Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/00937

 

 

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/00937

 

 

 

ЭСУ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2018/00436 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ЭСУ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Си Ди Эм Кэй ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 22 298 400 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч ЭСУ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Тус компани нь хариуцагч ЭСУ ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 639 дугаартай түрээсийн гэрээ байгуулж хэв, булан, хөөс гэх мэт 19 865 600 төгрөгийн үнэ бүхий бараа, материал түрээслүүлэн, барьцаа болгон 5 000 000 төгрөг авч, 2 сарын дараа үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Гэвч хариуцагч компани гэрээний үлдэгдэл төлбөр 14 865 600 төгрөгийг төлөөгүй учир гэрээний 4.2 дахь заалтыг үндэслэн алданги тооцож 7 432 800 төгрөг, нийт 22 298 400 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч Си Ди Эм Кэй ХХК-ийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн гэрээний үндсэн төлбөр болох 14 865 600 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь бид гэрээгээ дүгнэн тооцооны үлдэгдлээ баталсан бөгөөд хариуцагчийн төлөх дүнг 14 865 600 төгрөг гэж тохиролцсон болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх заасныг баримтлан хариуцагч Си Ди Эм Кэй ХХК-аас 14 865 600 /арван дөрвөн сая найман зуун жаран таван мянга зургаан зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЭСУ ХХК-д олгож нэхэмжлэлээс 7 432 800 /долоон сая дөрвөн зуун гучин хоёр мянга найман зуу/ төгрөгт холбогдох хэсгийг  хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 232 278  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч хариуцагч нь үүргээ биелүүлэхгүй 2 жил болсон учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх алданги 7 432 800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар алданги тохирсон ба шүүх алдангийн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 14 865 600 төгрөг, алданги 7 432 800 төгрөг, нийт 22 298 400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч ЭСУ ХХК нь хариуцагч Си Ди Эм Кэй ХХК-д холбогдуулан  түрээсийн төлбөрт 22 432 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ЭСУ ХХК нь тулаас төмөр, хэв хашмалыг 60 хоногийн хугацаанд хариуцагч Си Ди Эм Кэй ХХКд ашиглуулахаар шилжүүлэн өгөх, хариуцагч нь барьцаанд 5 000 000 төгрөг хүлээлгэн өгч, төлбөр төлөх үүрэг хүлээсэн байх ба Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүсчээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс авч ашигласан хэв, хашмалаас үр шим хүртэх замаар аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй, харин өөрийн аж ахуйн үйл ажиллагаанд уг эд хөрөнгийг ашигласан тул түрээсийн гэрээний зүйл байх боломжгүй, анхан шатны шүүх түрээсийн гэрээний харилцаа гэж үзсэн нь учир дутагдалтай боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн, хариуцагч нь түрээслэсэн зүйлээс хэв хашмал 47 ширхэгийг дутуу буцаан өгсөн байх ба гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, талууд энэ талаар маргаагүй.

Талууд түрээсийн гэрээний дагуу гүйцэтгэх үүргийн талаар 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр акт үйлдэж, хариуцагчийг түрээсээс ирсэн материалын үнэд 10 719 500 төгрөг, эвдрэл гэмтлийн тооцооны дүн 983 000 төгрөг, түрээсэнд үлдсэн материалын төлбөрт 5 763 600 төгрөг, өвөлжилтийн гэрээний дүн 1 786 500 төгрөг, хэв-60, гэмтэлд 613 000 төгрөг, нийт 19 865 600 төгрөг төлөх үүрэгтэй гэж дүгнэн үүнээс барьцаанд авсан 5 000 000 төгрөгийг хасч, 14 865 600 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

Дээрх тооцоо нийлсэн актыг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт үйлдэж, төлбөр барагдуулах үүрэг хүлээсэн, гарын үсэг зурж байгуулсан хэлцэл гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардаж, хариуцагч нь уг шаардлагын хүрээнд хариу тайлбар гаргасан, эдгээр тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нотлох баримт гэж үзэх боломжтой тул эд хөрөнгө ашигласны хөлс, алдангийг гаргуулах нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 1797 ширхэг хэв, хашмал, булан түрээслэн авч, 1750 ширхэгийг буцаан өгч, 47 ширхэгийг дутаасан нь тооцооны акт гэх баримтаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн эд зүйлийг 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд ашигласны хөлсөнд 16 483 100 төгрөг төлөх үүрэгтэйгээс гэрээ байгуулах үед Иргэний хуулийн 233 дугаар зүйлд зааснаар төлсөн 5 000 000 төгрөгийг хасч 11 483 100 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул гаргуулах нь зүйтэй.

Харин актанд тусгагдсан өвөлжилтийн гэрээний дүн, хэв-60, гэмтэл 10х10, эвдрэл гэмтлийн тооцооны дүн зэргийг талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний төлбөрт тооцох үндэслэлгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.

Хариуцагч тал түрээсийн төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 20-ны дотор төлөх үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар хугацаандаа гүйцэтгээгүй тул уг өдрөөс хойш алданги төлөх үүрэгтэй. Талууд гэрээний 4.2 дахь хэсэгт зааснаар түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн 856 хоногт тооцогдох алдангид 5 741 550 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иймд гэрээний дагуу гүйцэтгэх үндсэн үүрэг 11 483 100 төгрөг, алдангид 5 741 550 төгрөг, нийт 17 224 650 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулав.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт үнийн дүнгийн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2018/00436 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Си Ди Эм Кэй ХХК-аас 17 224 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЭСУ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5 073 750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад 232 278 төгрөг гэснийг 244 073 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЭСУ ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ