Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/01525

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/01525

 

 

 

 

 

 

 

 

 

А.Энхтуулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/01393 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Энхтуулын нэхэмжлэлтэй, хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг зохигчдын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Энхтуул, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Одмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

  Нэхэмжлэгч А.Энхтуулын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: МҮОНРТ-ийн ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б689 тоот тушаалаар А.Энхтуул намайг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох шийдвэр гарсан. Гэвч МҮОНРТ-ийн ерөнхий захирал нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажилд томилох тухай Б/727 тоот тушаал дахин гаргаж өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон. Улмаар МҮОНРТ-ийн ерөнхий захирал нь намайг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/727 тоот тушаалаар томилогдсон өдрөөс сүлжээт нэвтрүүлгээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргажээ. МҮОНРТ-ийн ерөнхий захирал нь намайг ажилд томилсон тушаал хоёр удаа гаргасан ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, сүлжээний нэвтрүүлэг олгоогүй, ажиллах нөхцөл бололцоогоор хангаж, өрөө гаргаж өгөөгүйгээс гадна, компьютер, сурвалжлагын аппарат хэрэгслээр хангаагүй. Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1-т заасны дагуу иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргээ биелүүлээгүй. Намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн тайлбарт: Нэхэмжлэгч А.Энхтуулыг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/66 тоот тушаалын дагуу ажлаас чөлөөлсөн. А.Энхтуул нь Монголын мэдээ агентлагт тоймчийн ажил эрхэлдэг болсон. Тийнхүү эрхэлж байхдаа зөвхөн радиогийн мэдээтэй холбоотой тоймч хийж байгаад ажлаас халагдсан ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1506 тоот шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж 9 972 900 төгрөгийн олговор олгохоор болсон. Ажил олгогчийн зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тушаалаар түүнийг Хурд агентлагийн (радиогийн) тоймчийн ажилд томилж, мөн өдрөө хөдөлмөрийн гэрээ байгуулахыг санал болгосон.

Гэтэл А.Энхтуул нь нэг ч удаа телевизийн мэдээ бэлдэж байгаагүй, туршлагагүй атлаа заавал Монголын  мэдээ  агентлагт  (телевизийн)  тоймчоор  орно, хөдөлмөрийн гэрээг байгуулахгүй гээд ажилдаа ирэхгүй байсан тул ажил олгогчийн зүгээс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А.Энхтуулыг Монголын мэдээ агентлагт томилсон. Гэтэл тийнхүү томилсон цагаас А.Энхтуул нь мөн ажилдаа ирэхгүй, гүйцэтгэхгүй байсан учир ажил олгогч 2018 оны 01дүгээр сарын 24-ний өдөр ажлаас халсан тушаал гаргасан. Мөн дээрх шүүхийн шийдвэрээр А.Энхтуул нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд үүрэг гүйцэтгээгүй нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/66 тоот тушаалд ажилд эгүүлэн томилогдсон өдрөөс хойш А.Энхтуул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын ноцтой гаргасан гэж тооцож хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд А.Энхтуулын   нэхэмжлэлийн   шаардлагыг   бүхэлд   нь зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Энхтуулыг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ сувгийн Шуурхай мэдээний албаны тоймчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс 2 092 425 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Энхтуулд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Энхтуулийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 48 429 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолдагийн давж заалдах гомдолд: Дундаж цалин хөлс тооцоход 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны 909 750 төгрөг тооцогдоогүй үлдсэнийг нөхөн гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхжаргалын давж заалдах гомдолд: Хариуцагч байгууллага нэхэмжлэгч А.Энхтуулыг ажлаас халах тушаалдаа Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1.6, 7.1.в хэсгийг үндэслэн томилогдсон өдрөөс сүлжээт нэвтрүүлгээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан шалтгаанаар ажлаас халсан. А.Энхтуулын ажлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан үйл явдал нь шүүхээр тогтоогдсон бөгөөд шүүх нэхэмжлэгчийг бүтэн cap ажил хийгээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч шүүх хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй буюу ноцтой зөрчлийн талаар талууд тохиролцоогүй гэж хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй дүгнэлт хийж, хууль буруу тайлбарлан хэрэглэжээ.

А.Энхтуул нь 2015 оны 06 сарын 22-ны өдөр хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулж радиогийн мэдээний тоймчоор ажиллаж байсан, түүнийг үндэслэлгүйгээр ажлаас халсан болохыг шүүх тогтоосны дагуу түүнийг өмнө эрхэлж байсан радиогийн мэдээний газар болох Хурд агентлагийн тоймчийн ажилд томилж, мөн тус өдрөө хөдөлмөрийн гэрээ байгуулахыг санал болгож, захирал гарын үсэг зурж, тамгалан танилцуулсан боловч заавал Монголын мэдээ буюу зөвхөн телевизийн мэдээ бэлддэг газарт ажиллана гээд гэрээ байгуулаагүй тул 2017 оны 12 сарын 20-ны өдөр тушаал гаргаж А.Энхтуулыг Монголын мэдээ агентлагт томилсон. Гэтэл тийнхүү томилсон цагаас А.Энхтуул нь ажилдаа ирэхгүй, ажил гүйцэтгэхгүй байсан учир Ажил олгогч 2018 оны 01 сарын 24-ний өдөр ажлаас халах тушаал гаргасан.

Түүнчлэн Хөдөлмөрийн гэрээний хувьд тэрээр Монголын мэдээ агентлагт буцаан томилогдсон учраас 2015 оны 06 сарын 22-ны өдөр хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэстэй. Шүүх ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах үүрэг хүлээнэ гэсэн нь хуульд нийцээгүй. Мөн сүлжээт нэвтрүүлгээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан, шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажилтны буруугаас болсон, өмнөх хөдөлмөрийн гэрээг хүчинтэйд тооцох үндэстэй болон А.Энхтуул нь хөдөлмөрийн дотоод журмыг сайн мэддэг, нэгэн цагт мөрдлөг болгон ажиллаж байсан зэрэг үйл баримтыг орхигдуулан дүгнэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч А.Энхтуул нь хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч А.Энхтуулыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/01506 дугаар шийдвэрээр Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ телевизийн тоймчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 972 900 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийг Олон нийтийн радиогийн Хурд агентлагт тоймчийн албан тушаалд томилсон боловч нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрт заасан ажил, албан тушаал биш гэх үндэслэлээр уг ажлын байрыг хүлээн зөвшөөрөөгүй учраас 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монголын мэдээ сувгийн Шуурхай мэдээний алба-д тоймчийн албан тушаалд томилсон үйл баримт тогтоогдсон.

Тэрээр нэхэмжлэгчийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/66 тоот тушаалаар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс сүлжээт нэвтрүүлгээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байна.

 

Хэргийн 9 дүгээр талд авагдсан 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд ажилтан А.Энхтуул гарын үсэг зураагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж заасныг үндэслэн талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

 

Хариуцагч тал ... А.Энхтуултай 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна гэж тайлбарладаг боловч МҮОНРТ-ийн ерөнхий захирлын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/40 тоот  МҮОНРТ-ийн үндсэн үйлдвэрлэлийн нэгжүүдийн бүтэц, орон тоо, ажил, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай тушаал, тушаалын хавсралтуудаас үзэхэд байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн байх тул ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах үүрэгтэй.

 

Зохигчид хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас ажилтны гаргасан зөрчлийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлд хамаарна гэж үзэхэд учир дутагдалтай, шүүх нэхэмжлэгч А.Энхтуулыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд ажил үүргээ гүйцэтгэсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан цалин хөлс олгохоор заасан тул ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй хугацааны цалин авах эрхгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/01393 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 26 384 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 90 662 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

А.МӨНХЗУЛ