Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/01580

 

О.Бий нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/00747 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1301 дүгээр магадлалтай,

О.Бий нэхэмжлэлтэй

Ж П Э Б ТХХК-д холбогдох,  

Автомашиныг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүргийн биелэлт болон учирсан хохиролд 20.700.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч О.Бий шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Ж П Э Б ТХХК-тай зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлж, барьцаанд нь өөрийн өмчлөлийн Мерседес бенз Е-200 маркийн 83-85 УБЕ улсын дугаартай автомашиныг 30.000.000 төгрөгөөр үнэлж барьцаалсан бөгөөд хүүд 600.000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дуусахад санхүүгийн хүндрэлээс болж зээлсэн мөнгөө төлж чадаагүй. Төлбөрөө төлөөд автомашинаа авья гэхэд их хэмжээний мөнгө нэхдэг болохоор өнөөдрийг хүртэл автомашинаа өөрийнхөө өмчлөлд авч чадаагүй. Гэтэл хариуцагчийн зүгээс гэрээний хугацаа дууссан гээд 2017 оны 01 дүгээр сард уг автомашиныг замын хөдөлгөөнд оролцож байхад нь хүч түрж авсан бөгөөд үүнээс хойш 45.000.000 төгрөгөөр зарахаар удаа дараа зар тавьсан байсан. Талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээнд гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд шилжүүлэхээр тохиролцсон байдаг учраас нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үндсэн зээл болон хүүд 11.200.000 төгрөг төлж, гэрээний үүргээ хожуу ч гэсэн биелүүлсэн. Хариуцагч тал зээлийн гэрээний хугацаа сунгагдсан гэж тайлбарладаг боловч энэ талаар бичгийн баримт байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний хугацаа сунгах хүсэлт гаргаж байсан боловч хариуцагч шийдээгүй. Иймд хариуцагчийн барьцаанаас Мерседес бенз Е-200 маркийн 83-85 УБЕ улсын дугаартай автомашиныг чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...О.Б нь манай компаниас 10.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаанд 600.000 төгрөгийн хүү төлсөн бөгөөд үүнээс хойш нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Улмаар 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл төлбөрөө төлөхийг хүлээсэн боловч үр дүн гараагүй гэрээний хугацаа дуусч компанийн эзэмшилд автомашин шилжсэн тул Төв шуудангийн хойно явж байхад нь ямар нэгэн хүч хэрэглэсэн, дээрэмдсэн зүйлгүйгээр компанийнхаа эзэмшлийн автомашиныг аваад гараашдаа тавьсан. Харин 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 11.200.000 төгрөгийг төлсөн нь үнэн. Гэхдээ өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр дуусаагүй, гэрээний хугацаа сунгагдсан байгаа. Энэ талаар нэхэмжлэгч өөрөө хүсэл зоригоо илэрхийлж байсан. Бид барьцааны автомашиныг зарах гэсэн боловч Япон автомашин биш Герман автомашин учраас зарагдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Зээлийн гэрээний харилцаа 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 23 сар сунгагдаад үргэлжилж байгаа. Өөрөө ч энэ талаар хүсэлтээ гаргаж байсан. Бид нэхэмжлэгчийн машиныг зээл олгосноос хойш бүтэн 1 жил гаруй хугацааны дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эзэмшилдээ авсан. Нэхэмжлэгч нь авсан зээлээсээ хүү 600.000 төгрөгийг төлж, өөр төлөлт хийгээгүй байж байгаад анхан шатны шүүх хуралдааны өмнө 11.200.000 төгрөг төлсөн нь үнэн. Гэхдээ зээлийг бүрэн төлж дуусгасан гэж үзэхгүй байна. Иймд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл зээлийг тооцвол үндсэн төлбөр, хүү 18.900.000 төгрөг, алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа тул 50 хувиар нь тооцож 9.450.000 төгрөг, нийт 28.350.000 төгрөг болсон. Бид автомашиныг зарахын тулд 4.000.000 төгрөгөөр засвар хийлгэсэн боловч машин зарагдаагүй өнөөдрийг хүртэл бид гараашдаа хадгалж байна. Иймд зээл, хүү, алданги, машин засварын мөнгө 32.350.000 төгрөг болсон. Үүнээс төлсөн 11.200.000 төгрөгийг хасаад 20.700.000 төгрөг болсныг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Бид зээл болон фидуцийн гэрээ байгуулсан талаар маргаан байхгүй. Харин зээлийн гэрээг сунгасан асуудал бол байхгүй. Тухайн үедээ нэхэмжлэгч сунгах саналыг амаар хэлж байсан боловч бичгээр хийж, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн зүйл байхгүй. Тийм учраас зээлийн гэрээ дууссан. Бид ч үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа. Гэрээ сунгагдаагүй учир хүү шаардах эрхгүй. Харин алдангийн хувьд хуульд нийцэхгүй байна. Мөн манай машиныг жил гаруй өөрсдийн эзэмшилд байлгаж, худалдах зар сонинд нийтлүүлж байсан. Машиныг засварласан гээд байгаа баримт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/00747 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар Ж П Э Б ТХХК-д холбогдох Мерседес бенз Е-200 маркийн 83-85 УБЕ улсын дугаартай автомашиныг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай О.Бий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Бээс 5.600.000 төгрөгийг гаргуулж хариуцагч Ж П Э Б ТХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 15.100.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Бий тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг болон хариуцагчийн төлсөн 261.450 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, дутуу төлсөн 237.750 төгрөгийг нэхэмжлэгч О.Бээс нөхөн гаргуулж улсын төсөвт оруулж, 104.550 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1301 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/00747 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192.550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шийдвэрт хариуцагч Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар зээл, хүү, алданги учирсан хохиролд 20.700.000 төгрөгийг шаардах эрхтэй хэмээн дүгнэсэнтэй санал нийлж байна. Мөн “...4.000.000 төгрөгийн засварын баримт уншигдахгүй тул хариуцагчаас гарсан зардал гэж үзэх боломжгүй...” хэмээх агуулгаар дүгнэсэн байх тул засварын зардлын нотлох баримтыг дахин гаргуулан асуудлыг жич нэхэмжлэн шийдүүлэхээр тус гомдлын агуулгын хүрээнд хамруулсангүй. “...сөрөг нэхэмжлэлээс үлдэх 15.100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” хэмээн дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарын 432-436 дугаар талд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.2, 222.3, 222.5, 222.7 хэсгийг тодорхой нарийвчлан тайлбарласан. Тус тайлбарын дагуу үзвэл нэхэмжлэгч 2015.12.05-2017.01.15 хугацаанд 14 сар 10 хоног үүргийн гүйцэтгэлийн хугацааг хэтрүүлсэн тул хариуцагч автомашиныг эзэмшилдээ авсан нь хуульд нийцнэ. Тайлбарт дурьдсанаар энэхүү хугацаанд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-т зааснаар хүү төлөх үүрэгтэй. 10.000.000 төгрөгийн зээлийн 1 сарын хүү 600.000 төгрөг тул 14 сар 10 хоногийн хуульд заасан хүү нь нийт 8.600.000 төгрөг болно. Зээлийн гэрээнд заасны дагуу алданги нь 4.300.000 төгрөг болно. Үндсэн зээл ба алдангийн хамт 15.000.000 төгрөг, нийт 27.900.000 төгрөг юм. Үүнээс 11.200.000 төгрөгийн хүүг нэхэмжлэгч 2017.11.27 өдөр төлсөн тул 16.700.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэл одоогоор биелэгдээгүй байна. Шүүхийн шийдвэрээр сөрөг нэхэмжлэлээс 5.600.000 төгрөгийн ханган шийдвэрлэсэн бөгөөд үлдэх хэсэг 11.100.000 төгрөгийг мөн адил хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхээр байна. УДШ, ШЕЗ-ийн эрхлэн гаргасан Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээ ба Иргэний хуулийн хэрэглээ сургалтын гарын авлагын 31, 105-106 дугаар талд зээлийн гэрээний талуудын эрх үүргийн зохицуулалтыг нарийвчлан тайлбарласнаар зээлдэгчийн үүргээ биелүүлэх хугацаа хэтрүүлсний улмаас үүссэн хохирлыг дээрхийн адил тооцоолон шаардах эрхтэй гэж ойлгохоор байна. Шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2-т “...сөрөг нэхэмжлэлээс үлдэх 15.100.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” хэмээн тогтоосонтой санал нийлэхгүй байна. Учир нь иргэний эрх тэгш харилцаанд шударга ёс, хууль ёсны итгэл үнэмшлийг хамгаалах нь эрх зүйт төрийн үндсэн зарчим болно. Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1 хэсгийг шүүх хэрэглэсэнтэй санал нийлж байна. Харин 222 дугаар зүйлийн 222.5 хэсгийг шүүх хэрэглээгүй байх тул хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Түүнчлэн 104.550 төгрөгийг гаргуулж хариуцагч Жэй Пи Эм Би ХХК-д олгосон нь тодорхой бус, нэхэмжлэгчээс гаргуулах эсэх нь шууд ойлгогдохгүй байх тул тодотгуулах хэрэгтэй байна. Магадлалд дүгнэснээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 хэсгийг шүүх хэрэглэхгүй учир нь ерөнхий зохицуулалт хэмээсэн. Гэвч нэхэмжлэгч нь бүтэн жил гарангийн хугацаанд үүргээ биелүүлэхийг илт цааргалсаар ирсэн. Мөн зээлийн гэрээг сунгах талаар өөрөө санаачилга гаргасан гэх боловч баримтаар нотлогдохгүй байна. Эдгээр нь зээлийн гэрээний үүргийн талаарх тодорхой тохиолдолд хамрагдахгүй. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээг анхнаас бичгээр байгуулсан тул хүү шаардах эрхээ зээлдүүлэгч эдэлнэ, нэхэмжлэгч өөрийн үүргээ хугацаандаа үл биелүүлсэн, үүргийн биелэлтийг удаа дараа шаардахад гэрээгээ сунгах талаар ярих боловч бодитоор сунгахгүй цааргалсаар бүтэн жил гарангийн хугацаанд зайлсхийсэн ерөнхий тохиолдол үүссэн тул ерөнхий зохицуулалтыг хэрэглэх нь шударга ёсонд нийцэхээр байна. Иймд шийдвэр, магадлалын холбогдох хэсгүүдэд өөрчлөлт оруулан Иргэн О.Бээс зээлийн гэрээ болон фидуцийн гэрээний үүргийн дагуу нийт 20.700.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангагдаагүй үлдсэн 11.100.000 төгрөгийг нэмэлтээр ханган шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн мэдүүлэгт байх “...зээлдэгч өөрийн санаачлагаар зээлийн гэрээг сунгах гэж оролдсон боловч зээлдүүлэгч зээлийн гэрээг сунгаагүй...” хэмээх агуулга нь илт худал бөгөөд нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул үнэн худлыг тогтоолгохоор хэргийг анхан шатны шүүхэд буцааж дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

О.Б, Ж П Э Б ТХХК-д холбогдуулж, автомашин гаргуулах нэхэмжлэл, хариуцагч нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэг буюу хэтэрсэн хугацааны хүү, алданги, хохиролд нийт 20.700.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргасныг, зохигч хэн аль нь зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс алдангид 5.600.000 төгрөг гаргуулж, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Зохигчийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан зээлийн болон фидуцийн гэрээгээр нэхэмжлэгч, хариуцагчаас 10.000.000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж, зээлийн үүргийг хангуулахаар өөрийн Мерседес бенз Е-200 маркийн, 83-85 УБЕ улсын дугаартай автомашиныг 30.000.000 төгрөгөөр үнэлэн зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь тогтоогджээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 235 дугаар зүйлийн 235.1-д заасан зээлийн болон фидуцийн гэрээний шинжтэй, гэрээний хүчин төгөлдөр байдалд хоёр шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

Хариуцагч 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэг сарын хүү 600.000 төгрөг, гэрээний хугацааг 1 жил гаруй хугацаа хэтрүүлж, 2017 оны 11 сард үндсэн зээл, гэрээний хугацааны  хүүд 11.200.000 төгрөг төлсөн, автомашин хариуцагчийн эзэмшилд байгаа үйл баримтын талаар зохигч маргаагүй байна. Зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол зээлдүүлэгч фидуцийн зүйл буюу өөрийн өмчлөлд бүртгэгдсэн автомашиныг эзэмшилдээ авч, үүргийг хангуулах боломжтой боловч, тухайн автомашин О.Бий эзэмшил, ашиглалтад байсан, тэрээр зээлийн мөнгийг төлөхөө Ж П Э Б ТХХК-д удаа дараа илэрхийлж байсанд зохигч маргаагүй байна.

Зээлдэгч зээлийг хугацаа хэтрүүлж төлсөн учир гэрээнд зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар буюу 5.600.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг зөрчөөгүй байна. Үндсэн үүрэг буюу зээлийн гэрээний үүрэг бүрэн биелүүлээгүй тул фидуцийн зүйлийг гаргуулж олгох хууль зүйн үндэслэлгүй.

Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс алданги гаргуулах шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 235 дугаар зүйлийн 235.1-т нийцжээ.

Хариуцагч автомашинд хийсэн засварын зардал 4.000.000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн засварын зардалтай холбоотой шүүхэд гаргасан баримт нотлох баримтын шаардлага хангаагүйгээс гадна тухайн автомашинд засвар хийснийг нотлоогүй байна.

Хариуцагч, гэрээний хугацаа дууссанаас хойшхи хэтэрсэн хугацааны хүү нэхэмжилсэн бөгөөд энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр талууд хүү авахаар тохирсон бол гэрээг бичгээр байгуулахыг хууль шаарддаг бөгөөд гэрээний 3 сарын хугацаа дуусснаас хойш талууд тохиролцож гэрээний хугацааг бичгийн хэлбэрээр сунгаагүй байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь зохицуулалт нь мөнгөн төлбөрийн үүргийн хугацаа хэтрүүлэх харилцааг тодорхойлсон ерөнхий зохицуулалт ба талууд хугацаа хэтрүүлснээс үүсэх хариуцлагын талаар буюу алданги гаргуулахаар гэрээгээр тохиролцсон байна.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/00747 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1301 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 192.550 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ