Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/00223

 

  

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч, даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/01426 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1279 дүгээр магадлалтай,  

*******гийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох  

Зээлийн гэрээний үүрэг 18,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Зохигчийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, хариуцагч *******, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. ******* нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 18,400,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/01426 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1279 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/01426 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан *******аас 2,850,000 төгрөг гаргуулж, *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,550,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтад *******аас 52,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж нэмж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,950 төгрөгөөс 52,250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.  

4. Нэхэмжлэгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. ******* нь хоёр хүүхдийн нэрээр 18,400,000 2018.11.23-ны өдрөөс эхлэн 2019.06.24-ний өдрийн хооронд Хаан банкны дансаар 35 удаагийн гүйлгээгээр 18,400,000 төгрөг авсан нь үнэн бөгөөд уг төлбөрийг авахдаа ******* надаас цалингийн зээлтэй байгаа эргүүлээд дүү нартайгаа нийлж байгаад төлнө гэсэн. Миний дүүгийн нас барахад нь нэг ч төгрөг өгөөгүй, өөрийн гэсэн гэр бүлтэй бөгөөд дүүгийн маань хүүхдүүдийг өөр дээр аваад хөрөнгөтэй болно гэж өнөөдрийг хүртэл маргаж явж байгаа юм. Миний дүүтэй энэ хүн ямар нэгэн байдлаар гэр бүлийн харилцаатай байгаагүй, эрх зүй ямар нэгэн үндэслэл байхгүй бөгөөд миний мөнгийг надаас зээлж аваад эрүүлж төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Мөн хүүхдүүдийг бидэнд харуулахгүйгээр өөр газарт эхнэрээс нууж байгаа бөгөөд надаас юу ч мэдэхгүй хүүхдүүд мөнгө зээлж аваагүй, зээлсэн мөнгөний гүйлгээгээр хоёр хүүхдийн нэрээр хийж байхаар талууд тохиролцсон юм. Давж заалдах шатны шүүх 2,850,000 төгрөгийг гаргуулсан, үлдэх 15,550,000 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү. гэжээ. 

5. Хариуцагч ******* хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие талийгаач С.Хандсүрэнтэй хамтран амьдарч 2 хүүхэдтэй болсон ба хүүхдүүд хуулийн дагуу миний асрамжид байгаа. С.Хандсүрэн нь өөрийн гэсэн хувийн орон сууц болон Онол булгант төв ХХК-тай, энэ хөрөнгөний ашиг орлогоос хүүхдүүдэд өгч байсан ба би *******гаас хэзээ ч зээл авч байгаагүй ба зээлийн талаар огт ярьж байгаагүй юм. Мөн ******* нь хууль зүйн үндэслэлгүй. Талийгаачийн биеийн байдал маш муу, хорт хавдар туссан, эмнэлэгт хэвтэрт байхад нь нотариатч авч очоод үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн эзэмшилд бэлэглэлийн гэрээгээр авсан байгаа. Тийм учраас ээжид нь амласан ёсоор хүүхдүүдийн хэрэгцээнд шилжүүлж байсан мөнгийг намайг зээлсэн гэж, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, давж заалдах шатны шүүх *******ын дансаар тус тус 2,850,000 төгрөг шилжүүлж зээлсэн гэж үзэж гаргуулахаар шийдсэн нь үндэслэлгүй байна.

5.1. *******гийн хувьд талийгаачийг нас барснаас хойш нэг жил өнгөртөл юу ч яриагүй ба 1 жилийн дараа хүүхдүүдээс бүх хөрөнгийг авч ээж нь надад шилжүүлсэн гэж дур зоргоороо авирлаж, биднийг амьдарч байсан байрнаас хөөж, хүүхдүүдийг хохироож байгаад гомдолтой байна. Бидэнд одоо хөрөнгө байхгүй, намайг шүүх, цагдаагаар шалгуулж, чиний хүүхдүүд биш, миний дүү нөхөргүй хүүхэд гаргасан гэж маш их хүнд байдалд оруулж байгаад гомдолтой байна. Ээжийнх нь хөрөнгөн дээр ажиллаж авсан мөнгөө хүүхдүүдэд зориулж өгчхөөд намайг зээлж авсан гэж үзэж 18,400,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийг хянаж үзээд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ: 

6. Хяналтын журмаар гаргасан хариуцагч *******ын гомдлыг хангаж, нэхэмжлэгч *******гийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1заасныг баримтлан *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх шийдвэрт *******аас 2,850,000 төгрөг гаргуулж, *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,550,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулжээ.  

8. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2018.11.23-ны өдрөөс 2019.06.24-ний өдрийг хүртэл хугацаанд *******д нийт 35 удаагийн гүйлгээгээр 18,400,000 төгрөгийг хүүгүйгээр бэлнээр аман хэлбэрийн зээлийн гэрээг байгуулан шилжүүлсэн, ...зээлийн гэрээний үндсэн үүрэгт 18.400.000 төгрөгийг буцаан гаргуулах... гэж тодорхойлсон байна. 

9. Хариуцагч ******* ...******* нь ээжийнх нь үлдээсэн мөнгийг хүүхдүүдэд их, бага хэмжээгээр миний дансаар шилжүүлж, хүүхдүүдийн нэр дээр хийж байсан, үүнийгээ намайг зээлсэн мэтээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, *******гаас зээлж авсан нэг ч төгрөг байхгүй, талийгаачид амьд сэрүүн байхад ******* хүүхдүүдийн хамаатан садны хувьд хүүхдүүдийг харж хандаж байх амлалтын дагуу мөнгө өгч байсан, хүүхдүүдэд зарцуул гэж бичиж өгсөн нь миний банкны хуулган дээр зориулалтаараа бичигдсэнээр нотлогдоно... гэж мэтгэлцжээ. 

Зохигчийн хооронд зээлийн харилцаа үүссэн эсэх нь маргааны зүйл болжээ. 

10. Давж заалдах шатны хэрэгт авагдсан нотлох баримтаас хэргийн үйл баримтыг зөрүүтэй тогтоосны улмаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.  

Учир нь давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн мөнгөнөөс 2,350,000 төгрөгийг бэлэглэсэн гэх агуулгагүй байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн буцаан авах зориулалтаар шилжүүлсэн гэж үзэж уг мөнгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1зааснаар *******аас гаргуулсан нь учир дутагдалтай болжээ. 

11. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог хэдий ч хуулийн гол урьдчилсан нөхцөл болох талуудын хүсэл зоригийн илэрхийлэл чухал байдаг. 

Талууд зээлийн гэрээг амаар байгуулсан тохиолдолд шүүхээс Иргэний 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д тус тус зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл агуулгыг тайлбарлаж, хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийнэ.  

12. Анхан шатны шүүхийн зохигчийн хооронд 18,400,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй талаар хийсэн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

13. Тодруулбал, талийгаач С.Хандсүрэн 2018.09.27-ны өдөр өвчнөөр гэртээ нас барсан, *******, талийгаач С.Хандсүрэн нарын дундаас 2014.06.22-ны өдөр охин Т.Мядагмаа, 2016.09.16-ны өдөр хүү Т.Бат-Оюун нар төрсөн, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2019/01844 дугаартай шийдвэрээр хүү Х.Бат-Оюуны эцэг ******* мөн болохыг тогтоосон, талийгаач С.Хандсүрэнгийн эгч нэхэмжлэгч болох үйл баримтад талууд маргаагүй. 

14. ******* өөрийн Хаан банк ХХК дах 5027033340 тоот данснаас нийт 35 удаагийн харилцах дансны гүйлгээгээр 18.400.000 төгрөгийг шилжүүлэхдээ ...гүйлгээг тооцоо, Дашмаагаас, төлбөр, Hitachi хүүхдийн мөнгө, Мядагмаад, Hitachi Мядагмаад, Hitachi Бат-Оюунд, Hitachi бэлэг, Hitachi Дашмаагаас, Хүүхдийн мөнгө, ДАШС, охин Мядагмаад, Hitachi НННН, хүү Бат-Оюунд, Даа, Түмээд, Hitachi ТҮМ, ТҮМ, Бат-Оюуны шүүхийн төлбөр, Мядагмаад төрсөн өдөр, Хүүхдэд, Бат-Оюунд хүүхдийн мөнгө... гэх байдлаар гүйлгээний утга бичсэн, 1 гүйлгээ буюу 2019.06.24-ний өдөр зарлагын гүйлгээний утга бичилгүй 2,000,000 төгрөгийг дансаар бус бэлнээр зарлагджээ. 

Нэхэмжлэгч дээрх гүйлгээг *******ын мөнгө зээлэх хүсэлтийн дагуу шилжүүлсэн гэж хариуцагчтай мэтгэлцсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан, хариуцагч хүлээн авсан мөнгийг буцаан төлөх үүрэг хүлээсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Энэ нь нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэж үзнэ. 

15. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн ...*******гаас *******ын өмчлөлд мөнгө шилжүүлснээ буцаан шаардах эрх тогтоогдоогүй... гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Иймд шүүх бүрэлдэхүүн хяналтын журмаар гаргасан хариуцагч *******ын гомдлыг хангаж, нэхэмжлэгч *******гийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1279 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/01426 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын гомдлыг хангаж, нэхэмжлэгч *******гийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 235,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн 60,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Г.БАНЗРАГЧ  

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН              Г.АЛТАНЧИМЭГ

                                             ШҮҮГЧИД              П.ЗОЛЗАЯА

                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ  

                                                                             Д.ЦОЛМОН