Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/01499

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/01499

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Содхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/00920 дугаар шийдвэртэй Ц.Содхүүгийн нэхэмжлэлтэй Шүрэн ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 300 000 ам.доллар буюу 1 313 381 924 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Содхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Бат-Амгалан, Б.Пүрэвхүү, хариуцагч Шүрэн ХХК, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Галтмаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангэрэл, гуравдагч этгээд Шүрэн солюшнс ХХК-ийн төлөөлөгч Б.Мөнгөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Содхүүгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Шүрэн ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 300 000 ам.долларыг сарын 2.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт баригдаж буй 17,4х18 м.кв суурьтай, 9 давхар, 2 цамхаг бүхий Ариг бүрд орон сууцны барилгыг санхүүжүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан. Хууль болон гэрээний дагуу Ц.Содхүү, Шүрэн ХХК-ийн захирал Г.Галтмаа нар Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол нарны замын 103-1 байрны 66 тоот 91.3 м.кв талбай бүхий орон сууц болон мөн байрны 42 тоотын 110.73 м.кв талбайтай орон сууцыг 300 000 ам.долларын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаалсан. Зээлийн гэрээг нийтдээ 5 удаа дүгнэн, акт үйлдэж, үлдэгдэл өр төлбөр, хүү болон цаашид авах арга хэмжээ, баталгааг тооцоолж, талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан. 2016 оны 04 сарын 07-ны өдөр зээлийн гэрээ дүгнэсэн актаар талууд зээлийн үүргийг 496 525 ам.доллар гэж тооцсон. Хариуцагч Шүрэн ХХК нь нэхэмжлэгч Ц.Содхүүд 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн мэдэгдэлдээ зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг доорх байдлаар төлж барагдуулахаа мэдэгдсэн. 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 65 000 м.доллар, 06 дугаар сарын 01-ний өдөр 100 000 ам.доллар төлж зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгахаар амалсан боловч 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 65 000 ам.долларыг зээлдэгч нь зээлдүүлэгчид төлсөн.

Талууд гэрээний үүргийг 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ дүгнэсэн акт үйлдэж, Г.Галтмаа өөрийн биеэр гарын үсэг зурж баталгаажуулсан. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа Г.Галтмаа өөрийнхөө зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 56 000 ам.долларыг Шүрэн ХХК-ийн зээлээс хасч тооцсон, мөн Шүрэн солюшнс ХХК-ийн зээлдэн авсан 25 000 ам.доллар, түүнд ногдох хүү бүрэн төлөгдөж хаагдсан тухай мэдэгдлийг өгсөн. Гэтэл энэ төлбөрийг Шүрэн ХХК-ийн өр зээлтэй холбогдуулан тооцож байгаа нь ойлгомжгүй байна. 2013 оны 9 сарын 13-ны өдрөөс хойш 4-5 удаа Шүрэн ХХК-тай зээлийн гэрээг дүгнэсэн. 2016 оны 03 дугаар сарын байдлаар зээлийн нийт үнийн дүн 496 525 ам.долларыг Шүрэн ХХК 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж зээл төлөх хуваарь ирүүлсэн. Гэрээний үүрэгт үндсэн зээл 300 000 ам.доллар буюу 735 600 000 төгрөг, хүүд 235 637 000 ам.доллар буюу 577 781 924 төгрөг, нийт 535 637 000 ам.доллар буюу 1 313 381 924 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 596 544 ам.доллар буюу 1 470 480 960 төгрөг болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Шүрэн ХХК-ийн тайлбарт: 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 300 000 ам.доллар авсан. Нэхэмжлэгч нь 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 55 000 ам.доллар, 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 100 000 ам.доллар, 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 15 000 ам.доллар, 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 130 000 ам.доллар авсан гэжээ. Гэтэл үүнээс 70 000 ам.долларыг 100 000 ам.доллар болгож зассан баримт буюу 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 50 000 ам.долларыг Шүрэн ХХК хүлээн аваагүй. Хэргийн 25 дугаар хуудсанд байгаа 2013 оны 09 дүгээр сарын 13-ны 130 000 ам.долларын баримтад Шүрэн ХХК гарын үсэг зурсан боловч тухайн баримт дээрх мөнгөн дүнг нэлээд хэдэн удаа зассан учраас хүлээн аваагүй гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч Ц.Содхүүгээс 300 000 ам.доллар хүлээн авсан нь нотлогдохгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн гэрээ байгуулсан нь энэ хууль, гэрээний 4.1, 5.2-т заасныг баримтлан хүү нэхэмжлэх эрхээ алдсан. Зээлийн гэрээ дүгнэсэн акт нь зээлийн гэрээний хугацаа сунгасан баримт биш. Ц.Содхүү нь айлган сүрдүүлэх байдлаар Г.Галтмаа, Б.Мөнгөн нараар зээлийн гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зуруулсан. Зээлийн гэрээ дүгнэсэн акт буюу хавтаст хэргийн 9, 12-т авагдсан баримтуудад Г.Галтмаа гарын үсэг зураагүй. Шүрэн ХХК нь зээлийн хүүгээ 300 000 ам.доллараар бодож төлсөн. 25 000 ам.долларын баримт нь Шүрэн солюшнс ХХК-ийн баримт бөгөөд төлбөрийг нэг удаа л бэлнээр бусад мөнгийг дансаар явуулсан.

Г.Галтмаа нь хариуцагчаас авсан 90 000 ам.долларын зээлийг 6 сарын хүү 2 700 ам.долларын хамт төлж барагдуулсан. Шүрэн XXK 300 000 ам.доллар авсан нь тогтоогдохгүй, 130 000 ам.доллар, 50 000 ам.доллар авсан гэж үзвэл 5 000 ам.долларыг Ц.Содхүү хүүнд суутгасан. Тиймээс бид хүүг бүрэн төлж барагдуулсан. Шүрэн ХХК 210 000 ам.долларын зээл авсан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг будилуулж байгаад 90 000 ам.долларын баримтад гарын үсэг зуруулсан. Тиймээс нэхэмжлэгч талд 117 000 ам.доллар төлөх ёстой гэж үзэж байна.

Г.Галтмаа нь 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрүүдийн гэрээ дүгнэсэн актуудад гарын үсэг зурсан. Бусад актуудад Г.Галтмаа гарын үсэг зураагүй. Шүрэн ХХК-аас төлсөн баримт нь Шүрэн ХХК нэг удаа 300 000 ам.доллар авч, 6 сарын хүү төлсөн. 2013 оны 10 дугаар сарын 13, 2013 оны 11 дүгээр сарын 13, 2013 оны 12 дугаар сарын 13, 2014 оны 2 дугаар сарын 27, 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрүүдэд тус бүр 7 500 ам.доллар, 2014 оны 04 сарын 15-ны өдрийн 10 200 ам.доллар, /үүний 2700 нөгөө гэрээнд, энэ зээлийн төлбөрт 7500 ам.долларыг/, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 5 190 ам.доллар, 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 7 659 ам.доллар, 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 336 ам.доллар, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10 100 ам.доллар, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Шүрэн ХХК-аас 101 112.12 ам доллар, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 65 000 ам.доллар тус тус төлсөн учир одоо 58 902 ам.долларыг төлнө бусад хэсгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Галтмаагийн тайлбарт: Г.Галтмаа нь 2013 оны 10 сарын 14-ний өдөр 90 000 ам.долларыг 6 сарын хугацаатай зээлдэн авч үндсэн зээл, хүүд 106 200 доллар төлсөн. Нэхэмжлэгч тал гэрээний хугацаа сунгасан гэж үзээд мөнгийг зээлийн хүүнд шингээсэн. Барьцаа хөрөнгө болох Г.Галтмаагийн өмчлөлийн 110 м.кв талбай бүхий орон сууц, сэлбэгийн дэлгүүр нь зээлдэгч Ц.Содхүүгийн барьцаанд байгаа. 65 000 ам.долларыг төлж, барьцааны орон сууцыг чөлөөлсөн. Гэрээний хугацааг хуулийн дагуу нэг ч удаа сунгаагүй, гэрээ дүгнэсэн акт нь гэрээ сунгасан баримт бичиг биш гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Шүрэн солюшнс ХХК-ийн тайлбарт: Нэхэмжлэгч нь тооцоо нийлсэн акт, зээл, зээлийн хүүг Б.Мөнгөн өөрийн хүсэлтээр гаргасны дагуу хүлээн зөвшөөрч гарын үсэг зурдаг байсан гэж тайлбарлаж байна. хэрэгт авагдсан баримтаар зээлийн үлдэгдэл тооцсон баримтыг Ц.Содхүү өөрөө бичээд миний цахим шуудангийн хаяг руу явуулсан байдаг. Шүрэн солюшнс ХХК-тай холбоотой 25 000 ам.долларын зээлийн асуудлын тухайд н.Баторгил нь цацагт хяруулын бизнес эрхлэх зорилгоор Ц.Содхүүгээс мөнгө зээлэх гэж байгаа тул баталгаа гаргаад өгөөч гэсэн. Гэтэл баталгаа биш зээлийн гэрээ байсан. 2015 оны 02 сарын 17-ны өдөр гэрээ хийгдэж, мөн өдөр мөнгө шилжиж орж ирсэн. 2015 оны 02 сарын 18-ны өдөр би Шүрэн солюшнс ХХК-ийн данснаас 25 000 долларыг зээл гэсэн утгатай н.Баторгилын данс руу шилжүүлсэн. Тухайн үед н.Бат-Оргил нь хуулийн зөвлөх байсан. Өмнө нь энэ асуудлаар шүүх хуралдааны шатанд шүүгч эвлэрэх үү гэхэд би эвлэрэхгүй гэсэн байхад шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргасан. Уг захирамжийг би хүлээн зөвшөөрөөүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 222 дугаар зүйлийн 222.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Шүрэн ХХК-аас 379 822 ам.доллар буюу 936 477 729 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Содхүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 216 722 ам.доллар буюу /үүнээс 155 815 ам.долларыг х 2465,57 төгрөгөөр = 384 172 790 төгрөг/, /60 907 ам.долларыг х 2423,16 төгрөгөөр = 147 587 406 төгрөг/, /384 172 790+147 587 406/ нийт 531 760 196 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 6 759 676 + 895 838 = 7 655 514 төгрөгөөс 7 510 355 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, илүү төлсөн 145 159 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Шүрэн ХХК-аас 7 510 355 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Содхүүд олгож, шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангэрэлийн давж заалдах гомдолд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтад гэрээг Шүрэн ХХК-ийн захирал Г.Галтмаатай байгуулсан бөгөөд Г.Галтмаад зээлийн хэрэгсэл болсон ам.доллар шилжүүлж, баримт авч байсан. Гэтэл 55 000 ам.доллар авсан баримтад Г.Галтмаагийн гарын үсэг байгаагүй. Гэтэл уг зээлийг өгснөө нотолж чадаагүй байхад 55 000 долларыг авсан байна гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Учир нь хавтаст хэргийн материалд зээлийн гэрээ сунгасан баримт нэг ч байхгүй. Гэтэл шүүх тооцоо нийлсэн актыг зээлийн гэрээ сунгасан байна гэж хууль бус дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Ц.Содхүү нь Шүрэн ХХКд 300 000 ам.доллар, Г.Галтмаад 90 000 ам доллар, Шүрэн Солюшнс ХХК-д 25 000 ам.доллар зээлүүлсэн. Шүрэн ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Г.Галтмаа, Шүрэн Солюшнс ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд нь Б.Мөнгөн бөгөөд энэхүү олон зээлийг Шүрэн Солюшнс ХХК огт төлөөгүй байхад Шүрэн ХХК-ийн төлсөн зээлийн төлбөрт тооцох, улмаар Ц.Содхүү нь зээлийн хүүгийн хүүд суутгах, өөр компанийн зээлийг төлүүлсэн болгох мэт зохисгүй байдал гарган Г.Галтмаа, Б.Мөнгөн нарыг айлган, сүрдүүлж, өөрийн хамаатан Шүрэн ХХК-ийн хуулийн зөвлөх н.Бат-Оргилоор дамжуулан дурын бичиг дээр гарын үсэг зуруулж байсан. Г.Галтмаагийн авсан 90 000 ам.долларын зээлийг хэрэгт хамааралгүй гэж, Шүрэн Солюшнс ХХК-ийн авсан зээлийг Шүрэн ХХК-аар төлүүлсэн нь зөв байна гэж дүгнэсэн нь илт шударга бус. Түүнчлэн шүүх иргэд хоорондын зээлд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх заалт нь буруу тооцогдсон. Хариуцагч тал 58 902 ам.доллар дутуу төлснөө зөвшөөрч байх тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ц.Содхүү нь хариуцагч Шүрэн ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 596 544 ам.доллар буюу 1 470 480 960 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 300 000 ам.долларыг сарын 2.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлсэн, шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний хугацаа сунгах хүсэлт гаргасны дагуу гэрээг 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дүгнэж, акт үйлдэн гэрээний хугацааг сунгасан гэж тайлбарлаж байна.

Хэргийн 8 дугаар талд 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн иргэн Ц.Содхүү, Шүрэн ХХК-ийн хооронд 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ дүгнэсэн акт гэх баримт авагдсан байх ба үүгээр 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгасан гэж үзэх үндэслэлтэй, уг баримт нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хэлцэл байна.

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно гэж заасан байх боловч талууд мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээг, хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох, эрхийн хүрээнд зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрээг 6 сараар сунгахаар тохиролцсоныг буруутгах үндэслэлгүй.

Харин 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үйлдсэн зээлийн гэрээ дүгнэсэн актыг гэрээний хугацаа сунгасан гэж үзэхгүй. Шүүх зээлийн гэрээний хугацааг 2 удаа сунгагдсан гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.

2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ дүгнэсэн актад гэрээний хугацааг 6 сараар 2 удаа сунгасан гэж заасан байх боловч уг баримтад зурагдсан гарын үсгийг Г.Галтмаагийн гарын үсэг мөн гэж үзэхэд эргэлзээтэй, нэхэмжлэгч нь уг баримтад хариуцагч гарын үсэг зурж баталгаажуулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй.

Нэхэмжлэгч Ц.Содхүү нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэн Г.Галтмаатай 90 000 ам.долларыг сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Шүрэн солюшнс ХХК-тай 25 000 ам.долларыг сарын 2.5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлэхээр тус тус тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон.

Хэргийн 86-92, 217 дугаар талд авагдсан төлбөрийн баримтаас үзэхэд хариуцагч Шүрэн ХХК нь нэхэмжлэгч Ц.Содхүүд нийт 239 050 ам.доллар, иргэн Г.Галтмаа 90 000 ам.доллар шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч Ц.Содхүүгийн ... Г.Галтмаа зээлийг бүрэн төлж барагдуулсан гэх, хариуцагч Шүрэн ХХК-ийн нийт төлсөн 239 050 ам.долларын 16 200 ам.доллар нь иргэн Г.Галтмаагийн зээлийн хүүд тооцгдоно гэх тайлбараас үзэхэд иргэн Г.Галтмаа, нэхэмжлэгч Ц.Содхүү нарын хооронд байгуулагдсан 90 000 ам.долларын зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

Хариуцагч нь гэрээний хугацаанд үндсэн зээл 300 000 ам.доллар, зээлийн хүүд 90 000 ам.доллар нийт 390 000 ам.доллар төлөх үүрэг хүлээснээс баримтаар 222 850 ам.доллар төлсөн байх тул хариуцагчаас 167 150 ам.доллар буюу 412 120 025 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Гуравдагч этгээд Шүрэн солюшнс ХХК-ийн төлөөлөгч Б.Мөнгөн ... компанийн хуулийн зөвлөх Т.Бат-Оргилд баталгаа гаргах зорилгоор Ц.Содхүүтэй зээлийн гэрээ байгуулсан боловч 25 000 ам.долларыг Т.Бат-Оргилын данс руу шилжүүлсэн, уг зээлийн төлбөр төлөгдөөгүй гэж, гэрч Т.Бат-Оргил ... 25 000 ам.долларыг авсан гэж мэдүүлдэг бөгөөд хэрэгт Шүрэн солюшнс ХХК-ийн зээлийн төлбөртэй хамааралтай баримт авагдаагүй, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/00920 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 379 822 ам.доллар буюу 936 477 729 төгрөг гэснийг 167 150 ам.доллар буюу 412 120 025 төгрөг гэж, 216 722 ам.доллар буюу 531 760 196 төгрөг гэснийг 429 394 ам.доллар буюу 1 058 700 964 төгрөг гэж өөрчилж,

2 дахь заалтын 7 510 355 төгрөг гаргуулан гэснийг 2 218 550 төгрөг гаргуулан гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Шүрэн ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 840 338 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

А.МӨНХЗУЛ