Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 220

 

 “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Жаргалант сумын Засаг

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   М.Батсуурь,

                                                   Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 05-ны өдрийн А/89 тоот захирамжийг хүчингүй болгуулах”

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 123/ШШ2019/0038 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 132 дугаар магадлалтай, Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нарыг оролцуулж, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 123/ШШ2019/0038 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А ХХК-ий нэхэмжлэлийг хангаж, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/89 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 132 дугаар магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга Т.Цийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. “Аруно агро” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 123/ШШ2019/038 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 132 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг буруугаар тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хууль болох Захиргааны ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг энэ тохиолдолд хэрэглэсэн, хэрэглэх ёстой байсан Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д заасныг хэрэглээгүй нь буруу болсон гэж үзэж байна.

5. Маргаан бүхий актын тухайд нэхэмжлэгч нь 2016 оноос хойш газрын төлбөрөө төлөөгүй, 2018 онд хариуцагчаас гэрээг нь 2 жилийн хугацаагаар сунгах үедээ ч уг төлбөрөө 2018 оны 2 дугаар улиралд багтаан төлөх, мөн мэдэгдэл өгч гэрээгээ дүгнүүлэх төлбөрөө төлж баримтаа авч ирэх боломжийг олгосон боловч хуульд заасан төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож л шийдвэрлэсэн.

6. Давж заалдах шатны шүүхээс “...гэрээний биелэлтийг хангалгүйгээр Аруно агро ХХК-ийн газар эзэмшүүлэх гэрээгээр тохирсон боломжийг эдлэх ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул анхан шатны шийдвэр үндэслэлтэй” гэж дүгнэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг буруугаар тайлбарлан хэрэглэсэн. Тодруулбал уг заалтаар газар эзэмших эсхүл ашиглах эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэг үндэслэл болохыг маш тодорхой заасан бөгөөд “гэрээний заалтыг баримталж боломж олгох, эсхүл гэрээний хугацаа дуусаагүй хүчинтэй тохиолдолд энэ заалтыг хэрэглэх ёсгүй гэсэн хязгаарлалт”-ыг хуулиар эрх бүхий этгээдэд үүрэг болгож заагаагүй байхад Захиргааны ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг зөрчсөн гэж дүгнэн, энэ тохиолдолд хэрэглэгдэхээргүй хуулийг тайлбарлан хэрэглэсэн.

7. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж газрын төлбөр төлөх хугацааг заасан маргааны тохиолдолд энэ үүргээ биелүүлээгүй нь бичгийн болон нэхэмжлэгчийн өгсөн тайлбараар маш тодорхой нотлогдож байгаа бөгөөд хариуцагч Засаг даргын зүгээс хуульд заасан үүргээ зөв хэрэгжүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн ямар нэг, хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, зөрчсөн байдлаар хандаагүй.

8. Шүүхээс нэхэмжлэгчийн гэрээгээр тохирсон боломжийг олгоогүй уг эрхийг нь зөрчсөн гэх боловч хариуцагч Засаг даргын зүгээс нэхэмжлэгчийн гаргасан зөрчилтэй нь холбогдуулж түүний газар эзэмших, компанийн үйл ажиллагааг нь зогсоох байдлаар хандаагүй, харин ч эсрэгээрээ дэмжсэн, боломж хангалттай урт хугацаанд олгосон байдлыг нэхэмжлэгч ашиглаагүй зөрчлийг арилгаагүй байсан тул маргаан бүхий актыг хуулийн дагуу гаргасан бөгөөд хууль зөрчсөн гэж шүүхээс хүчингүй болгох үндэслэл бий болоогүй гэж үзэж байна.

9. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д заасныг хэрэглэх ёстой байсан. Учир нь уг заалтуудаар газрын төлбөрийг төлөх хугацаа, ямар хуулийн дагуу төлөх ёстойг заасан бөгөөд энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан заалттай хамт тайлбарлан хэрэглээгүй нь хариуцагч хууль зөрчсөн гэх дүгнэлтэд хүрэх шалтгаан нь болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл газрын төлбөр, түүнийг төлөх хугацаа нь Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар тодорхойлогдож, энэ үүргээ биелүүлээгүй зөрчилд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар хариуцлага тооцож газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох уялдаа бүхий зохицуулалтууд гэж ойлгон маргаан бүхий актыг гаргасан бөгөөд гэрээний хүчин төгөлдөр хугацааг харгалзах бус эдгээр хуулийн заалтуудыг хэрэглэж шийдвэрээ гаргах нь зүйтэй байсан гэж үзэж байна.

10. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

11. Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

12. Нэхэмжлэгч “А” ХХК нь “...Манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үндэслэл бүрдээгүй, тус компанид газар эзэмших эрхийг 15 жилээр олгосон бөгөөд гэрээг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 2 жилийн хугацаатай байгуулсан, гэрээний хугацаа дуусахгүй байхад “сунгуулах хүсэлтээ гаргаагүй” гэж үзэх үндэслэлгүй, мөн газрын төлбөрийг нэхэмжлэхийн дагуу төлсөн. ...хариуцагч захирамж гаргахын өмнө, хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийлгүй, шууд газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг зөвшөөрөхгүй” гэж марган, “Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/89 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

13. Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/89 дүгээр захирамжаар, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан “газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, газар эзэмших гэрээгээ сунгах хүсэлт гаргаагүй” гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгч “А” ХХК-ийн, үр тарианы зориулалтаар эзэмших 200 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

14. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болохоор, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д газар эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус хуульчилсан.

15. Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, хариуцагч нь “А” ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх №18/11 тоот гэрээ”-г 2 жилийн хугацаатай байгуулсан, гэтэл гэрээний хугацаа 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр дуусахаар буюу гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгчийг “гэрээгээ сунгах хүсэлт гаргаагүй” гэж буруутгасан нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг зөрчжээ. Хариуцагчаас, гэрээг 2 жилээр байгуулсан, гэвч гэрээний 4.5-д “газар ашиглуулах гэрээг жил бүр дүгнэх”-ээр заасан гэж маргах боловч энэ нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

16. Мөн маргаан бүхий актын, газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэж үзсэн үндэслэлийн тухайд, давж заалдах шатны шүүхийн “...гэрээний биелэлтийг хангахгүйгээр гэрээний хугацаа дуусаагүй байхад хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг хэрэглэж газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Захиргааны байгууллага захиргааны гэрээний биелэлтийг хангах үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгч “А” ХХК-ийн газар эзэмших гэрээгээр тохирсон боломжийг эдлэх ашиг сонирхол нь зөрчигдсөн” гэсэн дүгнэлт учир дутагдалтай, тус компанийн хариуцагчтай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний 2.2-т газрын төлбөрийн 231600 төгрөгийг 4 дүгээр улиралд төлөхөөр тохиролцсон байх боловч нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2017, 2018 оны газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй байсан, харин тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн нэхэмжлэхийн дагуу, мөн өдөрт нь газрын төлбөрт 463200 төгрөгийг төлсөн нь тогтоогджээ.

17. Түүнчлэн, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасан сонсох ажиллагааг явуулах, эрх нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх, түүнд тайлбар, санал гомдлоо гаргах боломжийг олгоогүйгээс, газар эзэмшигч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан 2 шатны шүүхийн шийдлийг буруутгах үндэслэлгүй байна гэж үзлээ.

18. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 123/ШШ2019/0038 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 132 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                                  ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА