Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/00887

 

 

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/00887

 

 

Г.Болормаагийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24ий өдрийн 181/ШШ2018/00230 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Болормаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Санал болгох хурал хийлгүйгээр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 5 дугаар гудамжны 1693Б тоот газар, үл хөдлөх эд хөрөнгийг Д.Гэрэлчулууны өмчлөлд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Г.Болормаа нь иргэн Т.Дэлгэрсайхан, Б.Баатаржаргал, Д.Гэрэлчулуун нарт 40 гаруй сая төгрөгийн төлбөр төлөхөөр шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан. Нэг төлбөр авагч Т.Дэлгэрсайхан нь Г.Болормаагийн бусад өр төлбөрийг Б.Баатаржаргал, Д.Гэрэлчулуун нарт төлөөд түүний өмчлөлийн БЗД-ийн 21 дугаар хороо, Бага дарь эх, 5 дугаар гудамжны 1693Б тоот газар, үл хөдлөх хөрөнгийг авна гэж шийдвэр гүйцэтгэгч н.Цэрэннадмидтай тохиролцсон байсан. Гэтэл Г.Болормаагийн төлбөр хаагдаагүй байна. Төлбөрт хураагдсан хашаа байшинг 45 000 000 төгрөгөөр авах Очир гэдэг хүнийг олж н.Цэрэннадмидтай уулзсан бөгөөд НШГА-д удаа дараа ирэхэд шийдвэр гүйцэтгэгч гадуур ажилтай гээд уулзаагүй. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч н.Цэрэннадмидын заавар, хийсэн үйлдлээр миний эд хөрөнгийг Д.Гэрэлчулуунд шилжүүлэн намайг их хэмжээний өртэй үлдээсэн. Хариуцагч нь санал болгох хурлыг хийгээгүйгээс Г.Болормаа нь өр төлбөртэй үлдсэн нь шийдвэр гүйцэтгэгч, түүний үйл ажиллагаанд хяналт тавих албан тушаалтнуудын буруутай үйлдэл гэж үзэж байна. Иймд санал болгох хурал хийлгүйгээр БЗД-ийн 21 дүгээр хороо, Бага дарь эх, 5 дугаар гудамжны 1693Б тоот газар, үл хөдлөх хөрөнгийг Д.Гэрэлчулууны өмчлөлд шилжүүлсэн буруутай үйлдлийг тогтоож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 04385 дугаар шүүгчийн захирамжаар 20 366 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 259 790 төгрөгийн хамт гаргуулан Д.Гэрэлчулуунд, тус шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 03471 дугаар захирамжаар 4 000 000 төгрөг гаргуулан Б.Баатаржаргалд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41831 дугаар захирамжаар 18 200 000 төгрөг гаргуулан Т.Дэлгэрсайханд олгохоор тус тус шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 07 дугаар capын 27-ны өдрөөс явуулж төлбөр төлөгч Г.Болормаагийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох Баянзүрх 21 дүгээр хороо, Бага дарь эх, 5 дугаар гудамж 1693 Б тоот үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 163/7 тоот тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 163/23 тоот хураах тогтоолоор хураан үнийн саналыг авч анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй тул хоёр дахь дуудлага худалдаанд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр оруулсан боловч мөн худалдан борлогдоогүй. Иймд төлбөр төлөгч Г.Болормааг санал болгох комиссын хурлыг товлосон хугацаанд тус албанд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагт хүрэлцэн ирэхийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3/37738 албан тоотоор, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагт хүрэлцэн ирэхийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3/38470 албан тоотуудаар тус тус мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд хүрэлцэн ирээгүй. Төлбөр төлөгч Г.Болормаа 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлбөр авагч Д.Гэрэлчулууны хамт тус албанд өөрийн биеэр хүрэлцэн ирж барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх, 5 дугаар гудамж 1693 Б тоот 279 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг талууд харилцан тохиролцсон тул төлбөр авагч Д.Гэрэлчулууны өмчлөлд шилжүүлэх хүсэлтийг Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.Оюунаар гэрчлүүлэн өгсний дагуу 2017 оны 02 дугаар сарын 1/4745, 1/4746 албан тоотуудын дагуу барьцаа хөрөнгө төлбөр авагчийн өмчлөлд шилжсэнээр гүйцэтгэх баримт бичиг дуусгавар болсон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Дэлгэрсайханы тайлбарт: Миний хувьд Г.Болормаагаас 18 200 000 төгрөг авах шүүхийн шийдвэр гарч, төлбөрийг барагдуулах ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч хийсэн боловч миний төлбөрийг өнөөг хүртэл төлөөгүй. Шийдвэр гүйцэтгэгч хуулийн дагуу ажиллагаа хийсэн гэж үзэж байна. Г.Болормаагийн барьцаалсан хөрөнгийг 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулсан боловч уг хөрөнгө нь худалдан борлогдоогүй тул шийдвэр гүйцэтгэгч санал болгох хурал хийхээр зарлаж байгаа тухай мэдэгдсэн. Г.Болормаа нь санал болгох хуралд ирээгүй, харин төлбөр авагч Б.Баатаржаргал, Д.Гэрэлчулуун бид нар шийдвэр гүйцэтгэгчийн хурал товлосон хугацаанд ирсэн. Ийм учраас санал болгох хурал хийгдээгүй нь үнэн. Сүүлд нь Г.Болормаа зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгө, газрыг намайг аваад бусад 2 хүний төлбөрийг төлж барагдуул гэж гуйсан. Би зөвшөөрөөд хүсэлт бичсэн хэдий ч Г.Болормаагийн санал болгосон үл хөдлөх хөрөнгө, газар нь үнэд хүрэхгүй, надад тохирохгүй гэж бодоод авахаас татгалзсан, гэтэл тэд нар ярилцаад Д.Гэрэлчулуун өөрөө авахаар болж, тохироод хүсэлтээ Г.Болормаа өөрөө бичээд нотариатчаар батлуулаад шийдвэр гүйцэтгэгчид өгсөн. Шийдвэр гүйцэтгэгч Цэрэннадмид нь хуулийн дагуу ажиллагаа хийсэн гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Очирбатын тайлбарт: Миний бие 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Должин овогтой Гэрэлчулууны өмчлөлтэй, Г-2204021447 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 21-р хороо, Бага дарь эх 5 гудамж 1693-б тоот хаягтай гэр бүлийн хэрэгцээний газрыг худалдах, худалдан авах гэрээг холбогдох хуулийн дагуу хийж 31 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Тус газар дээр ялзарсан шополоор барьсан хаалга цонхгүй балгас байсныг нурааж, Хаан банкнаас /хамар хашаанд байрлах Очир төвийг барьцаалбар хийж/ 200 000 000 төгрөгийн зээл авч 3 давхар байшин барьж, шинээр барьсан байшингаа дахин Хаан банкинд зээлийн барьцаанд тавьж 40 000 000 төгрөг авсан ба одоогоор 240 000 000 төгрөгийн банкны зээлтэй ба сард 7 500 000 төгрөгийн зээл төлж байна. Г.Болормаа нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Г.Болормаа нь өөрийн хүсэлтээр Д.Гэрэлчулуунд газраа өгчихөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дорд үзэж байна. 2014 онд Очир төвийн барилгын ажлыг Г.Болормаагийн газраас 1 метрийн зайтай эхлүүлж байхад манай газар руу орлоо хэмээн барилгын ажлыг зогсоож их хэмжээний хохирол учруулж барилгачдыг хэл амаар доромжилж байсан. 2015 онд Очир төвийн 2 давхрыг монгол гэр хийнэ гэж түрээслэн авсан ба тогны утсыг энд тэнд тасдаж, түрээсээ сунгасан боловч сунгасан түрээсийн төлбөрөө дутуу өгч 470 000 төгрөгийн хохирол учруулсан. Нийтийн сүлжээгээр нэр алдар, утасны дугаар бичиж эхнэр бид хоёрыг шуналт шулам чөтгөр хэмээн доромжилж Зөрчлийн тухай хуулийн 6.21 зөрчсөн. УБЦТС-д Г.Болормаа хэрэглэсэн нэг сая төгрөгийн төлбөрөө төлөөгүй алга болсон. Г.Болормаа удаа дараа миний утас руу залгаж тус газрыг худалдаж аваач гэж гуйж байсан. Г.Болормаа нь устай газар гэж дурдсан байна. Ямар ч ус татаагүй төвийн шугамыг би өөрөө татаж Очир төвд оруулсан болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 5 дугаар гудамжны 1693Б тоотын газар, үл хөдлөх эд хөрөнгийг Д.Гэрэлчулууны өмчлөлд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай Г.Болормаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Болормаа давж заалдах гомдолдоо: Үл хөдлөх эд хөрөнгө шилжихдээ урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хуурамч баримтыг үндэслэн урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгож үл хөдлөх хөрөнгийн эрх шилжсэн байдаг. Шүүх энэ талаар дүгнээгүй. Г.Болормаа нь 3 төлбөртэй байсан ба миний хөрөнгийг худалдан авах сонирхол бүхий этгээд одоо бэлэн 20 000 000 төгрөг төлье, дараа нь 35 000 000 төгрөгийг төлье гэж хэлээд байхад шийдвэр гүйцэтгэгч зөвшөөрөлгүй 20 000 000 төгрөгөөр шилжүүлсэн нь шударга ёсонд нийцэхгүй. Маргаан бүхий газар нь тухайн үед ямар үнэтэй байсан талаар шинжээч томилуулахыг хүсэхэд шүүгч өөрөө хүсээд өгсөн газарт шинжээч томилохгүй гэж илт нэг талд үйлчилсэн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд шийдвэр үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Болормаа нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан санал болгох хурал хийлгүйгээр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 5 дугаар гудамжны 1693Б тоот газар, үл хөдлөх эд хөрөнгийг Д.Гэрэлчулууны өмчлөлд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 04385 дугаартай захирамжаар Д.Гэрэлчулуунд 20 366 500 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 03471 дүгээр захирамжаар Б.Баатаржаргалд 4 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41831 дугаар захирамжаар Т.Дэлгэрсайханд 18 200 000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцааны зүйл Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эх, 5 дугаар гудамжны 1693 Б тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт битүүмжилж, хураан авсан ажиллагаа хууль зөрчөөгүй байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох, хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно гэж зохицуулсан байдаг.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.Болормаа нь төлбөрт хураагдсан газрыг 130 000 000 төгрөгөөр, хувийн сууцыг 80 000 000 төгрөгөөр, нийт 210 000 000 төгрөгөөр худалдах санал ирүүлснийг төлбөр авагч Т.Дэлгэрсайхан хүлээн зөвшөөрсөн байх ба бусад төлбөр авагчаас үнийн санал авсан эсэх, тэдгээртэй төлбөр төлөгч үнийн талаар тохиролцон тогтоох ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг хариуцагч тал шүүхэд ирүүлээгүй байна.

 

Дээрхээс дүгнэвэл хариуцагч дуудлага худалдаа явуулах үеийн үнийг зөвхөн төлбөр төлөгч Г.Болормаа, төлбөр авагч Т.Дэлгэрсайхан нарын саналыг үндэслэн тогтоож, анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулсан гэж үзэх бөгөөд энэ нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Дээр дурьдсан нөхцөл байдал тодорхойгүй байхад давж заалдах шатны шүүхээс шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр хураагдсан эд хөрөнгийн дуудлага худалдаа явуулах үеийн үнийг 210 000 000 төгрөгөөр тогтоосон нь хуульд нийцсэн эсэх, анхны дуудлага худалдааны үнийг 147 000 000 төгрөгөөр, хоёрдахь дуудлага худалдааны үнийг 105 000 000 төгрөгөөр тогтоосон, газар болон хувийн сууцыг 20 366 500 төгрөгийн төлбөрт тооцон өгсөн зэрэг ажиллагаа нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй.

 

Нэхэмжлэгчийн төлбөрт хураагдсан хашаа байшинг илүү үнээр худалдаж авах хүнийг олж шийдвэр гүйцэтгэгчтэй уулзуулахаар удаа дараа хандахад шийдвэр гүйцэтгэгч гадуур ажилтай гээд уулзаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн зааврын дагуу эд хөрөнгөө Д.Гэрэлчулуунд шилжүүлсэн гэх гомдлыг няцаах баримтгүй, маргааны зүйлийг төлбөр төлөгчид шилжүүлсэн ажиллагаа хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24ий өдрийн 181/ШШ2018/00230 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.МӨНХЗУЛ