Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00393

 

 

 

 

 

 

2018 02 05

210/МА2018/00393

 

 

 

О.Билгүүний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05ы өдрийн 182/ШШ2017/02385 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Билгүүний нэхэмжлэлтэй, хариуцагч Жэй Пи Эм Би Ти ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргээ биелүүлснээр автомашиныг барьцаанаас суллахыг даалгах нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чулуунтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: ... Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Жэй Пи Эм Би Ти ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Мерседес бенз Е-200 маркийн 83-85 УБЕ улсын дугаартай автомашиныг 30 000 000 төгрөгөөр үнэлж барьцаалсан бөгөөд энэ хугацаанд хүүд 600 000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дуусахад санхүүгийн хүндрэлээс болж зээлсэн мөнгөө төлж чадаагүй. Төлбөрөө төлөөд автомашинаа авъя гэхээр их хэмжээний мөнгө нэхдэг болохоор өнөөдрийг хүртэл автомашинаа өөрийн өмчлөлд авч чадаагүй. Гэтэл хариуцагчийн зүгээс гэрээний хугацаа дууссан гээд 2017 оны 01 дүгээр сард уг автомашиныг замын хөдөлгөөнд оролцож байхад нь хүчээр авсан бөгөөд үүнээс хойш 45 000 000 төгрөгт зарахаар удаа дараа зар тавьсан байсан. Талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээнд ...гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд шилжүүлэхээр... тохиролцсон байдаг учраас нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үндсэн зээл болон хүүд 11 200 000 төгрөг төлж, гэрээний үүргээ хожуу ч гэсэн биелүүлсэн учраас гэрээний үүрэг биелэгдсэнд тооцож, Мерседес бенз Е-200 маркийн 83-85 УБЕ улсын дугаартай автомашиныг барьцаанаас суллаж, чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү... гэжээ. 

 

Хариуцагчийн гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч О.Билгүүн нь манай компаниас 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаанд 600 000 төгрөгийн хүү төлсөн бөгөөд үүнээс хойш нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Манай зүгээс гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээр нь очсон боловч хаяг дээрээ амьдрахаа больсон байсан бөгөөд утас нь ч холбогдохоо байсан. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл төлбөрөө төлөхийг хүлээсэн боловч үр дүн гараагүй гэрээний хугацаа дуусч компанийн эзэмшилд бүрэн шилжсэн учраас Төв шуудангийн хойно явж байхад нь ямар нэгэн хүч хэрэглэсэн, дээрэмдсэн зүйлгүйгээр компанийн эзэмшлийн автомашиныг аваад гарашдаа тавьсан. Харин 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 11 200 000 төгрөгийг төлсөн нь үнэн бөгөөд одоо үлдэгдэл 24 646 000 төгрөгийн төлбөр байгаа учраас энэ мөнгийг төлөхгүй гэвэл нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу автомашин манай компанийн өмчлөлд шилжсэн, гэрээний үүрэг биелэгдээгүй байгаа учраас нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй. Автомашиныг зарахын тулд 4 000 000 төгрөгөөр засвар хийлгэсэн бөгөөд зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж үлдэгдэл төлбөр болох 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны алданги, засварын зардал 24 646 000 төгрөгийг төлвөл барьцааны автомашиныг буцааж өгөхөд татгалзах зүйл байхгүй... гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар хариуцагч Жэй Пи Эм Би Ти ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүргээ биелүүлснээр, автомашиныг барьцаанаас суллаж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэгч О.Билгүүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч О.Билгүүнээс дутуу төлсөн 123 950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, 2017.06.07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх өөрийн санаачлагаар тооцооллыг бодож Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүүд сар бүр 600 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу нэхэмжлэгч гэрээний үүрэгт үндсэн зээл хүүгийн хамт 11 800 000 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд харин гэрээний үүргээ хугацааандаа гүйцэтгээгүйд нэг өдрийн 0,5% алданги тооцохоор тохиролцсон юм. Гэтэл шүүх гэрээний хариуцлагыг үүрэг мэтээр тайлбарлан гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхгүй хэмээн дүгнэж хуулийг буруу хэрэглэн нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгожээ. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид алданги тооцсон боловч үүнийгээ хэрхэн яаж тооцоолсон нь тодорхой бус мөн энэ талаар нэхэмжлэгчээс нэхэмжлээгүй байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Мөн шүүх нь хариуцагчийн шүүх хурал дээр гаргаж өгсөн нотлох баримтыг нэхэмжлэгч талд танилцуулалгүйгээр шүүх хурлыг үргэлжлүүлсэн нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллгагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хянан үзэж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч О.Билгүүн автомашин зээлийн барьцаанаас чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Жэй Пи Эм Би Ти ХХК-д холбогдуулан гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүрэг дуусгавар болоогүй, зээлийн үүрэг болон засварын зардалд 24 646 000 төгрөг төлөгдсөн нөхцөлд барьцааны зүйлийг буцаан өгөх боломжтой гэж маргажээ.

 

 Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Зохигчид хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн өдөр хавтаст хэргийн материалтай танилцсан баримт хэрэгт байгаа боловч хуралдааны явцад хариуцагч тал шинээр баримт өгсөн, үүнийг хэргийн нөгөө талд танилцуулаагүй байгаа нь хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна. Тэмдэглэлд зээл төлсөн болон, автомашинд засвар хийлгэсэн баримт шинээр ирүүлсэн гэж тусгагдсан боловч дээрхээс гадна хариуцагчийн тайлбар, зээлийн тооцоолол зэрэг нийт 6 хуудас баримт хэргийн 64-69 дүгээр талд авагджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч нь эсрэг талын тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах эрхтэй бөгөөд энэ нөхцөлийг шүүх бүрдүүлэх үүрэгтэй. Шүүх талуудын нотлох баримттай танилцах эрхийг хязгаарласнаар нэхэмжлэгчийн хэрэгт авагдсан бүх нотлох баримттай танилцах, тухайн баримтын ач холбогдлын талаар мэдээлэлтэй байх, өөрийн санал хүсэлтийг илэрхийлэх эрх хангадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4, 6.5-д заасан мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжээгүй гэж үзэхээр байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр бцуаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05ы өдрийн 182/ШШ2017/02385 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

А.МӨНХЗУЛ