Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2018/0425

 

О.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0344 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч гуравдагч этгээд “К б”ХХК-ийн давж заалдах гомдлоор, О.Г-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0344 дүгээр шийдвэрээр: “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4, 14 дүгээр зүйлийн 14.2, 24 дүгээр зүйлийн 24.4, 24.8-д заасныг тус тус баримтлан О.Г-ийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Баянгол дүүргийн ** дүгээр хороо, * дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны ** тоотод байрлах 42.6 метр квадрат талбайтай, 2 өрөө байрыг Капитрон банкны өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-220505**** дугаар гэрчилгээг хүчингүй болгож, О-ийн Г-г дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж” шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд “К б” ХХК давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэгч нь Нийслэлийн Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 276 тоот албан бичигт 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд тус газар 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7/484 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авахаас татгалзсан тухайгаа мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.

...шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэлгүй өөрийн санаачилгаар тус банкны өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220505**** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 357 тоот шийдвэр болон захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар огт дурдагдаагүй болно. ...Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч О.Г  нь анх 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Баянгол дүүргийн ** дүгээр хороо, * дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны ** тоотод байрлах 42.6 м.кв талбайтай, 2 өрөө байрыг Капитрон банкны өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-220505**** дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, О.Г-г дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн газарт даалгах” тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоон нэхэмжлэгчид буцаасан боловч нэхэмжлэгч О.Г-г аас тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан дахин тус шүүхэд хандаагүй байх тул шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШЗ2018/0345 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан байна.

Нэхэмжлэгч О.Г  нь дахин 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа “Баянгол дүүргийн ** дүгээр хороо, * дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны ** тоотод байрлах 42.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах” гэж шаардлагаа тодорхойлсон, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын дагуу захиргааны хэрэг үүсгэсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй байна.

Гэтэл нэхэмжлэгч О.Г  нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр гуравдагч этгээд “К б” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлтэй маргаагүй байхад анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж, “...Баянгол дүүргийн ** дүгээр хороо, * дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны ** тоотод байрлах 42.6 метр квадрат талбайтай, 2 өрөө байрыг Капитрон банкны өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-220505**** дугаар гэрчилгээг хүчингүй болгож” шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг зөрчжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:”, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох” гэж заасан ба энэ үндэслэлээр бүртгэлийн байгууллага О.Г-ийн хүсэлтэд татгалзсан хариу өгчээ.

Гэтэл нэхэмжлэгч О.Г  нь “...2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, өмнөх бүртгэл хүчинтэй байхад түүнийг хүчингүй болголгүйгээр дахин бүртгэл хийх боломжтой гэж үзэж байгаа эсэх, ингэснээр түүний эрх хэрхэн сэргэнэ гэж үзэж байгаа болохыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 52.5.2-т заасныг зөрчжээ.

Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл, шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй байх төдийгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр гаргавал зохих акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтан биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд захиргааны зохих акт гаргахыг захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгаж шийдвэрлэх нөхцөл бүрддэг онцлогтой.

Гэтэл нэхэмжлэгч О.Г  нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасан “...даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан атлаа хариуцагчийн захиргааны акт гаргахаас татгалзсан ямар шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа ямар эс үйлдэхүйг хууль бус гэж маргаж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагадаа энэ талаар тодорхойлоогүй байхад шүүхээс энэ талаар тодруулах үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр тодорхойгүй, биелэгдэх боломжгүй нөхцөл бүрдсэн байна.

Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0344 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

                  ШҮҮГЧ                                                            Н.ХОНИНХҮҮ

            ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН