Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/01500

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/01500

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Пүрэвдаваагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/01182 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Пүрэвдаваагийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Отгонбаярт холбогдох

 

Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндсэн, зээлийн гэрээний төлбөрт 91 920 000 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хишигжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Пүрэвдаваагийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Л.Отгонбаяртай 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 40 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 3.2 хувийн хүүтэй зээлж авахаар зээлийн гэрээ байгуулж, Д.Пүрэвдоржийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 80А байр 1/3 тоот, 49.65 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаалсан. Л.Отгонбаярын шаардлагын дагуу уг барьцааны гэрээг бүртгүүлчихээд Л.Отгонбаярт бүртгүүлсэн талаараа хэлж мэдэгдсэнээс хойш Л.Отгонбаяр утсаа авахгүй салган, зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй 40 000 000 төгрөгөө өгөөгүй юм. Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Л.Отгонбаярын тайлбарт: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Л.Отгонбаярын сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Л.Отгонбаяр нь Д.Пүрэвдаваад 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 30 000 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 20 000 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 17 000 000 төгрөг, нийт 67 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Хариуцагч Д.Пүрэвдаваагийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг сунгасан. Үндсэн зээлээс 7 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 60 000 000 төгрөгийг төлөөгүй байна.

Д.Пүрэвдаваа нь 2016 оны 06 дугаар сараас зээлийн гэрээнд заасан хүүгээ төлөөгүй болно. Д.Пүрэвдаваа нь үндсэн зээл 60 000 000 төгрөг, хүү 1 920 000 төгрөг, алданги 30 000 000 төгрөг, нийт 91 920 000 төгрөгийн төлбөртэй байгаа болно. Иймд 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээний дагуу Д.Пүрэвдаваагаас зээлийн гэрээний төлбөрт 91 920 000 төгрөг гаргуулж, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 80а байр, 1/3 тоот хаягт байршилтай 49,65 м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Пүрэвдаваагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбарт: Миний бие зээлтэй холбоотойгоор дараах хариу тайлбарыг гаргаж байна. 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Л.Отгонбаяртай 2 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж зээлдэгч мөнгөө 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн болно. Би 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13 680 000 төгрөг төлж үүнээс 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 35 хоног ба хүүд 935 000 төгрөг, үндсэн зээлээс 12 745 000 төгрөг хасагдаж зээлийн үлдэгдэл 7 255 000 төгрөг болсон. 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2 280 000 төгрөг төлж үүнээс 2015 оны 10 сарын 22-ны өдрөөс 2015 оны 11 сарын 18-ны өдөр хүртэл 27 хоног хүүд 265 000 төгрөг төлж үндсэн зээлээс 2 015 000 төгрөг хасагдаж үлдэгдэл 5 240 000 төгрөг болсон. 2015 оны 01 сарын 12-ны өдөр 5 960 000 төгрөг төлж үүнээс зээлийн хүүд 370 000төгрөг, үндсэн зээл 5 240 000 нийт 5 610 000 болсон. Иймд зээлдэгчийн хүсэлтээр торгууль гэж 350 000 төгрөг нэмж төлж нийт 5 960 000 төгрөг төлсөн. Нийт Л.Отгонбаярт 21 920 000 / хорин нэгэн сая есөн зуун хорин мянган/ төгрөг төлж дээрх зээлийн үүрэг дуусгавар болсон болно.

Л.Отгонбаяраас 2016 оны 01 сарын 25-ны өдөр 17 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлдэн авч, 2016 оны 02 сарын 29-ний өдөр 3 730 000 төгрөг, 2016 оны 03 сарын 22-ны өдөр 1 200 000 төгрөг, 2016 оны 03 сарын 22-ны өдөр 2 730 000 төгрөг, 2016 04 21-ний өдөр 10 395 000 төгрөг, нийт 18 055 000 төгрөг төлж барагдуулсан.

2013 оны 10 сарын 07-ны өдөр 30 000 000 төгрөгийг 3.6 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдэн авч, 2013 оны 10 сарын 07-ны өдрөөс 2014 оны 04 сарын 07-ны өдрийн хооронд хүүд 6 480 000 төгрөг төлөх ёстой байснаас 2013 оны 11 сарын 12ны өдрөөс 2015 оны 06 сарын 11-ний өдрийг хүртэл 1 080 000 төгрөгөөр 19 удаа нийт 20 520 000 төгрөг, 2015 оны 05 сарын 25-ны өдөр 2 380 000 төгрөг, 2015 оны 05 сарын 18-ны өдөр 680 000 төгрөг, 2015 оны 05 сарын 27-ны өдөр 1 200 000 төгрөг, 2015 оны 08 сарын 29-ний өдөр 700 000 төгрөг, 2015 оны 06 сарын 03-ны өдөр 500 000 төгрөг, 2015 оны 07 сарын 17-ны өдөр 280 000 төгрөг, 2016 оны 08 сарын 12-ны өдөр 2 280 000 төгрөг, 2016 оны 09 сарын 13-ны өдөр 2 280 000 төгрөг, 2016 оны 09 сарын 13-ны өдөр 700 000 төгрөг, бэлнээр 7 000 000 төгрөг, нийт 38 160 000 төгрөг төлсөн болно.

2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдэн авч 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 11 580 000 төгрөг шилжүүлж, 1 080 000 төгрөг нь 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 30 000 000 төгрөгийн зээлийн хүүд тооцогдсон.

2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 30 000 000 төгрөгийн зээлтэй холбоотой Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1098 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1532 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1521 дугаартай тогтоолоор шийдвэрлэсэн.

2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлдэн авч 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 16 050 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд 700 000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 30 000 000 төгрөгийн зээлийн хүүд тооцон авсан.

2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 20 000 000 төгрөг зээлдэн авч 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13 680 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2 280 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 5 960 000 төгрөг, нийт 21 920 000 төгрөг төлж барагдуулсан.

2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, нэг хоногийн 0,5 хувийн хүүтэй зээлдэн авч 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 10 750 000 төгрөг төлсөн.

2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 17 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлдэн авч 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 3 730 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1 200 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 2 730 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 10 395 000 төгрөг, нийт 18 055 000 төгрөг төлж барагдуулсан гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Пүрэвдоржийн тайлбарт: Миний бие өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 80 А байр 1/3 тоот хаягт байрлах 49.65 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих холбогдох гэрээ хэлцэлд гарын үсэг зурах эрхийг өөрийн найз Д.Дэнсмаагийн хүү буюу нэхэмжлэгч Д.Пүрэвдаваад 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр итгэмжлэл олгосон. Миний олгосон итгэмжлэлийн дагуу Д.Пүрэвдаваа нь хариуцагч Л.Отгонбаяртай 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 40 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлэхээр зээлийн гэрээ байгуулж, улмаар миний өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 80 А байр 1/3 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан боловч Л.Отгонбаяр нь гэрээний зүйл болох 40 000 000 төгрөгийг өгөөгүй атлаа барьцааны зүйлийг чөлөөлөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан, зээлдүүлэгч Л.Отгонбаяр, зээлдэгч Д.Пүрэвдаваа нарын хооронд байгуулагдсан, 40 000 000 төгрөг зээлдүүлэх, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 80а байр, 1/3 тоот хаягт байршилтай, 49.65 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205058851 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Пүрэвдаваагаас 91 920 000 төгрөг гаргуулж, хариуцагч Л.Отгонбаярт олгож, сөрөг нэхэмжлэлээс Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 80а байр, 1/3 тоот хаягт байршилтай, 49.65 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205058851 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 357 950 төгрөг, хариуцагчийн төлсөн 687 800 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Л.Отгонбаяраас 357 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Д.Пүрэвдаваагаас 617 600 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Пүрэвдаваагийн давж заалдах гомдолд: 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 35 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагсдан боловч тухайн өдөр зээл олгоогүй, харин 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 30 000 000 төгрөгийг зээлдэн авсан. Уг зээлийн төлбөрийг 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нийт 38 520 000 төгрөгийг төлж барагдуулсан. Уг зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хариуцагч нь зээлийн хүү шаардах эрхгүй.

2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээний тухайд, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 35 хоногийн хүүд 935 000 төгрөг, үндсэн зээлд 12 745 000 төгрөг, нийт 13 680 000 төгрөг, 2015 оны 11 сарын 18-ны өдөр 2 280 000 төгрөг, 27 хоногийн хүүд 265 000 төгрөг, үндсэн зээлд 2 015 000 төгрөг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 5 240 000 төгрөг үлдсэн. 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 5 960 000 төгрөг, 54 хоногийн хүүд 370 000 төгрөг төлсөн бөгөөд хариуцагч нь үндэслэлгүйгээр 350 000 төгрөгийн торгууль авсан.

2016 оны 01 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний тухайд, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 3 730 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1 200 000 төгрөг, 2 730 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 10 395 000 төгрөг, нийт 18 055 000 төгрөг төлж барагдуулсан.

2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 30 000 000 төгрөгийн зээлийн тухайд, 38 160 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээний тухайд 21 920 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17 000 000 төгрөгийн зээлийн гэрээний тухайд 18 055 000 төгрөг төлж барагдуулсан байхад шүүх нотлох баримтыг бүрэн үнэлээгүй.

2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 11 580 000 төгрөг шилжүүлснээс 1 080 000 төгрөг нь 2013 оны 10 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний хүүд, 10 500 000 төгрөгөөр дээрх зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон.

Магна профит энд инвестмэнт ББСБ ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд үндсэн зээлд 30 000 000 төгрөг, хүүд 6 720 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 344 000 төгрөг, нотариатын зардалд 9 500 төгрөг нийт 38 073 500 төгрөг нэхэмжилснийг шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын 91 920 000 төгрөгийг хангасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Пүрэвдаваа нь хариуцагч Л.Отгонбаярт холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 91 920 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Хэрэгт талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 40 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэй зээлдүүлэх, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Д.Пүрэвдоржийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 80а байрны 1/3 тоот, 49,65 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ авагдсан байх боловч зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд гэрээний зүйл болох 40 000 000 төгрөгийг шилжүүлэн өгөөгүй байна.

 

Иймд 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдаагүй байх тул барьцааны гэрээг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд хэд хэдэн зээлийн гэрээний харилцаа үүсч байжээ. Тодруулбал,

2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээгээр 35 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож, зээлдүүлэгч нь 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 30 000 000 төгрөгийг шилжүүлж, гэрээний хугацааг 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан,

2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй,

2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр 15 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй,

2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээгээр 20 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, гэрээний хугацааг 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан;

2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, сарын 0.5 хувийн хүүтэй,

2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр 17 000 000 төгрөгийг  1 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, гэрээний хугацааг 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан байна. Дээрх гэрээнд тусгасан мөнгөн дүнг зээлдэгч хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгчид үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүснэ.

 

Талууд 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10 000 000 төгрөгийн, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 000 000 төгрөгийн, 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн эсэхэд маргаагүй, харин 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 30 000 000 төгрөгийн, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20 000 000 төгрөгийн, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон эсэхэд маргажээ.

 

Хариуцагч Л.Отгонбаяр нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нь 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнүүдийн дагуу үндсэн зээлд 60 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 920 000 төгрөг, алдангид 30 000 000 төгрөг, нийт 91 920 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан.

 

Хэргийн 49, 144, 147 /арын тал/-д авагдсан зээлийн тооцоо нийлсэн акт, зээлдэгчээс үндсэн зээл болон сар тутамд хүүгийн төлбөр төлсөн дансны хуулга, нэхэмжлэгч Д.Пүрэвдаваагийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ... нийт 90 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж, 2016 оны 09 дугаар сарын 09-ний өдөр ... 90 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн гэж тооцоолсон баримт зэргүүдээс үзэхэд нэхэмжлэгч Д.Пүрэвдаваа нь маргаан бүхий 3 зээлийн гэрээний дагуу сар тутамд хүүг тооцоолон өгч, үндсэн зээлийн үлдэгдэл дүнг хүлээн зөвшөөрч байсан байх ба зохигчид ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргийг хэрхэн гүйцэтгэх талаар тохиролцож, хүүг тухай бүр төлж, төлбөрийн үлдэгдлийг тооцоолсон байгаа нь талуудын зарчимд нийцнэ.

 

Шүүх нэхэмжлэгч Д.Пүрэвдаваагаас үндсэн зээл 60 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 920 000 төгрөг, алдангид 30 000 000 төгрөг, нийт 91 920 000 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/01182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

А.МӨНХЗУЛ