Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/00952

 

 

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/00952

 

 

 

П.Болдбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00430 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П.Болдбаатарын нэхэмжлэлтэй хариуцагч Их Өргөө ХХК-д холбогдох

 

9 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.Болдбаатарын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: П.Болдбаатар миний бие нь ХЕГ-2013-06 багцын дугаар бүхий байршилд төсөл хэрэгжүүлэхээр №111 дугаартай хоёр талт гэрээ байгуулсаны үндсэн дээр Баянзүрх дүүргийн Сансар хотхоны 6 байрны 3 тоот Ү-2204014229 гэрчилгээний дугаартай 3 өрөө байраа чөлөөлж өгсөн. Гэрээний 2.2.1-д зааснаар байр 2015 оны 03 дугаар улиралд ашиглалтанд орох, мөн 2.7-д заасны дагуу Их өргөө ХХК-аас өгсөн мэдэгдлийн дагуу газар чөлөөлсөн өдрөөс эхлэн сарын 500 000 төгрөг, жилд 6 000 000 төгрөгийн нөхөн олговор хэлбэрээр олгоно гэж тус тус тохиролцсон. Гэрээнд заасан хугацаанд байр баригдаж ашиглалтанд ороогүй, нөхөн олговроо олгоогүй. 2014 оны 10 дугаар сард байраа чөлөөлж өгснөөс хойш 2017 оны 10 дугаар сар хүртэл нийт 36 сарын хугацааны нөхөн олговор болох 18 000 000 төгрөгөөс 9 000 000 төгрөг өгсөн тул үлдэгдэл 9 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагч Их Өргөө ХХК нь хариу тайлбар гаргаагүй.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Их Өргөө ХХК-аас 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны нөхөн олговорт 9 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Болдбаатарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Их өргөө ХХК-аас 158 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Болдбаатарт олгож шийдвэрлэжээ.

 

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх Од плаза оффисын ээлжийн харуул иргэнд шүүх хуралдааны тов мэдээлэл бүхий шуудан хүргэгдсэн байх ба тус этгээд нь манай байгууллагад ажилладаггүй. Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээнд дурдсан хаягт манай компани өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. гэтэл тус компанид хамааралгүй н.Ганбат гэгчид хурлын товыг мэдэгдсэн нь буруу. Шүүх хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхээ эдлэх боломж олгоогүй. Мөн шүүгч С.Энхбаярыг шүүх хуралдаан даргалагчаар томилсон эсэх нь тодорхойгүй, томилсон захирамж хэрэгт авагдаагүй байна. С.Энхбаяр шүүгч өөрөө өөрийгөө томилсон захирамж хэрэгт авагдсан боловч үүнийг хууль бус шүүх бүрэлдэхүүнээр хэргийг хэлэлцсэн гэж үзнэ. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч П.Болдбаатар нь хариуцагч Их Өргөө ХХК-д холбогдуулан 9 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхтэй, хариуцагчийг энэ эрхээр нь хангасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт хэргийн 23-24 дүгээр талд авагдсан байх боловч мэдэгдэх хуудас хүлээн авсан н.Ганбат гэгч нь уг баримтыг хүлээн авах эрх бүхий этгээд биш байхын зэрэгцээ хариуцагч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Д.Бадрахад ямар дугаарын утсаар хуралдааны тов мэдэгдсэн зурвас илгээсэн нь тодорхойгүй байх тул хариуцагчийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны товыг хүлээн аваагүй гэх давж заалдах гомдлыг үгүйсгэх боломжгүй.

 

Шүүхийн дээрх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5 дахь хэсэгт ... хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг удирдах албан тушаалтан буюу холбогдох ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулна... гэж заасантай нийцээгүй байна.

 

Шүүх хариуцагчийн төлөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй гэх үндэслэлээр хариуцагчийг шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхээр нь хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг залруулах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00430 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

А.МӨНХЗУЛ