Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00692

 

О -ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/01253 дугаар шийдвэр,   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1258 дугаар магадлалтай,

БНХАУ-ын иргэн О -ын нэхэмжлэлтэй,

Б.Б, БНХАУ-ын иргэн Б нарт холбогдох,

225,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б болон түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч Б, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн О  нь хариуцагч Б.Б, БНХАУ-ын иргэн Б /B/ нарт холбогдуулан 225,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б /B/ эс зөвшөөрч марган, 2018.01.04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/01253 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, Б /B/ нараас 139,239,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О -т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 85,761,000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч О -т холбогдуулан гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч Б /B/-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч О -ын 1,282,950 төгрөг, хариуцагч Б /B/-ийн 1,282,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Б /B/ нараас 854,145 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О -т олгож, хариуцагч Б.Б, Б /B/ нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1258 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/01253 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан 139,239,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 854,145 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Б /B/ болон түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.10-ны өдрийн 101/ШШ2020/01253 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.12-ны өдрийн 1258 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийг бүх талаас нь судлан дүгнэлт өгөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу үнэлж дүгнэлт гаргасан бөгөөд авсан мөнгөө аваагүй гэж дайрдаг ичгүүргүй хүнд үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломж олгосон шийдвэр гаргасан гэж үзэж гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч нар нь нийт 20,761,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна гэж дүгнээд харин бусад төлсөн баримтыг үнэлэлгүй орхисон бөгөөд ялангуяа “Мөнгөн гүүр”, “Dash gredt” ББСБ-аар дамжуулан гүйлгээ хийсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн боловч нэхэмжлэгч аваагүй гэснээр тус баримтуудыг үнэлэлгүй орхисонд гомдолтой байна.

Хариуцагч Б.Б, Б.Б нар нь нэхэмжлэгч От нийт 67,074,400 төгрөгийг бэлнээр болон дансаар, мөнгөн гуйвуулгаар өгсөн байх бөгөөд миний бие нь “Мөнгөн гүүр” ББСБ-ын мөнгөн гуйвуулгаар Оын 62284808870126801911, 622848001879 дугаарын хятад дансанд нь “Мөнгөн гүүр” ББСБ, “Dash gredt ББСБ-аар юань шилжүүлсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүхээс уг баримтыг дүгнээгүй орхисон учир дутагдалтай бөгөөд банк, санхүүгийн байгууллага нь өөрөөсөө хортой 3-н өнгийн цаасан дээр баримт бичүүлдэг бөгөөд тус баримтыг иргэнд үлдэх хувийг нь шүүхэд нотлох баримтаар өгсөн шүүх уг баримтыг хүлээж авсан нотлох баримтаас хасаагүй. Гэтэл нотлох баримтыг гаргаж өгсөн байхад түүнийг үнэлэлгүй орхисон нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргалаа.

“Мөнгөн гүүр”, “Dash gredt” ББСБ-аар шилжүүлсэн баримтыг эх хувийг нь дахин гаргуулах гэсэн боловч “Мөнгөн гүүр”, ББСБ нь татан буугдсан тул санхүүгийн баримт нь хаана хадгалагдаж байгаа нь олдохгүй байна.

Нэхэмжлэгч О болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь 67,074,400 төгрөгийг төгрөгөөр буюу юань-аар, дансаар буюу мөнгөн гуйвуулгаар хүлээн аваад WeChat-аар хариу бичиж хүлээн авлаа гэсэн атлаа нэг ч мөнгө төгрөг аваагүй гэж хэлж байгааг нь ойлгохгүй байна. Харин баримт гаргаж ирж чадахгүй гэж бодон биднийг гүтгэн, өгсөн мөнгийг маань өгөөгүй, аваагүй гэж дайрч байгаад үнэхээр гайхаж байна.

Харин ч түүний хар өнгийн тэмдэглэл хийдэг /тэмдэглэлийн/ дэвтэр дээр хийсэн тэмдэглэгээ нь Б, Б.Б нарын өгсөн мөнгөтэй тохирдог байсан тул элдэв хэл үг гаргахгүй явдаг байсан байх талтай. Хэдийгээр шүүхийн өмнө итгэмжлэгдсэн төлөөлөгч оруулж болох ч гэсэн О, Б.Б, Б.Б нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсч мөнгө төгрөгөө өгч авч байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддог.

Ямар ч мөнгө аваагүй гэж анх нэхэмжлэл гаргасан атлаа банкны хуулга болон бусад баримт гарч ирэхээр түүнийг нь авсан гээд өөрөө тэмдэглэгээ хөтлөн бэлнээр авсан мөнгөө аваагүй гэж байгаа нь хэр шударга байна вэ гэдгийг харуулж байна.

Шүүхээс От байгаа хар дэвтрийг гаргуулахаар шүүгчийн захирамж гарсан боловч байхгүй гэж хэлээд шүүгчийн захирамж биелэгдээгүй.

Иймд хэргийг дахин хянаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.10-ны өдрийн 101/ШШ2020/01253 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.12-ны өдрийн 1258 дугаар магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн О  нь хариуцагч Б.Б, БНХАУ-ын иргэн Б /B/ нарт холбогдуулан 225,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б /B/ эс зөвшөөрч марган, 2018.01.04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...өөрийн өмчлөлийн 4 өрөө орон сууцыг худалдан борлуулахаар зар тавьсан. ...Бай овогт Б, түүний нөхөр Б.Б нар худалдан авах санал тавьсны дагуу 2014.04.11-ний өдөр орон сууцыг 160,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцон, урьдчилгаанд 10,000,000 төгрөг өгч, үлдэгдэл 150,000,000 төгрөгийг орон сууцыг барьцаанд тавьж, 2014.06.11-ний өдрийн дотор төлнө гэсэн боловч ...сүүлдээ ажил бүтэхгүй байна гэж явсаар 2016 оноос таны орон сууц хураагдсан гэх болсон. ...Б нь 2016.11.04-ний өдөр 150,000,000 төгрөгийг, алдангийн 75,000,000 төгрөгийн хамт, нийт 225,000,000 төгрөгийг 2017.02.28-ны дотор төлж барагдуулна гэж баталгаа бичиж өгсөн... гэж маргажээ.

8. Хариуцагчаас ...Отай 2014.04.11-ний өдөр тохиролцож, түүний өмчлөлийн, 48 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 160,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, урьдчилгаанд 10,000,000 төгрөгийг 2014.04.10-ны өдөр төлсөн. ...О нь мөнгө өгсөнгүй гэж биднийг айлган сүрдүүлж, элдэв ааш зан гаргасан учир арга буюу хүссэнээр нь, 2 дахь зээлийн гэрээг 2018.01.04-ний өдөр байгуулж, төлөх ёстой 150,000,000 төгрөгт алдангийн 75,000,000 төгрөг нэмж, нийт 225,000,000 төгрөг төлөхөөр гэрээ хийсэн. ...2018.12.15-ны өдрийг хүртэл От нийт 67,074,400 төгрөг төлсөн. ...нэхэмжилж буй зээл болон алдангийг зөвшөөрөхгүй, орон сууцны үлдэгдэл 92,925,600 төгрөгийг төлнө гэсэн тайлбар гаргасан байна. 

9. Анхан шатны шүүх хариуцагч Б.Б, Б нараас 139,239,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн үлдэх 85,761,000 төгрөгт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

10. Хоёр шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, зохигчийн хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж чадаагүй, нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

11. Анхан шатны шүүх хариуцагч нар нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгчид урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөг, Хаан банкаар дамжуулан 10,000,000 төгрөг, “Даш кредит” ББСБ-ын мөнгөн гуйвуулгаар дамжуулан 761,000 төгрөг, нийт 20,761,000 төгрөг төлсөн гэж үзэж, уг төлбөрийг орон сууцны үнийн 150,000,000 төгрөгөөс хасч, хариуцагч нараас үлдэх 139,239,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

12. Нэхэмжлэгч нь ...хариуцагч орон сууцны төлбөрт 225,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон /150,000,000 төгрөгийг, алдангийн 75,000,000 төгрөгийн хамт/ гэж маргасан, хариуцагчаас ...айлган сүрдүүлж 225,000,000 төгрөг төлөхөөр гэрээ хийсэн. ...2018.12.15-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч От нийт 67,074,400 төгрөг төлснийг хасч тооцох үндэстэй гэж маргасан, шүүх зохигчийн маргаж буй үндэслэлийн талаар дүгнэлт хийж чадаагүй, зохигчийн хооронд 2014 оноос хойш удаа дараа зээлийн гэрээ байгуулагдсан, шүүх хариуцагч нарын нэхэмжлэгч От гэрээний дагуу төлбөл зохих, мөн төлсөн төлбөрийг нарийвчлан тогтоогоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн байна.

13. Түүнчлэн, хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд Монгол банк болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ...Б.Бээс “Мөнгөн гүүр” ББСБ-аар дамжуулан От мөнгө шилжүүлсэн, гүйлгээ хийсэн талаарх лавлагаа гаргуулахаар хүсэлт гаргасан... үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 105 дугаар зүйлийн 105.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. 

14. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулан, талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлон нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

15. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/01253 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1258 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.07.20-ны өдөр төлсөн 854,145 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Д.ЦОЛМОН