Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2018/0404

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0266 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ийн давж заалдах гомдлоор, “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0266 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 288 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасан шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй байгаа болохыг тогтоолгож, уг заалтын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь “О” ХХК-ийн NE026386 дугаар өргөдлөөр хүссэн талбайтай давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх үүргээ биелүүлэхийг даалгах, “О” ХХК-ийн давхцалгүй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй дахин гаргасан өргөдлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5, 19.6-д заасны дагуу шийдвэрлэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э давж заалдах гомдолдоо: “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШЗ2018/0266 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр, дараахь үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхэд маргааныг хэлэлцэхэд “О” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан өргөдөлд дурдсан талбай нь нэгдүгээрт, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай “зарим хэсгээр, хоёрдугаарт, өмнө бүртгэгдсэн өргөдлийн талбайтай “зарим хэсгээр”, гуравдугаарт, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн талбайтай “зарим хэсгээр” тус тус давхцалтай тохиолдолд бий болсон байсан нь нотлогдсон юм.

Нэхэмжлэгчийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан өргөдөл гаргаж байх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн1 19.2.3-т “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөлд бүртгэх дэвтэрт энэ тэмдэглэх”,

Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д “хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах” гэсэн хоёр тохиолдлуудыг заасан байна.

Дээр дурдсанаар Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл олгож болох, олгож болохгүй хоёр өөр тохиолдол давхацсан тохиолдолд төр аль зохицуулалтаар нь өргөдлийг шийдэх вэ гэдэг нь төрийн өөрийн чиг үүрэг, зорилтыг харгалзан үзсэний үндсэн дээр авч үзэх ёстой хууль хэрэглээний асуудал гэдгийг анхан шатны шүүх харгалзан үзсэнгүй.

Өөрөөр хэлбэл, төр /төрийн байгууллага/ нь иргэнд үйлчлэх, иргэний хууль ёсны ашиг сонирхол, эрхийг хангаж, хамгаалах чиг үүрэг хэрэгжүүлдэг этгээд тул нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд нь ашигтай хуулийн заалтыг хэрэглэх эрхтэй, ер нь зарчимтай ч гэж үзэж байна.

Энэхүү иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд нь ашигтай хуулийн заалтыг хэрэглэх эрх, зарчмыг төрийн байгууллага хэрэгжүүлэхдээ бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй нөхцөлд хэрэгжүүлэх боломжтой гэдэгтэй нэхэмжлэгч маргахгүй.

Хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасныг буюу нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд нь ашигтай хуулийн заалтыг хэрэглэж, өргөдлийг шийдвэрлэхэд хэн нэг этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байсан бөгөөд төрийн чиг үүрэгт нийцэх байсан тул хууль зөрчсөн гэж үзэхээргүй байсан.

Гэтэл анхан шатны шүүх нь хариуцагчийн шүүхэд гаргасан “... өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасны дагуу шийдвэрлэсэн” гэсэн тайлбарыг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн байна.

Ингэхдээ анхан шатны шүүх нь ямар онол, эрх зүйн зарчмын үүднээс, эсхүл хууль зүйн үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь заалтыг мөн зүйлийн 19.2.5 заалтаас давуу, илүү зохицуулалт гэж, эсхүл баримтлах ёстой гэж үзэж байгаагаа шийдвэртээ тайлбарлаагүйгээс үзвэл шүүх уг хууль хэрэглээнд хууль зүйн дүгнэлтийг хийж мэдэхгүй, эсхүл санаатай буруу дүгнэлт гаргаж, шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг зөрчсөн байна.

Ийнхүү хуулийн энэ хоёр зэрэгцээ зохицуулалтууд хоёулаа эрх зүйн хувьд адил хүчин чадалтай зохицуулалтууд бөгөөд энэ тохиолдол зэрэгцэн бий болсон, эсхүл үүссэн тохиолдолд хэрхэн хэрэглэх, мөрдөх вэ гэдэг нь аливаа байгууллага, албан тушаалтан, шүүхийн үзэмж, дур зоргын асуудал байх ёсгүй гэдэг нь дээрх байдлаар тайлбарлагдаж байгаа тул шүүх хэрэглэх ёстой Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5 дахь заалтыг хэрэглээгүй, мөн хуулийн 19 дүгээр зүйлийг хэрэглэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШЗ2018/0266 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 288 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “О” ХХК-аас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянаж үзээд хүсэлтэд дурдсан талбай нь тусгай хэрэгцээний газартай, өмнө нь бүртгэгдсэн өргөдөлтэй талбайтай, шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл авах талбайд агуулагдаагүй, хүчинтэй байгаа тусгай зөвшөөрөлтэй талбайтай тус тус давхцалтай гэсэн үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...манай өргөдлөөр хүссэн талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдаагүй, мөн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл түрүүлж ирсэн тухай бүртгэл байхгүй, ...өргөдлөөр хүссэн талбайг бүхэлд нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдаагүй тул давхцаагүй хэсэгт тусгай зөвшөөрөл олгох боломжтой байсан...” хэмээн тайлбарлан маргасан байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс нэхэмжлэгч “О” ХХК-ийн NE-026386 дугаар өргөдөлд дурдсан Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших “А х” нэртэй газрын 1140.7 га талбайд зураг зүйн шүүлт хийхэд уг талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай хэсэгчлэн буюу 387.93 га, хүчинтэй тусгай зөвшөөрлийн талбайтай 0.01 га, хүсэлт гаргасан өргөдлийн талбайтай 0.11 га талбайгаар давхцалтай болох нь тогтоогдсон байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн өргөдөлд дурдсан талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д “хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах” гэж зааснаар түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхцалтай ч мөн хуулийн 19.2.3-т “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх;” гэж заасан тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхцалтай болох нь дээр дурдсан хариуцагчийн зураг зүйн шүүлт болон Дундговь аймгийн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “А х” нэртэй газрын хайгуулын талбайн солбицол нь манай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрын талбайтай давхцалтай байна” гэсэн 39 дүгээр албан бичиг, газрын солбицол харуулсан зураг, тогтоол зэргээр тогтоогдсон байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь заалтыг баримтлан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн дээрх шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5, 19.6-д заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах шаардлага гарган маргаж байгаа бөгөөд даалгах нэхэмжлэлийн шаардлага нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараагаар хариуцагчаас шинэ захиргааны акт гаргах замаар биелэгдэх бөгөөд хариуцагчийн хувьд тухайн актыг гаргах хууль эрх зүйн зохицуулалттай байхаас гадна шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой.

Энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлээр зохицуулагдаж байсан “өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны талаарх заалтууд нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хүчингүй болсон хуулийн заалтаар шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах хууль зүйн боломжгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0266 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                     Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                     С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                     Д.БААТАРХҮҮ