгрөг, өмгөөллийн хөлс 1 400 000 төгрөг хариуцагч У.Ууганбаяраас гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 23 200 000 төгрөгийн арматур төмөр худалдсан байх ба төмрийн үнийг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд төлж барагдуулах үүргийг хариуцагч 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн өр төлбөр барагдуулах гэрээгээр хүлээсэн тул, нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийг шаардах эрхтэй. /хх5/

Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу зөв тайлбарлаж, төлбөрийн үлдэгдлийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч төмрийн үнэд 12 800 000 төгрөг төлсөн гэж маргадаг боловч татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна.

Нэхэмжлэгч өмгөөллийн хөлсөнд төлсөн 1 400 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй, шүүх энэ талаар буруу дүгнэлт хийжээ.

Талуудын хооронд байгуулсан өр төлбөр барагдуулах гэрээнд дурдсан хугацаанд төлбөр барагдуулаагүй нөхцөлд төлбөр авагч тал шүүх, цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргах, үүнээс үүдэн гаргах өмгөөллийн хөлс болох бусад шууд зардлыг У.Ууганбаяраас нэхэмжлэн гаргуулах эрхтэй болно гэж заасан боловч уг гэрээний зөрчилтэй шууд холбоотой үүссэн хохирол гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Өмгөөлөгч хөлслөн ажиллуулах нь тухайн хүний эрхийн асуудал боловч зайлшгүй зардал гэж үзэхэд учир дутагдалтай тул Иргэниий хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дэх хэсэгт заасан хохиролд тооцогдохгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч У.Ууганбаяраас арматур төмрийн үлдэгдэл төлбөр 14 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, өмгөөллийн хөлс 1 400 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/01488 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.Ууганбаяраас 14 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Шаарийбууд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын 232 200 төгрөг гэснийг 227 950 төгрөг гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч У.Ууганбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

А.МӨНХЗУЛ