Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/01285

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/01285

 

 

 

 

 

 

 

 

 

Уранган ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00519 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Уранган ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Бээжинхүүд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 207 350 548 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ч.Бээжинхүү 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б.Пүрэвтогтох гэх хүнээс 50 000 ам долларыг 1 сарын хугацаатай зээлээд зээлээ төлөлгүй 1 жил 5 сар орчим болж аргагүй эрхэнд манайд хандан харилцан тохиролцсоны дагуу Уранган ХХК нь Ч.Бээжинхүүтэй 2009 оны 04 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 53 000 ам долларыг 1 сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлж, уг мөнгийг Ц.Пүрэвтогтох хүлээн авч кассын баримтад гарын үсэг зурсан юм. Гэрээнд зааснаар 1 сарын дотор хүүг үндсэн зээлийн хамт төлөх ёстой байсан боловч Ч.Бээжинхүү нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. 2009 оны 04 сарын 29-ний өдөр барьцаанд тавьсан машинаа хөдөө яваад ирье гэж гуйж аваад, зарж үрэгдүүлж манай компанийг хохироосон тул Ч.Бээжинхүүгийн уг үйлдлийг залилан мэхэлсэн гэж цагдаад хандсан юм. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн шүүх 2011 оны 12 сарын 07-ны өдрийн 12/74А дугаартай талуудын эвлэрлийг баталсан захирамж гаргасан. Ингээд төлбөрөө төлөөгүй учир шүүхээс албадан гүйцэтгэх захирамж гарч 84 270 ам долларыг Ч.Бээжинхүүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар авахаар болсон. Ингээд 2016 оны 05 сард Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШЗ2016/18827 дугаар захирамжаар 2011 оны 12 сарын 07-ны өдрийн 1274А дугаартай зохигчдын эвлэрлийг батлах захирамжийг хүчингүйд тооцсон. Энэ захирамж гарах болсон шалтгаан нь хариуцагчийн өмгөөлөгч Нямдалай итгэмжлэлдээ эвлэрэх эрхгүй байсан гэсэн үндэслэл дурдсан. Манай компани нь 2016 оны 11 сард дахин Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлээ татаж авсан. Баянгол дүүргийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гаргасан тул дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймд Уранган ХХК, Ч.Бээжинхүү нарын байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хариуцагч Ч.Бээжинхүүгээс 82 680 ам доллар буюу 202 104 646 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Бээжинхүүгийн тайлбарт: Уранган ХХК-аас иргэн Ч.Бээжинхүүтэй 2009 оны 04 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан талаар маргахгүй. Ч.Бээжинхүү нь Уранган ХХК-аас 53 000 ам долларыг хүлээж аваагүй. Энэ хэрэгт авагдсан материалаас харахад хэн мөнгө авсан бэ гэвэл Б.Пүрэвтогтох 53 000 ам долларыг авдаг. Мөнгө авсан тухай нотлох баримтуудыг харахаар он сар нь зөрүүтэй байдаг. Мөн Ч.Бээжинхүүгийн гарын үсэг байдаггүй. Б.Пүрэвтогтохын дүү н.Цэцэгмаа гэдэг хүн мөнгийг хүлээн авсан гэдгээ зөвшөөрдөг. Тиймээс Ч.Бээжинхүү нь нэхэмжлэлд дурдаад байгаа мөнгийг аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Ч.Бээжинхүүгээс 207 350 548 төгрөг гаргуулж Уранган ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Уранган ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 194 703 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бээжинхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 1 194 703 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөмөр давж заалдах гомдолдоо: 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ч.Бээжинхүү, Б.Пүрэвтогтохтой хийсэн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Энэ өдрийн зээлийн гэрээ гэгч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах 3.3 га газрын ашиглах эрхийн гэрчилгээтэй иргэн Ж.Цэрэндагвын газрыг худалдан борлуулах, захиран зарцуулах эрхийн итгэмжлэл авсан Ч.Бээжинхүүгийн Б.Пүрэвтогтоход 50 000 ам.доллараар зарахаар тохироод үл гүйцэлдсэн хэлцэл юм. Дээрх газрыг нэхэмжлэгч компанийн захирал Б.Лхагвасүрэнгийн хүү болох Л.Золбоо 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээ нэрээр халхавчилж авахаар тохирсон байхад Б.Пүрэвтогтох гэгч гарч ирснээр түүнд компаниасаа гэрээний төлбөр 50 000 ам.долларыг өгсөн. Цагдаагийн байгууллагаар дарамталж Ч.Бээжинхүүд зээлийн гэрээ гэх гэрээнд гарын үсэг зуруулж, үндэслэлгүйгээр хүү, алданги тооцож нэхэмжилснийг анхан шүүх хангасан нь буруу. Шүүхийн үндэслэл болсон Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2 дахь хэсэгт зааснаар үүргийг гүйцэтгэл хангах арга бол дээрх 3.3 га газрын нэг хэсэг газрыг Уранган ХХК-ийн зүгээс Б.Пүрэвтогтоход Ч.Бээжинхүүгийн зөвшөөрлөөр өгөхийг ойлгоно. Ч.Бээжинхүү, Б.Пүрэвтогтох нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч маргаан бүхий үйл баримтад хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Уранган ХХК зээлийн гэрээний үүрэгт нийт 84 270 ам.доллар буюу 207 350 548 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ч.Бээжинхүү эс зөвшөөрч маргаж байна.

 

Талуудын хооронд 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 53 000 ам.доллар 1 сарын хугацаатай, сард 6 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх үүргийг хүлээж, үүргийн гүйцэтгэлд 89-66 УБӨ улсын дугаартай Ланд маркийн автомашин барьцаалсан гэрээ байгуулагджээ. /хх5/

 

Хариуцагч уг гэрээний дагуу 53 000 ам доллар хүлээж аваагүй гэж маргадаг бөгөөд хэргийн 7, 50-52 дугаар талд авагдсан Уранган ХХК-ийн кассын зарлагын баримт, орлого зарлагын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.Пүрэвтогтохын мэдүүлэг зэргээс үзэхэд 53 000 ам.долларыг зээлдүүлэгч нь гэрээний нөгөө тал болох зээлдэгч Ч.Бээжинхүүд биш харин Б.Пүрэвтогтоход /дүү н.Цэцэгмаагаар дамжуулан/ өгсөн нь тогтоогдсон.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ бодитойгоор буюу хариуцагчийн өмчлөлд нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэх нөхцөлтэй хийгдээгүй, хариуцагчийн бусдад төлөх мөнгөн төлбөрийн үүргийг барагдуулах зорилготой хийгдсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх уг хэлцлийг үндэслэн зээл, хүү, алдангийг хамтад нь тооцоолон гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Талуудын хоорондын зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх боловч хариуцагч Ч.Бээжинхүү нь 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн дээр 50 000 ам.доллар төлөх үүргийг Б.Пүрэвтогтохын өмнө хүлээсэн байх ба уг гэрээний үүргийг нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөөс төлж барагдуулсан болох нь хэргийн 6 дугаар талд авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөөс Б.Пүрэвтогтоход төлж барагдуулсан 53 000 ам.долларыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Ч.Бээжинхүүгээс 53 000 ам.доллар буюу 140 400 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00519 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Бээжинхүүгээс 140 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Уранган ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 66 950 548 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг 1 194 703 гэснийг 859 950 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 194 703 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ