Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2018/00436

 

 

 

                

 

  

                                    

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.ХХК

Хариуцагч: С.ХХК

Түрээсийн гэрээний үүрэгт 22 298 400 /хорин хоёр сая хоёр зуун ерэн найман мянга дөрвөн зуу/  төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, О.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани нь хариуцагч Э ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 639 дугаартай түрээсийн гэрээ байгуулж хэв булан хөөс гэх мэт 19 865 600 төгрөгийн үнэ бүхий бараа, материал түрээслүүлэн, барьцаа болгон 5 000 000 төгрөг авч, 2 сарын дараа үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Гэвч хариуцагч компани гэрээний үлдэгдэл төлбөр 14 865 600 төгрөгийг төлөөгүй учир гэрээний 4.2 дахь заалтыг үндэслэн алданги тооцож 7 432 800 төгрөг, нийт 22 298 400 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн гэрээний үндсэн төлбөр болох 14 865 600 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь бид гэрээгээ дүгнэн тооцооны үлдэгдлээ баталсан бөгөөд хариуцагчийн төлөх дүнг 14 865 600 төгрөг гэж тохиролцсон болно.

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                             

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан  түрээсийн төлбөрт 22 432 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 639 дугаартай түрээсийн гэрээ байгуулагдаж энэхүү гэрээгээр түрээслэгч С ХХК  нь түрээслүүлэгч Э ХХК-ийн өмчлөлийн барилгын тулаас төмөр, хэв хашмалыг 60 хоногийн хугацаагаар түрээслэх, урьдчилгаанд 5 000 000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

Гэрээг байгуулсан, гэрээний дагуу түрээсийн зүйлийг түрээслэгч аж ахуйн зориулалтаар ашигласан, түрээслэсэн зүйлийг бүрэн буцаан өгсөн талаар талууд маргахгүй байгаа бөгөөд зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дахь хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

Талууд 2015 оны 11 дүгээр сарын 19-ий өдөр харилцан тооцоо нийлж, гэрээний дагуу төлөх төлбөр 14 865 600 төгрөг /400 000 төгрөг нь нэмж авсан хөөсний үнэ/ болохыг харилцан батлаж, энэхүү төлбөрийг хариуцагч С ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны дотор төлөх үүрэг хүлээжээ. 

Нэхэмжлэгч Э ХХК нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн байхад хариуцагч С ХХК гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул түрээслүүлэгч гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө шаардах эрхтэй, түрээслэгч биелүүлэх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт анзын гэрээг бичгээр хийхээр заасан ба зохигчид 2014 оны  10 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 639 дугаартай түрээсийн  гэрээг дүгнэж, тооцооны үлдэгдэл, төлөх хугацааг тохирсон, энэхүү баримтаас үзэхэд өмнөх гэрээний дагуу алданги тооцсон, мөн цаашид тооцох талаар тохиролцсон гэх үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд хариуцагч С ХХК-иас 14 865 600 /арван дөрвөн сая найман зуун жаран таван мянга зургаан зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 7 432 800 /долоон сая дөрвөн зуун гучин хоёр мянга найман зуу/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 14 865 600 /арван дөрвөн сая найман зуун жаран таван мянга зургаан зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож нэхэмжлэлээс 7 432 800 /долоон сая дөрвөн зуун гучин хоёр мянга найман зуу/ төгрөгт холбогдох хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 232 278  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.БАТСҮХ