Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/ма2020/01257

 

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2020/01257

 

В- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01156 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч В- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М- ХХК-д холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 21 891 390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн, хариуцагч Ө.Цогбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М- ХХК -ийн гүйцэтгэх захиралтай удаан хугацаанд танил, хамтран ажилладаг байсан болохоор итгэн бараагаа нийлүүлсэн. Эхний удаад хариуцагч нь манай компаниас бараа авахдаа төлбөрийг тодорхой хугацааны дараа төлдөг байсан. 2020 оны байдлаар Улсын бүртгэлийн газраас ирсэн баримтаас харахад одоог хүртэл Ц.Болдбаатар нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд хэвээрээ байна Гэвч 2012 оноос хойш авсан барааныхаа төлбөрийг төлөхгүй удахад нь хэзээ төлөх талаар лавлан асуухад мөнгөтэй болохоороо төлнө гэсэн хариу хэлдэг болсон. 2012 - 2016 оны хооронд онцгой төрлийн төмрийн будаг худалдсан. 21 891 390 төгрөгийг үлдэгдэлтэй байгааг хариуцагч байгууллагын нягтлан н.Туул гэдэг хүнтэй нийт 21 891 390 төгрөгийн тооцоо нийлж 2018 оны 1 дүгээр сард Тооцооны үлдэгдлийн баталгаа хийсэн.

М- ХХК-аас бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн 21 891 390 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт тооцоо нийлсэн актаас өөр нотлох баримт байхгүй байна. Ямар шинж чанартай, ямар нэр төрлийн барааг авсан, ямар төрлийн будаг нийлүүлсэн гэдэг нь тодорхойгүй, нотлох баримтгүй байна. Барааны орлого, зарлагын падаанууд хэрэгт авагдаагүй байна. Зөвхөн санхүүгийн тооцоо нийлсэн акт гэдэг баримтаар хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ц.Болдбаатар гэдэг хүний 2014, 2016 онд манай компанид ажиллаж байх үедээ компанид маш их хэмжээний өр авлага үлдээж, компанийг алдагдалд оруулсан хариуцлагагүй үйлдэл өмнө нь бас шүүхээр шийдвэрлэгдэж байсан. Нягтлангийн тооцоо нийлсэн актаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан, М- ХХК-аас 21 891 390 төгрөг гаргуулах тухай В- ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 267 410 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хавтас хэргийн 12 дугаар талд байх нягтлан бодох бүртгэлийн баримтаар хариуцагчид нийлүүлсэн бараа /С1/, барааны үнэ /С2/-ийг авах авлагаа улирал бүрээр жагсааж гаргасан, нэхэмжлэгч байгууллагын зарлага, орлогын тооцоо бөгөөд энэ нотлох баримтад дүгнэлт хийлгүй, 21.891.390 төгрөгийн бараа нийлүүлснээ нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон. Хариуцагч нь хуулийн этгээд бөгөөд Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гуйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжштэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёснъг шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэж заасан бөгөөд хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтан болох нягтлан бодогч нь авсан бараа, материалын үнийн дүнгийн үлдэгдлийн талаар удаа дараа /3 удаа/ тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдэл 21 891 390 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч баримт үйлдэн гарын үсгээ зурсан. Хариуцагч манайд өгөх төлбөрийн 2014 оны үлдэгдэл, 2015 он болон 2016 онд хариуцагчид хичнээн хэмжээний, хэдэн төгрөгийн барааг нийлүүлсэн, хэдий хэмжээний авлагатай болохоо улирал бүрээр тодорхой задалж бичсэн байхад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нъ бодитойгоор харьцуулан үнэлэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн боловч талуудын мэтгэлцээн бүрэн явагдсан тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

Нэхэмжлэгч В- ХХК нь хариуцагч М- ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээгээр нийлүүлсэн барааны үнэд 21 891 390 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 20, 36/

Хариуцагч ямар чанар, нэр төрлийн, хичнээн хэмжээний барааг нийлүүлсэн нь тодорхойгүй, барааны орлого, зарлагын падаанууд хэрэгт авагдаагүй гэж маргажээ.

Нотлох үүргийн хуваарилалтаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох юм.

Нэхэмжлэгчийн гаргасан В- ХХК-ийн нягтлан бодогч Р.Энх-Амгалан, М- ХХК-ийн нягтлан бодогч Э.Туул нарын гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтуудаас үзэхэд талууд 21 891 390 төгрөгийн тооцооны үлдэгдэл байгааг удаа дараа баталгаажуулж байжээ. /хх9-12/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт зааснаар зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болох боловч хариуцагч тооцоо нийлсэн актыг няцаасан баримт гаргаагүй.

Тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэгчийн тайлбар, өмнө нь талууд худалдах-худалдан авах гэрээний харилцаатай байсныг хариуцагч үгүйсгээгүй үйл баримтыг харьцуулан дүгнэж үзэхэд худалдагч бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, 21 891 390 төгрөгийн барааны үнийг хариуцагч төлөөгүй болох нь тогтоогдож байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөх үүрэг үүссэн.

Анхан шатны шүүхээс нотлох баримтыг харьцуулан дүгнээгүй, хийсвэр дүгнэлт хийсэн байгааг залруулж, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М- ХХК-иас 21 891 390 төгрөгийг гаргуулж В- ХХК-д олгож, холбогдох улсын тэмдэгтийн хураамжийн заалтад өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01156 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М- ХХК-иас 21 891 390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В- ХХК-д олгосугай гэж өөрчлөн,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэснийг нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 267 410 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч В- ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 410 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД