Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
Хэргийн индекс | 183/2017/00300/И |
Дугаар | 210/МА2018/00938 |
Огноо | 2018-04-16 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2018/00938
2018 оны 04 сарын 16 өдөр | Дугаар 210/МА2018/00938 |
Ган-Эрдэнэ СӨХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00081 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ган-Эрдэнэ СӨХ-ны нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Балжиржанцанд холбогдох
Хохиролд 45 881 050 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Оюун, хариуцагч Ж.Балжиржанцан, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч Ган-Эрдэнэ СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Хариуцагч Ж.Балжиржанцан нь тус СӨХ-ны гүйцэтгэх захирлын албан тушаалыг 2004- 2015 он хүртэл нийт 11 жилийн хугацаанд хашиж байсан бөгөөд 2010 оноос 2014 оны 1-3 дугаар сарыг хүртэлх хугацаанд СӨХ-нд 45 881 050 төгрөгийн хохирол учруулсан. Хариуцагч нь сууц өмчлөгчид болон подвал түрээслэгчдээс СӨХ-ны хураамж, түрээсийн төлбөр авах нэрийдлээр баримтгүйгээр мөнгө удаа дараа авч, СӨХ-ны харилцах данс болон кассанд тушаалгүйгээр хувьдаа ашигласан. 2014 оны 10 сарын 13-ны өдрийн Монголын сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлийн Хяналтын зөвлөлийн шалгалт, Б Энд С Аудит ХХК-ийн 2014 оны 12 сарын 09-ний өдрийн аудитын дүгнэлтүүдээр хариуцагч Ж.Балжиржанцан нь буруутай болохыг тогтоосон. Мөн Монголын Сууц Өмчлөгчдийн Холбооны Дээд Зөвлөлийн Хяналтын зөвлөлийн шалгалтаар Ган-Эрдэнэ СӨХ-ны гүйцэтгэх захирал Ж.Балжиржанцан нь дотоодын хяналт шалгалт сул байгааг ашиглан сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн подволуудын түрээс, засвар үйлчилгээний мөнгө хөрөнгийг үрэгдүүлж, хувьдаа ашигласан байна гэж тогтоосон бөгөөд Ж.Балжиржанцанд хариуцуулж, СӨХ-г хохиролгүй болгох нийт дүн 45 881 050 төгрөг байна гэж тогтоосон. Иймд хариуцагч Ж.Балжиржанцангаас 45 881 050 төгрөгийг гаргуулж, Ган-Эрдэнэ СӨХ-г буюу сууц өмчлөгчдийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Балжиржанцангийн гаргасан тайлбарт: Ж.Балжиржанцан би СӨХ-г хүлээж авахад сарын 800 000 төгрөгийн орлоготой, 10 000 000 гаруй төгрөгийн өртэй байсан. 2014 онд нэхэмжлэгч талд сууц өмчлөгчдийн холбоог хүлээлгэж өгөхдөө дансандаа 4 000 000 төгрөгийн орлоготой, ямар ч өр төлбөргүй, бүх байранд гадна, дотор засвар, сантехник, дээврийн бүх засварыг хийсэн, гадна орчныг тохижуулсан сууц өмчлөгчдийн холбоог хүлээлгэж өгсөн. Оршин суугчид ямар нэгэн гомдол гаргаагүй. 2014 онд сууц өмчлөгчдийн холбоог өгөхөд сарын орлого нь 4 000 000 төгрөг байсан. Түрээсээс 1 800 000 төгрөг, оршин суугчдаас 2 200 000 төгрөг цугладаг байсан. Бодит зарлага нь сардаа цалинд 2 160 000 төгрөг, цахилгаан эрчим хүчинд 800.000 төгрөг, нийгмийн даатгал, татварт 580 000 төгрөг, засвар үйлчилгээ 500 000, цэвэр ус 80 000 төгрөг, цэвэрлэгээний материал 60 000 төгрөг гарч байсан. 2010 оноос нягтлан бодогчоор М.Жанчивсэнгээ ажиллаж энэ хүн 4 жил юу ч хийгээгүй, н.Зоригт 2014 оны 12 сард цагдаагаар түрий барьж СӨХ-г хууль бусаар авахад дансандаа 4 000 000 төгрөгтэй, харилцагч байгууллагад ямар ч өргүй хэвийн ажиллагаатай хүлээлгэж өгсөн боловч энэ хүн 2 жил гаруй хугацаанд 10 000 000 төгрөгийн өртэй СӨХ-г үндсэндээ дампуурах хэмжээнд хүргэсэн. Энэ өр нь М.Жанчивсэнгээ, СӨХ-ны Донид, Зоригт, Нарангэрэл, Чимэддамба нарын зохиомол өр бөгөөд СӨХ-ийн өр, санхүү тайлан балансыг нягтлан бодох хариуцаж тайлан баланс гүйлгээг хийдэг, захирал гарын үсэг тамга тэмдэг дарж баталгаажуулдаг байсан бөгөөд СӨХ-д гаднаас бэлнээр зөвхөн подволын түрээсийн мөнгө өгөөд энэ мөнгийг миний ажиллаж байсан хугацаанд байцаагч, нягтлан бодогч нар хурааж, кассанд тушааж, баримтыг нь өгч тооцдог байсан. Иймд 2010-2014 онд СӨХ-ны мөнгө санхүү барьж байсан зохиомол өр бий болгосон н.Жанчивсэнгээ энэ нэхэмжлэлийн хариуцагч байх ёстой гэж үзэж байна.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч Ж.Балжиржанцангаас хохирлын 22 308 525 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ган-Эрдэнэ СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23 572 525 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387 360 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 269 492 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг 2 өөр байдлаар тайлбарласан нь буруу байна. Мөн Ган-Эрдэнэ СӨХ нь удирдах зөвлөлөөс сонгогдсон санхүү хариуцсан нягтлан бодогчтой, нягтлан бодогч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан үүрэг хүлээсэн С.Жанчивсэнгээ гэх хүн байсан. Эн хүн өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас санхүүгийн анхан шатны тайлан, нягтлан бодох бүртгэл зэрэг баримтуудыг устгасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байхад хэрэгт ач холбогдолтой үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь буруу. Удирдах зөвлөл анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ямар учраас өнөөдрийг хүртэл Ган-Эрдэнэ СӨХ-д ажиллаж байгаа нягтлан бодогч С.Жанчивсэнгээг хариуцагчаар татахгүй байгаа нь ойлгомжгүй. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Ган-Эрдэнэ СӨХ нь хариуцагч Ж.Балжиржанцанд холбогдуулан хохиролд 45 881 050 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Ж.Балжиржанцан нь 2004 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Ган-Эрдэнэ СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Ган-Эрдэнэ СӨХ нь хариуцагч Ж.Балжиржанцанг гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс тус байгууллагад 45 881 050 төгрөгийн хохирол учруулсан гэж, хариуцагч нь түрээсийн мөнгийг бэлнээр аваагүй, нягтлан бодогчийн буруутай үйлдлээс болж хохирол учирсан гэж тайлбарлажээ.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд СӨХ-ны гүйцэтгэх захирал дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг холбооны дансанд төвлөрүүлэх үүрэг хүлээх талаар заажээ.
Хариуцагч нь хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар иргэдтэй түрээсийн гэрээ байгуулан, 2010-2014 оны эхний хагас жилийн түрээсийн орлогод нийт 81 780 000 төгрөг бэлнээр хураан авснаас 43 163 550 төгрөгийг холбооны дансанд төвлөрүүлэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, нягтлан бодогчийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, санхүүгийн анхан шатны бүртгэл хөтлөөгүй байна. Тодруулбал, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн хяналтын зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №2014/09 тоот акт, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Ган-Эрдэнэ СӨХ-ны 2010, 2011, 2012, 2013, 2014 оны 1-6 сарыг дуусталх хугацааны подвалийн түрээсийн орлого, зарлагыг шалгасан танилцуулга, мөн өдрийн Ган-Эрдэнэ СӨХ-ны 2010, 2011, 2012, 2013, 2014 оны эхний хагас жилийн аж ахуйн санхүүгийн үйл ажиллагаа, подвалуудын түрээсийн орлого, зарлагад баримт шалгалт хийхэд гаргасан дутагдал шамшигдал төлбөрийн жагсаалт, Монголын сууц өмчлөгчдийн хяналтын зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №06/01 тоот акт, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдриөн Б энд С Аудит ХХК-ийн гаргасан дүгнэлт, уг дүгнэлтэд шинжилгээ хийсэн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн түрээсийн орлого зарлагатай холбоотой анхан шатны баримт байхгүй, түрээслэгчдээс авсан төлбөрийг засварын зардалд зарцуулсан гэх баримт байгаа боловч орлого, зарлагыг санхүүгийн тайланд илэрхийлээгүй гэх дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хэдийгээр хариуцагч түрээсийн төлбөрийг бэлнээр авч байгаагүй талаар гэрч Б.Насанжаргал, Д.Оюундэлгэр, Б.Гантөмөр, Э.Золзаяа нар мэдүүлсэн боловч хариуцагч нь түрээсийн төлбөрийг холбооны дансанд төвлөрүүлсэн эсэхээ баримтаар нотлоогүй болно. Иймд зөвхөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан гэж үзэх боломжгүй.
Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид 44 617 050 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн нь хуульд нийцсэн байна.
Хариуцагч нь СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа 23 орцонд тус бүр 2 удаа засвар хийж, 5 байрны фасадны их засвар, гадна талбайд суух сандал, байрны хаалгыг лист төмрөөр хийлгэж, кодтой болгоход зориулж 20 000 000-30 000 000 төгрөг зарцуулсан гэж тайлбарладаг боловч энэ талаар баримтгүй, түүнчлэн түрээсийн орлого, оршин суугчдын засвар үйлчилгээний төлбөрийг зохих журмын дагуу бүртгэж, дансанд хуримтлуулсан, зорилго үйл ажиллагааны чиглэлийн дагуу захиран зарцуулсан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй.
Хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч СӨХ-д хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар өөрийн гэм буруутай эс үйлдэхүйгээр бусдад учруулсан гэм хорыг хариуцах учиртай.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаар Хяналтын зөвлөл нь холбооны гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй.
Нэхэмжлэгч Ган-Эрдэнэ СӨХ-ны удирдах зөвлөл болон хяналтын зөвлөл нь хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж байсан гэх байдал тогтоогоогүй тул энэ нөхцөл байдлыг харгалзан гэж үзэж, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ж.Балжиржанцангийн хариуцах хохирлын хэмжээг 50 хувь буюу 22 308 525 төгрөгөөр анхан шатны шүүх бууруулсныг буруутгах боломжгүй, нэхэмжлэгч тал энэ хэсэгт давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Хариуцагчийн нягтлан бодогч С.Жанчивсэнгээ нь санхүүгийн анхан шатны тайлан, нягтлан бодох бүртгэл зэрэг баримтыг устгасан гэх тайлбарт эргэлзээгүй нотлох баримт авагдаагүй байх тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00081 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269 493 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
А.МӨНХЗУЛ