Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/ма2020/01279

 

 

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/01279

 

С.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/01426 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Д-гийн нэхэмжлэлтэй хариуцагч П.Т-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан номдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Д-, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, хариуцагч П.Т-, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Д- нь талийгаач дүүгийн 2 хүүхдийн эцэг П.Т-д 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Хаан банк ХХК дах 5027033340 тоот данснаас 5071041743, 5056076263, 5057430146, 5075601533 тоот данс руу нийт 35 удаагийн гүйлгээгээр 18 400 000 төгрөгийг зээлдүүлж шилжүүлсэн. Зээлийг буцааж төлөхийг шаардаж ирсэн ч П.Т- төлөөгүй. Иймд П.Т-аас зээл 18 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

П.Т- нь цаанаа өөр амьдралтай, эхнэр хүүхдүүдтэй. Хэргийн материалд авагдсан 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн шийдвэрийг харахад талуудын зээлийн гэрээний харилцаа дуусах гэж байхад хүү Т.Б-ыг өөр дээрээ шилжүүлж сувилалаас авсан. Нийт 35 удаагийн гүйлгээ хийгдсэнээс 33 удаагийн гүйлгээний дараа хүү Т.Б-ыг сувилалаас авах асуудлыг шийдүүлж байгаа юм. Хүүхдүүддээ зориулж мөнгө авч байсан гэх боловч мөнгө авч байсан хугацаанд хүүхдүүд нь өөрийнх нь асрамжид байгаагүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач С.х-нь өөрийн хувийн орон сууц 3, Онол булгант төв ХХК 5 давхар үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай байсан. Мөн банкинд хүүхдүүддээ зориулан их хэмжээний мөнгө хадгалсан байсныг бүгдийг нь С.Д- авсан.

Ингээд С.Д- нь ээжийнх үлдээсэн мөнгийг хүүхдүүдэд өгч их бага хэмжээгээр хүүхдүүдэд хэдэн төгрөг явуулж миний дансаар хүүхдүүдийн нэр дээр хийж байсан. С.Д-гаас мөнгө зээлээгүй. С.Х-г амьд сэрүүн байхад нь С.Д-, хүүхдүүдийг харж хандаж байна гэж амлан итгэл авч байрыг нь бэлэглэлийн гэрээгээр өөрийн эзэмшилд шилжүүлсэн. Хүүхдүүдийг асарч хамгаалах тухай Чингэлтэй дүүргийн Засаг дарга хэлэхэд С.Д- нь би хүүхдүүдийг асарч хамгаалж чадахгүй, би өндөр настай хүн, хүүхэд төрүүлж үзээгүй учир хүүхдүүдийг асарч хамгаалж чадахгүй гэж өргөдөл бичиж өгсөн. Хүү Т.Б- маань дауны синдромтой учир байнгын асаргаа сувилгаа шаардлагатай. Хүүхдүүдийн минь ээж амьд сэрүүн байхдаа мөнгө төгрөгийн хэрэгцээтэй асуудал гарвал С.Д- өгнө гэж хэлж байсан.

Хүүхдүүдэд явуулсан мөнгийг би хүүхдүүддээ л зарцуулсан. Миний бага хүү Т.Б-д өдөрт 10-12 ширхэг памперс хэрэглэдэг, байнгын эм тариа хэрэглэж байнгын асарч сувилсны хүчинд байгаа юм.Хүүхдүүдэд минь төрсөн өдрийн бэлэг, ахыг нь эрүүлжүүлэхээс гаргахдаа над руу шилжүүлсэн мөнгөө хүртэл нэхсэн байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Д-гийн хариуцагч П.Т-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: П. Т- гэгч нь миний дүүгийн оршуулгад ирээгүй, мөн нэг ч төгрөг гаргаж байгаагүй, гэтэл шүүх ямар баримтыг үндэслэж талийгаачийн буян номын ажилд зарцуулсан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Миний бие нь мөнгийг өгөхдөө буцаан авах зорилгоор зээлдүүлсэн.П.Түммэнжаргал нь цалин бага хүрэлцээ муутай, дүү нартайгаа нийлж зээл аваад буцааж төлнө гэсэн нөхцөлтэйгээр зээлсэн. Шүүхийн шйидвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрхээ эдэлж мэтгэлцсэн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч С.Д- нь хариуцагч П.Т-аас зээл 18 400 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1, 30/

 

С.Д- нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 24-ний хоооронд Хаан банкны дансны хуулгаар, 35 удаагийн гүйлгээгээр П.Т-д 18 400 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт хэрэгт тогтоогдсон. /хх6-12/

 

Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлох үүрэгтэй. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэнэ. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, өмгөөлөгчийн нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлэн өгсөн гэх 18 400 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэж тодорхойлсон. Ийм учраас шүүхээс талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх талаар дүгнэлт хийсэн болно.

Хариуцагч нь С.Х-гийн үлдээсэн мөнгийг С.Д- их бага хэмжээгээр хүүхдүүдэд зориулан шилжүүлдэг байсан гэсэн агуулгаар маргажээ. /хх18/

Аливаа мөнгөн хөрөнгө нэг этгээдээс нөгөөд хууль болон гэрээнд заасан үндэслэлээр шилжих ёстой юм. С.Д-гийн Хаан банкны дансны хуулга дахь гүйлгээний утгаас Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэл зоригоо илэрхийлж хэлцэл хийсэн гэж үзнэ. Гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6 дах хэсэгт зааснаар гэрээ байгуулахаас өмнөх хэлэлцээ, заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ.

Хэргийн баримтаар 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 200 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 300 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 200 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 200 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 350 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 29-ний хооронд түм, түм гэсэн агуулгаар 1 100 000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн төлбөр гэсэн агуулгаар 500 000 төгрөг нийт 2 350 000 төгрөгийг шилжүүлсэн нь бүрмөсөн бэлэглэсэн гэх агуулагагүй байх тул буцаан авах зориулалтаар шилжүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбартай харьцуулан дүгнэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар П.Т-аас гаргуулах үндэслэлтэй байна. /хх6-13/

Харин хүүхдүүдийн нэрийг зааж төрсөн өдрийн бэлэг, эмээгээс нь зэрэг агуулгаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зээл буюу буцаан төлөх үүрэг үүсгэсэн хэлцэл гэж дүгнэх боломжүй юм.

Мөн нэхэмжлэгч С.Д- нь мөнгө зээлдүүлсэн гэдгээ нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрөө нотлох үүрэгтэй юм. Хэргийн баримтаас 18 400 000 төгрөгийг бүхэлд нь зээл гэж дүгнэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хэсэгчлэн хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/01426 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Т-аас 2 850 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 550 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Тогтоох хэгсийн 2 дахь заалтад хариуцагч П.Т-аас 52 250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж нэмж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249 950 төгрөгөөс 52 250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ш.ОЮУНХАНД