Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/00888

 

 

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/00888

 

 

Г.Алтантуяагийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07ы өдрийн 104/ШШ2018/00110 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Алтантуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Одгэрэлд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 7 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Алтантуяагийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Хариуцагч Ч.Одгэрэл 2015 онд машин авахдаа бусдаас өндөр хүүтэй мөнгө зээлэхэд хүндрэлтэй байгаа тул банкнаас бага хүүтэй зээл аваад өгвөл хүүгийн хамт буцааж төлнө гэж Г.Алтантуяагаас гуйсны дагуу Төрийн банкнаас цалингийн зээл авч, 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 7 000 000 төгрөгийг Ч.Одгэрэлийн данс руу шилжүүлсэн. Гэтэл хариуцагч Ч.Одгэрэл зээлээс нэг ч төгрөг төлөөгүй. Хариуцагч Ч.Одгэрэлийн нөхөр Д.Баатарзоригт нь 2013 онд нэхэмжлэгч Г.Алтантуяа, гэрч Д.Ганбаатар нарын гэр шатахад буцаан төлөх нөхцөлгүйгээр тусалж, дэмжих зорилгоор авч өгсөн тавилгыг өр гэж тооцож байгаа нь үндэслэлгүй. Учир нь Ч.Одгэрэл Г.Алтантуяад мөнгө болон тавилга авч өгсөн зүйл байхгүй тул тэдний хооронд үүрэг хүлээсэн гэрээ хэлцэл байгуулагдаагүй. Мөн хариуцагч Ч.Одгэрэл нэхэмжлэгч Г.Алтантуяагаас тавилга авч өгсөн мөнгөө нэхэж байгаагүй гэж тайлбарласан. Гэрч Г.Тэмүүлэн ...Д.Баатарзоригт ахаас гадна өндөр өвөө тэтгэврийн зээл аваад манайд тавилга, хувцас зэргийг авч өгөхөд тусалсан гэж мэдүүлсэн. Иймд нэхэмжлэгч Г.Алтантуяа, гэрч Д.Ганбаатар нарт өөр бусад хүмүүс тусалсан байхад тэдний мөнгийг хариуцагч Ч.Одгэрэл, гэрч Д.Баатарзоригт нар шаардах ёсгүй. Харин шүүх хуралдааны шатанд гэрч Д.Баатарзоригт нь нэхэмжлэгч Г.Алтантуяа, гэрч Д.Ганбаатар нарын гэрт тавилга авч өгсөн. Д.Ганбаатараас мөнгөө нэхсэн гэж мэдүүлсэн хэдий ч Д.Ганбаатар, Д.Баатарзоригт нарын хооронд үүрэг үүссэн нь нэхэмжлэгч Г.Алтантуяад хамааралгүй. Мөн Д.Баатарзоригтын данснаас 3 400 000 төгрөг гарсан байхад 7 000 000 төгрөгийн эд зүйл авсан гэж байгаа нь үндэслэлгүй байх ба гэрийн тавилгаа одоогийн зах зээлийн ханшаар үнэлүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ч.Одгэрэлийн тайлбарт: Нэхэмжлэгч Г.Алтантуяагаас 7 000 000 төгрөг зээлээгүй. 2013 онд дүү Д.Ганбаатар, түүний эхнэр буюу нэхэмжлэгч Г.Алтантуяа нарын гэр шатсан. 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нөхөр Д.Баатарзоригтын дансанд машины түрээсийн төлбөр 12 000 000 төгрөг орж ирсэн. Гэрч Д.Баатарзоригт дүү Д.Ганбаатар, нэхэмжлэгч Г.Алтантуяа нарт туслах зорилгоор гэр бүлийн дундын эд хөрөнгө болох мөнгөнөөс 7 000 000 төгрөгийг цувуулан өгсөн. Тэд уг мөнгөөр байшингаа засч, гэртээ тавилга, хувцас, хоол, хүнс авсан. Нэхэмжлэгч Г.Алтантуяа ажилд орж нөхөр Д.Ганбаатарын хамт Төрийн банкнаас зээл авч, 7 000 000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Ч.Одгэрэлийн данс руу шилжүүлсэн. Уг мөнгө ямар учиртай болох талаар нэхэмжлэгч Г.Алтантуяагийн хамтран зээлдэгч Д.Ганбаатар ...2013 оны 11 сард гэр шатсан тул ах Д.Баатарзоригт, бэр эгч  Ч.Одгэрэл нараас мөнгө авч гэрээ зассан. Мөн тэд гэрийн тавилга авч өгсөн тул 7.000.000 төгрөгийг буцааж өгсөн гэж мэдүүлсэн. Иймд гэр бүлийн гишүүд бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн. Хариуцагч Ч.Одгэрэл, гэрч Д.Баатарзоригт нар Г.Тэмүүлэнгийн сургалтын төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж байгаа. Иймд хариуцагч Ч.Одгэрэл тэдний гэр бүлийн санхүүг мэдэж мөнгийг нь зарцуулсан зүйл байхгүй. Хариуцагч Ч.Одгэрэл, Д.Баатарзоригт нарын мөнгөөр авсан гэрийн тавилга одоо ч нэхэмжлэгч Г.Алтантуяа, гэрч Д.Ганбаатар нарын гэрт байгаа ба тавилгын зах зээлийн үнэ 6 746 500 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Тайж Чимэддоржийн Одгэрэлээс 2 520 000 /хоёр сая таван зуун хорин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Шавь боржгон Ганхуягийн Алтантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 480 000 /дөрвөн сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Алтантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129 815 /нэг зуун хорин есэн мянга найман зуун арван тав/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ч.Одгэрэлээс 55 270 /тавин таван мянга хоёр зуун далан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Алтантуяад олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Г.Алтантуяа нь хариуцагч Ч.Одгэрэлд 2015 оны 07 сарын 20-ны өдөр 7 000 000 төгрөг зээлдэж, банкаар шилжүүлсэн ба энэ мөнгөө эргүүлэн авахаар шаардлага гаргасан. Гэтэл хариуцагч Ч.Одгэрэл нь 2013 онд хадам дүү Д. Ганбаатарын /Г.Алтантуяагийн нөхөр/ эзэмшиж байсан байшинд гал гарсны улмаас гэрт нь тавилга, эд хогшил тусламжаар авч өгсөн. Энэ мөнгөө авсан гэж тайлбарладаг. Д.Ганбаатарын тавилга, эд хогшлыг ах Д.Баатарзоригт өөрийн данснаас мөнгө гаргаж авч өгсөн гэх ба "тухайн үед мөнгийг нь зээлээр өгсөн болон буцааж авах талаар Г.Алтантуяа, Д.Ганбаатар нарт хэлээгүй. Сүүлд дүү Д.Ганбаатараас нэхэж авсан, гэхдээ яагаад эхнэр Ч.Одгэрэлийн данс руу мөнгө шилжиж орсныг мэдэхгүй байна, 4 400 000 төгрөгийн эд хогшил авч өгсөн, бас байшинд засвар хийхэд мөнгө өгсөн" гэж гэрчийн мэдүүлэг өгсөн. Хариуцагч Ч.Одгэрэл нь Г.Алтантуяа бид хоёрын хооронд ярьсан асуудал байхгүй гэж шүүх хуралд тайлбарласан. Гэр бүлийн дундын мөнгөн хөрөнгөөс үүдэлтэйгээр гэр бүлийн гишүүд нь хамтран үүрэг гүйцэтгүүлэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар болдоггүй бөгөөд Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.2, 242 дугаар зүйлийн 242.2-т зааснаар хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбогдож үүснэ.

Мөнгөн төлбөрийн үүрэг нь үл хуваагдах шинж чанартай үүрэг биш тул хууль буюу гэрээнд зааснаар хамтран үүрэг гүйцэтгүүлэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан эрх, үүрэг үүссэн эсэхийг шалгаж тогтооно. Иймд Д.Баатарзоригт, Ч.Одгэрэл нар Г.Алтантуяад зээлээр эд хөрөнгө өгсөн талаар хэлэлцэж тохиролцсон зүйл байхгүй, Д.Баатарзоригт нь Д.Ганбаатараас тусламжаар өгсөн тавилга эд зүйлийн үнийг шаардсан зэргээс Г.Алтантуяа нь Д.Баатарзоригтын өмнө зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгч биш юм.

Нөгөө талаас Д.Ганбаатар гэрчээр мэдүүлэхдээ, Д.Баатарзоригтоос яг хэдэн төгрөгийн тавилга , эд хогшил авсан, засварын зардалд хэдэн төгрөг авсныг мэдэхгүй, бараг 7 000 000 төгрөг болсон, Г.Алтантуяа бид 2 ажилгүй байсан гэж тайлбарладаг боловч охин Г.Тэмүүлэнгийн "манай гэр шатахад манай ах, эгч, эмээ, өвөө нийлээд бүгд тусалсан. Өвөө бас тэтгэврийн зээл авч өгсөн" гэсэн гэрчийн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээ төслийн Лэндс ХХК-ийн үнэлгээний тайлангийн дүн 6 746 500 төгрөг зэргээр няцаагдаж байх тул түүнийг үнэн зөв хөдөлбөргүй нотлох баримт гэж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгч Г.Алтантуяагийн нэхэмжлэлийн шаардлагаас 4 480 000 төгрөгийг хариуцагч Ч.Одгэрэлд төлөх байсан зээлийн гэрээний үүргийн биелэлт гэж хасч шийдвэрлэснийг хуулийн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Г.Алтантуяа нь хариуцагч Ч.Одгэрэлд холбогдуулан 7 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2013 онд нөхрийн дүү Д.Ганбаатар, түүний эхнэр Г.Алтантуяа нарын гэр шатсан, манай гэр бүл 7 000 000 төгрөгөөр тавилга, эд зүйл авч өгсөн, уг мөнгөө буцаан авсан гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчид 7 000 000 төгрөг шилжүүлсэн байх тул талуудын хооронд мөнгөн төлбөрийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шүүх уг мөнгөн дүнгээс хариуцагч Ч.Одгэрэл болон түүний гэр бүлийн хүн Д.Баатарзоригт нарын 2013 оны 11 дүгээр сард нэхэмжлэгчийн гэр бүлд шилжүүлэн өгсөн 4 480 000 төгрөгийг хасч зөрүүг нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь буруу биш байна.

2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Г.Алтантуяа /Д.Ганбаатар/-ын гэр гал түймэрт өртсөн, хариуцагч Ч.Одгэрэл, түүний нөхөр Д.Баатарзоригт нар шатсан гэрийг нь сэргээн засварлаж, тавилга авч өгөхөөр мөнгөн тусламж үзүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдсон боловч 7 000 000 төгрөгийн хэмжээнд тавилга, эд хогшил авч, засвар үйлчилгээ хийсэн эсэх хариуцагч талын шилжүүлсэн мөнгөн хөрөнгө буцаан төлөгдөх нөхцөлтэй байсан эсэх нь маргаантай байна.

Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгчид тавилга, эд хогшил авч, орон гэрээ сэргээн завсарлахад нь 7 000 000 төгрөг зарцуулсан гэж тайлбарладаг боловч шүүх 4 480 000 төгрөгийг тухайн үйл баримт болох үед зарцуулсан, талууд уг мөнгөн дүнг дараа нөхөн төлөхөөр тохиролцсон гэж үзсэн нь нотлох баримтад үндэслэгджээ. Тодруулбал, хариуцагч Ч.Одгэрэл, түүний нөхөр Д.Баатарзоригт нь нэхэмжлэгч Г.Алтантуяа, түүний нөхөр Д.Ганбаатар нарт 2013 оны 11 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд нийтдээ 4 480 000 төгрөгийг шилжүүлсэн, энэ нь буцаан төлөгдөх нөхцөлтэй байсан нь хэргийн 51 дүгээр талд авагдсан Д.Баатарзоригтын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Д.Ганбаатар, Д.Баатарзоригт нарын мэдүүлгээр тогтоогдсон.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан 7 000 000 төгрөгт дээрх мөнгөн дүнг тооцон авсан гэх агуулгатай тайлбар гаргасан байна.

Шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарт үндэслэн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэлт хийх боломжтой байх ба энэ тохиолдолд Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож, үүргийг дуусгавар болгож болно гэж зааснаар талуудын үүргийг харилцан тооцож, нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлсэн 7 000 000 төгрөгөөс хариуцагчийн нэхэмжлэгчид шилжүүлж байсан 4 480 000 төгрөгийг хасч 2 520 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07ы өдрийн 104/ШШ2018/00110 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 630 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.МӨНХЗУЛ