Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 1393

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, 69а байр, 14 тоотод оршин суух, Шар ямаат овогт Аюушийн Энхтуул /РД:дэ83090901/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаа гудамж, өөрийн байранд оршин байх, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /РД:5021111/-д холбогдох,

 

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын зохих шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолда, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Одмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: МҮОНРТ-ийн ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б689 тоот тушаалаар А.Энхтуул намайг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох шийдвэр гарсан. Гэвч МҮОНРТ-ийн ерөнхий захирал нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажилд томилох тухай Б/727 тоот тушаал дахин гаргаж өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон. Улмаар МҮОНРТ-ийн ерөнхий захирал нь намайг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/727 тоот тушаалаар томилогдсон өдрөөс сүлжээт нэвтрүүлгээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргажээ. МҮОНРТ-ийн ерөнхий захирал нь намайг ажилд томилсон тушаал хоёр удаа гаргасан ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, сүлжээний нэвтрүүлэг олгоогүй, ажиллах нөхцөл бололцоогоор хангаж, өрөө гаргаж өгөөгүйгээс гадна, компьютер, сурвалжлагын аппарат хэрэгслээр хангаагүй. Мөн хүний нөөцийн албанаас ажлын үнэмлэхийн нэвтрэх эрхийг байнга хааж байгууллагаар нэвтрүүлэхгүй байснаас гадна тушаалд дурдсан цалин хөлсөө огт олгоогүй. Намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү. Мөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын зохих шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Энхтуулыг ажил тасалсан гэх хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тус байгууллагын Ерөнхий захирлын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/66 дугаар тушаалыг эс зөвшөөрч байна.  Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1-т заасны дагуу ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Гэтэл ажил олгогч, ажилтантай хөдөлмөрийн гэрээ хийх үүргээ эдгээр хуулиудын дагуу биелүүлээгүй. Хөдөлмөрийн гэрээнд сахилгын зөрчил, давтан үйлдэл, тухайлан заасан “ноцтой зөрчил”-д ажил тасалсан гэх зэргийг нэг бүрчлэн тодорхойлж, эдгээрийг зөрчсөн тохиолдолд хэрэгжүүлэх журамтай. Гэтэл ажил олгогч гэрээ хийгээгүй болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4. дэх заалтаар ажилтан А.Энхтуулын эрхэд халдах үндэслэлгүй.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 21.7-д зааснаар хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болдог. Хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан талуудын хооронд байгуулагдсан гэх 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээнд хариуцагч гарын үсэг зурж, тамга дарсан, харин нэхэмжлэгч гарын үсэг зураагүй байх тул уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч нь хэдийгээр ажилдаа ирээгүй гэх боловч талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр болоогүй тул ажил олгогч нь уг гэрээнд заасан үүргийг ажилтнаас шаардах эрхгүй. Мөн хуулийн 24.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Гэтэл ажил олгогчоос ажилтанд тулгаж 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Баталгаа” гэх зйүлийг хийсэн нь Иргэний хуулийн 56.1.8 дэх хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, ажилтан А.Энхтуулын хөдөлмөрийн буюу энгийн бичгийн хэлбэрийн гэрээ хийх талаарх санал, санаачлагыг эс үйлдэхүйгээр татгалзсан байна. 

Ажил олгогч мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3-т “Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэснийг зөрчсөн. Учир нь МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгийн “Шуурхай мэдээ” редакцийн тоймчийн ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа билээ. Энд мөн зүйлийн 40.1.1-т “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэж заасан нөхцөл үүсээгүй байх тул энэ заалтыг тушаалдаа хэрэглээгүй байгаа нь өөрөө тоймчийн ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа ба мөн хуулийн 24.1-д зааснаар байнгын ажпын байр болох нь батлагдаж байна. 

МҮОНРТ-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар бүлгийн ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах 5.3.1-ийн “ё”-д “Сүлжээт нэвтрүүлгээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан” гэжээ. Тус байгууллагын удирдлагаас баталсан сүлжээт нэвтрүүлгийн программ гаргаагүй буюу чухам ямар ажил хийх эсхийг тодорхойлж өгөөгүй мөртлөө огт байхгүй бөгөөд ор хоосон зүйлийг таслах тухай ойлголт байх бололцоогүй. Мөн журмын 7 дугаар зүйлийн 7.1 -ийн “в” хэсэгт сахилгын шийтгэл гэх “ажлаас халах”-аар тусгасан журмын энэ хэсэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дэх заалтыг удирдлага болгож шууд буюу давтан тусгасан байх тул хуулийнх нь дагуу тайлбарласан учраас журмаас дээд хүчинтэй хуулийг үндэслэж байгаа.

Ажилтныг ажлаас халсан тушаал 2018 оны 01 дүгээр сарын 24-нд гарсан, тус тушаалыг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүний нөөцийн мэргэжилтэн Р.Болормаагаас гардаж авангуут маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн захирамжид “2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан нэхэмжлэлийг” гэж тусгасан. Мөн нэхэмжлэгчид олгосон “Нэхэмжлэл/Хэргийн мэдээлэлийн тасалбар”-ын эх хуудаст нэхэмжлэлийн дугаар 102/НЭ2018/00984, код 2018263231 дугаарт бүртгэл хийж хүлээн авсан байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй болно. 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/00506 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “МҮОНРТ нь А.Энхтуултай 2017.11.23-ны өдрөөс 2017.12.23-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд хөдөлмөрийн гэрээ хийхээр байсан хэдий ч гэрээний нөгөө тал буюу ажилтан А.Энхтуулын гарын үсэг зурагдаагүй байхад хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй учраас түүний энэ хугацааны цалин 652,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна” гэхийг баримтлан А.Энхтуул хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж 2018.01.24-ний өдрийн Б/66 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй байна гэжээ. Хөдөлмөрийн гэрээ хийгдээгүйн үр дагавар гэж үзэн цалинг олгохгүй байх шийдлийг хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан гэж үзэх нь өөрөө ямар ч шалтгаант холбоогүй бөгөөд ажилтанд хамаарахгүй асуудал юм. Мөн гэрээ хийх үүргээ биелүүлээгүй бусдын буюу ажил олгогчийн гаргасан алдааг “хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан” гэж ажилтанд халдаан хэрэглэх хууль, эрх зүйн үндэслэлгүй байна. Нөгөө талаас Баянгол Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/00506 шийдвэр нь хөдөлмөрийн гэрээг чухалчилж гэрээний бус аргаар буюу өөрөөр хэлбэл МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/689 тоот, мөн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/727 дугаар бүхий тус тус хүчин төгөлдөр тушаалаар үүссэн 1 сарын хугацааны хөдөлмөрийн харилцааг анхаарч үзээгүй. Харин ч эсрэгээр энэ үүссэн гэрээний бус бодит харилцаа, ажилтны 1 сарын хугацаанд хийсэн ажлын гүйцэтгэлийг шууд үгүйсгэж, хөдөлмөрийн гэрээ хүчинтэй болоогүй гэснээр дурдсан 2 тушаалын үйлчлэлээр олгох ёстой байсан 1 сарын хугацааны 652,000 төгрөгийн цалинг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж ажилтан А.Энхтуулыг хохироосон байна. Тиймээс А.Энхтуул хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдэг нь энэ шүүхийн шийдвэрээр батлагдсан учраас 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/66 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна гэх нь илт хамаарал, холбогдолгүй үндэслэл байна.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Н/15 дугаар тушаалын 01 хавсралтаар батлагдсан “Цаг бүртгэл, цаг ашиглалтанд хяналт тавих журам”-ын 2.1-д “Хурууны хээгээр бүртгэл авна” гэсэн боловч журмыг мөрдлөгө болгоогүй, хурууны хээгээр бүртгэл авагдаагүй бөгөөд хариуцагчаас ажлын ирцтэй холбогдох бүртгэл эсхүл А.Энхтуулыг ажил тасалсан гэх ямар нэгэн хэлбэрээр бүртгэсэн нотлох баримт гаргаж өгч баталж чадаагүй.  Ажил олгогчоос ажилтанг ажлаа гүйцэтгэхэд шаардлагатай ажлын байр, ажлын хэрэгслээр хангаагүй, энэ үүргээ санаатай биелүүлээгүй байж, бүр сүүлд нь ажил тасалсан гэх зохиомол зөрчилд оруулахын тулд ажилд орох хаалганы картын шифийг хааж ажилдаа оруулахгүй дарамталж тэрбээр ажилтан А.Энхтуулыг эс үйлдэхүйгээр буюу ямарч аргаар ажлаас халах шахалт үзүүлсэн гэхээр байна. Энэ хууль бус эс үйлдэхүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн ажил олгогчийн эрх, үүрэг болох 5 дугаар зүйлийн 5.2-т “Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгуй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчсөнөөр батлагдаж байна. Тэгээд ч ажлаас халсан гэх Б/66 дугаар тушаалын 2-д ажил хүлээлцүүлэх гэж 4 хүнийг томилсон байна. Ажлын байр, ажлын хэрэгсэл олгоогүй мөртлөө эргэж юуг хүлээж авах нь ойлгомжгүй. Мөн 3-д санхүүгийн тооцоо хийх тухай мөн даалгасан байна. Гэтэл цалин, хөлс аваагүй хүнтэй санхүү, хөрөнгийн тооцоо хийх боломжгүй. Ингэхдээ энэ тушаалын үндэслэх заалт болон бусад хэсэг бүхэлдээ илт хууль бус бөгөөд захирамжлалын баримт бичиг болох “Тушаал” нь байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд үндсэн үйл ажиллагааг хангах зорилгоор баталж гаргасан баримт бичиг байх ёстой байтал энэ нь стандарт шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Иймд А.Энхтуулыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхэлж өнөөдрийг хүртэл хугацааны цалинд нийт 4,743,600 төгрөгийг гаргуулж, уг цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг авч, дэвтэрт бичилт хийж өгнө үү гэсэн шаардлагаа дэмжиж байна гэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Одмаа нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Энхтуулыг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/66 тоот “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын дагуу ажлаас чөлөөлсөн байдаг. Бид хариу тайлбартаа түүнийг Хөдөлмөрийн хуулийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” хэмээн заасны дагуу хугацаа хэтрүүлсэн гэж бичсэн. Гэвч энэ талаар одоо бид маргахгүй.  Анх А.Энхтуул нь Монголын радиогийн мэдээний албанд тоймчийн ажил эрхэлж байсан бөгөөд явцын дунд радио болон телевиз хоёрын мэдээний албадыг нэгтгэн бүтцийн өөрчлөлт хийж Монголын мэдээ агентлаг болгон өөрчилж улмаар А.Энхтуул нь тус бүтэцийн өөрчлөлтийн дагуу тус агентлагт тоймчийн ажил эрхэлдэг болсон. Тийнхүү эрхэлж байхдаа зөвхөн радиогийн мэдээтэй холбоотой тоймч хийдэг байв. Улмаар А.Энхтуул нь ажлаас халагдсан ба тийнхүү халагдсаныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/01506 тоот шүүхийн шийдвэрээр үндэслэлгүйд тооцож түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох, 9,972,900 төгрөгийн олговор олгохоор болсон. Гэтэл А.Энхтуулын ажилд эгүүлэн томилох тухай 2017 оны шийдвэр гарахын өмнө радио, телевиз хоёрын мэдээний албыг нэгтгэн бий болсон “Монголын мэдээ агентлаг” нь дахин бүтцийн өөрчлөлтөд орж радио болон телевиз хоёрын мэдээний албадыг салгаж радиогийн мэдээний албыг “Хурд” агентлаг болгон тусгаарлаж, урьд нэгтэсэн бүтцээр радиогоос нэгдэн ирсэн ажилтнуудыг “Хурд” агентлагт хувиарлаж, телевизийн мэдээний албыг Монголын мэдээ агентлагт нь салган авч үлдсэн юм. Нөхцөл байдал ийнхүү өөрчлөгдсөн тул МҮОНРТ ажилд эгүүлэн томилох 2017 оны шийдвэрийг биелүүлэхдээ А.Энхтуулыг радиогийн мэдээ бэлддэг байсан, мөн нэгтгэсэн бүтцийн өөрчлөлтөөс өмнө радиогийн мэдээний агентлагт ажиллаж байсныг нь харгалзан ажил олгогчийн зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 23-ны тушаалаар түүнийг “Хурд” агентлагийн (радиогийн) тоймчийн ажилд томилж, мөн өдрөө хөдөлмөрийн гэрээ байгуулахыг санал болгож, захирал нь гарын үсэг тамгалан танилцуулсан. Гэтэл А.Энхтуул нь нэг ч удаа телевизийн мэдээ бэлдэж байгаагүй, туршлагагүй атлаа заавал “Монголын  мэдээ”  агентлагт  (телевизийн)  тоймчоор  орно, хөдөлмөрийн гэрээг байгуулахгүй гээд ажилдаа ирэхгүй байсан тул ажил олгогчийн зүгээс арга буюу 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тушаал гаргаж А.Энхтуулыг “Монголын мэдээ” агентлагт томилсон. Гэтэл тийнхүү томилсон цагаас А.Энхтуул нь мөн ажилдаа ирэхгүй, гүйцэтгэхгүй байсан учир ажил олгогч 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажлаас халсан тушаал гаргасан билээ. Мөн А.Энхтуул нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинд 652,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж буюу ажилгүй хугацааны цалинд 4,080,000 төгрөгийг МҮОНРТ-ээс гаргуулж, үлдэх шаардлага буюу 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны цалинг А.Энхтуул тус хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн нь тогтоогдохгүй байна гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” хэмээн заасан.  Дээрх шүүхийн шийдвэрээр А.Энхтуул нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд үүрэг гүйцэтгээгүй үйл явдал нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/66 тоот “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах  тухай” тушаалд дурдсаны дагуу ажилд эгүүлэн томилогдсон өдрөөс хойш А.Энхтуул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын ноцтой гаргасан гэж тооцож хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал нь үндэслэлтэй байна. Иймд   бид   А.Энхтуулын   нэхэмжлэлийн   шаардлагыг   бүхэлд   нь зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/01506 дугаар шийдвэрээр А.Энхтуулыг Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн тоймчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 315 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 9,972,900 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хянаад хэвээр үлдээсэн байна /хх 75-79 хуудас/.

 

Дээрх шийдвэрийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Б/689 тоот тушаал гаргаж А.Энхтуулыг мөн өдрөөс Олон нийтийн радиогийн “Хурд” агентлагт тоймчийн албан тушаалд эгүүлэн томилсон /хх 7 хуудас/.

 

Улмаар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Б/727 тоот тушаал гаргаж А.Энхтуулыг Монголын мэдээ сувгийн “Шуурхай мэдээний алба”-нд тоймчийн албан тушаалд эгүүлэн томилжээ. Ийнхүү томилсон шалтгаанаа хариуцагчийн зүгээс “...А.Энхтуул шүүхийн шийдвэрийн дагуу заавал телевизийн мэдээний тоймчоор ажиллана гэж шаардаад байсан учраас бид тушаал гаргасан” гэж тайлбарласан /хх 8, 25  хуудас/.

 

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын Б/66 дугаар “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, “Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.3, 31.6.6, МҮОНРТ-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын тавдугаар бүлгийн 5.3.1-ийн “ё”, долоодугаар бүлгийн 7.1-ийн “в” хэсгүүдийг баримтлан “Монголын мэдээ” сувгийн Шуурхай мэдээний редакцийн тоймч А.Энхтуулыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №Б/727 тоот тушаалаар томилогдсон өдрөөс сүлжээт нэвтрүүлгээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ /хх 6 хуудас/.

 

2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч А.Энхтуул нь хариуцагч Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-д холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагуудыг гаргаж шүүхэд ханджээ.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн бөгөөд өөрийн татгалзлаа “...нэхэмжлэгч хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж тайлбарлаж байна. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Энэ нөхцөлд талууд хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтооно.

 

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болдог.

 

Дээр дурдсанчлан 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын Б/727 тоот тушаалын дагуу А.Энхтуулыг Монголын мэдээ сувгийн “Шуурхай мэдээний алба”-нд тоймчийн албан тушаалд томилсон ба энэхүү албан тушаал дээр түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймд талуудыг хөдөлмөрийн гэрээ байгуулсан, цаашлаад ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй.

 

Хэдийгээр хариуцагч талаас “...Бид А.Энхтуултай 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр А.Энхтуултай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Уг гэрээ нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Уг гэрээгээр бид ноцтой зөрчил гэж юуг ойлгохыг харилцан тохирсон” гэх тайлбарыг гаргасан боловч хэрэгт авагдсан МҮОНРТ-ийн ерөнхий захирлын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/40 тоот  “МҮОНРТ-ийн үндсэн үйлдвэрлэлийн нэгжүүдийн бүтэц, орон тоо, ажил, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тушаал, тушаалын хавсралтуудаас үзэхэд байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгджээ. Энэ нөхцөлд ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах үүргийг хүлээнэ /хх 28, 49-57 хуудас/. 

 

Иймд нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэн түүний ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт нийцээгүй байна.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтанд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заажээ.

 

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №Б/727 тоот тушаалаар А.Энхтуулын албан тушаалын үндсэн цалинг 652,000 төгрөгөөр тогтоосон. Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар А.Энхтуулийн нэг сарын дундаж цалинг 652,000 төгрөг, нэг өдрийн цалинг 30,325 төгрөг гэж тооцохоор байна. 

 

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 69 хоногийн цалин, хөлс 2,092,425 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно /652,000:21.5=30,325х69=2,092,425/.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт нийцнэ.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна хариуцагчийн зүгээс энэ талаар маргахгүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй, зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...А.Энхтуулийн ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн бодно” гэх тайлбарыг гаргасан боловч уг асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна /хх 78, 79 хуудас/.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Энхтуулыг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн “Монголын мэдээ” сувгийн Шуурхай мэдээний албаны тоймчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс 2,092,425 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Энхтуулд олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Энхтуулийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 48,429 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                              Н.ХАНГАЛ