Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/ма2020/01258

 

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2020/01258

 

БНХАУ-ын иргэн О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/01253 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн О- /ө/ -ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-, БНХАУ-ын иргэн Б- /В/ нарт холбогдох

225 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б- /В/, хариуцагчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн О- нь Монгол улсад 1997 оноос хойш хууль ёсоор оршин сууж байгаа бөгөөд 2007 оны 7 сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 141 тоот хаягт байрлах Ү-2204004573 тоот улсын бүртгэлийн дугаартай хуучнаар 48 м.кв одоогоор 100 гаруй м.кв гал тогоо тусдаа 4 өрөө орон сууцыг худалдан авсан.

Ингээд 2014 оны 4 дүгээр сард уг сууцыг худалдахаар зар тавьсан. Гэтэл БНХАУ-ын иргэн Б-, түүний нөхөр Монгол улсын иргэн Б.Б- нар орон сууцыг худалдан авах санал тавьсан. Ингээд Б-, Б.Б- нартай орон сууцыг 160 000 000 төгрөгөөр худалдан борлуулахаар харилцан тохиролцсон. Тухайн үедээ Бай овогт Буянхишиг, Б.Б- нар яг одоо бэлэн мөнгө байхгүй, урьдчилгаа 10 000 000 төгрөг өгнө, үлдэгдэл 150 000 000 төгрөгийг таны орон сууцыг барьцаанд тавиад 2014 оны 06 дугаар зарын 11-ний өдрийн дотор гаргаж өгнө, тэр болтол зээлийн гэрээ хийнэ, мөн таны Бээжинд байгаа хүүгийн орон сууцны түрээсийн төлбөрт зээл орж иртэл сар бүр 1 500 юань өгнө гэсэн. Итгээд зөвшөөрсөн. Ингээд 2014 оны 4 сарын 11-ний өдөр би Б.Б-д өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаанд тавих итгэмжлэл хийж өгөн нотариат дээр гэрчлүүлсэн, мөн энэ өдрөө 150 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Энэ өдрөөс хойш Бай овогт Буянхишиг, Б.Б- нар зээл бүтэхгүй байна, ажил бүтэхгүй байна гэсээр бараг нэг жилийн хугацаа өнгөрсөн. 2016 онд зээл аваад таны мөнгийг өгөх гэж байтал нөхөр Б.Б-гийн цуг ажилладаг хүн нь зээлсэн мөнгийг нь аваад гадаад руу зугтаад таны орон сууц банкинд хураагдчихлаа, гэхдээ бид таны 150 000 000 төгрөг дээр нэмж 75 000 000 төгрөг өгнө, танд баталгаа бичиж өгье, 2016 оны 12 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулна, та биднийг түр хүлээгээрэй гэж гуйсан. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Бай овогт Буянхишиг нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор 150 000 000 төгрөгийг, мөн нэмээд 75 000 000 төгрөгийг төлж барагдуулна, хамгийн удаандаа 2017 оны 02 дугаар сарын 28-ны дотор төлж барагдуулна гэсэн агуулга бүхий баталгаа бичиж өгсөн. Бай овогт Буянхишиг, Б- нар намайг залилсан байна гэж үзээд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргасан боловч прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 194 тоот тогтоолоор иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх маргаан гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Иймд Б.Б-, Бай овогт Буянхишиг нараас орон сууц зээлээр худалдан борлуулсны үлдэгдэл төлбөр 150 000 000 төгрөг, алданги 75 000 000 төгрөг, нийт 225 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Буянхишиг, Б.Б- нар нь иргэн О-тай 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр харилцан ярьж тохиролцон улмаар түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 21 байрны 141 тоот 48 м.кв 4 өрөө орон сууцыг 160 000 000 төгрөгөөр худалдан авахаар урьдчилгаа төлбөр болох 10 000 000 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бэлнээр өгсөн. Харин 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр О- нь үлдсэн мөнгөн дээрээ зээлийн гэрээ хийе гэж гуйсны дагуу бид нэгэнт мөнгийг нь бүрэн өгөөгүй тул зөвшөөрч зээлийн гэрээ хийсэн. Энэ гэрээний дагуу ямар нэгэн мөнгө төгрөг хүлээж аваагүй, харин орон сууц худалдан авсны үлдэгдэл төлбөрийн баталгаа болгон хийсэн.

2 дахь гэрээ буюу 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг О- нь мөнгө өгсөнгүй гэж бидний айлгаж элдэв зан ааш гаргасан учир мөн л арга буюу түүний хэлсэн, хүссэнээр гэрээ хийсэн бөгөөд 150 000 000 төгрөгийн алданги 75 000 000 төгрөг гээд түүнийг нэмээд 225 000 000 төгрөг болгон гэрээ хийсэн мөн л ямар ч мөнгө төгрөг зээлээгүй, хүлээж аваагүй. Орон сууц худалдаж авсны дагуу зохих мөнгийг өнөөдрийг хүртэл төлж байгаа. 2014 -2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл О-т юаны дансанд, бэлнээр болон түүний Хаан банкны 5009744263 тоот дансаар нийт 67 074 400 төгрөг төлсөн. Тиймээс зээл болон алданги болгон гэрээ хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин байрны үлдэгдэл төлбөр болох 92 925 600 төгрөгийг төлнө гэжээ.

Хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.Буянхишиг, Б.Б- нар нь иргэн О-тай 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр харилцан ярьж тохиролцон улмаар түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 21 байр, 141 тоот 48 м.кв 4 өрөө орон сууцыг 160 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн. Тухайн үед О- нь үлдсэн мөнгөн дээрээ гэрээ хийе гээд 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 150 000 000 төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлсэн гэж гэрээ хийсэн. Гэтэл хүү торгуульгүй гэж гэрээ байгуулсан атлаа О- нь Б- бид хоёрт ямар нэгэн мөнгө төгрөг зээлүүлээгүй, өгөөгүй, харин нотариат дээр байрны мөнгөний үлдэгдэл дээрээ гэрээ хийе гэж очиж гэрээ хийсэн бөгөөд бид тухайн үед байрны мөнгөө өгөөгүй, төлж дуусаагүй юм чинь энэ хүнд өртэй гэсэн байдлаар гэрээ хийж байсан бөгөөд сүүлийн гэрээ буюу 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн гэрээнд өмнөх гэрээний үнийн дүн 150 000 000 төгрөг дээрээ түүний 50 хувь буюу 75 000 000 төгрөгийг ямарч үндэслэлгүйгээр нэмж 225 000 000 төгрөг хүүгүй зээлдүүлсэн гэж зээлийн гэрээ хийсэн. Б.Б- болон миний бие нь О-аас мөнгө зээлээгүй, харин тухайн үед түүний хэлснээр зээлийн гэрээ хийсэн нь үнэн. Харин бид О-т өөрсдийн боломжоор байрны төлбөрийг төлж байсан бөгөөд 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 67 074 400 төгрөг, урьдчилгаа төлбөр 10 000 000 төгрөгийн хамт 77 074 400 төгрөгийг О-т төлсөн. Бид О-аас мөнгө зээлэх ямар нэгэн шалтгаан байхгүй бөгөөд түүний дарамт шахалтаар гэрээнд гарын үсэг зурсан. Иймд ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй атлаа зээлийн үнийн дүнг өсгөн гэрээ хийсэн болохыг тогтоон 225 000 000 төгрөг хүүгүй зээлдүүлсэн гэх 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Дарамт шахалтаар хийсэн гэсэн нь огт үндэслэпгүй. Б-, Б.Б- нарын хүсэлтээр уг гэрээг тэдний заасан нотариат дээр очиж хийсэн байдаг. Түүнээс гадна удаа дараа хариуцагч Б-, Б.Б- нар уг орон сууцны үнийг хугацаандаа төлж барагдуулаагүй тул алдангийн хамт төлөх тухай бичгийг гараар бичиж өгсөн байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хангахгүй орхино уу гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-, Б- /В/ нараас 139 239 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О- /ө/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 85 761 000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч О- /ө/-т холбогдуулан гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Б- /В/-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч О- /ө/-ын 1 282 950 төгрөг, хариуцагч Б- /В/-ийн 1 282 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-, Б- /В/ нараас 854 145 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О- /ө/-т олгож, хариуцагч Б.Б-, Б- /В/ нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч нар нь нийт 20 761 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж үзсэн боловч бусад төлсөн баримтыг үнэлээгүйд гомдолтой. 67 074 400 төгрөгийг бэлнээр болон дансаар, мөнгөн гуйвуулгаар өгсөн, Мөнгөн гүүр ББСБ ХХК-ийн мөнгөн гуйвуулгаар О-ын 62284808870126801911, 622848001879 дугаарын хятад дансанд нь, Даш кредит ББСБ ХХК-аар юань шилжүүлсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүхээс уг баримтыг дүгнээгүй орхисон. О- болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь 67 074 400 төгрөгийг төгрөгөөр, юаниар, дансаар мөнгөн гуйвуулгаар хүлээн аваад WeChat -аар хариу бичиж хүлээн авлаа гэсэн атлаа нэг ч мөнгө төгрөг аваагүй гэж хэлж байгааг нь ойлгохгүй байна. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн О- /ө/ нь хариуцагч Б.Б-, БНХАУ-ын иргэн Б- /В/ нарт холбогдуулан гэрээний үүрэгт 225 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх1-2, 112/

Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тухайд давж заалдах журмаар гомдол гаргаагүй, мөн хариуцагч нараас 139 239 000 /160 000 000-20 761 000/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосонд нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй. /хх229/

Талууд маргаан бүхий байрны нийт үнэлгээ 160 000 000 төгрөг гэдэгт маргахгүй байна.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч байсан болох нь эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна /хх8/.

Мөн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч итгэмжлэл үйлдэн орон сууцыг худалдах, бэлэглэх, түрээслэх, банкны зээлийн барьцаанд тавих, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах /8%-ийн зээлд шилжүүлэх/ эрхийг хариуцагч Б.Б-д олгосон байна. /хх 17-31/.

Орон сууцны үнэд 10 000 000 төгрөг бэлнээр хариуцагч талаас нэхэмжлэгчид төлсөн үйл баримтад талууд маргаангүй. Зохигч зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, орон сууцны үнэд хариуцагч нар хэдэн төгрөг төлөх үүрэгтэй тухайд маргаж байна.

Нотлох үүргийн хуваарилалтаар нэхэмжлэгч 150 000 000 төгрөгийн авлагатай, мөн анз тооцох эрхтэй гэдгээ нотлох үүрэгтэй боловч анзыг хэрэгсэхгүй болгосонд дээр дурдсанаар гомдол гаргаагүй.

Хариуцагч 20 761 000 төгрөг төлсөн гэж шүүхээс дүгнэсэнд маргаж байх бөгөөд 20 761 000 төгрөг биш харин 67 074 400 төгрөгийг бэлнээр болон дансаар, мөнгөн гуйвуулгаар төлсөн гэдгээ нотлох үүрэгтэй юм.

О-аас Б.Б-д 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр олгосон итгэмжлэл нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд нийцжээ.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох бөгөөд төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ.

Мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт зааснаар төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно. Иймд итгэмжлэлээр орон сууцыг худалдан борлуулсан бол орон сууны үнийг төлөөлүүлэгчид буюу худалдагчид өгөх үүрэг Б.Б-д үүсчээ. Тухайн итгэмжлэл олгосон өдөр талууд 150 000 000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлэх тохиролцоо хийжээ. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм. Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан зээл нэртэй гэрээг үгийн шууд утгаар тайлбарласан нь оновчгүй болжээ. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дах хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана.

Дээрх гэрээ нь зээл гэхээсээ илүүтэй орон сууцны үнийг барьж авах баталгаажуулах зорилготой гэрээ байх бөгөөд хариуцагч нар нэхэмжлэгчид орон сууцны үнийг төлөх үүрэгтэй тухайд маргаагүй байна /хх-7/.

 

Нэгэнт бусдын өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулсан бол үнийг төлөөлүүлэгчид хүлээлгэн өгөх үүрэг Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт зааснаар үүсч байх бөгөөд энэ хуулийн 63.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй.

Хариуцагч Буянхишиг нь 2016 онд мөн зээл буюу дээрх орон сууцны үнийг төлөх үүргийг Д.Б-тэй хамтран хүлээж байсан гэх үйл баримтыг үгүйсгээгүй, хариуцагч биш гэж маргаагүй.

Анхан шатны шүүхээс зохигчийн хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг хэлцэл амаар байгуулагдсан тул хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу юм.

Нэгэнт хариуцагч тал итгэмжлэлээр орон сууцыг худалдах үүрэг хүлээсэн тул Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй. Хариуцагч тал орон сууны үнийг 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш төлөөгүй үйл баримт тогтоогдсон.

Хариуцагч тал орон сууцны үнэд нийт 67 074 400 төгрөг төлсөн гэх боловч 150 000 000 төгрөгөөс анхан шатны шүүхийн дүгнэлтээр Хаан банкаар дамжуулан 10 000 000 төгрөг, Даш кредит ББСБ-ын мөнгөн гуйвуулгаар 761 000 төгрөг, нийт 10 761 000 төгрөг төлсөн, өөр мөнгө төлсөн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх215/

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлээс иргэний эрх зүйн харилцаа үүсэх юм. Итгэмжлэлээр орон сууцыг худалдах болон орон сууцны үнийг төлөх тухай агуулга бүхий тохиролцооноос үзэхэд хариуцагч нарт үүрэг үүссэн.

Иймд хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан 139 239 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нөхцөл байдал тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нараас 139 239 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дах хэсэгт заасан хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэсэнтэй нийцжээ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/01253 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан 139 239 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 854 145 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД