Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 698

 

                                                                    Т.Хуланд холбогдох эрүүгийн

                                                                                 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Т.Оюунжаргал,

хохирогч Д.Сувд, түүний өмгөөлөгч Б.Бүрнээ,

цагаатгагдсан этгээд Т.Хулан, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг,

нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Алтанхуяг, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 122 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Т.Оюунжаргалын бичсэн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 24 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогч Д.Сувдын гаргасан давж заалдах гомдлоор Т.Хуланд холбогдох эрүүгийн 201626021744 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Тэрбишийн Хулан, 1996 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Төв аймагт төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монголын Үндэсний Их сургууль”-ийн барилгын менежментийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Сармисны хонхор, 2 дугаар гудамжны 28 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:НЙ96061309/,

Т.Хулан нь 2016 оны 2 дугаар сарын 4-нөөс 5-ны өдөрт шилжих шөнийн 04.00 цагийн үед, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “+25” бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, бусад руу пивоны шил шидэж, иргэн Д.Сувдын толгойг цохиж, биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Т.Хулангийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокурорын газраас Т.Хуланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Т.Хуланг цагаатгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Т.Хулан нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хохирогч Д.Сувд нь өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, Т.Хуланд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Сувд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг шударга бус, үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Миний бие ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ямар ч шалтаг шалтгаангүйгээр  Т.Хулан гэгчид пивоны шилээр цохиулснаас эрүүл мэндээрээ хохирч ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байна. Одоо байнга эмчилгээ хийлгэж байгаа, цаашид ч эмчилгээ хийлгэх, эмчийн хяналтад байх шаардлагатай байгаа. Намайг цохиж гэмтээсэн тухайгаа Т.Хулан өөрөө болон гэрч нар мэдүүлсэний гадна шинжээчийн дүгнэлт гарсан байна. Шүүхээс “...маргаан үүсгэсэн залууг олж шалгаагүй байж Т.Хуланг танхайрсан гэж үзсэн нь үндэслэлгүй...” гэж дүгнэн цагаатгах тогтоол гаргасанд гомдолтой байна. Иймээс дээрх цагаатгах тогтоолыг дахин хянаж, намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Т.Оюунжаргал давж заалдах шатны шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо “...Т.Хулангийн үл таних залуу руу пивоны шил шидсэн үйлдэл нь санаатай боловч маргаанд хамааралгүй зөөгч Д.Сувдыг онож гэмтээсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэр...” гэж дүгнэсэн нь зөрчилтэй бөгөөд огт үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Т.Хулангийн бусад руу шил шидэж байгаа үйлдэл нь бусдад хор уршиг учрах нь зайлшгүй, мөн тийм боломжтойг урьдчилан мэдсэн, хүсэж үйлдсэн санаатай үйлдэл юм. Гэм буруугийн санаатай үйлдэл хийснийг хамт явсан гэрч Г.Ариунаа, Д.Должин, Г.Авирмэд нарын мэдүүлсэн болон Т.Хулангийн өөрийнх нь сэжигтнээр байцаагдсан мэдүүлэгт байдаг. Гэтэл шүүхээс Т.Хулангийн үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэж дүгнэсэн атлаа  “Хөнгөмсөгөөр найдсан” эсхүл “Хайхрамжгүй хандсан” аль нь болохыг дүгнээгүй, ямар нотлох баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй байна. Иймд шүүхийн 122 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин эхлэн хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ба бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна…” гэв. 

            Хохирогч Д.Сувдын өмгөөлөгч Б.Бүрнээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй. Т.Хулангийн бусад руу пивоны шил шидэж байгаа үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тэрээр уг үйлдлийг хийснээр бусдад хор хохирол учруулахыг мэдсэн, түүнийгээ хүсэж үйлдсэн байна. Хохирогч нь цаашид компьютер, томографикийн оношлогоонд орох, эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай талаар хэрэгт авагдсан эмчийн дүгнэлтэд бичсэн байдаг. Иймээс гэм буруутай этгээдээс эмчилгээний зардлыг гаргуулах хүсэлтэй байна...” гэв.

Цагаатгагдсан этгээд Т.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би хохирогч руу пивоны шилийг санаатай шидээгүй. Болсон үйл явдлын дараа түүнээс уучлалт гуйсан ба хэрэгт авагдсан баримтын дагуу хохирол төлбөрийг төлсөн. Мөн сэтгэл санааны хохиролд зориулж 250.000 төгрөгийг төлсөн. Харин хохирогчийн нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны цалин болох 2,0 сая төгрөгийг нь төлөх боломж олдоогүй...” гэв.

Цагаатгагдсан этгээд Т.Хулангийн өмгөөлөгч Х.Баатарбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тухайн үед маргаан үүсгэсэн гэх үл таних хоёр залууг олж тогтоогоогүй, уг баарны дотоод хяналтын камерын бичлэгийг шалгаагүй. Мөрдөн байцаалтаар хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоогоогүй, хэт нэг талыг буюу яллах талыг баримталсан. Т.Хулангийн хувьд мөрдөн байцаалтын шатанд бусдад учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлж барагдуулсан. Хохирогч Д.Сувд нь ажилгүй байх хугацааныхаа цалингаа нотлох баримттайгаар нэхэмжилвэл Т.Хулангийн зүгээс төлөхөд татгалзах зүйлгүй. Анхан шатны шүүх хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба хохирогч Д.Сувд нь өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх  эрхтэй болохыг тогтоолдоо зааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Иймээс цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Т.Хуланд холбогдох хэргийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан, мөрдөн байцаалт гүйцэт биш хийгдсэн байна.

Иймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзлээ.

Хавтаст хэргийн материалыг бүхэлд нь шинжлэн судлахад, Т.Хулан нь 2016 оны 2 дугаар сарын 4-нөөс 5-ны өдөрт шилжих шөнийн 04.00 цагийн орчимд, ... гурван найз эмэгтэйн хамтаар “+25” бааранд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, нэг ширээнд хамт суусан үл таних залуустай маргалдан, улмаар түүний эсрэг шилтэй пиво шидсэнээс тус баарны зөөгч эмэгтэй Д.Сувдын толгойн ар хэсэгт цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Прокуророос, Т.Хулангийн дээрх үйлдлийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, догшин авирлаж танхайрсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлсэнийг анхан шатны шүүх холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон, Т.Хуланг цагаатгаж шийдвэрлэжээ.

Т.Хуланд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6-д заасан нотолбол зохих асуудал буюу гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг бүрэн шалгаж, тогтоогоогүй байна. Тухайлбал: Гэрч Г.Авирмэд, Г.Ариунаа, Д.Должин нарын мэдүүлсэн “...уг баарны зөөгч нь бид нарыг хоёр эрэгтэй хүн сууж байсан ширээнд шахаад суулгасан... бид нар 0,5 литрийн савлагаатай 1 шил пиво авсан... Хулан хамт сууж байсан өндөр залуутай маргалдаж, муудалцаж байснаа ... ширээн дээр байсан шилтэй пивыг аваад тэр эрэгтэй рүү шидсэн боловч оноогүй...”, Т.Хулангийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...зөөгч бид нарыг хоёр залуугийн сууж байсан ширээнд шахаад суулгасан. Би ... босохдоо санамсаргүйгээр хажууд сууж байсан залуугийн өмд рүү нь пиво асгасан. Гэтэл тэр залуу өмд хатааж өг гээд хамт явж байсан найз Авирмэдийн зургийг аваад фэйсбүүкэд тавина гэсэн ... би сандарсан болохоор хаанаас ч юм нэг шилтэй пиво аваад барьсан байсан...” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд, тухайн “+25” баарны үйлчилгээ хэвийн явагдаж, тогтоосон хууль дүрэмд нийцэж байсан эсэхэд шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна.

Энэ хэргийн хохирогч Д.Сувд хэдэн настай болохыг тогтоогоогүй, шүүгдэгч Т.Хулан, гэрч Г.Авирмэд, Д.Должин, Г.Ариунаа нар нь бүгд 19-20 настай, эдгээр хүмүүст тус баар нь согтууруулах ундаагаар үйлчилсэн, түүгээр зогсохгүй нэг ширээнд танихгүй мэдэхгүй хүмүүстэй хамт суулгаж, маргалдуулсан зэрэг өөрөөр хэлбэл “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасан “Согтууруулах ундаа ... худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй газарт ... 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно...” гэсэн заалтыг хэрхэн хэрэгжүүлсэн, үйлчилгээний соёл, нийгмийн хэв журам тус бааранд мөрдөгдөж байсан эсэхийг шалгаж тогтоолгүйгээр, Т.Хуланг нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь эргэлзээтэй байна.

Нийтийн үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээд нь соёлтой үйлчилгээ үзүүлэхээс гадна хууль дүрмээр тогтоосон нийгмийн хэв журмыг сахин биелүүлсэн байх үүрэгтэй ба энэ үүрэг хэрэгжиж байгаа тохиолдолд эрх зүйн хамгаалалт харилцан үйлчлэх учиртай юм.

            “+25” баарны үйлчилгээ эрхэлж буй этгээд нь үйлчилгээний эрх олгосон зөвшөөрөлтэй эсэх, шөнийн цагаар ажиллаж буй ажилчдын аюулгүй байдлыг хэрхэн хангасан, ажиллаж буй этгээдийн насны байдал, ажилтанд учирсан хохирлыг барагдуулах талаар, ажлаар хангах гэрээнд хэрхэн тусгасан зэргийг шалгаж, иргэний хариуцагчаар тогтоож байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах, хохирлыг эхний ээлжинд барагдуулах зэрэг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай.

Мөн байцаан шийтгэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас ... этгээдэд хохирол учирсан бол  хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тэдэнд иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тайлбарлана” гэсэн заалт огт хэрэгжээгүй байх ба хохирогч хуулийн энэ заалтыг мэдээгүй, ямар ч ойлголтгүй давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Хохирогчийн эрх, ашиг сонирхол хамгаалагдаагүй 9 сар гаруй хугацаа өнгөрчээ.

Эдгээр зөрчлийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэж зөвтгөн шийдвэрлэх боломжгүй, зөвтгөж шийдвэрлэх нь хохирогч болон шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дурдсан үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасантай холбогдуулан Т.Хуланд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, гэм буруу, хохирлын асуудлаар маргасан хохирогч Д.Сувдын гаргасан давж заалдах гомдол болон прокурор Т.Оюунжаргалын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг тус тус хэлэлцэхгүй орхив.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 122 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Т.Хуланд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан, мөн дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг Прокурорын газарт очтол Т.Хуланд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.             

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ДАВААСҮРЭН  

                                ШҮҮГЧИД                                                    Б.ЗОРИГ

                                                                                                     Д.МӨНХТУУЛ