Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 1488

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 01 өдөр

     Дугаар 101/ШШ2018/01488

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, 103 дугаар байр, 10-1 тоот хаягт оршин суух, Монгол овогт Ц-гийн Ш -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,******* хаягт оршин суух, Боржигон овогт У-ийн У -т холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

                       

Нэхэмжлэгч Ц.Шгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Ш, У.У нар барилгын салбарт хамтран ажилладаг, танил хүмүүс юм. У.У нь 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр бичгээр байгуулсан гэрээгүйгээр дараа төлөх нөхцөлтэй 23.200.000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал/арматур/ авсан.

Гэвч тохиролцсон хугацаандаа У.У барааны үнийг төлөөгүй бөгөөд төлөх хугацааг хойшлуулсаар өнөөг хүрсэн. Энэ талаар Ц.Шг Цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргах гэтэл У.У нь 2016 оны 0******* өдөр “Өр төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр тэрээр төлбөртэй болохоо хүлээн зөвшөөрч, 5 хоногийн хугацаанд төлөхөөр хэлэлцэн тохиролцсон. Үүнээс хойш У.У нь 8.600.000 төгрөгийг Ц.Шд шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл болох 14.000.000 төгрөгийг төлөөгүй байна.

У.У нь 12.800.000 төгрөгийг зөвшөөрсөн тайлбар өгсөн байсан, Ц.Шд бэлэн мөнгө өгсөн гэдэг боловч түүнээс 8.600.000 төгрөгийг дансаар хүлээн авсан, түүнээс өөрөөр бэлэн мөнгө хүлээж аваагүй. У.У нь гэрээний үүрэгт 14.600.000 төгрөгийг төлөөгүй бөгөөд нэхэмжлэл гаргахдаа тооцоны алдаа хийснээс 14.000.000 төгрөг нэхэмжилсэн.

Талуудын хооронд байгуулагдсан өр барагдуулах гэрээгээр дурдсан хугацаанд төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд өмгөөлөгчийн хөлс болон бусад шууд зардал гэх мэт зардлыг У.У төлөхөөр тусгасан.

Ц.Ш нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 850.000 төгрөгийг төлсөн, үлдэх 550.000 төгрөгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдөр төлөхөөр тохиролцсон. У.У нь өр төлбөр барагдуулах гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүйгээс Ц.Ш өмгөөлөгч авч  зардал гаргасныг эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзэж байна.  

Иймд У.Уаас арматур төмрийн үлдэгдэл төлбөр 14.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч У.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

У.У миний бие Ц.Шд 12.800.000 төгрөгийн үлдэгдэлтэй  байсан нь үнэн болно. Надаас нэхэмжилж байгаа 15.400.000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

/хх-ийн 34 дүгээр тал/ 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Шгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь хариуцагч У.Ут холбогдуулан  худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 Ц.Ш болон У.У нарын хооронд 2016 оны 0******* өдөр “Өр төлбөрийг барагдуулах гэрээ”  байгуулагдаж, уг гэрээгээр У.У  нь 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төлөх нөхцөлтэйгөөр 23.200.000 төгрөгийн үнэ бүхий бараа материал /арматур/-ыг Ц.Шгаас авсан, дээрх төлбөбрийг 2016.01.18-ны өдрөөс 2016.01.20-ны өдрийн хооронд төлж барагдуулахаар тохиролцож, гэрээний төлбөр авагч талд Ц.Ш, төлбөр төлөгч талд У.У гарын үсэг зуржээ.

 

Талууд “Өр төлбөрийг барагдуулах гэрээнд гарын үсэг зурсан, гэрээний талаар маргаагүй тул уг гэрээг  талууд хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулсан, тухайн гэрээнийхээ агуулгыг өөрсдөө тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй. 

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т заасны дагуу гэрээг үгийн шууд утгаар нь тайлбарлавал Ц.Ш нь 23.200.000 төгрөгийн үнэ бүхий бараа материал /арматур/-ыг У.Уын өмчлөлд шилжүүлсэн, У.У нь  хэлэлцэн тохиролцсон хугацаанд, дээрх бараа материалын үнийг төлөх үүргийг хүлээсэн байна.

 /хх-ийн 5 дугаар тал/

 

Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Гэрээний үүрэгт хариуцагч У.Уыг 8.600.000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  тайлбарласан болно.

 

Хариуцагч У.У нь бараа материалын үнээс 12.800.000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргасан боловч өөрийн татгалзлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй. 

 

Үүнээс үзэхэд У.У нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзаж буй татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзнэ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч Ц.Ш 23.200.000 төгрөгийн бараа материал/ арматур/-ыг хариуцагч У.Уын өмчлөлд шилжүүлсэн, У.У нь гэрээний үүрэгт 8.600.000 төгрөгийг буцаан төлсөн, үлдэх 14.000.000 төгрөгийг тохирсон хугацаанд Ц.Шд буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. 

 

Тодруулбал У.У нь “Өр төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд 23.200.000 төгрөг төлөх үүрэгтэй байсан бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.Ш нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ”-г өмгөөлөгч*******тэй байгуулж, уг гэрээний дагуу үйлчилгээний хөлс 1.400.000 төгрөг байхаар тохиролцсон, гэрээний урьдчилгаа 850.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэгдэл хөлс 550.000 төгрөгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдөр ХААН банкны 5035314240 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцжээ.

/хх-ийн 6-7 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Ц.Ш нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 1.400.000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагч У.Уаас шаардсан боловч тэрээр гэрээний үүрэгт 850.000 төгрөгийг шилжүүлсэн нь ХААН банкны 5035314240 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх ба үлдэгдэл хөлс 550.000 төгрөгийг шилжүүлээгүй нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т: “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаас үзэхэд хариуцагч У.У худалдах, худалдан авах  гэрээний үүргээ биелүүлэлгүй зөрчснөөс  нэхэмжлэгч Ц.Ш хууль зүйн туслалцаа авч, ажлын хөлсийг хохиролд тооцон шаардсан нь үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч У.Уаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14.000.000 төгрөг, баримтаар тогтоогдож буй өмгөөлөлийн хөлсөнд төлсөн 850.000 төгрөг, нийт 14.850.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Шд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар тогтоогдохгүй байгаа  550.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ. 

 

 

Хариуцагч У.Уын өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх хүсэлтийг хүлээн авч шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №101/ШЗ2018/07818 тоот захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, мөн өдөр түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд У.Уын шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д заасны дагуу шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурьдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч У.Уаас 14.850.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Шд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 550.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч У.Уаас улсын тэмдэгтийн хураамжд 232.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Шд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ