Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 430

 

 

 

 

 

                                  

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: П.Б-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: И Ө ХХК-д  холбогдох

 

9.000.000 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ П.Б  миний бие нь ХЕГ-2013-06 багцын дугаар бүхий байршилд төсөл хэрэгжүүлэхээр №111 дугаартай хоёр талт гэрээ байгуулсаны үндсэн дээр Баянзүрх дүүргийн Сансар хотхоны 6 байрны 3 тоот Ү-2204014229 гэрчилгээний дугаартай 3 өрөө байраа чөлөөлж өгсөн. Гэрээний 2.2.1-д зааснаар байр 2015 оны 03 дугаар улиралд ашиглалтанд орох, мөн 2.7-д заасны дагуу И Ө ХХК-иас өгсөн мэдэгдлийн дагуу газар чөлөөлсөн өдрөөс эхлэн сарын 500.000 төгрөг, жилд 6.000.000 төгрөгийг нөхөн олговор хэлбэрээр олгоно гэж тус тус тохиролцсон.

Гэрээнд заасан хугацаанд байр баригдаж ашиглалтанд орох байтугай нөхөн олговроо ч гүйцэд өгөөгүй явсаар ирлээ.

2014 оны 10 дугаар сард байраа чөлөөлж өгсөнөөс хойш 2017 оны 10 дугаар сар хүртэл нийт 36 сарын хугацааны нөхөн олговор болох 18.000.000 төгрөгөөс 9.000.000 төгрөгийг өгсөн байдаг.

Иймд үлдэгдэл 9.000.000 төгрөгийг И Ө ХХК-иас гаргуулж өгнө үү” гэв.

 

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                         

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч П.Б  нь хариуцагч И Ө ХХК-д холбогдуулан 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 111 дугаартай “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах 130.680.000 төгрөгийн үнэ бүхий Сансар хотхоны 2 орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 000288343 гэрчилгээний дугаартай газрыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байна.

 

Уг гэрээний 2.7-д “Газар, үл хөдлөх эд хөрөнгийг орон сууцаар солихоор тохиролцсон тохиолдолд түр суурьшуулах асуудлыг талууд дор дурдсанаар харилцан тохиролцов. И Ө ХХК-аас өгсөн мэдэгдлийн дагуу газар чөлөөлсөн өдрөөс эхлэн сарын 500.000 төгрөг, жилд 6.000.000 төгрөгийг нөхөх олговор хэлбэрээр олгоно” гэж заасан ба нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр газраа чөлөөлж өгсөн бөгөөд хариуцагч нь нийт 9.000.000 төгрөгийн нөхөн олговор өгсөн. Одоо хариуцагч И Ө ХХК-иас 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 18 сарын нөхөн олговор 9.000.000 төгрөгийг шаардаж байгаа” гэж тайлбарласан.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т зааснаар арилжааны гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 2.7-д зааснаас үзэхэд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д зааснаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

 

Дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж байгаа нийтийн орон сууцны барилга барихад зориулж газар, хувийн сууц чөлөөлж өгсөн иргэдийг барилга байгууламж байнгын ашиглалтад орох хүртэл хугацаанд орон сууц хөлслөх төлбөрийг төлөх үүргийг барилга барьж байгаа этгээд хүлээж байгаа бөгөөд уг гэрээний үндсэн зорилго нь арилжааны гэрээ боловч гэрээний талуудын хүсэл зориг, нэмэлт тохиролцоо зэргийг харгалзан үзвэл холимог гэрээний шинжийг агуулж байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т  зааснаар хариуцагч нь гэрээгээ  зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч И Ө ХХК-иас 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл олговорт 9.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Б т олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч И Ө ХХК-д  2018 оны 2 дугаар сарын 22-ний өдрийн 11 цаг 00  минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн ба хариуцагч мэдэгдэх хуудсыг 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр гардаж авчээ.

 

Шүүхээс хариуцагч  И Ө ХХК нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хариуцагч И Ө ХХК-д 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн дотор буюу 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн дотор хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч И Ө ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч И Ө ХХК-иас 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны нөхөн олговорт 9.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Б т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И Ө ХХК-иас 158.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Б т олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР