Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/ма2020/01256

 

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2020/01256

 

Р.г- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/01011 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Р.г-, Д.А-, Д.С, С.Г нарын нэхэмжлэлтэй хариуцагч З.М- П.О- нарт холбогдох

2019 оны 05 сарын 02-ны өдрийн бүртгэлийн 381 дугаартай, арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, З.М-, П.О- нарын хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлтэй, Зайсан гудамж, 21/2 байрны 3 а тоот орон сууцны шудрага эзэмшигч болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ, хариуцагч П.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, хариуцагч З.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.г-, хамтран өмчлөгч Д.Алтанцөгч, Д.С, С.Г нар нь иргэн З.М-тай 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр бүртгэлийн 381 дугаартай арилжааны гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр А тал буюу З.М- нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206004191 дугаартай, 0005841333 дугаарын гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, аш 26 байр, 6б тоот, 14 м.кв талбайтай, 49 000 000 төгрөгийн үнэ бүхий, 1 өрөө байрны өмчлөх эрхийг Р.г- нарын 4 хүний нэр дээр шилжүүлэх, Б тал буюу Р.г- нар нь Улсын бүртгэлийн Ү-2206050779 дугаартай, 000584132 дугаарын гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан гудамж, 21/2 байр, За тоот, 39.6 м.кв талбайтай, 49 000 000 төгрөгийн үнэ бүхий, орон сууцны өмчлөх эрхийг З.М-ын нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон байдаг. Б тал буюу Р.г- нар нь дээрх гэрээг үндэслэж 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст хандаж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж авахаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг бөглөж, арилжааны гэрээг холбогдох баримтын хамт бүрдүүлж өгсөн байна. Р.г-ын мэдүүлгийг Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэс хянаж үзээж, 2019 оны 05-р сарын 07-ны өдрийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг өгсөн бөгөөд мэдэгдэлд дурдснаар, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, аш 26 байр, 66 тоот байрыг Нийслэлийн шийдвэр гүйцэтэх албаны 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4/26511 тоот, Хан-Уул дүүргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/Ш32017/10466 захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 4/4508 тоот албан бичгээр уг эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэдэг шалтгаанаар улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсанаар Р.г- нар нь З.М-ад хууран мэхлэгдсэн гэдгээ мэдсэн байна. З.М- нь өөрийн байраа шүүхийн шийдвэрт хураагдсан, барьцаанд байгаа гэдгийг мэдсээр байж гэрээний нөгөө тал болох Р.г- нарт хэлэхгүйгээр, арилжааны гэрээг байгуулсан нь анхнаасаа бодит байдлыг нуун дарагдуулж, тухайн үл хөдлөх хөрөнгө нь асуудалтай байхад үнэн бодит мэдээллийг өгөөгүй, хууран мэхэлж, гэрээ хийсэн. З.М- нь дээрх гэрээг үндэслэж, Р.г- нараас Хан-Уул дүүрэг, 15- р хороо, Зайсан гудамж, 21/2 байр, За тоот, 39,6 м.кв талбайтай, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нь өөрийн нэр дээр шилжүүлж, гэрчилгээг нь гаргуулж авсан. З.М-, Р.г- нарын хооронд байгуулагдсан, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 381 дугаартай арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр З.М- нь П.О-т маргааны зүйл бүхий орон сууцыг шилжүүлсэн гэжээ.

Хариуцагч З.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Арилжааны гэрээ Р.г-, З.М- хоёрын хооронд хийгдсэн байгаа тул Д.А-, Д.С, С.Г нар нь нэхэмжлэгч байх ёсгүй юм байна. Арилжааны гэрээний гол утга нь А тал, Б тал өөр өөрийн өгсөн авсаныг харилцан шилжүүлнэ гэсэн гэрээ байгаа. г- нарын өмчлөлд орон сууцын эрхийг буцааж өөрсдөд нь шилжүүлэе гэсэн боловч энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны улмаас битүүмжлэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хөрөнгө битүүмжлэгдсэн, өөр бусдад зарагдаагүй байгаа нь энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл болохгүй. Арилжааны гэрээний гол агуулга нь А, Б тал буцаагаад юм өгнө гэсэн агуулгатай. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Д.А-, Д.С, С.Г нарын эрх ашиг албан ёсоор хөндөгдөөд эрхээ зөрчигдсөн гэх үндэслэл харагдахгүй байна гэжээ.

Хариуцагч П.О-ээс шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.О- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан гудамж, 21/2 байр, 3А тоот хаягт байршилтай 39,6 м.кв талбай бүхий байрыг иргэн З.М-аас худалдан авсан. Тухайн үед 2019 оны 5 дугаар сард байрыг худалдан авах үед өмчлөгч нь иргэн З.М- байсан бөгөөд албан ёсоор бүртгэлтэй өмчлөгч нь мөн тул худалдах, худалдан авах гэрээг байгуулан байрыг худалдан авсан. Нэхэмжлэлийн шаардлагийг зөвшөөрөхгүй. П.О- нь маргааны зүйл болсон байрыг шударгаар олж авсан. Худалдах худалдан авах гэрээгээр дөрвөн хөрөнгийг шилжүүлсэн. Үүний нэг болох 39,6 мкв талбайтай байр нь З.М-ын нэр дээр байсан. Мөн хөрөнгүүд нь З.М-, Р.г-ын нэр дээр, бусад хоёр хөрөнгө нь Р.г-ын нэр дээр байсан. Бид хөрөнгийг 480 000 000 төгрөгөөр худалдан авч татварыг хуулийн дагуу төлж, шударгаар худалдах худалдан авах гэрээний дагуу авсан, энд хууль бус зүйл байхгүй. Бид мөнгөө төлөөд авсан. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хаалт тавигдсан нь хэлцэл хүчин төгөлдөр бус болох үндэслэл болохгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Р.г-, Д.А-, Д.С, С.Г нар болон хариуцагч З.М-тай байгуулсан 2019 оны 05 сарын 02-ны өдрийн бүртгэлийн 381 дугаартай, арилжааны гэрээг хууран мэхлэж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч З.М-аас гэрээний зүйл болох орон сууцны үнэ 49 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.г-, Д.А-, Д.С, С.Г нарт олгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 109 дүгээр зүйлийн 109.3, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан П.О-, З.М- нарын хооронд байгуулсан 2019 оны 05 сарын 10-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Р.г-, Д.А-, Д.С, С.Г нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч П.О-ийг Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсан гудамж 21/2 байр 3А тоот орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан болохыг тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч З.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 403 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, хариуцагч П.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 298 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 174 950 төгрөгийг нэхэмжлэгч нараас тус тус гаргуулж, хариуцагч П.О-т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: П.О-, З.М- нар нь 2019 оны 5 сарын 10-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг анхнаасаа үгсэн хуйвалдаж, бодит байдлыг нууж, хариуцлагаас бултах санаагаар хийсэн. Хариуцагч З.М- нь нэхэмжлэгч Р.г- нартай 2019 оны 05-р сарын 02- ны өдөр 381 дугаартай, Арилжааны гэрээ-г хийсэн, 05-р сарын 03-нд нэхэмжлэгч нар нь Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр материалаа өгсөн, 05-р сарын 07-нд Хан- Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл-ийг хүлээж авсан даруйдаа З.М-ад мэдэгдсэн. Гэтэл хариуцагч З.М- нэхэмжпэгч нартай уулзахгүй, зугтаж явахдаа, 3 хоногийн дараа буюу 2019 оны 05-р сарын 10-ны өдөр П.О-тэй дээрх гэрээг хийсэн нь эргэлзээг төрүүлж байгаа юм.

2019 оны 05-р сарын 02-ны өдөр 381 дугаартай, Арилжааны гэрээ-гээр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсан гудамж 21/2 байр, За тоот орон сууцны үнийг 49 000 000 төгрөг гэсэн байхад, 2019 оны 05-р сарын 10-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр 10 000 000 төгрөг болгосон. 8 хоногийн дотор тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ 39 000 000 төгрөгөөр буурсан байхад шүүх энэхүү асуудалд бодитой дүгнэлт хийгээгүй.

Анхан шатны шүүх нь хариуцагч З.М-, нэхэмжпэгч Р.г- нарын 2019 оны 05-р сарын 02-ны өдрийн, бүртгэлийн 381 дугаартай, Арилжааны гэрээ-г шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна" гэж дүгнэж, хүчин төгөлдөр бус хэлцэл-д тооцсон боловч дээрх гэрээг үндэслэж хийсэн, хариуцагч З.М-, П.О- нарын 2019 оны 5-р сарын 10-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр" гэсэн нь ойлгомжгүй байна гэжээ.

Хариуцагч П.Отгтнчимэгийг Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорроо, Зайсан гудамж 21/2 байр, 3А байрны шудрага эзэмшигчээр тогтоосон нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч П.О-ийн шудрага эзэмшигчээр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Р.г- нар нь хариуцагч З.М-, П.О- нарт холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, З.М-, П.О- нарын хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, Зайсан гудамж, 21/2 байрны 3А тоот орон сууцны шудрага эзэмшигч болохыг тогтоолгохоор П.О- сөрөг нэхэмжлэл гарган маргажээ./ хх1,12 /

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах шаардлагатай гэж үзлээ.

Нэхэмжлэгч хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан боловч үр дагаврыг хэрхэх талаар заагаагүйг шүүхээс тодруулах шаардлагатай байжээ.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болдог. Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх юм.

Шүүх хэрэгт авагдсан үйл баримт, сонирхогч этгээдийн эрх зөрчигдсөн эсэх, хэлцлийн үр дагаврыг хэрхэх талаар талуудыг мэтгэлцүүлээгүй, тодруулаагүй, З.М- П.О- нарын гэрээний үнийн дүн болон бусад нөхцөл байдлыг харьцуулан дүгнээгүй, давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Талуудын хувьд мэтгэлцээгүй, анхан шатны шүүх хэлэлцэж, дүгнээгүй, шийдвэрлээгүй орхигдуулсан нэхэмжлэлийн шаардлагыг давж заалдах шатны шүүхээс нөхөн дүгнэх залруулах боломжгүй юм. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн зөрчилд хамаарч байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/01011 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД