Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/01298

 

Г-Э- СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00081 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 938 дугаар магадлалтай,

Г-Э- СӨХ-ны нэхэмжлэлтэй

Ж.Б-д холбогдох,  

Хохирол 45.881.050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ж.Б-, өмгөөлөгч Д.Энхцэцэг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Г-Э- СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: ....Ж.Б- нь тус СӨХ-ны гүйцэтгэх захирлын албан тушаалыг 2004-2015 он хүртэл нийт 11 жилийн хугацаанд хашиж байсан бөгөөд 2010 оноос 2014 оны 1-3 дугаар сарыг хүртэлх хугацаанд СӨХ-д 45.881.050 төгрөгийн хохирол учруулсан. Хариуцагч нь сууц өмчлөгчид болон подвал түрээслэгчдээс СӨХ-ны хураамж, түрээсийн төлбөр авах нэрийдлээр баримтгүйгээр мөнгө удаа дараа авч, СӨХ-ны харилцах данс болон кассанд тушаалгүйгээр хувьдаа ашигласан. 2014 оны 10 сарын 13-ны өдрийн Монголын сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлийн Хяналтын зөвлөлийн шалгалт, Б Энд С Аудит ХХК-ийн 2014 оны 12 сарын 09-ний өдрийн аудитын дүгнэлтүүдээр хариуцагч Ж.Б- нь буруутай болохыг тогтоосон. Мөн Монголын Сууц Өмчлөгчдийн Холбооны Дээд Зөвлөлийн Хяналтын зөвлөлийн шалгалтаар Г-Э- СӨХ-ны гүйцэтгэх захирал Ж.Б- нь дотоодын хяналт шалгалт сул байгааг ашиглан сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн подволуудын түрээс, засвар  үйлчилгээний мөнгө хөрөнгийг үрэгдүүлж, хувьдаа ашигласан байна гэж тогтоосон бөгөөд Ж.Б-д хариуцуулж, СӨХ-г хохиролгүй болгох нийт дүн 45.881.050 төгрөг байна гэж тогтоосон. Иймд хариуцагч Ж.Б-гаас 45.881.050 төгрөгийг гаргуулж, Г-Э- СӨХ-г буюу сууц өмчлөгчдийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Б-гийн шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие СӨХ-г хүлээж авахад сарын 800.000 төгрөгийн орлоготой, 10.000.000 гаруй төгрөгийн өртэй байсан. 2014 онд нэхэмжлэгч талд сууц өмчлөгчдийн холбоог хүлээлгэж өгөхдөө дансандаа 4.000.000 төгрөгийн орлоготой, ямар ч өр төлбөргүй, бүх байранд гадна, дотор засвар, сантехник, дээврийн бүх засварыг хийсэн, гадна орчныг тохижуулсан сууц өмчлөгчдийн холбоог хүлээлгэж өгсөн. Оршин суугчид ямар нэгэн гомдол гаргаагүй. 2014 онд сууц өмчлөгчдийн холбоог өгөхөд сарын орлого нь 4.000.000 төгрөг байсан. Түрээсээс 1.800.000 төгрөг, оршин суугчдаас 2.200.000 төгрөг цугладаг байсан. Бодит зарлага нь сардаа цалинд 2.160.000 төгрөг, цахилгаан эрчим хүчинд 800.000 төгрөг, нийгмийн даатгал, татварт 580.000 төгрөг, засвар үйлчилгээ 500.000, цэвэр ус 80.000 төгрөг, цэвэрлэгээний материал 60.000 төгрөг гарч байсан. 2010 оноос нягтлан бодогчоор М.Жанчивсэнгээ ажиллаж энэ хүн 4 жил юу ч хийгээгүй, н.Зоригт 2014 оны 12 сард цагдаагаар түрий барьж СӨХ-г хууль бусаар авахад дансандаа 4.000.000 төгрөгтэй, харилцагч байгууллагад ямар ч өргүй хэвийн ажиллагаатай хүлээлгэж өгсөн боловч энэ хүн 2 жил гаруй хугацаанд 10.000.000 төгрөгийн өртэй СӨХ-г үндсэндээ дампуурах хэмжээнд хүргэсэн. Энэ өр нь М.Жанчивсэнгээ, СӨХ-ны Донид, Зоригт, Нарангэрэл, Чимэддамба нарын зохиомол өр бөгөөд СӨХ-ийн өр, санхүү тайлан балансыг нягтлан бодох хариуцаж тайлан баланс гүйлгээг хийдэг, захирал гарын үсэг тамга тэмдэг дарж баталгаажуулдаг байсан бөгөөд СӨХ-д гаднаас бэлнээр зөвхөн подволын түрээсийн мөнгө өгөөд энэ мөнгийг миний ажиллаж байсан хугацаанд байцаагч, нягтлан бодогч нар хурааж, кассанд тушааж, баримтыг нь өгч тооцдог байсан. Иймд 2010-2014 онд СӨХ-ны мөнгө санхүү барьж байсан зохиомол өр бий болгосон н.Жанчивсэнгээ энэ нэхэмжлэлийн хариуцагч байх ёстой гэж үзэж байна тиймээс нэмэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/0081 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч Ж.Б-гаас хохирлын 22.308.525 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г-Э- СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23.572.525 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387.360 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 269.492 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 938 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00081 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269.493 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ....Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалттай нийцээгүй. Мөн давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж дүгнэлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Ж.Б-г холбооны өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн зохион байгуулах эрх бүхий этгээдийнхээ хувьд нягтлан бодогчийн үйл ажиллагаанд хяналт тавилгүй нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 14.3, 14.4-т заасан санхүүгийн анхан шатны бүртгэлийг хөтлөөгүй, холбооны мөнгөн хөрөнгийг холбооны дансанд хуримтлуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна, мөн Сууц өмчлөгчдын холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.4-т заасан эрхийг олгосон байтал түрээсийн орлого, оршин суугчдын засвар үйлчилгээний төлбөрийг зохих журмын дагуу бүртгэж дансанд хуримтлуулсан, зорилго үйл ажиллагааны чиглэлийн дагуу захиран зарцуулсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байх тул холбооны эд хөрөнгийг эзэмших ашиглах, захиран зарцуулах талаар удирдах зөвлөлийн хурлаас тогтоосон эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас СӨХ-д хохирол учирсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн. Гэтэл Сууц өмчлөгчдын холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3-т ...”хяналтын зөвлөл нягтлан бодох бүртгэл, хөтлөлт, тайлан, тэнцэл хууль тогтоомжийн дагуу үнэн зөв хийгдсэн эсэх”-д хяналт тавих үүрэгтэй гэж заасан байхад гүйцэтгэх захирал нэгэнт хууль болон гэрээгээр заасан эрхээ хэрэгжүүлж байгаа тохиолдолд нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан аж ахуйн бүх ажил, гүйлгээ, бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага, бүх өр төлбөр, аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр, бүх орлого, бүх зардал зэргийг заавал бүртгэхээр зохицуулсан заалтыг мөрдөх үүрэгтэй гэж хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тус холбооны Удирдах зөвлөл нь Сууц өмчлөгчдын холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.3-т “...дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эсэхийг шийдвэрлэх", 10.8.8-д “...гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх", 10.10.3-т “...гүйцэтгэх захирал холбооны нэрийн өмнөөс бусадтай байгуулж байгаа гэрээнд хяналт тавих” эрх, үүргээ, Хяналтын зөвлөл нь 11 дүгээр зүйлийн 11.3.1-д “...гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавих", 11.3.3-т “...нягтлан бодох бүртгэл хөтлөлт тайлан тэнцэл хууль тогтоомжийн дагуу үнэн зөв хийгдсэн эсэхийг хянах" үүргээ биелүүлээгүй байхад хариуцагч Ж.Б-гаас 22.308.525 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Дээрх үндэслэлээ тайлбарлахдаа Ж.Б- нь хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Г-Э- СӨХ-д хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар учруулсан гэм хорыг хариуцах учиртай гэсэн нь хуульд нийцээгүй байна. Мөн Г-Э- СӨХ нь Удирдах зөвлөлөөс сонгогдсон санхүү хариуцсан нягтлан бодогчтой, нягтлан бодогч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан үүрэг хүлээсэн этгээд нь С.Жанчивсэнгээ юм. Энэ хүн өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас санхүүгийн анхан шатны тайлан, нягтлан бодох бүртгэл зэрэг баримтуудыг устгасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байхад хэрэгт ач холбогдолтой үйл баримтанд хууль зүйн дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь буруу юм. Удирдах зөвлөл анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ямар учраас өнөөдрийг хүртэл Г-Э- СӨХ-д ажиллаж байгаа нягтлан бодогч С.Жанчивсэнгээг хариуцагчаар татахгүй байгаа нь ойлгомжгүй байдаг. Энэ тал дээр шүүх дүгнэлт хийх шаардлагатай байсан гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Г-Э- СӨХ Ж.Б-д холбогдуулж, гэм хорын хохирол 45.881.050 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Ж.Б- гүйцэтгэх захирлаар ажиллахдаа 2010-2014 оны 3 дугаар сар хүртэл СӨХ-д төвлөрүүлсэн хураамж болон түрээсийн төлбөрөөс хувьдаа ашигласан гэсэн бол хариуцагч нь СӨХ-ны нягтлан, байцаагч нар мөнгө хурааж касст тушаадаг байсан, хуримтлагдсан мөнгө засвар үйлчилгээнд зарцуулагдсан, энэ талаархи санхүүгийн тайлан, бичиг баримтыг устгасан байна гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ж.Б- Г-Э- СӨХ-ны удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний үндсэн дээр 2004 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 30-ны хооронд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нь тогтоогджээ.

Нэхэмжлэгч хариуцагчийг хууль бус гэм буруутай үйлдлээр СӨХ-д хохирол учруулсан буюу мөнгийг хувьдаа завшсан гэсэн үндэслэл заасан, хоёр шатны шүүх гүйцэтгэх захирал хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу эс үйлдэхүйгээр СӨХ-д гэм хор учруулсан гэсэн дүгнэлт хийжээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10.7-д зааснаар “гүйцэтгэх захирал холбооны эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаархи бүх гишүүдийн болон удирлах зөвлөлийн хурлаас тогтоосон эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэрэг үйл ажиллагаанаас холбоонд хохирол учруулсан бол удирдах зөвлөлийн дарга шүүхэд нэхэмжлэл гарган шаардах эрхтэй” байна.

Нөгөө талаар СӨХ-ны гүйцэтгэх захирал Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.1, 12.4.3, 12.4.5-д зааснаар “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг холбооны дансанд төвлөрүүлэх, холбооны мөнгөн хөрөнгийг түүний зорилго, үйл ажиллагааны чиглэл, бүх гишүүдийн хурлын шийдвэрт нийцүүлэн энэ хууль тогтоомжийн бусад акт болон холбооны дүрмээр олгосон эрх хэмжээний дотор зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардалд зориулан захиран зарцуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг холбооны нэрийн өмнөөс байгуулах эрх, үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй тогтоогдвол СӨХ мөн өөрт учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэж заажээ.

Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, /эс үйлдэхүй/ хохирол, үйлдэл ба хохирлын хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу тогтоогдсон  нөхцөлд хэрэгжинэ.

Нэхэмжлэлийн үндэслэл болгосон нотлох баримтуудаар Ж.Б- нь гэм буруутай үйлдэл эсхүл эс үйлдэхүйгээр Г-Э- СӨХ-д 45.881.050 төгрөгийн хохирол учруулсан нь эргэлзээгүйгээр тогтоогдоогүй байна.

Э.Балжиржанцанг 2010-2014 оны эхний хагас жилийг дуустал подвалын түрээсийн орлогод нийт 81.780.000 төгрөг хураан авснаас 43.163.550 төгрөгийг орлогын баримт үйлдэж касст тушаагаагүй хувьдаа завшсан, уг мөнгийг төлүүлэх шаардлагатай гэж тогтоосон Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн хяналтын зөвлөлийн 2014.09.20-ний өдрийн 09 тоот актын дараа Ж.Б-г дээрх мөнгийг завшсан гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан, хэргийг шалгах явцад шинжээчийн дүгнэлт 2 удаа гарчээ.  Ж.Б-г түрээсийн мөнгийг баримтгүйгээр авч, хувьдаа завшсан эсэхийг тогтоолгох асуултад шинжээч хариулахдаа “түрээсийн орлого 74.776.000 төгрөг орсон гэх боловч үүнээс гэрчийн мэдүүлэг, кассын анхан шатны баримтаар 22.035.000 төгрөгийн түрээсийн орлого төлсөн байна, завшсан эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоох шаардлагатай гэжээ. /хх-14, 72-78-р тал/

Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 31 тоот тогтоолд “тус Сууц өмчлөгчдийн холбооны 2010-2011 оны санхүүгийн холбогдох баримт байхгүйгээс тус холбооны 5 байрны 18 подвалийг хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс 2014 оны 3 сар хүртэл хугацаанд нийт хичнээн түрээслэгч нарт хэдий хугацаагаар хэн түрээсэлсэн, түрээслэгч нараас хэдэн төгрөгийг Ж.Б- авч, ...ямар байдлаар хэрхэн хувьдаа завшиж ашиг олсон болохыг тогтоох түрээсийн орлого, санхүүгийн тооцооны баримт байхгүй, дутуугаас орлого, зарлагын хэмжээг тогтоох боломжгүй, хичнээн төгрөгийн бодит хохирол учирсан хэмжээ хангалттай тогтоогдоогүй” гэжээ. /хх-112-113-р тал/

Дээрх баримтаас Ж.Б- түрээсийн орлогыг завшсан буюу санаатай үйлдлээр Сууц өмчлөгчдийн холбоонд хохирол учруулсан нь тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин Ж.Б- гүйцэтгэх захирлын хувьд холбооны мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан байж болох хэдий ч уг эс үйлдэхүйгээс шалтгаалж холбоонд хэдий хэмжээний орлого олох байсан буюу хохирол учирсан нь мөн тогтоогдоогүй байна.

Тухайлбал, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас Ж.Б-г СӨХ-д хохирол учруулсан болохыг нотолсон өөр баримтыг гаргаагүй  тул хэнтэй,  хэзээ,  ямар түрээсийн гэрээ байгуулсан, хэдий хэмжээний төлбөр авахаар тохиролцсон, уг төлбөрийг төвлөрүүлж аваагүй гэх үндэслэл нотлогдоогүй гэж үзнэ.

Хоёр шатны шүүх хохирлын хэмжээ тогтоогдсон гэж дүгнэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлгүй болжээ.

Иймд шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00081 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 938 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ж.Б-д холбогдох хохирол 45.881.050 төгрөг гаргуулах тухай Г-Э- СӨХ-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 270.000 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ