Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01623

 

“У ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар          Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00519 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1285 дугаар магадлалтай,

   “У ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Ч д холбогдох

           Зээлийн гэрээний үүрэгт 207,350,548.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ч  2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б.Пүрэвтогтох гэх хүнээс 50,000 ам долларыг 1 сарын хугацаатай зээлээд зээлээ төлөлгүй 1 жил 5 сар орчим болж аргагүй эрхэнд манайд хандан харилцан тохиролцсоны дагуу “У ” ХХК нь Ч тэй 2009 оны 04 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 53,000 ам долларыг 1 сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлж, уг мөнгийг Ц.Пүрэвтогтох хүлээн авч кассын баримтад гарын үсэг зурсан юм. Гэрээнд зааснаар 1 сарын дотор хүүг үндсэн зээлийн хамт төлөх ёстой байсан боловч Ч  нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. 2009 оны 04 сарын 29-ний өдөр барьцаанд тавьсан машинаа хөдөө яваад ирье гэж гуйж аваад, зарж үрэгдүүлж манай компанийг хохироосон тул Ч гийн уг үйлдлийг залилан мэхэлсэн гэж цагдаад хандсан юм. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн шүүх 2011 оны 12 сарын 07-ны өдрийн 12/74А дугаартай талуудын эвлэрлийг баталсан захирамж гаргасан. Ингээд төлбөрөө төлөөгүй учир шүүхээс албадан гүйцэтгэх захирамж гарч 84,270 ам.долларыг Ч гээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар авахаар болсон. Ингээд 2016 оны 05 сард Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШЗ2016/18827 дугаар захирамжаар 2011 оны 12 сарын 07-ны өдрийн 1274А дугаартай зохигчдын эвлэрлийг батлах захирамжийг хүчингүйд тооцсон. Энэ захирамж гарах болсон шалтгаан нь хариуцагчийн өмгөөлөгч Нямдалай итгэмжлэлдээ эвлэрэх эрхгүй байсан гэсэн үндэслэл дурдсан. Манай компани нь 2016 оны 11 сард дахин Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлээ татаж авсан. Баянгол дүүргийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гаргасан тул дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймд “У ” ХХК, Ч  нарын байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хариуцагч Ч гээс 82,680 ам.доллар буюу 202,104,646 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч гийн шүүхэд гаргасан тайлбарт: “У ” ХХК-аас иргэн Ч тэй 2009 оны 04 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан талаар маргахгүй. Ч  нь “У ” ХХК-аас 53,000 ам.долларыг хүлээж аваагүй. Энэ хэрэгт авагдсан материалаас харахад хэн мөнгө авсан бэ гэвэл Б.Пүрэвтогтох 53,000 ам.долларыг авдаг. Мөнгө авсан тухай нотлох баримтуудыг харахаар он сар нь зөрүүтэй байдаг. Мөн Ч гийн гарын үсэг байдаггүй. Б.Пүрэвтогтохын дүү н.Цэцэгмаа гэдэг хүн мөнгийг хүлээн авсан гэдгээ зөвшөөрдөг. Тиймээс Ч  нь нэхэмжлэлд дурдаад байгаа мөнгийг аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00519 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Ч гээс 207,350,548 төгрөг гаргуулж “У ” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “У ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,194,703 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч гээс улсын тэмдэгтийн хураамжид 1,194,703 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1285 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00519 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ч гээс 130,409,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “У ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 76,941,398 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтыг “1,194,703 төгрөг гаргуулж” гэснийг “809,995 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувдын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, мөн хуулийн 172.2.2-т “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 281, 286 дугаар зүйлд заасан “зээлийн гэрээ”-ний харилцаанд тухайн зүйл заалтуудыг хэрэглээгүй, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийг буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн болох нь: Талуудын хооронд 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээг Иргэний х уулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж улмаар Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-г үндэслэн нэхэмжлэлийн үнийн дүнг бууруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөлт оруулсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Талуудын хооронд 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл биш. Учир нь Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохыг тулд хийгддэг болно” гэж тайлбарласан байдаг. Давж заалдах шатны шүүх нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч гэрээний үндсэн дээр 53,000 ам.долларыг Ч д биш харин Б.Пүрэвтогтох /дүү Н.Цэцэгмаагаар дамжуулан/-д өгсөн нь тус зээлийн гэрээг ямар нэг үр дүнд хүрэх зорилгоор биш, хэлцэл хийх хүсэл эрмэлзэлгүй байсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Зээлийн зориулалт:  Өөрөөр хэлбэл Ч  нь Б.Пүрэвтогтохоос авсан өр төлбөрөө төлөхийн тулд “У ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж зээл авсан бөгөөд “У ” ХХК нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т зааснаар хариуцагчийн өр төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан хэрэгт биш. Иргэний хуулийн 496 дугаар зүйл нь гэрээний бус үүрэг-хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа-үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн дэд бүлэгт хамаардаг. Энэ зүйлийг хэрэглэхэд талуудын дунд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй байх ёстой. Эндээс үзвэл маргааны талууд аль аль нь зээлийн гэрээ байгуулж байгаа гэсэн хүсэл зориг, эрмэлзэлтэйгээр гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхгүй. Нөгөөтэйгүүр Ч гийн зөвшөөрснөөр Б.Пүрэвтогтоход түүний дүү Н.Цэцэгмаагаар дамжуулан өгсөн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т дагуу тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөнд тооцогдоно. Учир нь зээлдүүлэгч “У ” ХХК нь 53,000 ам.долларыг Ч д биш өөр этгээдэд хүлээлгэн өгсөн байх нь тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөөгүй гэж үзэх, гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл болохгүй. Нотлох баримтыг буруу үнэлж, давж заалдах шатны шүүх хурлын танхимд танилцуулан сонсгосон хуулийн зүйл заалтыг бичгээр гарсан магадлалд өөрчилсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн буруу зүйл заалтыг хэрэглэсэн: Хэргийн 7, 50-52 дугаар талд авагдсан “У ” ХХК-ийн кассын зарлагын баримт, орлого зарлагын дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.Пүрэвтогтохын мэдүүлэг зэргийг буруу үнэлсэн. Тухайн баримтууд нь зээлийн гэрээг талууд бичгээр байгуулж, аман тохиролцооны хувьд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг өмнө нь хохирч өр төлбөрөө авч чадаагүй Б.Пүрэвтогтоход шууд өгөхөөр болсныг нотолж байгаа баримтууд. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаас хальж, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 167 дугаар зүйлийн 167.3. Магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болно гэж заасан. 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралд магадлалыг даргалагч шүүгчээс танилцуулан сонсгохдоо Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн дагуу хүү, алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, өөрчлөлт орууллаа” гэсэн хэрнээ бичгээр гарсан магадлалдаа Иргэний хуулийн 496 дугаар зүйлийг баримталсан байна. Мөн магадлалын тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгох тухай зүйл заалтыг үндэслэсэн нь ойлгомжгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн буруу дүгнэлт хийсэн, тогтоох хэсэгт заасан хуулийн зүйл, заалт нь магадлалын үндэслэлийг танилцуулснаас зөрүүтэй байх тул магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч “У ” ХХК нь хариуцагч Ч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 53,000.00 ам.доллар, 1 сарын зээлийн хүү 3,180.00 ам.доллар, алданги 28,090.00 ам.доллар, нийт 84,270.00 ам.доллар буюу 207,350,548.00 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээ байгуулагдсан боловч “У ” ХХК 53.000 ам.долларыг Ч д шилжүүлээгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 53,000.00 ам.долларыг 1 сарын хугацаатай, сард 6 хувийн хүүтэй зээлдүүлэх, хариуцагч нь зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх үүргийг хүлээж, үүргийн гүйцэтгэлд 89-66 УБӨ улсын дугаартай Ланд маркийн автомашин барьцаалсан тухай баримт хэрэгт авагдсан байна./хх-5/

Гэрээний зүйл болох 53,000.00 ам.долларыг Б.Пүрэвтогтоход Ч гийн зөвшөөрлөөр шилжүүлсэн гэж нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тайлбарласныг хариуцагч баримтаар няцаагаагүй, Ч , Б.Пүрэвтогтох нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг өөрөөр хэрхэн шийдвэрлэсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс дахин шинээр эхлэн тоолж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацаа хэтрээгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч Ч  2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээгээр Б.Пүрэвтогтохоос 50,000.00 ам.долларыг 1 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон гэрээ, Ч гийн төлөх ёстой 53,000.00 ам.долларыг “У ” ХХК-аас хүлээн авсан тухай гэрч Б.Пүрэвтогтохын шүүхэд өгсөн мэдүүлэг, “У ” ХХК-аас 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 53,000.00 ам.долларыг гэрчид шилжүүлсэн кассын зарлагын ордер гэсэн баримтууд хэрэгт авагдсан байна.

“У ” ХХК нь Ч тэй 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан гэрээнд заасан ам.долларыг хариуцагчийн зөвшөөрлөөр Б.Пүрэвтогтоход хүлээлгэн өгсөн буюу нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болсон үйл баримтыг дүгнэхдээ анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.   

Хариуцагчийн зөвшөөрлөөр нэхэмжлэгч нь Б.Пүрэвтогтоход 53,000.00 ам.долларыг хүлээлгэн өгснөөр зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан буюу Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2-т зааснаар “У ” ХХК-ийг үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөнд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалтад нийцсэн байна. 

Нэхэмжлэгч “У ” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдэх газраас зээл олгох харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч маргаанд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний зохицуулалтыг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг буруу гэж үзнэ. 

Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцааг Иргэний хуулийн 286 дугаар зүйлээр тусгайлан зохицуулсан байдаг. Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчийн хөдлөх эд хөрөнгийг барьцаалдаг бөгөөд зээлдэгч нь зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд   барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх ба үүнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж, үлдсэн мөнгийг буцааж олгох үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хариуцагчийн автомашиныг барьцаалсан нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д нийцсэн бөгөөд мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасны дагуу барьцааны зүйлийг борлуулж үүргийг хангуулах хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийг анз шаардах эрхгүй гэж дүгнэн хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн шаардах эрхийг мөн хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.   

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1285 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00519 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1., 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Ч гээс 138,233,699.00 төгрөг гаргуулж “У ” ХХК-д олгож, үлдэх 69,116,849.00 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “хариуцагч Ч гээс улсын тэмдэгтийн хураамжид 1,194,703 төгрөг гаргуулж” гэснийг “хариуцагч Ч гээс улсын тэмдэгтийн хураамжид 849,118 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “У ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 542,660 /таван зуун дөчин хоёр мянга зургаан зуун жар/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.УНДРАХ

 ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН